Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолтой,

шүүгдэгч  Ц.Д-д холбогдох эрүүгийн 2113000000118 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Ц.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.  

 

Монгол Улсын иргэн, яс үндэс **, *** өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, ** тэтгэвэрт, ам бүл ** хүнтэй, ***оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Д- /РД:********/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн У сумын 1 дүгээр багийн нутаг, “Хөх эрэг” гэх газар байрлах Хилийн  цэргийн 0285 дугаар ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гаднаас өөрийнхөө эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай “Ланд крузер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 10.1-т заасныг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг дайрч авто осол гаргасны улмаас нэг хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 103/А дугаар яллах дүгнэлтээр Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  2022/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор:   

1. Шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар шүүгдэгч Ц.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1.Шүүгдэгч Ц.Д-д холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-ийн гэм буруугийн талаар маргаагүй боловч хэргийг тал бүрээс нь дүгнээгүй. Мөн гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

2. Мөн Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-д оногдуулах ялыг багасгах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэхийг санал болгосон ба анхан шатны шүүхээс хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2. Мөн шүүгдэгч Ц.Д анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба архи биш айраг уусан гэж марган шат шатанд гомдол гаргасан.

3. Прокурор миний бие алдаа гаргаад шүүгдэгчийн цуснаас 0,6 промиллийн этилийн спирт илэрсэн байхад түүнийг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзээд хэргийг шүүхэд ирүүлсэн боловч, шүүхээс зүйлчлэл таарахгүй байна гэж үзээд хэргийг прокурорт дахин буцаасан. Дараа нь хэргийн зүйлчлэлийг зөвтгөж хэргийг дахин шүүхэд ирүүлсэн.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн боловч шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд би айраг уусан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, миний үйлдлийн улмаас амь хохирогч хүүхэд амь насаа алдаагүй гэх байдлаар гэм буруугийн талаар маргасан. Тийм учраас гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тус тусдаа явагдсан.

5. Анхан шатны шүүх хүний амь нас нөхөн сэргээх боломжгүй хор уршиг учраас Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Дээрээс нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь гомдол саналтай байна, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа ирж уучлалт гуйгаагүй, шүүгдэгчид ял оногдуулж өгнө үү гэсэн байр сууринаас оролцсон.

6. Ийм учраас анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан ял оногдуулсан учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй.

 

4. Шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн У сумын 1 дүгээр багийн нутаг, “Хөх эрэг” гэх газар байрлах Хилийн  цэргийн 0285 дугаар ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гаднаас өөрийнхөө эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай “Ланд крузер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөн, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 10.1-т заасныг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг дайрч авто осол гаргасны улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

 

5. Ц.Д-ийн дээрх байдлаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний амь насыг хохироосон болгоомжгүй үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн буюу ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ц.Д-д оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх  заалтад хамаарах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хуульчилсан. Анхан шатны шүүх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй буюу Ц.Д-эд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүй нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ. Тиймээс энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтаар шүүгдэгч Ц.Д нь хохирол төлбөрт 9.400.000 төгрөг төлснийг дурдаж, түүнээс 98.600 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, иргэний нэхэмжлэлээс 1.900.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол гарсны дараа, хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх үед  шүүгдэгчээс хохирол төлбөрт тооцон 98.600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Д.Айбекийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Д-ээс шийтгэх тогтоол гарсны дараа хохирол төлбөрт тооцон 98.600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг тэмдэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК