Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/01640

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/01640

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .....тоотод оршин суух, Х.м /Регистрийн дугаар: У/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С....байр 1.. тоотод суух, Д.О /регистрийн дугаар:./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га.т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба., хариуцагчийн өмгөөлөгч Р.П., гэрч Ц.Тү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Д.Од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 46.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Т.М 2011 онд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон 104 байрны 44 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлээр худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ү- .. тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Би өөрөө Нийслэлийн Багануурт дүүрэгт оршин сууж, ажиллаж, амьдардаг тул дүү С.Б а, түүнийг гэр бүлийн хамт Баянгол дүүргийн уг орон сууцанд амьдруулж байсан.

Уг орон сууцыг 2016 онд худалдахаар болж энэ тухай дүү, түүний гэр бүлийхэнд дуулгаад худалдаж авах хүн хайж байгаарай гэсэн. Гэтэл дүү С.Б а “манай найзЦ.Э уг орон сууцны чинь зээлийн үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлж дуусгаад байрыг чинь бусдад зараад өгье, харин зарсан мөнгийг нь аваад өөрийн бизнестээ хөрөнгө оруулж хэрэглэчихээд 1 жилийн дараа буцааж өгье гэж байна, та энэ саналыг зөвшөөрөх үү” гэсний дагуу миний бие уг саналыг хүлээн авсан. 2016 оны 11 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 19.000.000 төгрөг байсан.  Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг дүү С.Б а нотариатад дуудсаны дагуу очиход миний өмчлөлийн орон сууцыг худалдаж авахаар Д.О гэх хүн ирсэн байсан. Худалдан авагч Д.О нь “байрыг 66.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа, мөнгийгЦ.Э ад өгсөн одоо гэрээндээ гарын үсэг зурчихаад та явж болно” гэсний дагуу гэрээнд гарын үсэг зураад явсан.

Байраа худалдсанаас хойш 11 сарын дараа тохиролцсон ёсоорЦ.Э аас байр зарсан 46.000.000 төгрөгийг буцаан авахаар 2017 оны 11 сард холбогдоход “мөнгийг чинь удахгүй өгнө, түр хүлээж байгаарай” гэх хариуг авсан. Хэлснийх нь дагуу хэсэг хүлээсний эцэст мөнгөө өгөхгүй байсан учир дүү С.Б атай холбогдож энэ асуудлыг шийдвэрлэж дуусгах талаар ярилцсан. С.Б а ньЦ.Э , болон бусад найз нөхдөөсөө тодруулсаны дагуу миний байрыг худалдан авсан Д.О ньЦ.Э аас авлагатай, уг авлагадаа тооцож миний орон сууцыг авсан болохыг мэдсэн. Худалдагч миний хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.О надад хэлэхдээ тохиролцсон үнийгЦ.Э ад өгсөн гэж ойлгуулсан боловч, уг мөнгийг өгөөгүй, харин өрөндөө тооцож байрыг авсан байгаа. Худалдан авагч Д.Од миний бие ямар нэг байдлаар өр төлбөргүй бөгөөд хэрвээЦ.Э ын Д.Од төлөх ёстой байсан өр төлбөрийг би өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх талаар тохиролцсон бол уг агуулгыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Уг гэрээний гол зүйл бол үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч 66.000.000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг уг өдрөө бүрэн төлж дуусгасан мэтээр байгуулсан.

Д.О байр худалдсан төлбөрийн үлдэгдэл болох 46.000.000 төгрөгийг төлөхгүй байсан тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 650 тоот магадлалаар маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Т.М , Д.О нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Ү-.. тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг 4 хороо Голден паркхотхон 104 байрны 44мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 66.000.000 төгрөгөөр худалдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 46.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.  Уг мөнгийг С.Энхбат авсан гэж ойлгосон. Жилийн дараа С.Энхбатаас мөнгийг шаардахад “би мөнгийг аваагүй, Т.Одмаагаас мөнгөө ав” гэж хэлж байсан. Гэтэл хариуцагч Д.О хөөрөг өгсөн гэдэг зүйл ярьдаг ч хөөрөг өгсөн баримт байхгүй. С.Энхбатад өгсөн гэдгийг нотлосон баримт ч байдаггүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан нэхэмжлэгч Мөнхсайханы Д.Од холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 46.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104 байрны 44 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Д.О нь биелүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үнийг нэхэмжилбэл зохих этгээдээс нэхэмжилж авах нь зүйтэй, иймд хариуцагчаар татагдвал зохих этгээд Д.О биш гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тухайн орон сууцны үнэнд тооцож Д.Огаас эд зүйл хүлээн авч уг эд зүйлийн үнийг орон сууцны үнэд тооцон нэхэмжлэгч Т.М д төлөх үүргийг С.Б а, Т.Энхбат нар зөвшөөрч орон сууцыг шилжүүлэн өгсөн болохыг мэдэж байгаа атлаа шүүхэд илтэд үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан.  

Барьцаатай хөрөнгө байснаас 20 гаруй сая төгрөгийн зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, худалдаж авсан. Үлдсэн 46.000.000 төгрөгт тооцон манай дэлгүүрээс нэг ширхэг шүрэн хөөрөг /иж бүрэн/, хөөрөгний толгойг төлбөрт тооцож өгсөн. Хөөрөг, шүрэн толгойг өгөхөдЦ.Э , С.Б а, н.Түвшинбаяр нар өөрсдөө хамт ирээд авч явсан. Анхнаасаа Т.М ы зөвшөөрлөөр С.Б а хэлцлийг хийсэн. С.Б а өөрөө хөөргийг тооцож авсан тул зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/0031. дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 650 тоот магадлал, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/09.дугаар захирамж,  Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 5-19/

Хариуцагчаас баримтаар:шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01641 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1681 дугаар магадлал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын барьцаалбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гараар бичсэн тооцоо зэргийг ирүүлжээ. /хх 27, 44-53, 68-69, 98, 99/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/07.4 тоот захирамжийн дагуу шүүхийн архиваас ирүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн дансны хуулга,

181/ШЗ2023/08937 тоот захирамжийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрч Т.Э , гэрч Ж.Г , гэрч С.Б а нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Г , С.Б а нарыг нүүрэлдүүлэн асуусан тэмдэглэл, мөн өдрийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл,

181/ШЗ2023/14281 тоот захирамжийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчЦ.Э ын мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрч С.Б а,Ц.Э нарын нүүрэлдүүлэн авсан тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /хх 78-96, 108-121, 122-126, 147-151, 173-176/  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Т.М нь Д.Од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 46.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Гэрээг байгуулж хөрөнгийг хүлээлгэн өгсөн ч үнийг бүрэн төлөөгүй тул үлдэх үнийг гаргуулна гэв.

            2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Орон сууцны үнийг төлсөн, бартерт тооцож С.Б а,Ц.Э нарт өгсөн гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Т.М , хариуцагч Д.Отай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн, гэрээгээр Худалдагч өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 66.000.000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх 6, 7/

3.2.Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00316 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 650 дугаар магадлалаар: Т.М ы нэхэмжлэлтэй Д.Од холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүй. /хх 8-16/

Дээрх шийдвэрт: талуудын хооронд байгуулсан гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр болохыг, мөн орон сууцны өмчлөх эрх худалдан авагч Д.Од шилжсэн, харин төлбөр бүрэн төлөгдөөгүйг дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг, Худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид орон сууцны үнээс хариуцагч 20.000.000 төгрөгийг төлсөнд маргаагүй, харин үлдэх 46.000.000 төгрөгийг төлсөн эсэхэд маргаж байна.

Хариуцагчаас “46.000.000 төгрөгний төлбөрт тооцож 20 сая төгрөгний нэг ширхэг шүрэн хөөрөг /иж бүрэн/, 10 сая төгрөгний нэг ширхэг хөөрөгний толгой, ажлын хөлсөд 6.000.000 төгрөг, бусад 3-4 хөөрөг” зэргийг өгсөн, үүнийг гэрч Ж.Г мэдүүлсэн, бэлэн бус хэлбэрээр С.Б а,Ц.Э нарт барааг өгсөн гэж, харин нэхэмжлэгч “хөөрөг толгой зэргийг аваагүй” гэж маргасан.

4.1.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан.

Талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хэн нэгэнд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдал тогтоогдоогүй, энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна. Түүнчлэн үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн дүгнэсэн болно.

4.2.Иргэний хуулийн 211.2 дахь хэсэгт зааснаар “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан. Хуулийн энэ заалтад заасан “Үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл” гэдэгт үүрэг гүйцэтгүүлэгч гуравдагч этгээдэд уг зөвшөөрлийг бичгээр, амаар, эсхүл тодорхой үйлдлээр хэлцлийн үед ойлгогдохуйц байдлаар зөвшөөрөл олгосон байдлыг хамруулж ойлгоно. Түүнчлэн хэрэв эрхгүй этгээдэд үүргийн гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн бол үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөхгүй, тэрээр үүргээ дахин гүйцэтгэх учиртай. 

Маргааны энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч болох Т.М нь тодорхой үйлдлээрээ дүү С.Б а,Ц.Э нарт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах зөвшөөрлийг олгосон болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл дэх “байрыг чинь зараад өгий, зарсан мөнгийг хэрэглээд жилийн дараа буцааж өгий” гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.

5.Харин үүрэг гүйцэтгэгч Т.О цааш С.Б, Ц.Э нарт үүргийг хүлээлгэн өгсөн байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал:

5.1.ГэрчЦ.Э аас “Би хөөрөг аваагүй, С.Бавахад би хамт байсан … 29 мм шүрэн толгойг Д.Огийн нөхөр Ж.Г ын хажуугийн лангууд 9.800.000 төгрөгөөр газар дээр нь зарсан… Би арван хэдэн жил Д.Огийнхтай бизнес хийж хамтарч байсан. Тэрэнд би С.Бхолбож өгсөн. С.Б а өөрөө үнээ тохирч өгч авсан…” гэж, харин С.Б аас “би очоогүй, бартерийн барааг мэдэхгүй” гэж эрс зөрүүтэйгээр мэдүүлсэн. Тэдгээрийг дахин нүүрэлдүүлэн асуусан мэдүүлэгтЦ.Э аас “би байрыг зарахад зуучилж, холбож өгсөн, хөөргийг С.Б а өөрөө авсан, тэгэхэд н.Түвшинбаяр, н.Батбаяр бид дөрөв хамт дэлгүүрт нь очсон,.. өмнө хамт очиж байсан удаагүй, ганц удаа С.Б атай хамт очиж хөөрөг шүрэн толгой авсан” гэж, харин гэрч С.Б аас “би дэлгүүрийг хаана байдгийг ч мэдэхгүй, ..хөөрөг толгой огт аваагүй.., хөөрөг чулууны талаар би мэдэхгүй” гэх зэргээр мөн адил зөрүүтэйгээр мэдүүлсэн. /хх 147-151, 173-176/

Гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан Ц.Т аас шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “миний хажууд хөөрөг өгсөн зүйл байхгүй,Ц.Э , С.Б а нартай хамт очиж хөөрөг авсан удаа байхгүй” гэж мэдүүлж байна.

Өөрөөр хэлбэл гэрчЦ.Э болоод С.Б а нар хэн алин нь өөрсдийнхөө хувьд орон сууцны төлбөрт тооцож хөөрөг аваагүй гэж мэдүүлсэн. Харин гэрчЦ.Э аас С.Б а төлбөрт тооцож хөөрөг авсан, авахад хамт байлцсан гэж мэдүүлсэн ч тэдгээртэй хамт хөөрөг авахад байлцсан гэх гэрч Ц.Т аас үүнийг эрс үгүйсгэж байна. 

5.2.Мөн бусад гэрч болох Т.Э , Ж.Г , С.Б а нарын мэдүүлгээр төлбөрт тооцож өгсөн гэх хөөрөгний шинж байдал, цаг хугацаа тохирсонгүй.

Гэрч Ж.Г аас “бартерт 36 мм-тэй 128 граммтай их гарын хөөрөгний шүрэн толгойг алтан нуух, зааны соёоны хэлбэртэй халбаганы хамт авсан. Бүхэлдээ хөөрөгт багтана, тухайн үедээ 30 гаран сая төгрөг хүрэх зүйл байсныг 20 сая төгрөгт тооцож өгсөн. Дараагийн толгой нь 25 мм-тай 46 орчим граммтай 15 сая төгрөгний үнэлгээтэй хөөрөгний толгойг 10 сая төгрөгт тооцсон… Мөн надаар хөөрөгний бэлдэц өмнө хийлгэсэн байсан, энэ ажлын хөлс 6.000.000 төгрөгийг Бумбарай /Ц.Энхбат/ төлөөгүй байсан... Тэгээд үлдсэн мөнгөнд 3 билүү 4 хөөрөг манайхаас авсан” гэж, /хх 113-115/

гэрч Ж.Г , С.Б а нарыг нүүрэлдүүлэн асуусан тэмдэглэлд “2016 онд наадмын дараа байсан. Наадмаар би хөдөө байсан Бумбарай над руу ярьсан. Тэгээд наадмын дараа хөдөөнөөс ирсний дараа хөөргийг авсан” гэж, харин гэрч С.Б аас “Ж.Г ыг анх удаа харж байна, танихгүй” гэж,. /хх 120-121/

Гэрч Т.Э гаас “намайг байхгүй хойгуур Т.Одмаагийн нөхөр Ж.Г аас ирээд шүрэн толгой, хөөрөг аваад явсан байсан. Таны тооцоог хайгаад олоогүй тул хар дэвтрийн ард бичсэн байгаа шүү гэж надад хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн. /хх 110-112/

Гэвч гэрч Ж.Г ын хөөрөг өгч явуулсан гэх хугацаа нь 2016 оны наадмын дараа гэж, харин хэрэгт баримтаар авагдсан Т.М , Д.О нарын хоорондох худалдах худалдан авах гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдсан, түүнчлэн Т.М ы нэр дээрх орон сууцны зээлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн байдлаар цаг хугацааны хувьд гэрчийн дээрх мэдүүлэг бичгийн баримттай тохирохгүй байна.

Мөн гэрч Ж.Г , Т.Э нарын мэдүүлэгт дурдсан “Ж.Г ын гараар бичсэн хар өнгийн дэвтэр”-т шүүхийн журмаар үзлэгийг гүйцэтгэсэн. Үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн баримтад “2016 он, бумбарай, 06.27-нд, 08 дугаар сарын 31-нд” гэж огноо тавигдснаас хойш огноо тусгагдаагүй. Мөн тухайн баримтад “мана гартаам 2 ширхэг хөөрөг 800.000 төгрөг, шүрэн хөөрөг хийх ажлын хөлс 800.000 төгрөг, гартаам хөөрөг 600.000 төгрөг, хаш хөөрөг 600.000 төгрөг нийт 2,8 сая, доо талд 2 ширхэг хөөрөг 3 сая” гэх зэргээр тэмдэглэснээс үзвэл гэрч Ж.Г ын мэдүүлсэн хөөрөгний үнийн дүн, тоо хэмжээтэй тохирохгүй байна. Энэ баримтад “20 сая төгрөгний хөөрөг, 10 сая төгрөгний хөөрөгний толгой”-н талаар тусгагдсан байдал тогтоогдсонгүй.  /хх 125-126/

Гэрч Т.Э гийн хөтөлж байсан, Бумбарай /Ц.Энхбат/-ийн тооцоог бичсэн, тэмдэглэсэн гэх баримтад 8 дугаар сар, 9 дүгээр сарын тооцоонууд тусгагдсан, 10 дугаар сарын 14-нд, 11 дүгээр сарын 05, 28-нд нэг, нэг удаагийн тооцоо бичигдсэн. Өөрөөр хэлбэл мөн л гэрээ байгуулагдсан цаг хугацаатай тухайн дэвтэр дэх цаг хугацаа тохироогүй, мөн өгч явуулсан гэх хөөрөг, толгой, бусад эдлэлийн нэгж үнийн дүн, тоо ширхэг бүгд хариуцагчийн “20 сая төгрөгийн үнэтэй нэг ширхэг хөөрөг, 10 сая төгрөгний үнэтэй нэг ширхэг толгой” гэсэн тайлбартай тохирохгүй байна. /хх 98/

Үүнээс гадна гэрч Ж.Г , Т.Э нарын мэдүүлгээр “бумбарай /Ц.Энхбат/ удаа дараа хөөрөг, хөөрөгний бэлдэц, толгойг худалдан авдаг байсан, тэрээр энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг байсан үйл баримт тогтоогдсон тулЦ.Э ын авч явсан гэх хөөрөг энэ маргаанд хамаарах орон сууцны төлбөрт тооцож өгсөн хөрөнгө гэж үзэх боломжгүй, дэмжих баримтгүй байна.

5.3.Түүнчлэн талуудын хоорондох энэ гэрээний маргааныг шүүх урьд хянан шийдвэрлэх үед хариуцагч Д.Огаас “байрны төлбөрт 37мм диаметртэй шүрэн толгойтой замагт манан хөөргийг 30.000.000 төгрөгт, 26 мм диаметртэй шүрэн толгойг 10.000.000 төгрөгт, хөөрөг хийлгэсэн ажлын хөлсөнд 6.000.000 төгрөг” тооцсон гэж бэлэн бус хэлбэрээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн үнийн дүнгээ тайлбарлаж байсан нь хэрэгт авагдсан 2020 оны 181/ШШ2020/01641, 2021 оны 181/ШШ2021/00316 тоот шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан. Харин энэ хэрэгт бэлэн бус хэлбэрээр тооцсон гэх хөрөнгийн тоо хэмжээ, нэгж үнийг өөрөөр буюу “бартерт 36 мм-тэй хөөрөг 20 сая төгрөгт,  хөөрөгний толгойг 10 сая төгрөгт, ажлын хөлс 6.000.000 төгрөгт, тэгээд үлдсэн мөнгөнд 3 билүү 4 хөөрөг манайхаас авсан” гэж тайлбарласнаар тогтоогдож байна. /хх 8-11, 44-47/

5.4.Хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан “… үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцох” нөхцөл буюу үүрэг гүйцэтгүүлэгч болох Т.М ы хувьд эрхгүй этгээдээр гүйцэтгүүлснээр ашиг олсон байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээрх байдлаар орон сууцны үлдэх үнэ 46.000.000 төгрөгт хөрөнгө тооцож шилжүүлсэн болохоо хариуцагч баримтаар бүрэн дүүрэн, эргэлзээгүй нотлож чадсангүй. Иймд хуульд зааснаар нотлох чиг үүргийн хуваарилалтын хувьд Худалдан авагч тал үнийг төлсөн болохоо нотлох үүрэг хүлээх тул шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Огаас 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М д олгососугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 387.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ