| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0094/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/084 |
| Огноо | 2017-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/084
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч Х.Ө,
хохирогч Х.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч Х.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.К-д холбогдох 1713000580034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Х.К: Монгол Улсын иргэн, Т овгийн Х овогтой К, 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ө сумын **дугаар багт оршин суудаг, РД:....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.К нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр бүхий “Б” уулын бэлд иргэн Х.Ж-тэй хэрүүл маргаан үүсгэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.К нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 23 цагийн үед Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр бүхий “Б” уулын бэлд иргэн Х.Ж-тэй хэрүүл маргаан үүсгэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:
- Хохирогч Х.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х.К намайг чамд би туслах гэж байхад чи надад дүү гэж томорсон, хэл амаар доромжилсон гэж машинаар “Б” уулын бэлд аваачиж машинаас буулгаж аваад гараар хэд хэдэн удаа нүд, нүүрэнд маань цохиж, хөл рүү өшиглөж зодсон. Би зодуулахаас өмнө 2 ширхэг пивыг ганцаараа уусан халамцуу байсан юм. Х.К намайг зодох үед түүний машинд үл таних хүн сууж байсан ба тэр машинаас буугаагүй сууж л байсан. Тэр бид нарт ямар нэгэн зүйл хэлээгүй. Намайг зодсоны дараа Х.К намайг машинд суулгаж аваад нэг айлд аваачиж нүүр гарыг минь угааж өгнө гэхэд би тэр айлын хашаанд байдаг жорлонд бие засна гэж худлаа хэлээд зугтаж явсан. Тэгээд би гэрт ирж амарч маргааш нь нөгөө нүүр гараа угаалгана гэх айлд очиж нөгөө намайг зодсон залуу хэн бэ гэхэд тэр айлын эхнэр нь надад би мэдэхгүй, миний нөхөр одоо байхгүй. Сагсай явсан ирэхээр өөрөөс нь асуу гэж хэлсэн болохоор би цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан юм. Тэр айлын хүн намайг зодсон гэх залууг цагдаа нарт хэлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
- Гэрч С.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шөнө 22 цагийн үед миний бие гүүрийн аманд байдаг зогсоолд урьд өмнө танидаг байсан Х.К-н машинд сууж түүнд архи, пиво авч өгөөч гэсэн ба тэр намайг Ө сумын 3 дугаар багт байдаг нэг хүнсний дэлгүүрт авч очиж 1 ширхэг пиво авч өгсөн. Бид дэлгүүрээс буцаж явж байхад замд нэг залуу манай машинд суусан. Тэр залуу миний хажуу сууж байгаад жолооч Х.К-тай хэл амаар маргалдаж хэрэлдэж байсан. Тэр залуу согтуу байсан. Би тэд нарт ямар нэгэн зүйл хэлээгүй, дуугүй сууж байсан. Х.К машинаар “Б” уулын бэлд очиж машинаас буугаад нөгөө залууг буугаад ир гэж буулгаад гадаа зодолдсон. Зодоон болох үед би машинаас буугаагүй. Дараа нь тэд машинд буцаж суугаад бие биеэсээ уучлалт гуйж байсан. Х.К чиний хамарны цусыг айлд аваачиж угааж өгнө гэж тэр залууд хэлж байсан. Бид Ө сумын 3 дугаар багт байдаг нэг айлд очсон. Ямар айлд очсон болохыг би мэдэхгүй. Тэр айлын гадаа очоод Х.К зодуулсан гэх залууг дагуулж машинаас бууж яваад удалгүй эргэж ирээд нөгөө залуу зугтаж явчихлаа гэж хэлээд машинаа асааж аваад намайг гэрт дөхүүлж буулгаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.К-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэрийн нэр дээр байдаг “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслээр Ө сумын төвд такси хийгээд явж байгаад Ө сумын “Бетон” гүүрийн аманд байдаг таксины зогсоолд хүн буулгаж байхад хуучны танил С.Х гэгч залуу миний машинд ирээд суучихсан ба надад архи олоод өгөөч архи уумаар байна гэсэн. С.Х тэр үед нэлээд согтсон машинаас буух шинжгүй байсан болохоор нь Ө сумын 3 дугаар багт байдаг “Х” гэх дэлгүүрээс архи авч өгье гэж Х дэлгүүрт ирээд 1 ширхэг пиво авч С.Х-ыг хүргэж өгөхөөр явж байхад замд үл таних нэг залуу замаас гарахгүй явж байсан. Би түүний хажууд зогсоод чи яагаад замаас гарахгүй явж байгаа вэ гэхэд “би Ж байна” гэсэн би Ж байна гэхээр намайг танидаг залуу болохоор тоглоод албаар миний машины урд гараад явж байна гэж бодоод наашаа хүрээд ир гэхэд тэр миний машины хойно ирээд суусан. Би харахад урьд нь харж байгаагүй залуу байсан ба надад би ажлаас бууж явж байна, би жаахан уучихсан гэж хэлсэн. Би нэгэнт машинд суусан болохоор гэр чинь хаана байна ?, хүргээд өгье гэж явж байхад надтай өөрийн тухай ярьж байгаад дүү чи буугаад ир ганцаарчлан зодолдъё гэх зэрэг янз бүрийн зүйл хэлэхээр нь би “Б” уулын бэлд буюу Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт очиж хүн чамд туслах гэж байхад чи намайг доромжлоод байна гэж машинаас буулгаж ирээд нүүрэнд хэд хэдэн удаа гараар цохиж авсан. Тэр үед Ж-ийн хамар амнаас цус гарсан. Би Ж-ийг машинд суулгаж аваад танидаг айл Н гэгчийн гэрт очиж нүүр гарыг чинь угааж өгье гэж авч очиход Ж бие засна гэж хэлээд хашааны дотор байдаг бие засах газар луу явсан ба би Н-гийн гэрээс данхтай ус аваад ирэхэд тэр зугтаж явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.К-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.К-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.К нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Х.К-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.К-ын гэр бүлийн дундын өмч эхнэр нь Х.Б-ийн эзэмшлийн “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овгийн Х-ын К-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.К-ын гэр бүлийн дундын өмч эхнэр нь болох Х.Б-ийн эзэмшлийн “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.К-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д