| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00252/и |
| Дугаар | 152/ШШ2024/00243 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00243
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т.Д
Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1968 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Би 1988 онд Улаанбаатар хот Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид 2 жил цэргийн алба хааж халагдаж ирсэн. Одоо тэтгэвэрийн нас болж байгаа тул цэргийн жилээ шүүхээр шийдүүлэх шаардлагатай байна. Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын хилийн 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт шилжүүлээгүй байх тул намайг 1988-1990 оны хооронд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар хот-1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэх тайлбартай гэрэл зураг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 08/843 дугаар лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дугаар лавлагаа, З.Бын иргэний үнэмлэхийн болон цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Ж.Жгийн иргэний үнэмлэхийн болон цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрйин 08/1085 дугаартай архивын лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс З.Б, Ж.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Дгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Т.Д нь шүүхэд хандаж 1988-1990 оны хооронд Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Т.Д нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хүсэлт гаргагч Т.Д нь 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын 0119 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан боловч цэргийн батлахаа үрэгдүүлсэн байна. Тагнуулын ерөнхий газрын тагнуулын тусгай архиваас цэргийн алба хаасан эсэх лавлагаа гаргуулахад Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид цэргийн албад татагдсан бүртгэл байгаа боловч цэргээс халагдсан тухай бүртгэл тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд цэргийн алба хаасан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тооцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 08/843 дугаар лавлагаагаар Т.Д нь Увс аймгаас Нийгмийг аюулаас хамгаалахын сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдсан болохыг тодорхойлжээ. Гэвч Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын Хилийн 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэл тус архивт шилжиж ирээгүй тул Т.Дгийн цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.
Хэрэгт авагдсан гэрч З.Б, Ж.Ж нарын цэргийн алба хаасан эсэх тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд Ж.Ж, З.Б нарыг Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдсан гэжээ.
Иймд дээрх нотлох баримтаар хүсэлт гаргагч Т.Д нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0119 ангид цэргийн албанд татагдсан болох нь тогтоогдож байна.
4.2. Гэрч Ж.Ж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Т.Д бид нар 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Бид нар Увс аймгаас Улаанбаатар хотод Баянхошууны Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа 0119-р ангид цэргийн алба хааж байсан. Т.Д бидний цэргийн батлах байгаа хэдий ч цэргээс халагдсан тушаал байхгүй гээд тэтгэвэрт орж болохгүй байгаа. Баянхошууны 0119-р цэргийн анги нь Барилга болон хил дээр үүрэг гүйцэтгүүлдэг байсан. Бидний алба хаасан Баянхошууны 0119-р цэргийн ангийн захирагчаар хурандаа н.Санпүрэв, штабын даргаар хошууч н.Буурал, салааны захирагчаар ахмад н.Цэрэнбазар гэх хүмүүс байсан” гэжээ.
4.3. Гэрч З.Б шүүхэ өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Т.Д бид нар 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот дахь Баянхошууны Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа 0119-р цэргийн ангид татагдан очиж цэргийн алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Тухайн үед Увс аймгаас 160 орчим цэрэг, Тариалан сумаас 18 цэрэг Баянхошууны Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа 0119-р цэргийн ангид цэргийн алба хааж байсан. Одоо тухайн 0119-р цэргийн анги нь татан буугдсан гэсэн. Тэр үед биднийг цэргээс халагдаж ирэхэд улаан өнгийн цэргийн батлах өгч явуулаад сүүлд бидний улаан өнгийн цэргийн батлахыг хурааж аваад саарал өнгийн цэргийн батлах өгсөн. Одоо бид бүгд цэргээс халагдсан тушаал байхгүй гэх зөрчилтэй болоод байгаа. Баянхошууны 0119-р цэргийн анги нь Барилга болон хил дээр үүрэг гүйцэтгүүлдэг байсан. Тухайн хэрэгт нотлох баримтаар өгсөн гэрэл зураг нь 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдан очоод тангараг өргөх ёслолын дараа авахуулсан гэрэл зураг байна. Уг зурганд урд эгнээний баруун гар талаас нь Т.Д, Х.Баяндалай, арын эгнээний баруун гар талаас нь Х.Буян-Орших, би буюу З.Б, П.Баттогтох гэх цэргүүдийн зураг байна. Бидний алба хаасан Баянхошууны 0119-р цэргийн ангийн захирагчаар хурандаа н.Санпүрэв, штабын даргаар хошууч н.Буурал, салааны захирагчаар ахмад н.Цэрэнбазар гэх хүмүүс байсан” гэжээ.
Гэрч нар нь 1988 онд Нийгмийг аюулаас хамгаалах сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар Увс аймгаас 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-н өдрийн 08/1084 болон 08/1085 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан гэрч нарын цэргийн үүрэгтний үнэмлэхийн “цэргийн жинхэнэ албыг хаасан байдал” хэсэгт “...цэргийн жинхэнэ албанаас 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бэлтгэлээр халав...” гэж тэмдэглэжээ.
Гэрч нарын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж дүгнэв.
Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Хүсэлт гаргагч Т.Дгийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбарт цэргийн албанаас хэзээ халагдсан тухай тодорхой тэмдэглээгүй байх боловч гэрч нарын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбарт “...цэргийн жинхэнэ албанаас 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бэлтгэлээр халав...” гэж тэмдэглэжээ.
Энэ тохиолдолд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлсэн, тэдгээрийн цэргийн үүрэгтний үнэмлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан тул дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Т.Дг 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж, Т.Дгийн Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Т.Д Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА