Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01459

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10

181/ШШ2024/01459

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, Б.Д  /Регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .давхарт байрлах, МКХХК /Регистрийн дугаар:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 89.792.838 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Д миний бие МКХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Поларис апартмент-2 орон сууцны Е блок, 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, 405 тоот, 2 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт захиалсан бөгөөд орон сууц, авто зогсоолын төлбөрт 72.631.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.2-т Гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж заасан боловч 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажлыг огт эхлүүлээгүй буюу газар шорооны ажил нь эхлээгүй.

Захиалагчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Гэрээ цуцалсан акт үйлдсэн. Тус актдаа нийт төлбөр 72.631.000 төгрөгийг 180 хоногт буцаан олгохоор шийдвэрлэв гэсэн. Нэхэмжлэгч Б.Д надад санхүү, цаг хугацаа, бусад сэтгэл санааны ноцтой хохирол учруулж байна.Төлсөн 72.631.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор яаралтай гаргаж өгөхийг шаардсан ч шүүхээрээ яваад аваарай гэсэн хариу өгсөн.

Иймд орон сууцны төлбөрт шилжүүлсэн 72.631.000 төгрөг, гэрээний үүргийг зөрчиж урт хугацаанд мөнгийг ашигласны хохирлыг Иргэний хуульд заасныг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл арилжааны банкны 12.8 хувийн хүүгээр тооцож 17.161.838 төгрөг, нийт 89.792.838 төгрөгийг "МКХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Д алданги 17.161.838 төгрөгний 14.161.838 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 76.239.114 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 24.239.114 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь МКХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 89.792.838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч шаардлагаа 14.161.838 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 76.239.114 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 24.239.114 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Д ийн нэхэмжлэлтэй МКХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 14.161.838 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 76.239.114 /далан зургаан сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 20.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 24.239.114 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606.914 төгрөгийн тавин хувь болох 303.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 303.228 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 269.572 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ