Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсан шийдвэрийг хүчингүйд тооцож, Х******* ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, дахин зарласан тендерийг хүчингүй болгох шаардлага бүхий Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, С.Б*******, гуравдагч этгээд Ш******* ХХК-ийн төлөөлөгч П.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн /Чингэлтэй , Баянгол дүүрэг 11.0 км/ НХААГ-17/0016 дугаартай ажлын нээлттэй цахим тендерт зарлагдсаны дагуу www.tender.gov.mn хаягаар орж, холбогдох бичиг баримтаа өгч оролцсон. Уг тендерийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 2/572 тоот мэдэгдлээр манай компанийг 919.589.436/ Есөн зуун арван есөн сая таван зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгөөр гүйцэтгүүлэхээр хүргүүлсэн саналыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдээд, уг мэдэгдлийг хүлээн авнаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх, мөн мэдэгдэл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шаардлага хангасан баталгаа ирүүлэхийг мэдэгдсэн.

Энэ нь Х******* ХХК нь цахим тендерт шалгарсныг нотолж байна. Дээрх мэдэгдлийн дагуу Капитрон банк-ны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13/327 тоот албан бичгээр гүйцэтгэлийн баталгаа гаргаж байгаагаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт мэдэгдсэн.

Гэтэл тендерийн шалгаруулалтын талаар гомдол гарсан гэх үндэслэлээр Сангийн яамны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3263 дугаар албан бичгээр сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн байна. Сангийн яамны зүгээс хянан шалгах явцад тендерийн шалгаруулалтыг хүчингүйд тооцож, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин нээлттэй, цахим тендер зарлажээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ажлыг гүйцэтгүүлэхээр Х******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцлах болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нээлттэй цахим тендерийн үйл ажиллагаа шударга явагддаг. Гэтэл тендерт оролцогчдын гомдлоор тендерийн үйл ажиллагааг хянаад, ямарваа алдаа зөрчил гараагүй болох нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/807, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1072 тоот албан бичгүүдээр тодорхойлогдоно.

Зөвхөн тендерийн үйл ажиллагааны талаар гомдол гаргагчийн хүсэлтийг хянасан хугацаагаар тендерийг хүчингүй болгож буй нь шударга явагдсан тендерт шалгарсан манай байгууллагыг хохироож, чирэгдэл учруулахын дээр манай орны цаг агаарын дулаан үед газар шорооны бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг алдагдуулж, ажил цалгардуулсан шийдэлд хүргэж байгааг анхааран үзэхийг хүсье.

Иймд: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 1/ Х******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсныг хүчингүйд тооцож, 2/ Х******* ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, 3/дахин зарласан тендерийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х******* ХХК-ийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татсан НХААГ-17/0016 дугаартай Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0 км/" нээлттэй тендер шалгаруулалтын Х******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, гэрээ ,байгуулахыг даалгах, дахин зарласан тендерийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 7-р сарын 6-ны өдөр гардан авч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн А/887 дугаартай захирамжид заасан төсөл арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэх зохион байгуулахыг манай байгууллагад даалгасан. Үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02-р сарын 7-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0 км/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан.

Үнэлгээний хороо 2017 оны 02-р сарын 17-ны өдөр НХААГ-17/0016 дугаартай Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0 км/" нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж , нээлтийг 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийсэн байна. Тендер шалгаруулалтын явцад үнэлгээний хороо 4 удаа хуралдсан бөгөөд 2017 оны 4-р сарын 5-ны өдрийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар Х******* ХХК-ийг шалгаруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болно гэж заасан байдаг. Оролцогч Ш*******" ХХК -д тендерт шалгараагүй тухай 2017 оны 4-р сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд мэдэгдлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Манай газраас 2017 оны 2 сард зарласан 14 төсөл арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн тендерийн материал цахим системийн алдааны улмаас файлууд давхардах, харагдахгүй байх зэрэг доголдол үүсч үнэлгээ хийх ажиллагаа удааширсан. Иймд тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж өгөхийг хүссэн 02/357 дугаартай албан бичгийг Монгол улсын сангийн яаманд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн байна.

Энэхүү хугацаа сунгуулах албан бичигт Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0 км/ нээлттэй тендер шалгаруулалтын ажил багтсан бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 6/2591 дугаартай албан бичигт цахим системийн алдааны улмаас үнэлгээ удааширсан нэр бүхий 14 төсөл арга хэмжээнүүдийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан болохыг мэдэгдсэн.

Монгол улсын Сангийн яамны 2017 оны 4-р сарын 25-ны өдрийн 6-1/2341 дугаартай албан бичигт Ш******* ХХК гомдол гаргасан тул гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлснийг манай байгууллагад мэдэгдсэн. Энэ тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 02/350 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Ш******* ХХК-ийн гаргасан гомдлыг Монгол улсын сангийн яам хянаад, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2716 дугаартай албан бичигт тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

Үүний дагуу үнэлгээний хороо 2017 оны 5-р сарын 23-ны өдөр хуралдаж гишүүдийн 100 хувийн саналаар Х******* ХХК-ийг шалгаруулсан байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 5-р сарын 24-ний өдрийн 02/637 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.

Оролцогч Ш******* ХХК нь Монгол улсын Сангийн яаманд 2 дахь удаагаа гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2017 оны 5-р сарын 31-ний өдрийн 6-1/3263 дугаартай албан бичигт тендерийн бичиг баримт шаардлагатай нотлох баримтыг ирүүлэхийг манай байгууллагад мэдэгдсэн байна.

Монгол улсын Сангийн яам Ш******* ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2017 оны 6-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай гомдлын хариу албан бичигт Танай байгууллагаас зарласан НХААГ-17/0016 дугаартай Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0км/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон Ш******* ХХК-иас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ. Дээрх тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 6-р сарын 2-ны өдөр дууссан байх тул гомдлыг хянан үзэх боломжгүй байна. Иймд хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг захиалагчид зөвлөж байна гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгаэ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул 2017 оны 02-р сарын 17-ны өдөр зарласан НХААГ-17/0016 дугаартай Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, 11.0 км/ ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг тооцож хуульд нийцүүлж дахин зарласан болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х******* ХХК-ийн гаргасан Х******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, Х******* ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, дахин зарласан тендерийг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээнд техник хяналтыг хэрэгжүүлдэг.

Нийслэлийн Засаг дарга нь төсөл арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, хяналт хэрэгжүүлэхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгасан.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тендер зарлан шалгарсан компанитай буюу Х******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэн ажилласан.

Тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерт оролцсон бусад хуулийн этгээдээс гомдол гарган тендерийн хүчинтэй хугацаа дууссан байна гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11.О км/ НХААГ-17/0016 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон, 2017 оны 03 сарын 20-ны нээлтээс өмнө материалаа цахимаар хүргүүлсэн байсан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/305 тоотод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерийн материалаа бүрэн ирүүлээгүй шалтгаанаар манай тендерээс татгалзсан байсан.

Бид 2017 оны 04 сарын 20-ны өдөр Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт гомдол гаргахад Манай гомдол үндэслэлтэй болох нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 05 сарын 01-ний А-1/980, Сангийн яамны 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 6-1/2716 дугаартай албан тоотуудаар нотлогдож, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль,
журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байдаг.

Ингээд тендерийн үнэлгээний хорооныхон дахин үнэлж, Х******* ХХК-г шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/643 тоотод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн дор дурдсан шалтгаануудаар манай тендерээс татгалзсан хариу өгсөн. Үүнд: У байгууламжийн инженер Х.Б******* УААЯ-ны харъяа Шарын голын Усны аж ахуйн техникумыг техникч, гидротехникч мэргэжлээр төгссөн, У байгууламжийн инженер О.Ө******* ШУТИС-ийг 2012 онд Усны нөөц экологи мэргэжлээр төгссөн, Барилгын материалын технологич инженер Ж.Б үндсэн ажилтан биш зэрэг нь ТОӨЗ 5.2 (в)-д "Барилгын материалын технологич инженер нь Барилгын материалын инженер, у байгууламжийн инженер нь
гидротехникч инженер байх, тухайн байгууллагын үндсэн ажилтан байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Ажлын төсвийн Баруун уулын үерийн хамгаалалтын суваг пк7+50-пк10+56,8 ажлын цутгамал төмөр бетон сувгийг арматурчлах ажлын тоо хэмжээ зөрсөн тул шаардлагад нийцээгүй гэсэн байсан.

Бид тухайн Тендер шалгаруулалтын ТОӨЗ 5.2 (в)-д Ерөнхий инженер нь Барилга, дэд бүтцийн инженер байна гэсний дагуу манай байгууллага Барилгын ерөнхий инженер Д.Дэнсмааг санал болгож, тендерийн саналын 26, 27, 28, 29, 61, 62, 63-р хуудсаар усны барилгын ерөнхий инженер А.Төмөрбаганыг гидротехникч инженерийн үүргийг гүйцэтгүүлэхээр хүргүулсэн болно. Гэтэл түүний материалыг үнэлээгүй байсан. Мөн тендерийн саналын 63 хуудас дахь Нийгмийн дааигалын НД-8 маягтаар Барилгын материалын технологич инженер Ж.Б үндсэн ажилтан болохыг батлан хүргүүлсэн боловч бас үнэлгээнд оруулаагүй байсан. ТОӨЗ 4.4(в)-д Барилга, хот байгуулалтын яамны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл ирүүлнэ гэж заасан. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл өлгох журам-д заасан Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагын 2.3.2 ажлын зайлшгүй байх ИТА жагсаалтад барилгын материалын технологич шаарддаггүй, энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлага ч байхгүй. 2017 оны 06 дугаар сард Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн ажлын тендерийг дахин зарлахад 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, энэ ажилд Барилгын материалын технологч инженер шаардлагагүйг нотолсон болно.

Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн ажлын зураг, төсөв 2014 онд боловсруулагдаж магадлал экспертиз хийгдсэн байсан. 2017 онд хийгдэх ажилд магадлал хийгдээгүй нь Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлээс харагдана. 2017 оны ажлыг ялгахдаа төсвийг 100 тн арматураар өсгөж (0,38 тн-ыг 1,38 тн гэж оруулсан) алдаа гаргасан байдаг бөгөөд Б.Ваня тэргүүлэх төсөвчинг хянаж нягтлаагүй гэж үзэж байна. Энэ нь жишиг төсвийн 5,6-р хуудсанд төсөвчний тамгийг скайнердан оруулснаас харагдана. ТОӨЗ 14А(ж)-д заасны дагуу Зураг, ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 01 сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ/ Эрх бүхий төсөвчин баталгаажуулсан байх гэж заасан. Барилгын тухай хуулийн 24-р зүйлийн Барилгын төсөв нь 24.1.1 батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх; 24.1.3 барилгын үнэ бүрдэл, төсвийн нөрм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх шаардлагын дагуу Мэргэшсэн төсөвчин Г.Жаргал Estimatir pro программаар төсвийг боловсруулж хүргүүлсэн. Мэргэшсэн төсөвчний зохиосон төсвийн үнэн зөв тооцоолсон эсэхийг Тэргүүлэх төсөвчин магадлал хийж тогтоодог.

Бид үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2017 оны 06 сарын 13-ны өдрийн ******* тоотод Дээрх тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 06 сарын 02-ны өдөр дууссан байх тул гомдлыг хянан үзэх боломжгүй байна. Иймд хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг захиалагчид зөвлөж байна гэсэн байдаг бөгөөд энэ нь тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гомдлыг шүүн хэлэлцээгүй (үндэслэлтэй, үндэслэлгүй нь тогтоогдоогүй) байх тул Х******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан ... тендерийн үйл ажиллагааг хянаад, ямарваа алдаа, зөрчил гараагүй болох нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 02/807, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 2/1072 тоот албан бичгүүдээр тодорхойлогдоно гэсэн нь ор үндэслэлгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7-р бүлгийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрнйн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт баггаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасан байдаг бөгөөд Тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон нь эцсийн шийдвэр гэж үзэж байгаа тул Х******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Х******* ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Х******* ХХК-тай байгуулсан гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсан шийдвэрийг хүчингүйд тооцож, Х******* ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, дахин зарласан тендерийг хүчингүй болгох гэж тодорхойлсон.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан тусгай журмаар хэрэг хянан шийдвэр ажиллагаа явуулж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн оролцогч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримууд тогтоогдлоо. Үүнд:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр НХААГ-17/0016 дугаар бүхий Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11.0км/ ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтыг зарласан байна.

Тендерт шалгаруулалтад Э ХХК, У ХХК, Х******* ХХК, Ш******* ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тендерийн нээлтийг хийж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр Х******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн шалгаруулж бусад оролцогч нарт зохих мэдэгдлийг хүлээлгэн өгч, акт үйлдсэн байна. Тендерийн үнэлгээний хороо нь гуравдагч этгээд Ш******* ХХК-ийг тендерийн материалыг бүрэн ирүүлээгүй буюу шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс нь татгалзсан байна.

Дээрх шийдвэрийг Ш******* ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдол гаргасантай холбогдуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02/3578 дугаар албан бичгээр хүсэлт гаргасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сангийн яам тендер хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж байжээ.

Улмаар Сангийн яам хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-1/970 дугаар Ш******* ХХК-ийн цахим системээр илгээсэн тендер шалгаруулалтын системд тооцооллын алдаа гарч, тендерт оролцогчын илгээсэн файл давхардаж, үнэлгээний хорооны эрхтэй хэрэглэгч дээр бүрэн харагдаагүй гэж ирүүлсэн албан бичгийг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2716 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан байна.

Тендерийн үнэлгээний хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж оролцогч нараас ирүүлсэн тендерүүдэд дахин үнэлгээ хийж Ш******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа-нд заагдсан тендерийн шалгуур үзүүлэлтэд нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн татгалзсан байна. Үүнд:

-  Ажлын төсвийн Баруун уулын үерийн хамгаалалтын суваг пк7+50-пк10+56.8 ажлын цутгамал төмөр бетон сувгийг арматурчлах ажлын тоо хэмжээ зөрчсөн;

-  Барилгын материалын технологич инженер Ж.Б нь тус компанийн үндсэн ажилтан биш, У байгууламжийн инженер Х.Б УААЯ-ны харьяа Шарын голын Усны аж ахуйн техникумыг техникч-гидротехникч мэргэжлээр төгссөн, У байгууламжийн инженер О.Ө******* ШУТИС-ыг 2012 онд Усны нөөц экологи мэргэжлээр төгссөн зэрэг нь ТШӨХ-д заасан шаардлагад нийцээгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ш******* ХХК нь тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийж гаргасан шийдвэрт мөн Сангийн яаманд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөн дахин гомдол гаргасан боловч Сангийн яам 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул хянан үзэх боломжгүй, хуульд заасан арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт зөвлөжээ.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссантай холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1072 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид гэрээ байгуулах эрх олгосон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/829 дүгээр мэдэгдлийг цуцалж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг дахин зарласан байна. Гэвч уг дахин зарласан тендерт хэргийн оролцогчид болох Х******* ХХК шүүхэд маргаантай байгаа гэх үндэслэлээр, харин гуравдагч этгээд Ш******* ХХК нь тодорхойгүй шалтгаанаар оролцоогүйгээс гадна уг тендерт ялагч тодроогүй байна.

Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль зүйн дүгнэлтүүд.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, 5.1.19-т техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг гэж тус тус зааснаар тендерт оролцогч этгээд нь зөвхөн тендерийн тодорхойлолт болон тендерт тусгайлан заасан нөхцөлд тааруулан тендерийн саналаа ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү тендерийн тодорхойлолт болон тусгайлан заасан нөхцлөөс өөр санал ирүүлэх нь тендерээс татгалзах үндэслэл болдог байна.

Гэтэл гуравдагч этгээд Ш******* ХХК нь Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 14.1 ж-д Зураг ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна, төсвийг Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар, 2012 оны 181 дүгээр тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын дагуу зохиогчийн хяналтын зардлын үнийг тооцож ирүүлнэ гэж тендерт тусгайлан заасан цутгамал төмөр бетон сувгийг арматурчлах ажлын тоо хэмжээг зөрчиж тендерийн санал ирүүлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаар Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг зохион байгуулж зохих зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна 11.1.2-т Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх гэж заасны дагуу захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолт, тусгай нөхцөлийн хүрээнд тендерийг зохион байгуулах үүрэгтэй тул Ш******* ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана гэж тусгайлан зохицуулсны дагуу гуравдагч этгээд Ш******* ХХК нь тендерт тавигдсан техникийн тодорхойлолт болон тусгай шаардлагатай холбогдуулан зохих гомдлоо захиалагч буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тендерийн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор гаргах ёстой.

Захиалагч гомдлыг хянан үзээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ... гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргахаар хуульчилжээ.

Гэтэл тендерийн үнэлгээний хорооноос тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерүүдийг дахин үнэлж Х******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлэн, захиалагч шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгосны дараа тухайн тендерт шалгараагүй гуравдагч этгээд тендерийн техникийн тодорхойлолттой холбоотой гомдол гаргах эрхгүй байтал Сангийн яаманд дээрх гомдол гаргасныг хүлээн авч үндэслэлгүйгээр тендер хүчинтэй байх хугацааг дуусгах үр дагаврыг бий болгожээ. Тодруулбал, гэрээ байгуулах эрх олгосноос хойш зөвхөн тендерийн үнэлгээний асуудлаар зохих гомдлыг Сангийн яаманд гаргах хуулийн зохицуулалттай байна.

Мөн Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг,11,0км/ ажил гүйцэтгэх тендерийн улирлын чанар байдалтай нь холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх , 54 дүгээр зүйлийн 54.5-д Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй гэж зааснаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн Х******* ХХК-тай гэрээ байгуулах эрх нээлттэй байсаар байтал тендерийн хүчинтэй байх хугацааг дуусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29 дүгээр зүйлийн 29.4-т ... 30 хоногоор сунгаж болно, 55 дугаар зүйлийн 55.4-т ...гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх  шийдвэр гаргаж болно гэж заасны дагуу Ш******* ХХК-ийн гаргасан гомдолтой холбогдуулан Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 6-1/2341 дугаар албан бичгээр тендер шалгаруулах үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн боловч тендер явагдах цаг хугацааг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн тооцож байгаа нь өөрөө учир дутагдалтай юм. Зүй нь тендерийг түдгэлзүүлэх тохиолдолд тендер явах цаг хугацаа мөн адил түдгэлзэж тооцогдохгүй байх нь ёстой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ямарваа нэгэн буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн талаар маргаагүй Х******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн гэж үнэлэгдсэн шийдвэрээ дэмжиж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Х******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.2, 14 дүгээр зүйлийн 14.4, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 46 дугаар зүйлийн 46.1.8, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.5, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1072 дугаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг цуцлах шийдвэр болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин зарласан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг,11,0км/ ажил гүйцэтгэх тендерийг тус тус хүчингүйд тооцож, Х******* ХХК-тай Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг,11,0км/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ