Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01669

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01669

Улаанбаатар хот

                 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:................ байрлах, ЖМС ХХК /регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...... байрлах, Э ГХОХХК /регистрийн дугаар:.../,

Хариуцагч: Х... тоотод байрлах, С ХХК нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс учирсан хохиролд 350.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн захирал П.Пү., хариуцагч Э ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тө., Г.Б., хариуцагчийн өмгөөлөгч С.На. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь ЭМ ГХОХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 350.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

ЭМ ГХОХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дэнчин 200.000.000 төгрөгийг бүрэн төлснөөр худалдагч тал гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийг гэрээний 3.1.4-т, үлдэгдэл төлбөр болох 150.000.000 төгрөгийг бүрэн төлсөнөөр, худалдагч тал гэрээний зүйл болох DX520LCA-K модел бүхий 20331 арлын дугаартай 94-75УР улсын дугаартай тоног төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг гэрээний 1.2-т тус тус зааж харилцан тохиролцсон.

Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн дэнчингийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 150.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 25.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 55.000.000 төгрөг, нийт 6 удаагийн гүйлгээгээр хуваан бүрэн төлж, гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнээс үзэхэд төлбөр төлөх нийт үүргийн 84% буюу 295.000.000 төгрөгийг хугацаандаа төлж, үлдэгдэл 16% буюу 55.000.000 төгрөгийг банк хоорондын гүйлгээний улмаас болж үүргээ ялимгүй хоцроож, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутад багтаан бүрэн төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн байх ёстойгоос гадна, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэвч энэ тухай мэдэгдээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр тул гэрээний зүйл болох DX520LCA-K модел бүхий 20331 арлын дугаартай, 95-74УР улсын дугаартай тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид бүрэн бүтэн, гэрээнд заасан байдлаар хүлээлгэн өгөхийг мөн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгах шаардлага гаргасан.

Гэвч хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С ХХК-тай 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийг тус компанийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч ЭМ ГХОХХК-иас дараах хохирлуудыг нэхэмжилж байна. Үүнд:

Уг тоног төхөөрөмжийг түрээсийн ажилд зах зээлийн одоогийн ханшаар бодож гаргахад өдрийн 20 цагаар сарын 560 цагаар түрээслүүлэхэд 55.000.000 төгрөг байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж хүлээн авсан гэж үзвэл тус өдрөөс хойш 7-10 хоногийн хугацаанд техникийн үзлэг хийх, шанаганд гагнуур хийж, бусад үйлчилгээ хийж ажилд гаргахаар тооцсон байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж буй өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд 165.000.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан.

Иймд хариуцагч ЭМ ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч компанийн олж болох байсан орлого 165.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани уул уурхайн хөрс хуулалт, барилгын суурь, газар шорооны ажил гүйцэтгэдэг тасралтгүй 8 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Уг техникээр маш их ажил гүйцэтгэх боломжтой байсан, олж болох орлого зөвхөн түрээслүүлэх үнээр тооцоход дээрх хохирлыг учруулаад байна.

Уг техниктэй ижил хүчин чадалтай, техник үзүүлэлт бүхий техник худалдан авахаар зах зээлийн үнийн судалгаа хийсэн байсан ба дахин үнийн санал авахад Х__йпмент ХХК-д Hyundai 520LC-9 загварын 3.2 мкуб шанагатай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 19000 мото цагтай экскаватор 580.000.000 төгрөгөөр худалдаалж байна. Гэрээний маргаан болох энэ техник 2019 онд үйлдвэрлэгдсэн, 12000 мото цагтай, ашиглалт бага хямд буюу 350.000.000 төгрөгөөр үнийн хэлэлцээр хийж, худалдаж авахаар гэрээ байгуулж байхдаа л зах зээлийн ханшаас маш хямд үнээр авах боломж байгааг харж, мэдэж байсан. Энэ бол манай компанийн хувьд маш том боломж, маш том хөрөнгө оруулалт болох байсан. Хариуцагч компанийн худалдааны зөвлөхүүд үүнийг мэдэж байсан. Тийм ч учраас худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 80 хувийн төлбөрийг хугацаандаа төлсөн, үлдэгдэл 20 хувийн төлбөрийг баттай төлөхөө мэдэгдэж, банк хоорондын гүйлгээний ажлын өдрүүдээр шилждэгээс болж, үүргээ ялимгүй зөрчиж 1 хоногийн хугацаа хэтрүүлж 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлсөн байтал өөр компани буюу С ХХК-д шилжүүлсэн. Одоо уг техниктэй адилыг 350.000.000 төгрөгөөр худалдан авах боломж байхгүй эд хөрөнгийн алдагдал хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.3-т заасныг үндэслэн манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал болох 185.000.000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ЭМ ГХОХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компани 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20331 арлын дугаарын DX520LCA-K маркийн экскаваторыг 350.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахаар харилцан тохиролцож 031/2023 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 200.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зөрчиж 10 дугаар сарын 09-ний өдөр 150.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөгийг төлсөн.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 150.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэ өдөр 95.000.000 төгрөгийг төлж 55.000.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээ дуусгавар болсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 55.000.000 төгрөгийг төлсөн.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЭМ ХХК-ийн худалдааны өлөөлөгч А.Одончимэг өнөөдөр тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлөхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Иймд хариуцагчийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу гэрээнээс татгалзах тухай мэдэгдээгүй гэх тайлбар худал юм.

Манай компани маргаан бүхий экскаваторыг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С ХХК-тай 040/2023 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг гэрээний үндсэн дээр экскаваторыг С -ийн өмчлөлд шилжүүлсэн.

Экскаваторын өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тухай нэхэмжлэгчид мэдэгдэхэд тэрээр гэрээнээс татгалзсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч гэрээний дагуу манай компанид төлсөн 350.000.000 төгрөгийг яаралтай шилжүүлэн шилжүүлэхийг биднээс шаардсан.

Уг шаардлагын дагуу бид 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу ням гаригт 350.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон.

Таван сая төгрөгөөс дээш хэмжээний банк хоорондын гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд хийгддэг тул нэхэмжлэгчийн банк хоорондын гүйлгээнээс шалтгаалж хугацаа хоцроосон гэх тайлбар худал. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанид мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүх төлбөрийг шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээний улмаас 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр танай дансанд орно гэж мэдэгдсэн нь мөн худал байсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аливаа төлбөр нэхэмжлэгчээс хариуцагчид төлөгдөөгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол хохирол шаардах үндэслэл хамаарахгүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч ЖМС ХХК зөрчсөнөөс ЭМ ХХК гэрээнээс татгалзаж, хүлээн авсан төлбөрийг бүхэлд нь буцаан шилжүүлсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болох бөгөөд үүргээ зөрчсөн тал нь нэхэмжлэгч тул учирсан хохирол шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн олох байсан орлого гэх 165.000.000 төгрөгийг зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээнүүдийг гаргаж өгсөн ч энэ нь гэрээний зүйл болох эксковаторыг түрээслэж олох байсан орлогыг нотлох баримт болохгүй.

Нэхэмжлэгч гэрээний зүйлтэй адилхан эксковаторыг 350.000.000 төгрөгөөр худалдан авах боломжгүй тул эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэжээ. Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь эд хөрөнгийн алдагдалд хамаарахгүй бөгөөд гэрээнээс татгалзаж талуудын хооронд гэрээний харилцаа дуусгавар болсон байхад өөр төхөөрөмж худалдан авах зөрүү мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн буцан төлсөн. Дахин эксковатор худалдан авах эсэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх бөгөөд одоог хүртэл эксковатор худалдан аваагүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэл биш буюу хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул тус шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

3.Хариуцагч С ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

С ХХК нь ЭМ ГХОХХК-иас DX520LCA-K модел бүхий 20331 арлын дугаартай эксковаторыг худалдан авахаар тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. С ХХК нь гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлсэн тул эксковаторыг өмчлөлд шилжүүлж авсан. Мөн ЭМ ГХОХХК-тай байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, вайбераар харилцан чат, 2023 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Машин, механизм түрээслэх гэрээ,2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн машин механизм түрээслэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 5-41, 75, 76, 85-86, 87-90, 192-204/

Хариуцагч ЭМ ГХОХХК-иас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, Дансны хуулга зэргийг ирүүлжээ /хх 47-49, 55-71/

Хариуцагч С ХХК-иас баримтаар: компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх178-179,

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/18850 тоот шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн вайбер чатны үзлэгийн тэмдэглэл, 181/ШЗ2023/20539 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 92-129, 156/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ЖМС ХХК нь ЭМ ГХОХХК-д холбогдуулан гэрээний зүйл болох DX520LCA-K модел бүхий 20331 арлын дугаартай 94-75УР улсын дугаартай тоног төхөөрөмжийг өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгах шаардлагыг анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХК-г хамтран хариуцагчаар тодорхойлж, С ХХК, ЭМ ГХОХХК нарын хоорондох 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ЭМ ГХОХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 350.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүнд холбогдох шаардлагыг гаргаагүй тул шүүх хамтран хариуцагч С ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч үндэслэлээ:Худалдагч тал үндэслэлгүй гэрээнээс татгалзаж хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, гэрээ цуцлах талаараа мэдэгдээгүй тул гэрээнээс учирсан хохирлыг гаргуулна гэв.

4.Хариуцагч татгалзлаа: Гэрээний үүргээ Худалдан авагч тал биелүүлээгүй тул гэрээнээс учирсан хохирол шаардах эрхгүй, гэрээ цуцлах талаар урьдчилж сануулсан, мөн нэхэмжилсэн хохирлоо баримтаар нотлоогүй, шаардсан олох ёстой байсан орлого, зардал шалтгаант холбоогүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

5.1.Нэг талаас ЖМС ХХК, нөгөө талаас ЭМ ГХОХХК нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр: Худалдагч 20331 арлын дугаартай DX520LCA-K маркийн экскаваторыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч тал үнэ 350.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор 200.000.000 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор 150.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирчээ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

5.2.Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөг, мөн өдрөө дахин 25.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зургаан удаагийн гүйлгээгээр 55.000.000 төгрөг, нийтдээ 350.000.000 төгрөг төлсөнд талууд маргаагүй. /хх 11-21, 64-70/

5.3.Хариуцагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С ХХК, ЭМ ГХОХХК-тай 040/2023 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан, 20331 арлын дугаартай DX520LCA-K маркийн экскаваторыг 360.000.000 төгрөгөөр тохирч, улмаар 9574 УР дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С ХХК бүртгэгдсэн үйл баримтад маргаагүй. /хх 55-59/

5.4.ЭМ ГХОХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 350.000.000 төгрөгийг ЭМ ГХОХХК-д буцаан шилжүүлсэнд маргаагүй. /хх 60-63, 71/

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Зохигчдын хоорондох гэрээний хавсралт 1.3-т урьдчилгаа 200.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор, үлдэх 150.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөрт багтаан төлөхөөр хугацаа тохирсон ч нэхэмжлэгч 295.000.000 төгрөгийг хугацаанд нь төлж, үлдэх 55.000.000 төгрөгийг нэг өдрөөр хоцроож төлсөн үйл баримт тогтоогдсон. Энэ нь худалдан авагч тал хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй үүргийн зөрчилд хамаарна.

Гэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Маргааны энэ тохиолдолд Худалдан авагч тал үнийг төлөхдөө гэрээнд заасан хоногийг нэг өдрөөр хэтрүүлж төлсөн зөрчлийг нийт төлбөл зохих үнийн дүнгийн хэмжээ болоод төлбөр төлөх хугацаа, үүргийн шинж байдалтай харьцуулан үзвэл хуульд заасан ялимгүй зөрчил-д хамаарахаар байна.

7.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. Гэж, 225.3.-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заасан. Гэрээнээс татгалзахдаа хуулиар урьдач нөхцөл тогтоосон явдал өөрөө гэрээний тогтвортой байдал, итгэл хамгаалах зарчим болоод иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчмаас үүдэлтэй.

Хариуцагчаас хуулийн 225.2-т зааснаар урьдчилан сануулсан, утсаар мэдэгдсэн, хоорондоо харилцсан мэссэнжерээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдоно гэж, харин нэхэмжлэгч нэмэлт хугацаа олгоогүй гэж тус тус маргаж байна.

Шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр төлбөр төлөх ёстой сүүлийн өдөр болох 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20.51 цаг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хариуцагчийг төлөөлсөн худалдааны ажилтан нарын хооронд харилцсан захидалд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон байдал тогтоогдоогүй. Харин 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09.38 цагт арга алга, мөнгө ороогүй, нөгөө хүн нь өнөөдөр мөнгөө хийгээд авах байхаа гэж дурдсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Худалдагч тал нь С ХХК-д хөрөнгийг худалдахаар гэрээг байгуулсан, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан шилжүүлснээр худалдагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дууссан өдрийн маргааш өглөө шууд гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна.

Хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.1-д заасан үүрэг гүйцэтгэхийг шаардах, мөн нэмэлт хугацаа олгох гэдэг ойлголтуудад нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх тодорхой буюу ойлгогдохуйц шаардлага тавихыг, үүрэг гүйцэтгэж дуусгах хугацаа, эсхүл нэмэлт хугацааны үргэлжлэх хугацааг тогтоож өгсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь нөгөө талдаа үүргээ гүйцэтгэх эцсийн боломж болохыг тодорхой болгосон урьдчилсан сануулга юм.

Харин энэ тохиолдолд хариуцагч нь гэрээнээс татгалзахаасаа өмнө нэхэмжлэгчид нэмэлт хугацаа олгосон, үүргээ гүйцэтгэхийг шаардсан байдал тогтоогдоогүй тул үүргийн ялимгүй зөрчлийн улмаас хариуцагч ЭМ ГХОХХК нь гэрээг шууд цуцласныг зөвтгөх боломжгүй. Мөн хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан ч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүйг дурдав.

8.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй байхаар заасан.

Шүүх энэ шийдвэрийн 7-д дүгнэснээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, тэрээр хуулийг хэрэгжүүлж, шударгаар оролцоогүй хайхрамжгүй гэм буруутай гэж үзэж, С ХХК-тай байгуулсан гэрээний дүн 360.000.000 төгрөг, ЖМС ХХК-тай байгуулсан гэрээний дүн 350.000.000 төгрөгний хоорондох хариуцагчийн илүү олсон ашиг 10.000.000 төгрөг-ийг нэхэмжлэгчийн алдагдал-д тооцож хариуцагчаас гаргуулав.

Харин эксковаторыг түрээслэснээс олох ёстой байсан орлого 165.000.000 төгрөг болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй болно.

Дээрхийг нэгтгээд шүүх ЭМ ГХОХХК-иас 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан ЭМ ГХОХХК-иас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж ЖМС ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 340.000.000 төгрөгийг болон хариуцагч С ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.978.150 /1.907.950+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМ ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ