Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/0204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 3-1635 тоотод оршин суух Тайж овгийн Гандоржийн Ням-Осор,

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Ж.Энхтуяад, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Г.Ням-Осорд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, Г.Билэгсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Ж.Энхтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн нэхэмжлэгч Г.Ням-Осорт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Г.Ням-Осор нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамж, үүний дараа 2015 оны 06  дугаар сарын 05-ны өдөр олгосон газрын гэрчилгээ, кадастрын зургийн хамт хуулийн дагуу эзэмшиж байсан. 2004 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн Т.Ганди гэр өгснөөр 2004 оноос эхэлж Ням-Осорын аав Ганбаатар маргаан бүхий газар дээр амьдрах болсон. 2007 онд автомашины осолд орсон учраас гэрээ зарж дүү Хүрэлбаатарынд /маргаан бүхий газрын зүүн талд/ амьдарч байсан. 2008 онд Мөнхөө гэдэг хүн манай ахынх Дорнод аймгаас нүүж ирсэн учраас түр хугацаанд /дээд тал нь 3 сар хүртэл/ газар дээрээ гэрийг нь буулгаж өгнө үү гэж гуйхад нь зөвшөөрсөн байдаг. Тухайн үед Ганбаатар газар эзэмших хүсэлтээ дүүргийн газрын албанд хандаж амаар хэлж байсан байдаг ч боломжгүй гэж буцааж байсан байдаг. 2010 оноос эхлэн гуравдагч этгээд болох Ж.Энхтуяаг нүүхийг шаардаж байсан ч нүүлгүй байсаар 2015 он хүрсэн байдаг. Г.Ням-Осор насанд хүрээгүй байсан учраас газар эзэмших гэрчилгээ нэр дээр нь гарах боломжгүй байсаар 2015 онд газар эзэмших хүсэлт гаргасан. Иргэний хэргийн шүүхэд газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хүмүүсээс газраа чөлөөлүүлэхээр 2 удаа хандаж байх явцад гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх захирамж нь ил болсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Ж.Энхтуяа, н.Баярмаа, н.Сүнжидмаа нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай гэж гарсан боловч захирамжийн биелэлтийг хангах тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2016 онд Ж.Энхтуяад газар эзэмшүүлэх захирамж олгохдоо, давхар Г.Ням-Осорт олгосон захирамжаа хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өмнө нь Ж.Энхтуяа газар эзэмших хүсэлт гаргаж байхад таны эзэмших хүсэлт өгсөн газар иргэн Г.Ням-Осорын газартай давхцалтай байна гэсэн хариуг өгч байсан. Газрын тухай хуульд заасны дагуу эхэлж хүсэлт өгсөн иргэн газар эзэмших эрхтэй гэсэн зохицуулалт байдаг. Ж.Энхтуяад олгосон газар нь бусдын эзэмшилд байгаа газартай давхацсан байна гэсэн заалтыг зөрчсөн гэж ойлгож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд ямар үндэслэлээр Ж.Энхтуяад газар эзэмших эрх олгосон нь мөн л тодорхойгүй байна. Г.Ням-Осорт газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийх ёстой гэсэн боловч Ж.Энхтуяад газар эзэмшүүлэхдээ хийгээгүй байна. Хариуцагчийн хувьд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хууль бус эзэмшлийг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахдаа нөхцөл байдлыг судалсан гэж үзэж байна. Ж.Энхтуяа 2008 оноос маргаан бүхий газар дээр амьдарсан гэдэг нь хэрэгт авагдсан өрхийн бүртгэлийн дэвтэр дээрээс харагдаж байна. Д.Ганбаатар гуайн хувьд 2004 оноос хойш амьдарч байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас хэсэг хугацаанд дүүгийндээ амьдарсан байдаг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Одоог хүртэл Д.Ганбаатарын барьсан хашаа маргаан бүхий газарт байна. Иргэний гэр бүлийн хэрэгцээний газар нь газрын төлбөрөөс чөлөөлөгддөг учраас газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэл дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 173 тоот захирамжаар Г.Ням-Осорт олгосон байдаг. Иргэн Ж.Энхтуяа дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч н.Отгонзаяа 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариу өгсөн. Тус хариундаа таны газар эзэмших хүсэлт өгсөн газар нь иргэн Г.Ням-Осорт эзэмшүүлсэн газрын байршилтай давхцаж байгаа учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу газар эзэмших эрх олгох боломжгүй байна гэсэн байдаг.

Иргэн Г.Ням-Осороос Ж.Энхтуяа нь түр гэрээ барьж бууя гэж гуйсан болохоор нь 2010 онд буулгасан ч одоог хүртэл нүүхийг шаардаад ч нүүхгүй байна. Маргааныг захиргааны журмаар шийдэх боломжгүй тул шүүхэд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 дүгээр Ж.Энхтуяа, н.Баярмаа, н.Сүнжидмаа нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай захирамж гаргасан байдаг. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Ням-Осорт газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг тухайлан хийгээгүй байна. Тухайн газарт 2007 оноос хойш амьдарч байгаа иргэн Ж.Энхтуяагийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хүчингүй болгох арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар иргэн Г.Ням-Осорт газар эзэмшүүлсэн эрхийг хүчингүй болгож, Ж.Энхтуяад газар эзэмшүүлэх эрх олгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь А/434 дүгээр захирамжийг нэхэмжлэгч одоог хүртэл хүчинтэй байгаа гэж үзэж байгаа боловч эзэмшлийн хувьд дуусгавар болсон. Нэхэмжлэгч Д.Ганбаатар, Г.Ням-Осор нарын хэн нь эзэмшсэн болно гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь боломжгүй юм. Ганбаатар нь 2003 онд Сэлбийн 483 дугаар гудамжны тоот газрыг эзэмшиж, өмчилж байгаад 2015 онд хүчингүй болсон байдаг. Маргаан бүхий газрын зүүн талын газрыг 2009 онд захирамжаар эзэмшиж аваад 2010 онд Д.Хүрэлбаатар гэх одоо амьдарч байгаа дүүдээ нэрээ шилжүүлж өгсөн хирнээ одоо хүүдээ эзэмшүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий газар дээр 2008 оноос хойш Ж.Энхтуяа амьдарч байгаа гэдэгтэй нэхэмжлэгч ямар нэгэн маргаан байхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас

зөвхөн гэрчийн мэдүүлэг байгаа, гуравдагч этгээдийн тайлбарт гуйж буусан тохиолдол байхгүй гэж тайлбарладаг. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Энхтуяагийн тайлбарласнаар 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий газар дээр н.Мөнхөө гэдэг хүн хоосон хашаа байна гэж тайлбарласан байдаг. Ж.Энхтуяа охиноо маргаан бүхий газарт суулгаж байх хугацаандаа Ганбаатар гэдэг хүнийг таньдаггүй байсан. Мөнхөө ч мөн Д.Ганбаатараас гуйсан асуудал байхгүй гэж тайлбарладаг.

Г.Ням-Осор нь Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасан үйл ажиллагааны дараалал зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Баянзүрх дүүргийн өмч харилцааны газарт өгсөн мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна.

Эцэг, хүү хоёрын хувьд  адилхан гэж хэлж байгаа боловч хууль зүйн хувьд тусдаа бие даасан харилцаанд оролцдог эрх зүйн субъектүүд юм. Д.Ганбаатар эхэлж амьдарсан гэж байгаа боловч нэхэмжлэгч Г.Ням-Осорын талаар ямар нэгэн тайлбар байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Г.Ням-Осорд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүхээс уг маргааны үйл баримттай холбоотойгоор захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Ням-Осорт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн № А/173 дугаар захирамж[1]-аар Бага дарь эхийн 3-1635а тоотод 625 м2 газар эзэмшүүлж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших гэрээ[2] байгуулж, № 000549722 дугаартай газар эзэмших эрхийн /№ 18645314208915 нэгж талбарын дугаар / гэрчилгээ[3] олгожээ.

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № А/434 дүгээр захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3-1635а тоотод байрлах газрыг иргэн Ж.Энхтуяа, н.Сүнжидмаа, н.Баяраа нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргаж байжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн хойд эцэг болох Д.Ганбаатар нь 2004 оноос амьдарч байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас дүү Д.Хүрэлбаатарындаа амьдрах болсон, 2008 онд Ж.Энхтуяа нь уг хашаанд гуйж буусан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн хойд эцэг болох Д.Ганбаатарт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 415 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3-1635 тоотод байрлах 624 м2 газрыг эзэмшүүлж, /18645314183907 нэгж талбарын дугаартай/ гэрчилгээ[4] олгож, улмаар 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл[5], газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээ[6] зэргийг үндэслэн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № 124 дүгээр захирамжаар түүний эзэмшиж буй газрыг дүү Д.Хүрэлдбаатарын нэр дээр шилжүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд гэрч Б.Нарантуяагийн мэдүүлсэн хаягжилт хуучнаар 2 дугаар хороо байхад хийгдсэн, иргэд кадастрын зураг хийлгэхдээ өөрсдөө дугаар авчихдаг, мөн хуралдаан даргалагчийн ....1635а тоотыг Г.Ням-Осорт өгсөн гэдэг нь одоогийн Д.Хүрэлбаатарын газар гэж ойлгосон уу гэсэн асуултад тийм гэж хариулсан зэргээс дүгнэхэд иргэн Д.Ганбаатар нь уг маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ хашаанд амьдарч байсан байх ба тус хаяг дээр нэхэмжлэгч Г.Ням-Осор нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжин ирсэн[7] гэж үзэхээр байна.

Харин гуравдагч этгээд Ж.Энхтуяа нь уг маргаан бүхий газарт 2008 оноос хойш амьдарч байсан болох нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт[8], мөн хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Саруулмаагийн тодорхойлолт[9] болон үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогч нарын уг асуудлаар маргахгүй байгаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр[10], гуравдагч этгээд Ж.Энхтуяа нь 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр[11] тус тус газар эзэмшихийг хүссэн хүсэлтүүдийг гаргажээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ гэж тус тус заажээ.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан боловч хариуцагч нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буй маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцалыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчимд нийцээгүйн дээр маргаан үүсэх нөхцөл болжээ.

Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/7252 тоот албан бичиг[12]-ийг Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан ба хариуцагчаас өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн № А/173 дугаар захирамжийн Г.Ням-Осорд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн гуравдагч этгээд Ж.Энхтуяад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Бага дарь эхийн 3-1636 тоотод байрлах 511 м2 газар эзэмшүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

газар эзэмших гэрээ[13] байгуулж, № 000605551 дугаартай газар эзэмших эрхийн /№ 18645314207914 нэгж талбарын дугаар / гэрчилгээг[14] олгожээ.

Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн № А/173 дугаар захирамжийн Г.Ням-Осорд холбогдох хэсгийг хүчингүй болсноор уг газрын эзэмшлийн давхцалын талаарх маргаан дуусгавар болсон байх бөгөөд уг газарт 2008 оноос хойш амьдарч, газар эзэмших эрх үүссэн иргэн Ж.Энхтуяад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар маргаан бүхий газрыг эзэмшүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1- д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.2-т Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээд Ж.Энхтуяад газар эзэмшүүлэх процесс, үйл ажиллагааны дараалал дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тус бүр 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэдий ч уг нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж тэмдэгтийн хураамж төлөх үүрэггүй.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 70200 төгрөгний тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ням-Осорын нэхэмжлэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Г.Ням-Осорд, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Ж.Энхтуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144000 төгрөгнөөс 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ