Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 201/МА2020/00001

 

 

 

 

 

 

 

 

 

     “А” ХК-ийн нэхэмжлэлтэй,

    Д.Г-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00749 дугаар шийдвэртэй “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох 16,464,903.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Э, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь “А” ХК-д ажиллаж байх хугацаандаа өөрийн хэрэгцээнд зориулж цалингийн болон орон сууцны урьдчилгаа, өвлийн бэлтгэл ажилд зарцуулахаар зээлийн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Мөн сургалтын төлбөр төлүүлэхээр хүсэлт гаргахад Г-ын хувийн өргөдлийг үндэслэн өөрт нь ашигтай байдлаар шийдвэрлэж байсан. Тухайлбал:

1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.Г-ын гаргасан Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулж хувийн хэрэгцээнд 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г-ын Хаан банкны 5011023644 тоот дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ зээлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үеийн компанийн захирал Б.Ш-д хандаж гаргасан Шинэ байрны урьдчилгаа төлбөрт мөнгө хөрөнгө дутагдалтай байгаа тул 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн өргөдлийг үндэслэн 7 сая төгрөгийг Г-т бэлэн мөнгөний зарлагын баримтаар бэлнээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон боловч Г нь өнөөдрийг хүртэл тухайн зээлийг төлөөгүй.

3. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г нь 500 000 төгрөгийн цалинг урьдчилан олгох өргөдөл гаргасныг үндэслэн Г-т 500 000 төгрөгийн цалинг урьдчилан олгосон. Энэ мөнгийг Г нь цалингаасаа төлөөгүй байна.

4. Д.Г-ын 99073477, 94012022, 86085393 дугаартай гар утасны төлбөр 1 132 903 төгрөг 62 мөнгийг компаниас төлж барагдуулсан ба уг төлбөрийг компанид буцааж төлөөгүй байна.

5. Д.Г нь Хос өргөө ХХК-иас 2018 оны 03 дугаар сард 580 000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай, эргэдэг сандлыг авсан боловч энэ сандал “А” ХК-д ирээгүй байгаа тул дугуйтай эргэдэг сандлын мөнгийг нэхэмжилнэ.

6. Моторола-А8 маркийн гар станц эзэмшдэг байсан бөгөөд одоог хүртэл дээрх гар станцыг компанид эргүүлэн өгөөгүй байна. Иймд тухайн гар станцийн мөнгийг Г-аас нэхэмжилж байна.

7. Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Отгонтэнгэр Их сургуульд хуулийн эчнээ ангид суралцах тухай өргөдөл бичсэний дагуу компаниас 1 900 000 төгрөгийн сургалтын зардлыг тус сургуулийн ................. тоот дансанд шилжүүлсэн. Дээрх урьдчилан шилжүүлсэн сургалтын төлбөрийг Ганбаяр нь одоог хүртэл төлж барагдуулаагүй.

“А” ХК-ийн зүгээс Г-ын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүний ар гэрийн болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг дээшлүүлэх талаар хангалттай дэмжлэг үзүүлж байсан боловч Г нь үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, өөрт давуу байдал гаргаж ээлжийн амралтын хоногийг өөртөө хэтрүүлэн олгосон зэрэг Хөдөлмөрийн хууль болон компанийн дотоод журмыг зөрчин ажлаас чөлөөлөгдсөн байсан. Мөн Г нь компаниас зээлсэн дээрх зээлийг компанид эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд компанийн эд хөрөнгийг бүрэн бүтэн компанид хүлээлгэж өгөөгүй байна. Иймд Д.Г-аас нийт 16 464 903 төгрөг 62 мөнгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг хувийн хэрэгцээнд зориулж 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан боловч төлөөгүй гэсэн байна. Би зээлсэн мөнгөө буцааж кассанд төлсөн. Компанийн кассын баримтуудад энэ асуудалтай холбогдуулан үзлэг хийлгүүлсэн боловч миний мөнгө тушаасан кассын баримтууд олдоогүй. Миний ажлын өрөөнд мөнгө тушаасан баримт байсан. Намайг ажилд эгүүлэн тогтооход миний өрөөнд байсан зүйлсийг надад эргүүлж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар тухайн мөнгийг буцааж төлсөн нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй байгаа ч дараа энэ баримтууд гарч ирэх болно.

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинэ байрны урьдчилгаа гэж 7 сая төгрөг зээлсэн гэж байна. Би хувийн орон сууцад 2003 оноос хойш амьдарч байна. Надад шинэ байр авах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Тухайн 7 сая төгрөгийг ямар шалтгаанаар авсныг тодруулахаар би Шатар захирлыг гэрчээр дуудсан байгаа. Энэ хүн тайлбарлаж өгнө гэж итгэж байна.

3. Намайг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 500000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан гэсэн. Манай компанийн хувьд цалингийн урьдчилгаа авахад дараа сарын цалингаас суутгуулдаг. Хавтас хэрэгт авагдсан “А” ХК-ийн 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн түүврээс харахад 2018 оны 04 дүгээр сард 4 хоног ажилласан цалин 142 857 төгрөг, удаан жилийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө бодогдоод нийт 1 243 400 төгрөгийн цалин бодогдсон. Үүнээс 1 170 000 төгрөгийн урьдчилгаа суутгасан байсан. Энэ мөнгөнд 500 000 төгрөгийн урьдчилгаа цалин багтсан. Мөн утасны төлбөрт 195 968 төгрөг гэж бичигдсэн байсан. Нийт суутгал 1 618 840 төгрөг болж би компанид 375 436 төгрөгийн өртэй үлдсэн байдаг. 4 дүгээр сард цалин гэж аваагүй. Утасны төлбөр болон урьдчилан авсан цалинг бүгдийг нь суутгаж авчихаад одоо надаас дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Миний албан хэрэгцээнд ашиглаж байсан утасны төлбөрүүд цалингаас суутгагдаад явдаг байсан. Утасны төлбөр хэд гарч байгааг мэддэггүй байсан. 2018 оны 04 сард гэхэд л миний цалингаас утасны төлбөрийг суутгаж авсан. 4 сарын 12-нд намайг ажлаас халсан бөгөөд энэ хугацаанд утасны төлбөрүүд гарсаар байсан. 2018 оны 08 дугаар сард миний утсыг хаахад нь 108893 төгрөгийн төлбөрийг төлж утсаа нээлгэж байсан. “А” ХК нь утасны төлбөрийг төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл утасны төлбөрийг төлж ирсэн юм шигээр ярьж байна. Утасны төлбөрөөс болж “А” ХК-д хохирол учирсан зүйл байхгүй. Тэдгээр дугаарууд өнөөдрийн байдлаар хаагдчихсан байгаа. Хэрэв Мобиком корпораци ХХК нь утасны төлбөрөө нэхэмжлэхээр бол гэрээний дагуу “А” ХК-иас нэхэмжлэх ёстой тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

5. Хос өргөө компаниас 580000 төгрөгийн үнэ бүхий дугуйтай сандал авсан гэж байна. Тухайн сандлыг намайг өөртөө авсан мэтээр ярьж байна. Нотлох баримт гэх зарлагын падаан дээр Г хүлээж авсан гэсэн баримт нотолгоо байдаггүй. Тухайн сандлыг худалдан авсан хугацаа нь намайг ажлаас халагдах үетэй давхцсан тул миний нэр дээр тухайн сандлыг бичсэн байна. Надад дугуйтай эргэдэг сандал хүлээлгэн өгсөн гэсэн бичиг үйлдэж, нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан байдаг. Энэ нь намайг тухайн сандлыг авсан гэдгийг нотолж чадахгүй байна. Би ийм сандал аваагүй.

6. Намайг Моторола-А8 маркийн гар станц хэрэглэдэг байсан бөгөөд одоо хүртэл эргүүлж өгөөгүй гэж бичсэн байна. Тухайн үед миний ажлын хэрэгцээнд гар станц байсан. Ажил хүлээлцэхэд дүрэм журмын дагуу гар станц хүлээлгэн өгсөн, хүлээж авсан зүйл байхгүй. Хэрэв хууль журмын дагуу ажил хүлээлцсэн бол би хүлээж авсан эд зүйлээ хүлээлгэн өгөх байсан. Гэтэл намайг эзгүй хооронд ажлын өрөөний цоожийг сольж дотор нь байсан хувийн болон компанийн эд зүйлийг цоожилсон. Гэтэл надаас тэдгээр эд зүйлийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад гар станц хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Тухайн үед би ажлын шаардлагаар гар станц ашигладаг байсан.

7. Хуулийн сургуульд суралцсан төлбөрийг буцааж надаас нэхэмжилсэн. “А” ХК-ийн ажилчдаас олон хүн компанийн зардлаар суралцаж байгаагүй. Намайг хүний нөөцийн менежерээр ажилд орсноос хойш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын шаардлагаар цөөн тооны хүмүүсийг компанийн зардлаар сургуульд суралцуулж байсан. Тухайн үед Ш захирал бид хоёр ярилцаж тохиролцоод компанийн дотоод журамд заасан мэргэжилтэн, ажилтныг сургах ангилалд хамааруулж сургалтын төлбөрийг компаниас гаргаж, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгохыг хүссэн өргөдлийг надаар бичүүлж байсан. Ингээд “А” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д компанийн зардлаар суралцах ажилтанд захирлын тушаалаар цалинтай чөлөө олгож болно гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б/59 тоот захирлын тушаал гарсан байдаг. “А” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д заасны дагуу ажилтнаа сургаж, цаашид компанид хэрэгтэй гэж үзсэн тул сургалтын төлбөрийг компаниас төлсөн гэж үзэж байна. Түүнээс биш зээл байдлаар компаниас сургалтын төлбөрийг урьдчилан төлсөн зүйл огт байхгүй. Намайг ажлаас хууль бусаар халж үргэлжлүүлэн суралцах боломжийг минь хаасан тул сургалтын төлбөрийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00749 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г-аас 14 220 000 /арван дөрвөн сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 244 903 төгрөг 62 мөнгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 229050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХК-д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г-аас 14 220 000 /арван дөрвөн сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулж ... болгосугай гэснээс сургалтын төлбөр болох 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хуулийн сургуульд суралцахаар болсон, төлбөр тооцоог нь компани хариуцан төлөхөөр өрөгдөл дээр нь тодорхой заасан байхад шүүх бичгийн нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн гэрч Ш-ын мэдүүлгээс үзэхэд гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон байна. Гэрч Б.Ш нэхэмжлэл гаргасан компаний ТУЗ-ын дарга бөгөөд нэхэмжлэгч этгээд юм. Нэгэнт өөрөө нэхэмжлэгч талын гэрч учраас сургалтын төлбөрийг буцаагаад төлөх ёстой л гэж хэлнэ. Харин тухайн үеийн сургалтын төлбөрийг компаниар хариуцуулан төлүүлэх агуулгатай өргөдөл, түүнийг зөвшөөрсөн цохолт, зөвхөн компаний зардлаар суралцаж байгаа ажилтанд өгдөг цалинтай чөлөөний заалт, түүний дагуу олгосон захирлын тушаал зэргийг шүүх бодитойгоор үнэлсэнгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн .. хариуцагч Д.Г-аас 14 220 000 /арван дөрвөн сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулж гэснийг 12 320 000 төгрөг гаргуулж гэж өөрчлөн сургалтын төлбөр болох 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Д.Г-аас цалин, орон сууцны урьдчилгаа, өвлийн бэлтгэлийн ажилд зарцуулах зорилгоор авсан урьдчилгаа болон сургалтын төлбөр, бусад төлбөр зэргийг төлүүлэхээр 16 464 903.62 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь талууд/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн  маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Тухайлбал анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч Д.Г-аас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан 2016 оны 10 сарын 17-ны өдөр авсан 5,0 сая төгрөг, 2017 оны 11 сарын 10-ны өдөр авсан 7,0 сая төгрөг, “Моторола-А8” гар станцын үнэ 320 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас  2018 оны 03 сарын 12-ны өдөр авсан 500 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа,  Д.Г-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан гар утасны төлбөр 1 132 903.62 төгрөг, дугуйтай эргэдэг сандлын үнэ 580 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Г нь анхан шатны шүүхийн шийдвэрийн ... сургалтын төлбөр 1 900 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж залдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”, 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж тус тус заасан байна.

Хариуцагч Д.Г нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр “А” ХК-ийн захирал Б.Ш-т гаргасан хүсэлтдээ “... Компанийн дотоод журамд заасан мэргэжилтэй ажилтныг сургах ангилалд хамааруулан сургалтын төлбөрийг компаниас хариуцан, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгож өгнө үү. Би хичээнгүйлэн суралцаж, дүрэм журмыг хэлбэрэлтгүйгээр мөрдөн, компанийн үйл хэрэгт сурсан мэдсэн зүйлээ зориулан тогтвор суурьшилтай ажиллах болно.” гэжээ.

Энэхүү хүсэлтэнд “А” ХК-ийн захирал Б.Ш нь “Ажлаа зохицуулан суралцахыг зөвшөөрөв.” гэсэн цохолтыг хийсэн ба 2017 оны 10 сарын 04-ний өдөр Б/59 дугаар тушаал гаргаж, ... оюутан Д.Г-ын сургалтын төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн тус сургуулийн ХААН бакны ............................. тоот данс руу шилжүүлэхийг ерөнхий нягтлан бодогч Б.Э-т зөвшөөрөл олгосон байна. /хх-ийн 12-13 дахь талууд/

Мөн тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ш анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэхдээ “... Чи тухайн сургуулиа төгсөөгүй учир чамаас нэхэмжилсэн байх...” гэжээ. / 2 дугаар хавтас 11 дэх тал/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Г-ын гаргаж байгаа хүсэлтэнд сургуулийн сургалтын төлбөрийг компаниар хариуцуулахаар хүсэл зориг илэрхийлэгдсэн, харин нэхэмжлэгч “А” ХК-ийн захирлын зөвшөөрөл олгосон цохолтонд “сургалтын төлбөрийг Д.Г-аар хожим эргэн төлүүлэх”  талаар ямар нэг зүйл тусгагдаагүй байна.

Түүнчлэн Д.Г-т сурах хугацаанд цалинтай чөлөө олгосон тушаал гаргахдаа баримталсан дотоод журмын заалтуудад “компанийн зардлаар суралцуулах” асуудал тусгагдсан байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хариуцагч Д.Г нь сургуулиа төгсөөд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд сургалтын төлбөрийг эргэн төлөхгүй байх хүсэл зориг дээр нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин талууд хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх /сургалтын зардлыг хэн хариуцах, суралцагч буцаан төлөх гэх зэрэг/ талаар зохигчдын дунд тохиролцоо хийгдээгүй байна.

Хариуцагч Д.Г нь сургуулиа төгсөөгүй, компанидаа тогтвор суурьшилтай ажиллаагүй байдлаа ажлаас буруу халагдсантай холбож тайлбарласныг нэхэмжлэгч тал няцаагаагүй байна.

Иргэний эрх зүйн үүрэг хариуцлага нь гэрээнд заасан эсхүл гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжих гэх мэт хуульд заасан үндэслэлээр үүснэ. 

Талууд хүссэн үр дүндээ хүрээгүй явдалд хариуцагч Д.Г-аас илүүтэй компани буруутай байгаа нөхцөлд компаниас гаргасан сургалтын зардлыг Д.Г-аар буцаан төлүүлэх эрхийг нэхэмжлэгчид олгосон гэрээний тохиролцоо болон хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.Г нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00749 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Д.Г-аас 14 220 000 / арван дөрвөн сая хоёр зуун хорин мянган / төгрөг...” гэснийг “ ... Д.Г-аас 12 320 000 /арван хоёр сая гурван зуун хорин мянган/ төгрөг...” гэж, “... нэхэмжлэлийн шаардлагаас 2 244 903 төгрөг 62 мөнгийг...” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагаас 4 144 903.62 төгрөгийг...” гэж, 2 дахь заалтын “... Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 229050 төгрөгийг...” гэснийг “Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 212 070 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүл

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.НАРАНБАЯР

     ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ