Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/081

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө, 

хохирогч М,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-д холбогдох 1713000590032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овгийн М-н С, 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын **дүгээр багт оршин суудаг, РД:.....

Шүүгдэгч С-ы холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 23 цагийн үед Ө сумын **дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрт гэр бүлийн маргааны улмаас эхнэр М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрт гэр бүлийн маргааны улмаас эхнэр М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох: 

- Хохирогч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний нөхөр болох С нь энэ жилээс эхэлж 2-3 хоногоор 2-3 удаа гэрт хонолгүй алга болж асуудал гаргадаг зантай болсон. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрт хонолгүй алга болоод 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед гэрт ирэхэд нь би загнаж “чи тэнэг юм уу, гэрт хонолгүй хаана яваад байна, гаднаас авгай, хүүхэд олоод авсан уу” гэж уурлаж загнасан. Тэгээд нөхөр бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. Би нөхөртөө цай хийгээд өгч байхад тэрээр миний хацарт гараар 2-3 удаа цохиж зодсон. ... Мөн шүүх эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Миний нөхөр С надаас уучлалт гуйсан. Миний бие түүнийг уучилсан. Надад ямар нэгэн гомдол санал, шалгуулах зүйлгүй. Бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-н 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Надад гэрт засвар хийнэ гэж хадгалж байсан 100000 төгрөг байсан. Уг мөнгийг билльярд тоглож алга болгосон болохоор гэртээ очихгүй 2-3 хоног гадуур хонож явж байсан. ... Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагт гэртээ ирэхэд эхнэр М “чи тэнээд хаана яваад байна, гэртээ яагаад хонодоггүй вэ?” гэж загнаад үглээд байхаар нь миний бие түүнийг гараар нүүрэнд нь цохиж зодсон маань үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр М-ээс уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч С-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С-ы эзэмшлийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай 3 өрөө бүхий 7х8 м.кв хувийн байшинг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С овгийн М-ы С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С-ы эзэмшлийн Ө сумын 9 дүгээр багт байрлалтай 3 өрөө бүхий 7х8 м.кв хувийн байшинг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д