Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2019/00027

 

 

 

 

 

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын

 хүсэлттэй хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00722 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй, П.М-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд П.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд П.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.М нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, дуудлагын дагуу байнга эрүүлжүүлэгддэгээс гадна гэр орондоо айдас түгшүүр төрүүлдэг хүн юм. Гэр бүлээс нь Цагдаагийн байгууллагад байнгын дуудлага өгдөг бөгөөд түүний нэр дээр манай цагдаагийн байгууллагад 2017 оноос хойш ирсэн дуудлага, мэдээллийг бүртгэсэн тухай, мөн захиргааны арга хэмжээ авагдсан байдлын талаарх бүртгэлийг ирүүлсэн байгаа. Энэ хүн урьд нь сайн дураараа архины албадан эмчилгээнд явмаар байна гэсэн хүсэлтийг огт гаргадаггүй байсан. Албадан эмчилгээнд хамруулахын тулд бид эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан. Эмчийн дүгнэлтээр эмчилгээнд хамрагдах боломжгүй гэх өвчингүй, эмчилгээ хийлгэж болно гэсэн дүгнэлт гарсан байгаа. П.М нь архинд донтох өвчтэй болсон тул түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргаж байна. П.М нь намайг энэ баг дээр томилогдож ирээд хоёр жил болоход байнга архи уудаг, байнга дуудлагаар эрүүлжүүлэгддэг хүн, бие муутай хүн байсан бол байнга архи уугаад агсан согтуу тавьж, гудамжинд зодоон хийгээд явахгүй байх гэж бодож байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие архи уудаг нь үнэн. Архи уугаад гэртээ ирэхээр эхнэр архи уулаа гэж уурладаг, дуудлага өгдөг. Олон удаа эрүүлжүүлэгддэг нь үнэн. Саяхан ээж маань нас бараад сэтгэл санаагаар унаад сүүлийн үед архи их уусан. Би архинаас гарна гэж боддог. Гэхдээ эмчилгээ хийлгэмээр байна гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Би бие муутай хүн. Архины эмчилгээнд явж байсан хүмүүсээс асуухад бие муутай хүн яваад хэрэггүй гэж хэлээд байдаг. Тэгэхээр би бараг үхээд ирэх байх гэж бодож байна. Тиймээс би эмчилгээнд явмааргүй байна, чөлөөлж өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00722 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тус тус заасныг баримтлан Х овгийн П.М-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж,

 Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар П.М-ын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

 

            Гуравдагч этгээд П.М давж заалдсан гомдолдоо: “...шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргагч П.М миний биеийн байдал хүндхэн байна. Би өөрийн өвчин шаналгаанаас шалтгаалан бага багаар архи ууж явсаар байнга уудаг болсон нь үнэн. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад унтаж чадахгүй, архи уусан ч унтаж чаддаггүй үглээд байдаг байдалд гэр бүл дургүйцээд цагдаад өгчихдөг. Түүнээс биш зодоод байсан асуудал байхгүй. Мөн 4 жил дараалан 2 дүү, ээж бас эгчийн хүү бүгд хорт хавдрын улмаас нас барсан. Үүнд бас сэтгэл тавгүй байдаг, хямардаг. Би 2014 оны 8 сарын 29-нд авто ослын улмаас тархинд гэмтэл авч толгойн баруун тал нилэнхүйдээ ясгүй гаднаас харахад булхалзаж байдаг. Үүнтэй холбоотойгоор уналт таталт өгдөг, байнга эмээ уувал гайгүй байдаг. 2017 оны 7 сард нарийн гэдсэнд гэмтэл авч тасарсан учир тайралт хийлгэж байсан. Үүнээс үндэслэн хоолны дэглэм барих хэрэгтэй гэдэг. 2014 оноос хойш зүүн бөөргүй болсон. Бөөр уусаж ажиллагаагүй болсон гэдэг. Ийм болохоор албадан эмчилгээ хийлгэмээргүй байна. Намайг үзлэг шинжилгээнд оруулаад албадан эмчилгээ хийлгэхэд харшлахгүй гэж байгаа бол би сайн дураараа эмчилгээ хийлгэхэд татгалзахгүй. Надаас хэн ч сайн дураараа эмчилгээ хийлгэхээс татгалзаж байна уу гэж асууж байгаагүй. Харин сайн дураар эмчилгээ хийлгэх хүсэлт гаргаж байсан уу гэж асууж байсан. Би үнэндээ албадан эмчилгээ хийлгэх сайн дураараа эмчилгээ хийлгэх хоёрын ялгаа заагийг ч ойлгоогүй байна. Одоо 2019 оны 11 сарын 1-нээс 10-ны хооронд сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Миний гэдэс дүүрч цанхайдаг. Өвдөж байхад сая ЭХО-оор хараад цөсний чулуутай авахуулах шаардлагатай гэсэн. Иймд энэ бүх байдлыг харгалзан албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж өгнө үү” гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар П.М-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг гуравдагч этгээд П.М эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хайлтын системийн баримтаар гуравдагч этгээд П.М нь архи ууж согтууран Цагдаагийн байгууллагаар удаа дараа эрүүлжүүлэгдэн саатуулагдсан болох нь тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 6-10 дахь талууд/

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.” гэж заасан байна.

Гэтэл П.М-ыг сайн дураараа эмчилгээ хийлгэхээс татгалзсан тухай баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Албадан эмчилгээнд ямар эмчилгээ хийгддэг болох, мөн уг эмчилгээ нь авто ослын улмаас тархиндаа мэс засал хийлгэсэн, мэс заслын улмаас унаж татдаг болсон, үүнээс шалтгаалж 70 хувийн тахир дутуугийн групп тогтоолгосон зэрэг гуравдагч этгээд П.М-ын эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулах шаардлагатай байна. /хх-ийн 30 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг үнэлэх боломжгүй тул П.М-ын тус шүүхэд гаргасан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Энэ хэргийн хувьд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж, эрх зүйн байдлыг тогтоодог, маргалдагч талууд байдаггүй онцлог хэрэг юм.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслэлээр олж авсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Гуравдагч этгээд П.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гуравдагч этгээд П.М-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд П.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                     З.ЭНХЦЭЦЭГ