Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2019/00026

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Д.С.Э.Ш.Ү хүрээлэнд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00746 дугаар шийдвэртэй, Г.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С.Э.Ш.Ү хүрээлэнд холбогдох 4 120 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өрхийн орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхаа сайжруулах үүднээс хүнсний ногоо тариалах бизнесийн үйл ажиллагаа хийж тухайн жилдээ сайн сортын үр тариалсан тул боломжийн ургац хурааж авсан. Тарьж ургуулсан ургацаасаа хавар хүнсний ногооны үнэ өсөх үед худалдах, дахин тарьж ургуулах зорилгоор төмс, хүнсний ногоог тухайн үед хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Н-тай ярьж тохиролцон 5-р багт байх ногооны зооринд хадгалуулсан. Анх 2017 оны 9 сарын 27-ны өдөр таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, таваарын шар манжин 300 кг-ийг нярав У нь хиллэж хүлээлгэн өгсөн. Бид нар хоорондоо харилцан ярилцаад хадгалуулсны хөлсөнд 100 000 төгрөгийг нярав У-ын данс руу хийсэн. Тухайн үед Н захирал уг дансыг өгсөн. Ингээд хавар 2018 оны 4 сарын 14-ний өдөр ногоогоо хүлээн авахаар очтол хадгалуулсан ногоо маань хөлдөж хэрэглэх боломжгүй болсон байсан. Тухайн үед хүрээлэнгээс У, У нар ирж манай дүү Г байж байгаад ногоо хөлдсөн байдлыг газар дээр нь үзэж хиллэж акт бичсэн. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Н нь энэ талаар мэдэж байсан бөгөөд хохирлыг барагдуулна гэж хэлдэг байснаа хариуцлага алдсан ажилтнаараа төлүүлнэ гэх болсон. Энэ тухай баримт ч үйлдээд өгсөн. Ногооны зооринд хадгалуулсан ногоо хөлдсөн асуудал бүхэлдээ байгууллагын буруу мэргэжлийн байгууллагын хувьд ногоог хэдэн хэмд яаж хадгалах вэ гэдгээ сайн мэдэх тул зоорины темпартурыг стандарт хэмжээнд нь байлгах, өвлийн улиралд хаалга, цонхоо дулаалах үүргээ биелүүлээгүйгээс миний хадгалуулсан ногоонуудыг хөлдөөсөн. Би өөрийн тариалсан ногоонуудаа хүрээлэнгийн зооринд хадгалж тухайн үед ажиллаж байсан захиралтай нь тохиролцон няравт нь хүлээлгэн өгсөн. Иймд хадгалуулсан төмс, хүнсний ногоогоо тухайн үеийн зах зээлийн үнэ болох таваарын төмс 1000 төгрөг, үрийн төмс 800 төгрөг, лууван 1200 төгрөг, шар манжин 3000 төгрөгөөр тус тус үнэлж анх хадгалуулсан ногооны үнэ 4 120 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд зоориноос төмс аваагүй. Би тэр үед Өмнөговь аймгийн Оюу-Толгойд төсөл дээр ажиллаж байсан. Энэ тухай баримтуудаа хэрэгт өгсөн байгаа” гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М нь тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Н-тай ямар нэгэн гэрээ хийлгүй амаар тохиролцон 2017 оны 9 сарын 27-ны өдөр нярваар ажиллаж байсан У-аар жигнүүлж төмс, хүнсний ногоог тус байгууллагын зооринд хийсэн байна. Нярав У нь байгууллагын эд хөрөнгө болох ногооны зоорь, түүнд хадгалж байгаа төмс, хүнсний ногоог ажил үүргийн хуваарийн дагуу бүрэн хариуцах үүрэгтэй байдаг тул ногоог зооринд оруулснаас хойш өвлийн хүйтэн орохоос өмнө зоорины агааржуулалтыг хааж, хаалга үүдийг нь битүүлж дулаалах ёстой юм. Энэ талаар түүнд удаа дараа анхааруулж шаардлага тавьж байсан боловч тэр шаардлагыг үл биелүүлсэн байна. Улмаар байгууллагын удирдлагад зоорийг дулаалсан мэтээр буруу мэдээллээр хангаж байсан. У нь өөрийн ажил үүргээ мэддэггүй, хангалтгүй биелүүлснээр зооринд хадгалж байсан ногоог хөлдөөсөн гэж үзэж байна. Зооринд ногоо хадгалснаас хойш түлхүүр зөвхөн У-д байдаг бөгөөд захирлын зөвшөөрлөөр бүтээгдэхүүн худалдан борлуулах үед бусдад түлхүүрийг өгч болдог. М нь ногоогоо зооринд хийснээс хойш 100 000 төгрөгийг төлөхдөө нярав У-ын дансанд хийсэн байдаг. Зооринд ногоогоо анх хадгалуулсан үеийн хэмжээгээр тооцсон байна. Төмс, хүнсний ногоог хадгалалтын үеийн хорогдлыг ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 2 сарын 26-ны өдрийн А-43 тушаалын 2-р хавсралтад зааснаар 5 хувиар тооцох мөн сахиул А-гийн хэлснээр М нь гурван удаа зоориноос төмс авсан байдаг. Дээрх үндэслэлүүдээр тооцвол зооринд төмс 1370 кг, шар манжин 285 кг, лууван 332 кг байсан гэж үзэж байна. Үүнээс 5 хувийн хорогдлыг хасч тооцож зах зээлийн ханшаар үнэлвэл нийт 2 090 680 төгрөгийн хүнсний ногоо байна. М-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй учир нь 1.төмс, хүнсний ногоог зооринд хадгалах талаар тус байгууллагатай ямар нэгэн хууль эрх зүйн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулаагүй, 2.тус байгууллагын дансанд төлбөр төлөгдөөгүй, төлсөн баримт, нотолгоо байхгүй, хувь хүний данс руу мөнгөө шилжүүлсэн, 3.төмс, хүнсний ногоог хөлдөөсөн хохирлыг барагдуулна гэж гарын үсгээр баталгаажуулсан гар бичмэл нь байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй зэрэг болно. Тус хүрээлэн нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа боловч бие даасан хуулийн этгээд, өөрийн гэрчилгээ, данстай, өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулдаг газар болон зөгийн аж ахуйтай. 2015 онд Засгийн газрын 27-р тогтоол гарч нэгтгэсэн. Бидний хувьд бие даасан байгууллага мөн” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00746 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.6, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.С.Э.Ш.Ү хүрээлэнгээс 2 527 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 592 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80 870 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Д.С.Э.Ш.Ү хүрээлэнгээс 55 396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.А давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд 2 527 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэхдээ хуульд зааснаар хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхийг нягтлаагүй, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй зэргээс шалтгаалан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгч татгалзаж оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь манай байгууллагатай харилцан тохиролцсон, хадгалалтын харилцаа үүссэн нь огт нотлогдохгүй байх бөгөөд Н, У гэх хүмүүсийн нэр дурдагдаж уг хүмүүстэй хийсэн харилцааг манай байгууллагад хамаатуулж байгаа нь огт тогтоогдохгүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлд дурьдсан ногоог зооринд хийсэн тухай баримт огт байхгүй бөгөөд 2018 оны 04 сарын 14-ний өдөр гараар бичсэн баримтыг шүүхээс үнэлж  хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү баримтаас харахад ногоог зооринд үлдээсэн тухай огт дурьдаагүй. Нөгөө талаар мөн л манай байгууллагаас уг тэмдэглэлд огт оролцоогүй байгааг анхаарч үзээгүй болно. Үүнийг гэрч нарын мэдүүлгээр баталж байна гэх боловч гэрч гэх этгээдүүд нь уг тэмдэглэлийг үйлдэх үед байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.  Өөрөөр хэлбэл гэрч нь шууд өөрийн харсан зүйлийн талаар мэдүүлэх ёстой бөгөөд дам сонссон зүйлийн талаар мэдүүлэх нь нотлох баримтын ач холбогдлоо алдах болохыг шүүхээс анхаарч үзээгүй болно.

Г.М-ийн зүгээс манай байгууллагад албан ёсоор хандаж хадгалалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Төлбөр гэх зүйлийг шилжүүлсэн гэж шүүхэд тайлбарлах боловч энэхүү төлбөр нь манай байгууллагад огт хамааралгүй. Зооринд ногоо хадгалуулсан гэх боловч хэзээ ямар хэмжээний хэдэн төрлийн ногоо хадгалуулсан талаар баримт байхгүй, 2018 оны 04 сарын 14-ний өдрийн баримт гэх зүйл нь манай байгууллагатай хийсэн тооцсон зүйл огт биш. Хөлдсөн гэх ногоо нь бодит байдал дээр байсан эсэх, хөлдсөн эсэх, түүнийг хэн авсан болох нь огт нотлогдохгүй байхад шүүхээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй буюу Иргэний хуулийн 422.1-д заасан нөхцөл огт үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. Хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд манай зүгээс биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хурлын товыг мэдэгдэхийг хүсье” гэжээ.   

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.М нь Д.С.Э.Ш.Ү хүрээлэнд холбогдуулан 4 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.М нь хариуцагч болох Д.С.Э.Ш.Ү хүрээлэнгийн /цаашид СЭШҮХ гэх/ захирлаар 2017 онд ажиллаж байсан Н-тэй  тохиролцон Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах СЭШҮ-ийн хүрээлэнгийн ногооны зооринд 2017 оны 09 сарын 27-ны өдөр таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, таваарын шар манжин 300 кг-ыг нярав У жинлэж /килограммжилж/ хүлээн авсан, нэхэмжлэгч нь хадгалалтын хөлсөнд нярав У-ын дансанд 100 000 төгрөг шилжүүлсэн, хавар 2018 оны 04 сарын 14-ний өдөр ногоогоо хүлээн авахаар очиход хадгалуулсан ногоо нь хэрэглэх боломжгүй болж хөлдсөн байсан үйл баримтууд тогтоогдсон байна. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.М болон хариуцагч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нарын хооронд хадгалалтын гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”.

Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.А  нь “хадгалалтын мөнгийг хувь хүний дансанд хийсэн, нэхэмжлэгчтэй байгуулсан ямар нэг гэрээ байхгүй, захирлаар ажиллаж байсан Н-ын бичсэн баримтанд байгууллагын  тамга тэмдэг дарагдаагүй” гэж давж заалдах гомдол гарган тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:  Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж заасан ба тухайн үед захирлаар ажиллаж байсан Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч Г.М-тэй амаар тохиролцсон  байна. 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.С.Э.Ш.Ү хүрээлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ