Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01493

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12

181/ШШ2024/01493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... оршин сууух, Б.Ч /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Х.о ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.о ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Х.О 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бидний хашаа байшингаа зарсан 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмж сар бүр байрны түрээсэнд 900,000 төгрөг төлж байх санал тавьсны дагуу тохиролцож, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу зээлийн гэрээг бичгээр хийж, Х.о ын Хаан банкны 5720370090 тоот дансанд 45,000,000 төгрөгийг шилжүүлж түрээсийн байранд орсон. Эхэндээ сарын хүү, түрээсийн төлбөрөө төлж байсан ч яваандаа хагас дутуу төлдөг болсон. Сүүлдээ мөнгө байхгүй, мөнгөтэй болохоороо өгье хүлээж бай гэсээр өдий хүрлээ. Утсаа авахаа болиод, сүүлдээ миний дугаарыг блоклосон. Мөнгө авах үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, 44 дүгээр байр, 2 тоотод амьдарч байсан ба одоо оршин суугаа хаяг нь тодорхойгүй, байраа зараад нүүсэн. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Холбазарын Отгонбаатар /Регистрийн дугаар:УД76111373/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШЗ2024/00418 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Н.Ч Хаан банкны дансны хуулга, 2020 оны 3 дугаар сарын 03, 27-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний хуулбарууд, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд зэргийг баримтаар ирүүлжээ.

Шүүхээс хур системийн лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

2.Нэг талаас Н.Ч , нөгөө талаас Х.о нар тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШЗ2024/00418 дугаарр шүүгчийн захирамжаар Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 44 дүгээр байрны 2 тоот хаягт Х.о бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Бүртгэх байгууллагын хур системээс ирүүлсэн лавлагаагаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Х.о ын оршин суух бүртгэлтэй хаяг Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 44 дүгээр байр 2 тоот гэж тэмдэглэгджээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаягт газар ийм хүн байхгүй гэж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.о ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г овогт Х.О /Регистрийн дугаар: ./-ийг эрэн сурвалжилсугай.

2.Х.о /бүртгэлтэй хаяг: .тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч , холбоо барих утас: 91149696, 86139696/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ