| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00257/и |
| Дугаар | 152/ШШ2024/00266 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2024/00266
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: УАПГ-ын,
Хариуцагч: Б.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Б.Э нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Б.Энь гэрээний хугацаанд 4,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 1,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд”..иргэн Б.Энь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18 зүйл, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1,3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иргэн Б.Энь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хугацаа 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн Б.Энь талуудын байгуулсан ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийгээгүй буюу 1,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул гэрээний 1.3, 3.5 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Б.Энь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б.Энь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 1,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Б.Энь ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс авсан зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч УАПГнь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УАПГнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг тал хувиар бууруулж, 14,275 төгрөгийг хариуцагч Б.Энхбаяраас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч УАПГнь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг тал хувиар бууруулж, 14,275 төгрөгийг хариуцагч Б.Э-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА