Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

Х.Е-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/49 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Е-т холбогдох эрүүгийн 2213000070033 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ** өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **боловсролтой, **мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, ****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х.Е- /РД.**********/ нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт  шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

2. Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар яллах дүгнэлтээр Х.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  2022/ШЗ/49 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.Е-т холбогдох эрүүгийн 2213000070033 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

3.1. Хяналтын прокурор нь Х.Е-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, ялын санал гаргахдаа шүүгдэгч Х.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, танилцуулсан нь шүүгдэгч Х.Е-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний гэм буруугийн хэлбэрт илтэд тохироогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан “.....гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “....гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэм бурууг нь ухамсарлуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Шүүгдэгч Х.Е-т холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэх эсэхийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ба уг ажиллагааг нэмэлтээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

4. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүгдэгч Х.Е- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ухамсарлаж буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай бидний хүсэлтийг хяналтын прокурор хүлээн авч Х.Е-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.2. Гэтэл анхан шатны шүүх яллагдагч, түүний өмгөөлөгч, хяналтын прокурор нарын прокурорын шатанд тохиролцсон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг прокурорт буцааж байгаа явдалд гомдолтой байна.

4.3. Нэгэнт прокурорын шатанд талууд тохиролцсон асуудлыг шүүх үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хяналтын прокуророос шүүгдэгч Х.Е- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшин ухамсарлаж буй нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй, Х.Е- нь эцгийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид тусгагдсан торгуулийн ялыг оногдуулах санал оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:  

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан бөгөөд хуулиар олгогдсон дээрх заалтуудын хүрээнд яллагдагч Х.Е- болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан.

5.2. Прокуророос хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж яллагдагч Х.Е-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж яллагдагч Х.Е-ийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шинж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн байдал, орлого олох боломж, Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ял тохиолцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

5.3. Гэтэл анхан шатны шүүхээс Х.Е-т оногдуулахаар санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахгүй байна гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэхээр байна.

5.4. Түүнчлэн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүхээс гарч буй аливаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 1) Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, 2) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан. Анхан шатны шүүхээс дээрх хоёр үндэслэлд хамаарахгүй буюу өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Е- болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй, шүүгдэгч Х.Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан, хүсэлтийг прокуророос хүлээж аваад, ханган шийдвэрлэж 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай ялын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, гэмт хэргийн улмаас хохирогч О.А-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг эмчлэхэд гарсан 1,053,000 төгрөгийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч О.А- нь цаашид хор уршгийн талаар Х.Е-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мэдүүлгээрээ илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуулийн бүх шаардлага, нөхцөл хангагдсан байхад шүүхээс үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан.

5.5. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байхад хууль зөрчиж хэргийг прокурорт буцаасан. Түүнчлэн буцаасан шийдвэрээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

5.6. Анхан шатны шүүхээс “прокуророос оногдуулахаар гаргасан торгох ялын санал нь шүүгдэгч Х.Е-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний гэм буруугийн хэлбэрт тохироогүйн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д заасан Шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй” гэж дүгнэснийг мөн эс зөвшөөрч байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй, түүнчлэн дээрх хуульд заасан зорилго, зорилт, зарчмын ойлголтуудыг бүрэн агуулгаар нь хэрэглээгүй, зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн үг, өгүүлбэрийг эшлэл болгон татаж дурдсан нь үндэслэлгүй байна.

5.7. Шүүгдэгч Х.Е-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний гэм буруугийн хэлбэр нь оногдуулах ялд тохироогүй гэж шүүх үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайлбал хохирогч О.А-, яллагдагч Х.Е- нарын мэдүүлэг, яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт, лавлагаа зэргээс прокурорын зүгээс санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” буюу өвөөтэйгөө хоёул амьдардаг, Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаад Баян-Өлгий аймагт ирсэн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдал, мөн “эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал” буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршгийг төлсөн зэргийг харгалзаж үзээгүй нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналд:

6.1. Энэ гэмт хэрэг гараад хагас жил болж байна. Хэдийгээр яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нь буруу ч гэсэн яллагдагч Х.Е- нь “Т” ХХК-нд ажилладаг боловч энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш ажилдаа явж чадахгүй хохирч байна.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаад прокурор  хүсэлтийг хүлээн авсан. Учир нь яллагдагч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшсэн, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн нөхцөл байдалтай байсан.

6.3. Прокурор ялын санал гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санкцын хүрээнд гаргасан. Бид яллагдагч Х.Е-ийг цагаатгах тухай санал гаргаагүй. Гагцхүү хуулийн хүрээнд хүсэлт гаргаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

7.1. Яллагдагч Х.Е- нь 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдсон ба уг хэргийг  прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

7.2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хяналтын прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай яллагдагчийн саналыг хүлээн авч ялын санал гаргахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт илтэд тохироогүй ялыг санал болгосон гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан. 

7.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан бөгөөд хуулиар олгогдсон дээрх заалтуудын хүрээнд яллагдагч Х.Е- болон түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан. Үүний дагуу прокурор яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ял тохиролцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс Х.Е-т оногдуулахаар санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахгүй байна гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэж дүгнэхээр байна.

7.4. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн болно.

 

ХЯНАВАЛ:

8. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хянаж үзэхэд, шүүгчийн захирамж хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, эсэргүүцэл болон давж заалдах гомдлыг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

9. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтээр тус аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан яллагдагч Х.Е-ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын шатанд яллагдагчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, яллагдагчид танилцуулж,  тэрээр хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлэх саналтайгаар прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

10. Анхан шатны шүүх “прокуророос Х.Е-т оногдуулахаар санал болгосон, түүний танилцаж хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаагүй” гэж дүгнэн, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийж,  хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж, 17.4 дүгээр зүйлд шүүхэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг хуульчилжээ. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ хуульд заасан нийтлэг журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлах ба  тус журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шилжүүлсэн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээж авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг баримтлан (1) прокурорын саналын хүрээнд (2) шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилжээ.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй шүүх шүүх хуралдаанаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэрэг нөхцөл байдал тус бүрийг нь хянаж, хангагдсан гэж үзвэл мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрвээ (1) шүүгдэгч  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан, (2) дээрх нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл хуульд заасан эдгээр 2 тохиолдолд л хэргийг прокурорт буцаахаар мөн зүйлийн 6 дахь хэсэгт хуульчилж тогтоожээ.

            13. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчмыг удирдлага болговол, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд гэмт этгээдэд оногдуулах буюу прокуророос санал болгож яллагдагчийн танилцаж, хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын хэрэгжилтэд анхаарч хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд буруу биш боловч хууль тогтоогч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг прокурорт буцаах хоёр үндэслэлийг нэгэнт хуульчилсан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт/ байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаж, Х.Е-т холбогдох эрүүгийн хэргийн хувьд, тус хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцэл болон яллагдагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/49 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж,  прокурорын эсэргүүцэл болон яллагдагч Х.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг тус тус хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Х.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК