Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 15

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02230  дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

3 106 931 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 23 өдрийн 872 дугаар шийдвэрийн төлбөрийг С.А- би төлөх ёсгүй байхад миний бусдад төлөх төлбөрийн мөнгөнөөс 3.106.931 төгрөгийг авч С.Төмөрт олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Уг шийдвэрт Самбуугийн Ганбатаас төлбөр гаргуулж Содномын Төмөрт олгохоор шийдвэрлэсэн байна. С.Ганбат нь өөрөө төлбөрөө төлөх ёстой байсан. С.Ганбат өмнө нь миний нөхөр байсан 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө болон элдэв маргаангүй гэж захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. С.Ганбат 2004 онд хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийж нотариатаар орж байсан. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бидний гэрлэлтийг цуцалж, түүнтэй ямар ч хамааралгүй болсон хойно хийгдсэн ажиллагаа юм. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяагийн энэ ажиллагаанаас дуусаагүй төлбөр үлдсэн тул хууль зөрчиж авсан 3.106.931 төгрөгийг гаргуулж төлбөрөө төлөх шаардлагатай байна. Шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад гомдолоо гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй. Иймд миний төлбөрийн мөнгөнөөс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж авсан 3.106.931 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн улмаар төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон ажиллагаа болсон байгаа юм. Учир нь С.А- нь С.Ганбатын бусдад төлөх төлбөрийг төлөх тухай ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад түүний өмчлөлд байсан өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж С.Төмөрийн төлбөрийг барагдуулсан нь хууль бус юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч С.А-, С Ганбат нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн тул шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх, дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх тогтоолоор С.Ганбатыг Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар 2 сар баривчлах, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар, С.А-д холбогдох Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.А-гаас 54.439.267 төгрөгийг гаргуулан нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэснээс манайд төлбөр авагч Г.Оюунгэрэл, “Бат энд инвест” ББСБ, “Оюу Алт” ХЗХ нар гүйцэтгэх хуудсаа бичүүлэн ирүүлжээ. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаар шийдвэрээр С.Ганбатаас 8 330 000 төгрөгийг гаргуулж С.Төмөрт, мөн шүүхийн 2002 оны 1062 дугаар шийдвэрээр С.А-, С.Ганбат нараас 1.979.420 төгрөгийг гаргуулан Б.Нямхүүд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно. Төлбөр төлөгч С.Ганбатын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй талаар лавлагаа авахад Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2005 оны 3-107 дугаар албан бичгээр иргэн С.А-, С.Ганбат нарын өмчлөлд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байрлах амины орон сууц бүртгэлтэй, Тээвэр хөгжлийн банкны барьцаанд бүртгэлтэй тухай хариу ирүүлжээ. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1/6645 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 1068 дугаар шийдвэрээр С.А-гаас 46 677 871 төгрөгийг гаргуулан Тээвэр хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.А-, С.Ганбат нарын хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасны дагуу төлбөр авагчид өмчлөх эрхийг шилжүүлж, зөрүү төлбөрөөр дээрх 2 төлбөр төлөгчийн бусдад төлөх төлбөрийг төлүүлсэн. Тухайн үед төлөгдөөгүй үлдсэн 41.878.825 төгрөгийн 6 гүйцэтгэх баримт бичигт 15.620.000 төгрөг олгон, тус албанд бүртгэлтэй 5 гүйцэтгэх хуудсыг хааж дуусгавар болгожээ. Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд бүртгэлтэй гүйцэтгэх баримт бичигт шиидвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Хорих 407 дугаар ангид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай албан бичгийг хүргүүлснээр төлбөр төлөгч С.А- нь хорих ангиас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаны дараа шийдвэр гүйцэтгэлийн бүх хувийн хэргүүдтэй танилцан, холбогдох бүх байгууллагад гомдол гаргаж байсан болно. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дүгээр шийдвэрээр Тээвэр хөгжлийн банкнаас 27.868.071 төгрөгийг гаргуулж С.А-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болгосон байна Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул 3.106.931 төгрөгийг С.А-д буцаан олгох үндэслэлгүй. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 1068 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3. дэх хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох 3.106.931 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтуудыг үнэлсэн. Хэрэгт хамаарахгүй нотлох баримт болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1451 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь шүүхээр тогтоогдсон үйл явдлыг дахин нотлохгүй гэж дүгнэн үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн хуулийн зарчмыг алдагдуулсан. Иргэн С.Ганбат нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохдоо өөрийн өмчлөлд байсан 395.38 мкв талбайтай 4 давхар барилгын үнэлгээг 203,7 сая төгрөгөөр санал өгч улмаар өөрт оногдох хэсгээс төлбөрийг барагдуулахад боломжтой талаараа шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлсэн мөн өөрийн оногдох хэсэг нь 100 сая төгрөг болж байгаа талаар тодорхойлолт гаргаж өгсөн байхад шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй ажиллагаа нь илтэд хууль бус үнэлгээ хийгдээгүй дуудлага худалдаа явагдалгүй Тээвэр хөгжлийн банкинд бүхэлд нь шилжүүлсэн нь хууль бус болсон талаар огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэхдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэхгүй дүгнэлт гаргасан атлаа төлбөр төлөгч С.Ганбатын өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс түүний төлөх төлбөрийн 3 106 931 төгрөгийг төлбөр авагч С.Төмөрт шилжүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Учир нь С.Төмөрт төлөх төлбөрийг С.Ганбат, С.А- нарын бусдад барьцаалсан эд хөрөнгөөс гаргуулсан тухай төлбөр төлөгч нарт хэнд нь ч мэдэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад төлбөрийг барагдуулсан атлаа энэ талаар гомдол гаргаагүй гэж дүгнэж буй нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.А- нь НШШГГ-т холбогдуулан 3.106.931 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаар захирамжаар С.А- нь Тээвэр хөгжлийн банкинд 46.508.600 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбат, С.А- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн 801 дүгээр ангийн хойно байрлах 395.38 м.кв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилга, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хорооллыг Мондет ХХК-ийн 2 дугаар байрны 10 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлүүлэхийг дурьдаж шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаартай шийдвэрээр С.Ганбатаас 8.330.000 төгрөгийг гаргуулж С.Төмөрт олгохоор шийдвэрлэжээ.

Ипотекийн зүйл болох зочид буудлын зориулалт бүхий барилга албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу НШШГГ- уг барилгыг 75 сая төгрөгөөр төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон нь Санал болгох комиссын хурлын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураан авсан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай актыг 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэж 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 443 дугаартай тогтоолыг үйлджээ. /хх-ийн 87-117/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Тээвэр хөгжлийн банкнаас 27.868.071 төгрөг гаргуулан С.А-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.034.060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолоос үзэхэд 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Санал болгох хурлын протоколоор 75.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн зочид буудлын барилгыг төлбөр авагч банкны нэр дээр шилжүүлэх, зөрүү төлбөрийг банк нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ шийдвэр гарах үед дээрх барилга С.А-, С.Ганбат нарын өмчлөлд байсан болох нь тогтоогдсон тул “...С.А- нь С.Ганбатын бусдад төлөх төлбөрийг төлөх тухай ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад түүний өмчлөлд байсан өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж С.Төмөрийн төлбөрийг барагдуулсан нь хууль бус...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

С.А-гийн нэхэмжлэлтэй Тээвэр хөгжлийн банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Гансүх, Н.Батбаяр нар оролцсон байдаг ба  тэдгээрийн тайлбараар С.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаагүй болох нь хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан байхаас гадна Тээвэр хөгжлийн банкны шилжүүлэн авсан 75.000.000 төгрөгийн үнэтэй барилга болон 1 өрөө орон сууцыг бусдад худалдсаны үнэ 18.200.000 төгрөг, нийт 93.200.000 төгрөгөөс С.А-гийн шүүхийн шийдвэрийн дагуух төлөх зээлийн төлбөр 46.677.871 төгрөг, бусдын өр төлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд банкнаас шилжүүлсэн 15.620.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд банкны төлсөн 3.034.060. төгрөгийг тус тус хасч, үлдэх 27.868.071 төгрөгийг С.А-д олгохоор дүгнэгдсэн байна. /хх-ийн 59, 64-65/

 

Иймд төлбөр төлөгч С.Ганбатын хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн 801 дүгээр ангийн хойно байрлах 395.38 м.кв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр төлөгч С.Ганбатад оногдох хэсгээс 3.106.931 төгрөгийг төлбөр авагч С.Төмөрт олгосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тухай гомдлоо гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны / 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02230  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ          

                                                          ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                                                                     Н.БАТЗОРИГ