Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/079

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Х.Ө 

иргэний нэхэмжлэгч Х

шүүгдэгчийн өмгөөлөгч З

орчуулагч Е

шүүгдэгч Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санырау овогт Ж-гийн Б-т холбогдох 201704000071  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж-гийн Б РД:Б

Шүүгдэгч Ж.Бт холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч Бнь 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрийн хууль бусаар мод бэлтгэж байгаль экологит 249292 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Бнь мөнгөөр мод худалдан авах боломжгүй гэх шалтгаанаар байшин барих зорилгоор, санаатайгаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс баруун зүгт 25 километр газарт байрлах уулын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр  4-5 метрийн урттай 12 ширхэг нойтон шинэс модыг гар хөрөөгөөр огтолж, уг газраас 2 км орчим байрлах гэртээ авч ирэн байшин барихад ашиглаж,  байгаль экологит 249292 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг

- Иргэний нэхэмжлэгч Х-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 169-170-р хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэл

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10-р хуудас/

- Модоор барьсан Ц сумын 6-р багийн нутаг дэвсгэрт Ж.Бын хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-18-р хуудас/

- Хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-23-р хуудас /

- Модыг ганцаараа хөрөөдөж чадах эсэх талаар үйлдэл байдлыг сэргээн босгож, дүрслэн тодруулж шалгах зорилгоор туршилт хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26-р хуудас/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 73-75-р хуудас/

- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43, 171-172-р хуудас/

- Шинжээч Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 180-181-р хуудас/

 

- Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/

- Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

- Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 Уг гэмт хэргийн улмаас ойн санд 249292 төгрөгийн бодит хохирол учирч  хуулийн дагуу нөхөн төлбөр болох 747876 төгрөгийг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд “Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаа лалтын захиргаа”-ны дансанд төлсөн байх  ба уг төлбөр нь мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож чадаагүйн улмаас төлүүлсэн үйл ажиллагаа учир хохирол хор уршгийн төлбөрийн мөнгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-ын 9-д заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Баян-Өлгий аймгийн Ц суманд залруулан олгох нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн нас, эрүүл мэнд болон  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн санал болгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Ж.Бт оногдуулах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч нь шүүх хуралдаанд 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, 53 настай, гар нь гэмтэлтэй, хөл муу зэрэг байдлаас шүүх уг ялыг оногдуулах боломжгүй ба хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын  бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан  олс 1 ширхгийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн байцаагч нь хөрөнгө битүүмжлэх эрхгүй байх тул шүүгдэгч Ж.Бын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 12 ширхэг модоор шүүгдэгч нь байшин барьсан байх тул түүний үнэ болон 249292 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулан улсын төсөвт оруулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15000 төгрөгийн үнэтэй гар хөрөө 1 ширхэг, 15000 төгрөгийн үнэтэй модон иштэй сүх 1 ширхэг зэргийг худалдан борлуулж улсын төсөвт тус тус оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С овогт Ж-гийн Б-ыг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 12 ширхэг модны үнэ 249292 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулан улсын төсөвт оруулах, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15000 төгрөгийн үнэтэй гар хөрөө 1 ширхэг, 15000 төгрөгийн үнэтэй модон иштэй сүх 1 ширхэг зэргийг худалдан борлуулж улсын төсөвт тус тус оруулахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны төрийн сангийн 0000100020013005 данснаас 747876 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ц сумын төрийн сангийн дансанд тушаахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шүүгдэгч Бнь иргэний нэхэмжлэл 747876 төгрөгийг төлсөн, эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан олс 1 ширхгийг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүний хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ