Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00280

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00280

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У овогт Ч.Н

Хариуцагч: Х овогт Д.Ц нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,635,299.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар өөрсдийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт бичгээр гаргасан тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХКнь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,635,299.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Хариуцагч Ч.Н, Д.Ц нарт Т А салбараас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .... тоот гэрээгээр 22,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнүүдэд зээлдэгч Ч.Н болон хамтран зээлдэгч Д.Ц нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлийн барьцаанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .... тоот гэрээгээр 2022 оны малын А дансаар 490 толгой мал барьцаалсан. 2023 оны малын А дансаар 710 толгой малтай байна. Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ч.Н, хамтран зээлдэгч Д.Ц нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Ч.Н болон хамтран зээлдэгч Д.Ц нар нь дээрх ... тоот зээлийн гэрээний болон түүний хавсралт 1 дэх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдэгчдэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Зээлдэгчтэй Т А салбарын ажилтнууд байнга утсаар холбогдон очиж уулзаж байсан бөгөөд зээлдэгч 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлээ төлөхгүй 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч Ч.Н, Д.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 21,882,085.99 төгрөг, хуримтлагдсан хүү 1,712,321.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,892.72 төгрөг, нийт 23,635,299.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон зээлийн гэрээ, барьцааны гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ч.Н, Д.Ц нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 23,635,299.86 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь Т банкнаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлийн гэрээний анхны төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй, мөн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй, нийт 200 гаран хоног хугацаа хэтрүүлэн явж байгаа. Ийм учраас зээлдэгч Ч.Н, Д.Ц нараас 23,635,299.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч Ч.Н, Д.Ц нарт Т банкны зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хангалттай хугацаа өгсөн. Тухайн үед байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал буюу зуд турхан үүсээгүй байсан. Тухайн хүмүүс нь намар тарга тэвээргээ авсан малаа худалдан борлуулаад зээлээ хангалттай төлөх боломжтой байсан. Тухайн үед зээлээ төлөөгүй. Мөн хариуцагч нарт манай талаас зээлээ төлөх талаарх заавар зөвлөгөөг хангалттай өгч байсан. Долоо хоног болгон очиж уулзахад харилцагч нар нь биднийг хууран мэхэлж, хугацаа авах зорилгоор манай нөхөр хүнээс мөнгө авах гээд явсан, малаа ачаад хот руу явсан, удахгүй миний 5 жилийн нэмэгдэл орно тэгээд төлье гэх мэтээр худлаа ярьдаг байсан. Энэ талаарх баримтууд нь уулзалт хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Уг хоцроосон зээлийн төлөлтүүд нь энэ өвлийн зуднаас өмнөх хугацааны асуудал байгаа. Хариуцагч нар нь зээлээ санаатай төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ санаатай биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Багийн Засаг даргаас авсан тодорхойлолтод бичигдсэн тоо нь 2023 оны малын тоо. 2023 оны 12 дугаар сард гарсан мал тооллогоор хариуцагч Ч.Н-ын нэр дээр 710 толгой мал тоологдсон байсан. Малыг барьцаанд авч малчны зээл гаргахдаа бүх малыг нь хонин толгойд шилжүүлээд зах зээлийн үнээр нь үржүүлж, түүнийхээ 30 хувиар буюу хамгийн доод түвшингээр зээл гаргадаг. Манай зүгээс малын хорогдлыг хангалттай тооцож зээл гаргасан. Ч.Н 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 710 толгой мал тоолуулсан. Хариуцагч нар зээлээ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй. Малчны зээл олгоход малыг даатгуулах боломжгүй, учир нь малчны зээлийн эрсдэлийн даатгалд тухайн зээлийн үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч хоёрын амь нас, эрүүл мэндийг даатгадаг даатгал. Зээлдэгч нар нь гэнэтийн ослын улмаас нас барах эсхүл хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах, үйлдвэрлэлийн осолд орох, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амь нас эрүүл мэндэд нь хохирол учрах, ахуйн эрсдэлд өртөх буюу тогонд цохиулах, халтирч унах, хавчуулагдах, түлэгдэх, хорт хийнд хордох, зам тээврийн осолд өртөх, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдлууд нь хамаарахаар тусгагдсан байгаа. Улсын хэмжээнд зудтай аймаг, сумын судалгаа гарсан. Уг судалгаанд А аймгийг зудархаг аймаг гэж тогтоосон. Гэхдээ аймгийн хойд сумд буюу Т, Ц, Х, Ж, Цэцэрлэг зэрэг сумыг цагаан зуд болсон сум гэж үзсэн. Бусад сумдыг зудархаг байна гэж үзсэн. Э сумын тухайд цагаан зуд болоогүй. Хариуцагч нар нь малчны зээлээ төлөх боломжгүй, зээлээ хойшлуулах талаар манай банкинд хүсэлт гаргаж байгаагүй. Албан ёсоор зээл хойшлуулах хүсэлтийг ирүүлж байгаагүй. Манайх зээл хойшлуулах хүсэлтээ цахимаар авдаг, тухайн зээлдэгч нар нь банкин дээр ирэхгүйгээр хүсэлтээ гаргаад өгчих боломжтой. Манай зүгээс 2022 оны 02 дугаар сараас бүх зээлээ хойшлуулсан. Харилцагчийнх 2023 оны 11 дүгээр сард төлөх байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.А төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

5. Хариуцагч Д.Ц, Ч.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Ц нь Ч.Н-тай хамтран амьдардаг бөгөөд энэ хугацаанд бид хоёр Т банкнаас 22,000,000 төгрөгийн малчны зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрт ............. дансанд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Нийт 2,400,000 төгрөг төлсөн. Т банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээлдэгч нарын хувьд эхний төлөлтөөс 4,600,000 төгрөгийг дутуу төлсөн. Дараагийн төлөлт болоогүй байхад нэхэмжлэл гаргаж, гэрээгээ цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн тодорхой хэмжээний эрсдэл үүссэн цаг үед иргэдэд боломж олгож ээлтэй байдлаар хандах ёстой гэж үзэж байна. Хахир хатуу зудтай өвлийг арай гэж давж ихэнх малыг хорогдуулсан. Энэ байдлыг харгалзан үзээд зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байна гэжээ.

 

6. Хариуцагч Д.Ц, Ч.Н нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... А аймгийн Э сумын .... дүгээр багийн малчин Ч овогтой Н ...... регистрийн дугаартай, Д овогтой Ц ............... регистрийн дугаартай бид хоёр Т банкнаас малчны зээл авсан. Бидний амьжиргааны эх үүсвэр бол мал юм. Бид малаа маллаж амьдрал ахуйгаа залгуулж явдаг. Энэ жил малчдад маш хүнд нөхцөл байдал тулгараад байна. Учир нь өвөлжилт хүндэрч бид бүхэн малчны зээлээ төлөх боломжгүй болоод байна. Өнгөрсөн өвлийн цас зуднаар малын хорогдол ихтэй, зээлээ төлөх боломжгүй хүнд нөхцөл байдалтай учраад байгаа тул бидний Т банкны салбараас авсан малчны зээлийг Т банкны салбартай хамтран Зээлийн үйл ажиллагааны журмын 21.7.3-т заасны дагуу сунгах, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж холбогдох журам зааврын дагуу хойшлуулж, хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн малчдад Засгийн газраас зээлийн хороонд зээлийг сунгах эрх олгосоор байтал Т банк бидний зээлийн хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож зээлийг нэг доор бөөнөөр нь нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай малчин бидэнд дарамттай байна. Мөн маргааш бидний шүүх хурал болох тул амьдралын гачигдлаас болж шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул бидний эзгүйд шийдэж өгнө үү. Хууль эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Э-ыг сонгон авсан. Өмгөөлөгчийг маань шүүх хуралдаанд оролцуулж бидний эрх ашгийг хамгаалуулж өгнө үү. Мөн иргэний хэргийн шүүх бидний хүсэлтийг нэхэмжлэгч Төрийн банкны салбартай зөвлөлдөж заавар журмын дагуу хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн бидний малчны зээл ангилал буурч хадгалагдаж байгааг засуулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс:

- Ч.Н, Д.Ц нарын “Иргэний үнэмлэхийн лавлагаа”,

- Т банк ХК, Ч.Н, Д.Ц нарын байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар “Барьцаат зээлийн гэрээ /малчин/”-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт, зээлдэгчийн малын А дансны лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа,

- 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,

- 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,

- 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,

- Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, тэмдэглэл,

- Ч.Н-ын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны “Зээлийн дансны харилцагчийн хуулга”,

- Д.Ц-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- Т банкны захирлын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн хороонд эрх олгох тухай А/220 дугаартай тушаал,

- Т банкны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийт нэгжид Чиглэл хүргүүлэх тухай №3/13 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Хариуцагчаас

-А аймгийн Э сумын ..... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №..... дугаар тодорхойлолт,

- 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ч.Н-аас даатгалын зуучлалын хураамжийн дансанд 99,000 төгрөг төлсөн Мемориалын баримт,

- №210007087147 дугаартай малын индексжүүлсэн даатгалын гэрээ, малын индексжүүлсэн даатгалын баталгаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

9. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр:

- Т банк ХК, М даатгал, Ч.Н нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Малчны зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ шүүх бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХК-ийн хариуцагч Ч.Н, Д.Ц нарт холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,635,299.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч байгууллага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

... Хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь Т банкнаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлийн гэрээний анхны төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй, мөн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй, нийт 200 гаран хоног хугацаа хэтрүүлэн явж байгаа. Ийм учраас зээлдэгч Ч.Н, Д.Ц нараас 23,635,299.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч Ч.Н, Д.Ц нарт Т банкны зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хангалттай хугацаа өгсөн. Тухайн үед байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал буюу зуд турхан үүсээгүй байсан. Тухайн хүмүүс нь намар тарга тэвээргээ авсан малаа худалдан борлуулаад зээлээ хангалттай төлөх боломжтой байсан. Тухайн үед зээлээ төлөөгүй. Мөн хариуцагч нарт манай талаас зээлээ төлөх талаарх заавар зөвлөгөөг хангалттай өгч байсан. Долоо хоног болгон очиж уулзахад харилцагч нар нь биднийг хууран мэхэлж, хугацаа авах зорилгоор манай нөхөр хүнээс мөнгө авах гээд явсан, малаа ачаад хот руу явсан, удахгүй миний 5 жилийн нэмэгдэл орно тэгээд төлье гэх мэтээр худлаа ярьдаг байсан. Энэ талаарх баримтууд нь уулзалт хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Уг хоцроосон зээлийн төлөлтүүд нь энэ өвлийн зуднаас өмнөх хугацааны асуудал байгаа. Хариуцагч нар нь зээлээ санаатай төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ санаатай биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Улсын хэмжээнд зудтай аймаг, сумын судалгаа гарсан. Уг судалгаанд А аймгийг зудархаг аймаг гэж тогтоосон. Гэхдээ аймгийн хойд сумд буюу Т, Ц, Х, Ж, Ц зэрэг сумыг цагаан зуд болсон сум гэж үзсэн. Бусад сумдыг зудархаг байна гэж үзсэн. Э сумын тухайд цагаан зуд болоогүй. Хариуцагч нар нь малчны зээлээ төлөх боломжгүй, зээлээ хойшлуулах талаар манай банкинд хүсэлт гаргаж байгаагүй. Албан ёсоор зээл хойшлуулах хүсэлтийг ирүүлж байгаагүй. Манайх зээл хойшлуулах хүсэлтээ цахимаар авдаг, тухайн зээлдэгч нар нь банкин дээр ирэхгүйгээр хүсэлтээ гаргаад өгчих боломжтой. Манай зүгээс 2022 оны 02 дугаар сараас бүх зээлээ хойшлуулсан. Харилцагчийнх 2023 оны 11 дүгээр сард төлөх байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.Ц, Ч.Н нар болон тэдний өмгөөлөгч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

... Бид хоёр Т банкнаас 22,000,000 төгрөгийн малчны зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрт ............... дансанд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Нийт 2,400,000 төгрөг төлсөн. Т банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээлдэгч нарын хувьд эхний төлөлтөөс 4,600,000 төгрөгийг дутуу төлсөн. Дараагийн төлөлт болоогүй байхад нэхэмжлэл гаргаж, гэрээгээ цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн тодорхой хэмжээний эрсдэл үүссэн цаг үед иргэдэд боломж олгож ээлтэй байдлаар хандах ёстой гэж үзэж байна. Хахир хатуу зудтай өвлийг арай гэж давж ихэнх малыг хорогдуулсан. Энэ байдлыг харгалзан үзээд зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ч.Н, Д.Ц нарын “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, Т банк ХК, Ч.Н, Д.Ц нарын байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар “Барьцаат зээлийн гэрээ /малчин/”-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт, зээлдэгчийн малын А дансны лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,  2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, тэмдэглэл,  Ч.Н-ын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны “Зээлийн дансны харилцагчийн хуулга”, Д.Ц-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Т банкны захирлын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн хороонд эрх олгох тухай А/220 дугаартай тушаал, Т банкны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийт нэгжид Чиглэл хүргүүлэх тухай №3/13 тоот албан бичиг, А аймгийн Э сумын ..... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №..... дугаар тодорхойлолт,  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ч.Н-аас даатгалын зуучлалын хураамжийн дансанд 99,000 төгрөг төлсөн Мемориалын баримт, №210007087147 дугаартай малын индексжүүлсэн даатгалын гэрээ, малын индексжүүлсэн даатгалын баталгаа, Т банк ХК, М даатгал, Ч.Н нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Малчны зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 5. Үйл явдлын хувьд хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь Т ХК-тай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №..... дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 22,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний дагуу Ч.Н, Д.Ц нар нь дээрх мөнгийг хүлээн авсан болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогджээ.

 

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар: “ ... Өнгөрсөн өвлийн цас зуднаар малын хорогдол ихтэй, зээлээ төлөх боломжгүй хүнд нөхцөл байдалтай учраад байгаа тул бидний Т банкны салбараас авсан малчны зээлийг Т банкны салбартай хамтран Зээлийн үйл ажиллагааны журмын 21.7.3-т заасны дагуу сунгах, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж холбогдох журам зааврын дагуу хойшлуулж, хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн малчдад Засгийн газраас зээлийн хороонд зээлийг сунгах эрх олгосоор байтал Т банк бидний зээлийн хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож зээлийг нэг доор бөөнөөр нь нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай малчин бидэнд дарамттай байна. ...Иргэний хэргийн шүүх бидний хүсэлтийг нэхэмжлэгч Т банкны салбартай зөвлөлдөж заавар журмын дагуу хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн бидний малчны зээл ангилал буурч хадгалагдаж байгааг засуулж өгнө үү ...” гэх, хариуцагч нарын өмгөөлөгч: “... Хариуцагч нар нь цаашдаа бүх зүйлээ төлөхгүй гэж маргаагүй, байгаль цаг үеийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж тодорхой хугацааны төлөлтүүдийг хийгээгүй нь үнэн, үүнтэй маргадаггүй. Үүнээс цааших төлөлтүүдээ хугацаандаа төлөх боломж байгаа гэж хариуцагч тал үзэж байгаа учир хэсэгчилсэн байдлаар хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 2023 оны 11 дүгээр сараас эхлэн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн. Нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ихэнх малаа алдаж 38 тооны мал үлдсэн. Энэ нөхцөл байдал нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. ...” гэх тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж, маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.2.1-т: “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцох бөгөөд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.” гэж, 6.2.1-т: ”Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно.” гэж гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг заажээ.

 

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь гэрээг ялимгүй зөрчсөн тул төлбөрийг хугацаанаас өмнө гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг төлж барагдуулна гэж маргаж байх боловч хариуцагч нар нь “Т” ХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №..... дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”-үүд, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул Т ХК нь хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

            Мөн гэрээний 9.3-т: “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, банкны тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

 

            Хариуцагч нар зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, Т банк ХК-тай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичиг хэрэгт авагдаагүй ба шүүх хариуцагч нарын өмнөөс Т банк ХК-тай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Т банк ХК нь №..... дугаар зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ч.Н, Д.Ц нартай “Барьцаат зээлийн  гэрээ” байгуулахдаа барьцааны зүйлд

  1. Хариуцагч нарын өмчлөлийн 490 толгой мал /хонь-186, ямаа-300, үхэр-4/,

2. А аймгийн Э сумын ...... дүгээр баг, ............... тоотод байршилтай 5 ханатай, давхар бүрээстэй 1 ширхэг гэр зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд заасан байна.

 

Хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 8.6-д заасан, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээ тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус заасан байх тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

 

Хариуцагч нарын өмгөөлөгч “... 2023 оны 11 дүгээр сараас эхлэн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн. Нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ихэнх малаа алдаж 38 тооны мал үлдсэн. Энэ нөхцөл байдал нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. ...” гэж маргаж, мэтгэлцэж, мөн хариуцагч нар “...38 толгой ямаа үлдсэн, бусад мал зуданд хорогдсон нь үнэн болно.” гэсэн А аймгийн Э сумын ...... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №...... дугаар тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зуданд үхэж хорогдсон малын хохирлыг шүүх шийдвэрлэх боломжгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Н, Д.Ц нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,635,299.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд тэдний өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгө болох 490 толгой мал /хонь-186, ямаа-300, үхэр-4/, А аймгийн Э сумын .... дүгээр баг, ............. тоотод байршилтай 5 ханатай, давхар бүрээстэй 1 ширхэг гэр зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н, Д.Ц нараас 276,126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид “Т” ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Н, Д.Ц нараас 23,635,299.86 /хорин гурван сая зургаан зуун гучин таван мянга хоёр зуун ерөн есөн төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд тэдний өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгө болох 490 толгой мал /хонь-186, ямаа-300, үхэр-4/, А аймгийн Э сумын .......... дүгээр баг, ............... тоотод байршилтай 5 ханатай, давхар бүрээстэй 1 ширхэг гэр зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н, Д.Ц нараас 276,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХК-д олгосугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ЭЛБЭГЗАЯА