Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

Ш.Р-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Р-д холбогдох эрүүгийн 2013003300244 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс **, **** төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, *****оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Р- /РД: **********/ нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111,75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5,587,500 төгрөгийн бодит хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар яллах дүгнэлтээр Ш.Р-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  2021/ШЦТ/158 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Керей уах овогт Шауейн Р-ыг хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Р-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3  дахь заалтыг тус тус баримтлан Ш.Р-аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Миний бие гэр бүлийн хэрэгцээндээ зориулж 5 шуудай сонгино түүж бэлтгэсэн маань үнэн. Тухайн сонгиныг өөр зорилгоор ашиглаж байгаагүй бөгөөд он удаан жилийн турш амьдран суудаг нутаг дэвсгэрээс хоол хүнсэндээ ашиглахаар түүж бэлтгэсэн. Малын бэлчээрт ургадаг тухайн сонгиныг нэн ховор ургамалд орсон Алтайн сонгино гэдгийг огт мэдээгүй. Эцэг, эх, өвөг дээдсээсээ уламжлалт хоол хүнсэндээ хэрэглэхээр бэлчээрээс сонгино түүж ирсэн. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, цагаатгаж өгөхийг хүсэж байна.

2. Хохирлын тооцоог буруу гаргасан хэмээн үзэж байна. Мөрдөн байцаалтын шатандаа 2 удаа сонгинын хэмжээг тогтооход 2 өөр жинтэй гарсан. Нэгэнт хурдан муудах шинжтэй үнэ бүхий эд зүйлийг хураан авснаас хойш даруй арга хэмжээ аваагүйгээс болж тухайн сонгиныг шүүхээс устгалд оруулж шийдвэрлэсэн. Хэрэв мөрдөн байцаалтын шатандаа хурдан муудах эд зүйлийг хураан авснаас хойш даруй арга хэмжээ авч зах зээлийн үнээр борлуулж олсон орлогыг хохирлоос хассан бол надаас гаргуулах зардлын хэмжээ багасгах байсан. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан арга хэмжээ аваагүйгээс болж миний төлөх хохирлын хэмжээ нэмэгдэж, би хохирч байгаа гэж үзэж байна. Сонгиныг 70 хувь нь хальс байдаг бөгөөд хохирлын тооцоог гаргахад хальсыг жинлэж тооцоог нь гаргасныг зөвшөөрөхгүй байна. Сонгинын бодит жингээр тооцоог нь гаргах ёстой хэмээн үзэж байна. Хэрэв намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл хохирлын тооцоог зөв гаргаж, багасгаж өгөхийг хүсэж байна.

 

Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Шүүгдэгч Ш.Р- нь тухайн сонгиныг ахуйн зорилгоор түүж бэлтгэсэн хэмээн мэдүүлэг өгөх боловч их хэмжээний буюу 111.075 кг сонгиныг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн явдал нь мөрдөн шалгах ажиллагаа явцад тогтоогдсон.

2. Холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх явцад авагдсан нотлох баримтуудаар Ш.Р- нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн хэдий ч тухайн үед ахуйн зорилгоор ашиглаж, түүж бэлтгэсэн хэмээн мөрдөн байцаалтын явцад удаа дараа мэдүүлдэг.

3. Хуулийн агуулга бүхий зорилт нь зохих зөвшөөрөлгүйгээр ахуйн хэрэгцээнд бэлтгэх Засгийн газрын тогтоол бий. Энэхүү тогтоолд зааснаас хэтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Ш.Р-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон.

4. Ш.Р-ын цагаатгаж өгнө үү хэмээх гомдол нь үндэслэлгүй. Тиймд шүүгдэгчийн гаргасан гомдлын 1 дүгээр заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ илэрхийлж байна. Хоёрдугаарт анх гэмт гарах цаг хугацаанд 111.075 кг сонгинын жинг тогтоосон. Энэхүү жингээр хэргийн бодит байдал болон бодит хохирлыг тооцож байгаа. Өнөөдөр гэхэд анхан шатны шүүх хуралдаанаас хойших 2 сарын хугацаанд 10-20 кг хэмжээнд багассан байх ёстой байсан. Учир нь сонгино нь шүүслэг буюу ишлэг ургамал. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхад сонгино хатсан, шүүслэг байдал нь алдагдсан гэдэг үндэслэлээр хэмжээг нь дахин тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй.

5. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитын хохирлыг тогтоон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Р-ын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

            3. Шүүгдэгч Ш.Р- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 6  дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын эхээр Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж байгаль экологид 5587500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь: 

 -2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

- 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн Р.И-аас хураан авсан сонгино нь улаан өнгийн 5 шуудай сонгино байна. Уг шуудайтай сонгинуудыг 1-ээс 5 хүртэл дугаарлаж шуудай тус бүрийг хиллэж үзэхэд 1 дэх шуудай 22.95 кг, 2 дахь шуудай 24.15 кг, 3 дахь шуудай 26.05 кг, 4 дэх шуудай 23.10 кг, 5 дахь шуудай 15.5 кг, нийт 111.75 кг сонгино байв” /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.Х-ийн “...Ц сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р- нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 168-д зааснаар ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр түүж бэлтгэж ургамалд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Ц сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р- нь 111.75 кг сонгино түүж бэлтгэсэн. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгинын Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байхаар зааж өгсөн байдаг. 2020 онд Ц сумаас ховор ургамлын жагсаалтад Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн байхгүй. Ц сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р- нь 2020 онд Ц сумаас ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл аваагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

- Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №8 дугаартай “...Цагдаагийн газарт хураагдсан ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад болон Монгол Улсын ургамлын улаан номд орсон Алтайн сонгино байна. Монгол Улсын Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгинын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

- Гэрч Х.Д-ны “...Тухайн үед миний бие аймгийн төв рүү явах үл таних залууг авахаар манай сумын С гэдэг хүний гэрийн ойролцоох гудамжнаас очиж авсан. Энэ үед уг залуу миний машинд ачаагаа өөрөө ачиж машинд ороод суусан. Тэрээр миний бие бусад хүмүүсээ машиндаа суулгаж аваад аймгийн төв рүү орж ирээд Зайд сургуулийн ойролцоо явж байхад цагдаа нар зогсоогоод миний бичиг болон тээвэрлэж явсан ачааг шалгасан. Энэ үед цагдаа нар энэ шуудайтай сонгино хэний сонгино бэ гэхэд миний машинд суусан үл таних залуу миний сонгино гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

- Гэрч Д.Т-ийн “...Манай сумын нутаг дэвсгэрээс энэ жил буюу 2020 онд Алтайн сонгино түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Шүүгдэгч Ш.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Ц сумын 6 дугаар багийн иргэн юм. Манай гэр Ц сумын Харгай салаагийн ам гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт нүүж ирсэн юм. Тухайн газарт нүүж ирээд 9 дүгээр сарын 10-ны үеэр өглөө эрт гэрээсээ гараад манай гэрийн хажуу талд байдаг Харгай салаагийн уулнаас өглөөний 08 цагаас оройн 17 цаг хүртэл 50 кг-ийн ууттай гурилын цагаан шуудайгаар 2 шуудай сонгино түүж бэлтгэж гэр лүүгээ үүрч хүргэсэн юм. Түүж бэлтгэсэн сонгиноо гэрийн гадна талд авч ирээд асгаж, буцаагаад шар улаан өнгөтэй 5 уутанд хийгээд тавьсан юм. Хэд хоногийн дараа манай хүү болох И нь Улаанбаатар хот руу сургуульдаа явахаар болоод аймгийн Ц сумын төвөөс аймгийн төв рүү орох үед нь миний бие хүү И-т ууттай 5 шуудай сонгиныг өгөөд “аймгийн төвд очоод хүргэн Н-ийн гэрт үлдээчих” гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед миний хүү Ц сумын Д гэх жолоочийн фургон маркийн тээврийн хэрэгслээр явсан юм. Миний бие аймгийн төвд байх хамаатнууддаа хувааж өгөхөөр түүж бэлтгэсэн юм. Миний бие ойролцоогоор 100 килограмм орчим сонгино түүж бэлтгэсэн. Тухайн түүсэн сонгиныг хэмжиж үзээгүй 20 килограммын 5 уутанд хуваагаад хийсэн юм. Миний бие Харгай салаа гэх газраас түүж, бэлтгэсэн сонгиныг ганцаараа түүж, бэлтгэсэн юм. Надтай хамт ямар нэгэн хүн хамт яваагүй. Тухайн жолооч нь манай сумын жолооч байсан гэхдээ зүгээр л таксинд явдаг жолооч юм. Миний бие хуулийн мэдлэг дутмаг асуудлаас болоод сонгино түүж болохгүй гэдгийг мэдээгүй юм. Хэрвээ мэдэж байсан бол сонгино түүхгүй байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49, 222-223 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           4. Шүүгдэгч Ш.Р-ад холбогдох  хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Ш.Р-ыг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ. Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Ш.Р- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэн, байгаль экологид 5587500 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

6. Иймд шүүгдэгч Ш.Р-ыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нэг  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27937500 төгрөг төлүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                7. Шүүгдэгч Ш.Р-ын гаргасан “...Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хохирлын тооцоог буруу гаргасан тул багасгаж өгөхийг хүсэж байна.” гэх агуулга бүхий гомдлыг хянан үзэхэд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн бэлтгэсэн сонгиныг тухайн үед хэмжиж үзэхэд нийт жин 111.75 кг болох нь хэрэгт эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /фото зураг/  тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн “Ш.Р- нь 111.75 кг Алтайн сонгино түүж бэлтгэсэн, мөн өөрийн оршин суугаа газраас Өлгий сумын төвд рүү хүргүүлэхээр тээвэрлүүлсэн” гэх нөхцөл байдал зэргийг үндэслэж, Ш.Р-ыг байгалийн ховор ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилго, зориулалтаар /ашиглахаар/ түүсэн, бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин тэрээр байгалийн ховор ургамлыг их хэмжээгээр зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн нь бүрэн тогтоогдон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх шүүгдэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Р-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                       ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ