Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 201/МА2020/00002

 

 

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

Г.Г-; холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэртэй Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Г-ийн давж заалдах  гомдлоор 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-ын өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Г.Г-ийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г бид хоёр 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд хүндрэлтэй асуудал их байх болсон. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Би Дашбалбар суманд очиж 10-аад жил амьдарсан. Энэ хугацаанд миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгал огт төлөгдөөгүй. Г-ийн компанид би нэргүй ажилчин л байсан. Дахиж ингэж амьдрах хүсэлгүй байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би Г-тэй 10 жил хамт амьдрахдаа нэг ч удаа хайртай гэдэг үг сонсоогүй. Намайг хүн гэж тоодоггүй байсан. Хамт амьдрах боломжгүй, байнгын хэрүүл маргаантай байдаг гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд гэр бүл болж 2011 оны 3 дугаар сараас эхлэн Дашбалбар суманд хамтран амьдарч эхэлсэн. Тэр үед Т Дашбалбар сум, аймгийн төвийн хооронд хүн тээвэр хийдэг байсан. Дараа нь фургон машин авч бараандаа явдаг болсон. Би гэрлэлтээ цуцлуулах шалтгаануудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүл цуцлуулах шалтгаан биш гэж бодож байна. Өчигдөр бид хамт байсан. Өнөөдөр яагаад сална гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Т аймгийн төвд гэртээ амьдарч байгаа. Би суманд байгаа. Над руу утсаар ярьж санаа тавьдаг. Эхнэр нөхрийн харилцаа хэвийн байгаа. Шүүх хуралдаан дээр яагаад сална гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Завтай болоод утсаар ярих гэхээр ихэвчлэн согтуу байдаг. Надад согтуу хүнтэй ярих сонирхол байхгүй. Над руу эрүүлдээ ханьдаа хайртай гэж ярьж мэссэж бичдэг. Өөрөө хүүхдээ өнчрүүлэхгүй, хаяхгүй гэж ярьдаг. Өмнөх шүүх хурлын дараа эвлэрлийн хугацаа өгөхөд Т надтай уулзаад “би том машинаа хэрэглэмээр байна, надад ажил байхгүй би орлогогүй байна. Машинаараа мөнгө олоод хүүхдийнхээ төлбөрийг өгье, өөрөө орлоготой болъё” гэхэд нь би өгсөн. Тэгэхэд Т “би гэр бүлийн баталгаагаа салгуулахгүй, надад том машинаа өгчих. Хэн хэндээ тус дэм болж явъя. Би дэлгүүрийн барааг зөөж өгч болно” гэж хэлсэн. Тэгээд би машинаа өгсөн. Тэр машин одоог хүртэл Тд байгаа. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч дээр очиход эвлэрэхгүй гэсэн. Би чи яагаад “хэлсэнээрээ байхгүй байгаа юм бэ” гэхэд “надад санасан бодсон юм их байна, би цаашаа ахинаа” гэсэн. Юу бодож байгаагаа надад хэлэхгүй байгаа. Сая 10 сард шинэ зуух авахад гэрт суурьлуулж өгсөн. Мөн ачаа барааг маань зөөж өгч нүүрс буулгасан. Өөрөөр надад туслаагүй. Машин нь компаний нэр дээр байдаг. Тэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлмээр байна гэсэн. Тэгэхээр нь би “чи гэрлэлтээ цуцлуулахгүй нэг нэгэндээ тус болоод явж байя, хүүхдээ бодоё гэж хэлчихээд яагаад хэлсэндээ хүрэхгүй байгаа юм бэ” гэхэд надад хариу хэлээгүй. Т өнгөрсөн 10 сард Алтан-Эмээл рүү яваад таньдаг Цэнгэл гэж дүүтэйгээ уулзаж ирээд “Дашбалбар суманд байх цайны газраа энэ хүнтэй хамтарч ажиллуулъя” гэхэд би зөвшөөрсөн. Т гэр бүлээс гадуур харилцаатай гэдэг нь үнэн. Энэ хүний худлаа гэсэн үгээр шүүх шийдвэр гаргаж болохгүй гэж бодож байна. Энэ талаар хүн болгон мэддэг, олон гэрч байгаа. Ажил төрөлдөө болон надад санаа тавьдаг. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Б.Т, Х овогт Г.Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хариуцагч Г.Гийн “Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох” тухай сөрөг нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн хүү Т.Тэлмэнг эх Г.Гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Т-г 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.Таар тэжээн тэтгүүлж, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, Г.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101764 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд, нэхэмжлэгч Б.Таас 31564 төгрөгийг гаргуулан Г.Гт тус тус олгож, Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгаж,... шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс бидний гэрлэлтийг цуцлаж,  миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би Б.Т-тай манай сумын шууданд явдаг Б гэдэг хүний машины ээлжийн жолооч хийж байхад нь 2010 онд танилцсан. 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Т.Т төрсөн. Өмнө нь би 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Түүнтэй танилцаж 8 настай хүүтэй болсон.

Гэрлэлтийн баталгааны хувьд би Б.Тын хэлээд байгаа шиг бичиг баримтыг өөрт нь хэлэлгүй авч очоод сумын иргэний бүртгэлийн байцаагчид өгч гэрлэлтийн баталгааг би өөрийнх нь зөвшөөрөлгүй хийлгэсэн нь үнэн. Бид хоёр өөрийн биеэр байж албан ёсоор батлуулаагүй, гэр бүл болохын тулд бус хүүгээ эцгээр нь овоглуулах зорилгоор гэрлэлтийг хууль бусаар батлуулсан. Гэрлэлт батлуулах ажил хуулийн дагуу хийгдээгүй нь үнэн бөгөөд уг ажиллагааг нотлуулахын тулд анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэг талыг баримтлан бидний гэрлэлтийг цуцлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд энэ гэрлэлт гэх зүйл нь анхнаасаа “хүчин төгөлдөр бус болохыг тогтоон”  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан,  хариуцагч Г.Г нь “гэрлэлтийг  хүчин төгөлдөр бус гэж тооцох, хүү Т.Тэлмэнгээ өөрийн асрамжинд үлдээж, эцэг Б.Таас хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Т нь зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 107-108 дахь талууд/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэр бүлийн байдалтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Г.Г нар нь 2009 онд танилцаж, 2011 оны 10 сарын 14-ний өдөр хууль ёсны гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Т.Тэлмэнг төрүүлсэн, 2019 оны 01 сараас гэрлэгсэд нь тусдаа амьдарч байгаа үйл баримтууд хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 6, 109 дэх талууд/

Хариуцагч Г.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “хүү Т.Т-г эцгээр нь овоглохын тулд Тын бичиг баримтыг авч сумын Иргэний бүртгэлийн газарт очиж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний гэрлэлт сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн зарчмаар хийгдээгүй тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.” гэж тайлбарлаж байгаа ба улмаар давж заалдах гомдолдоо дурджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд ... шүүх  гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж заасан байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн  /тухайлбал гэрлэгсдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс олгож байгаа тусламж /мөнгийг/ -ийг авах зорилгоор, эсхүл гадаад улсад гарч амьдрах зорилгоор виз мэдүүлэхийн тулд гэрлэсэн гэх мэт/ гэдэг нь тогтоогдохгүй байна.

Гэрлэгсдийн гэрлэлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн хуульд заасны дагуу явагддаг ажээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.” гэж заасан байх ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнээс гадна “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах”  тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх ёстой бөгөөд шүүх зохигчдын тайлбар болон гэрч асуулгах хүсэлтийг хангаснаар “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох” боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх гэрлэгсдийн гэрлэлтийн бүртгэлийг үндэслэн тэдний гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Г.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.НАРАНБАЯР

   ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                              З.ЭНХЦЭЦЭГ