Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 147/ШШ2024/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Байгалмаа, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ......ын 5-р багт оршин суух, ......гийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ......ын иргэн, ......, ...... нарт холбогдох

 

            эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 253,678,620, үнэлгээний хөлс 4,000,000 төгрөг, нийт 257,678,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:......

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...........................

Хариуцагч: ......-ийн хууль ёсны төлөөлөгч ......

Хариуцагчийн өмгөөлөгч: .......................

Иргэдийн төлөөлөгч: ...........

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......, ...... нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 253,678,620, үнэлгээний хөлс 4,000,000 төгрөг, нийт 257,678,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сүхбаатар аймгийн ......, 5 дугаар баг, Гомбо 3-323 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ...... 8 нэр, ...... барааны дэлгүүрүүд нь 2022 оны 06 сарын 27-ны өглөөний 04-05 цагийн хооронд гал гарч шатсан. Тус гал нь манай хажуу талын ...... 8 нэрийн дэлгүүрийн өргөтгөлөөс гарсан бөгөөд миний бие мэдээд очиход манай дэлгүүр шатаад дуусч байсан. Ингээд аймгийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж, хэргийн газрын үзлэг хийсэн. Уг гал түймрээс болж миний Ү-12080000197 дугаартай 65 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дотор нь байсан эд хогшил, бараа материал шатаж хохирол учирсан. Миний бие 2012 оноос ...... барааны дэлгүүрийг өөрийн хүч хөдөлмөрөөр босгон ажиллуулж ирсэн, манай гэр бүлийн амьжиргааны гол эх үүсвэр юм. Манай дэлгүүр нь сумандаа орлого сайтай дэлгүүр байсан бөгөөд дэлгүүр шатсаны дараа Цагдаагийн байгууллагаас томилогдсон шинжээч нь дэлгүүрийн холбогдолтой бүх дансны хуулгыг гаргуулж авсан бөгөөд үүндээ үндэслэж хохирлын үнэлгээг гаргасан гэж ойлгож байгаа.

Ингээд Сүхбаатар аймгийн ......, 5 дугаар баг, Гомбо 3-323 тоотод үйл ажиллагаа явуулдаг ...... 8 нэр, ...... барааны дэлгүүрт гал гарч шатсан 223000214 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж эхэлсэн.

Шалгалтын явцад Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12/141, 12/42, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар дүгнэлтүүд гарсан. Дээрх дүгнэлтүүдэд гал гарсан цэг тодорхой нэг цэг дээр тогтсон, гал гарсан эхлэлийн цэгт шатах тослох материал илрээгүй, тус цэгээс бэхжүүлсэн цахилгаан утас хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас богино холболт үүсэх, эсхүл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн дээрх дүгнэлтийг хүчингүй болгож дахин шинжилгээ хийсэн бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 12/42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр галын эхлэлийн цэгийг А гэж үзсэн. Улмаар хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх зэрэг шалтгаан нөхцлийн улмаас гал гарах боломжтой гэж үзсэн. Мөн 12/141, 12/42 дугаартай дүгнэлтээр өөр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Намайг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоож тогтоолыг танилцуулсан.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 115 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. Ингээд уг асуудлыг зөрчлийн журмаар хянан шалгасан. Тус зөрчлийн хэргийг хянан шалгаад ...... 8 нэрийн дэлгүүр буюу ......, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал ......д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ногдуулсан. Тус торгуулийн шийтгэврийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны гардуулсан байх бөгөөд зөрчил гаргагч нь өөрөө зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зураагүй байна.

Иймд шийтгэврийг холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанд биечлэн танилцуулсан гэж үзнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17 дахь хэсэгт заасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ногдуулсан шийтгэврийг эс зөвшөөрч буй оролцогч нь тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах ёстой.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэгт ногдуулсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 30 хоног байх бөгөөд энэ хугацаа 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна. Зөрчил гаргагч нь хэдийгээр шийтгэврийн хуудастай өмгөөлөгчийн хамт ирж танилцахдаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хуульд заасан журам, хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүйг зөрчлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

            Мөн хэргийн материалд цугларсан баримтуудаас үзэхэд ...... 8 нэрийн дэлгүүр нь зөвшөөрөлгүй газар сунгаж, өргөтгөл барьсан, эрчим хүчээр хангагч байгууллагатай ахуйн хэрэглээний эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан хэдий ч тус барилгыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан нь тогтоогдож байна.

           Гэрч ...... / ДБЭХС ТӨХК-ийн бичилтийн техникч/-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт хэрэглэгчийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ баталгаажуулалтыг хэрэглэгч өөрөө хариуцна гэсэн байдаг. ...... ДБЭХС ТӨХК-ийн байцаагч Батбаяртай 581 дугаартай гэрээ байгуулсан. Хэрэглэгчийн код нь 6129880 бөгөөд 54 дүгээр дэд станц, 64 дүгээр шийт, 4003368 дугаартай тоолууртай бөгөөд 2022 оны 07 сарын 27-ны өдөр баталгаат хугацаа дуусаж байна. Мөн тус гэрээний хугацаа 2021.10.01-ний өдөр дууссан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1208000065 дугаартай 80 мкв 000494468 дугаартай гэрчилгээгээр ......, ...... нар хамтран өмчилдөг бөгөөд ......-ийн эцсийн өмчлөгч нар нь ......, ...... нар бөгөөд ...... нь гүйцэтгэх захирал юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь ...... дэлгүүр гэж гарсан бөгөөд 125мкв газар 2209000399 нэгж талбарын дугаарт олгосон ......ын Засаг даргын 2017 оны А/66 дугаар захирамжтай.

            Дээрхээс үзвэл ......, ...... , ...... нар нь аав, хүү, бэр гэсэн хамааралтай бөгөөд гэр бүл, компанийн хүрээнд дээрх дэлгүүрийг ажиллуулж ирсэн байдаг. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд заавал хуулийн этгээдэд олгодог. Тус нөхцөл байдлаас болж компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч хариуцагч нарын хөрөнгө холилдож явдаг тул хариуцагчийг дээрх байдлаар тодорхойлсон.  Тус галын түймрийн улмаас ...... барааны дэлгүүрт үл хөдлөх эд хөрөнгө шатсан 42,798,250 төгрөг, дэлгүүрийн бараа, эргэлтийн хөрөнгө шатсан 192,905,370 төгрөг, дэлгүүрийн тавилга, эд хогшил шатсан 17,975,000 төгрөг учирсан хохиролд нийт 253,678,620 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тус үнэлгээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд болон үнэлгээ хийхтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд холбогдогчийн зүгээс мөрдөгч, прокурорт ямар нэгэн гомдол, санал гаргаагүй билээ. Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу гомдол, санал гаргаагүй болно. Миний зүгээс ...... 8 нэрийн дэлгүүрээс гал гарсны улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд ......, ...... нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 253,678,620, үнэлгээний хөлс 4,000,000 төгрөг, нийт 257,678,620 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             2. Хариуцагч ......-ийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 сарын 27-ны өдөр, шөнө манай ...... дэлгүүр болон хажуу талын ...... дэлгүүр шатсан. Эдний байшин блокоор баригдсан байсан өргөн нь 4-5 метр, урт нь 7-8 метр. Тэр жижиг талбайд 200,000,000 төгрөгийн бараа байх боломжгүй гэж бодож байна. Манай хажууханд манай хоёр дэлгүүрээс арай том дэлгүүр байдаг. Тэднийхээс нэг удаа асууж байхад 100,000,000 гаруй төгрөгийн бараа зардаг гэж хариулж байсан. Нэхэмжлэгчийн дэлгүүр тэдний дэлгүүрээс 2-3 дахин жижиг дэлгүүр юм. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Галын улмаас бид ч хажуу дэлгүүрийнхэн хэн алин нь эд хөрөнгөөрөө хохирсон гэв.

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 3/548 дугаартай албан тоот, дэлгүүрүүдийн гар зураглал, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г/А/20/01/05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2022 оны 6 сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Онцгой байдлын ерөнхий газрын  гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 12/141 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ......гийн ахуйн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, ......гийн 245715 дугаартай цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар, 0069102 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсын хуулбар, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 115 дугаартай тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

       

             4. Хариуцагчаас хариу тайлбар, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, ......гийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 3/102 дугаартай албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 05 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ......, ...... нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000494468 дугаартай гэрчилгээний хуулбар, 2017 оны 05 сарын 24-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ......гийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон 000016841 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ......гийн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл болон кадастрын зургийн хуулбар, ......гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 45-3/1488 дугаартай албан бичиг, өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн хүсэлт, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 1/188 дугаартай албан бичиг, Г/А/20/01/05 дугаартай Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

           5. Иргэдийн төлөөлөгч ......шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......, ...... нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 253,678,620 төгрөг, үнэлгээний хөлс 4,000,000 төгрөг, нийт 257,678,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ......-ийн Сүхбаатар аймгийн ......, 5 дугаар баг, Гомбо 3-323 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ...... 8 нэрийн дэлгүүрээс 2022 оны 06 сарын 27-ны өглөөний 04-05 цагийн үед гал гарч, гал түймрийн улмаас миний ...... барааны дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгө шатаж 42,798,250 төгрөгийн, дэлгүүрийн бараа, эргэлтийн хөрөнгө шатаж 192,905,370 төгрөгийн, дэлгүүрийн тавилга, эд хогшил шатаж 17,975,000 төгрөгийн, үнэлгээ хийлгүүлэхэд 4,000,000 төгрөг төлсөн тул нийт 257,678,620 төгрөгийн хохирол учирсаныг гаргуулна гэж,

 

            2. Хариуцагч нь гал гарсны улмаас бидний эд хөрөнгөд мөн хохирол учирч, аль алин нь хохирсон, хохирлын үнэлгээ өндөр гарсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Шүүх ......, ...... нарт холбогдох гэм хорын хохиролд нийт 257,678,620 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2022 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн ......ын 5 дугаар багт байрладаг “......” дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг ...... нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн”, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөнөөс дэлгүүрийн цахилгааны утсанд бөмбөлөг үүсч, арын өргөтгөл хэсгээс эхлэн гал гарч тус дэлгүүрийн хажуу талд залгаа байрлах ...... нэртэй барааны дэлгүүрт гал дамжин тус дэлгүүр, дэлгүүрийн бараа материал, тавилга шатаж 253,678,620 төгрөгийн хохирол учирсан гал түймрийн осол гаргасан болох нь Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол (хх-39-45х),  Зөрчлийн шийтгэлийн хуудас №0069102 (хх-38х), Линзийн-Өгөөж ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ...... барааны дэлгүүрт учирсан хохирлын үнэлгээний тайлан (хх-15-27х), Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 12/141, 12/42 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-32-35х), үнэлгээний төлбөр төлсөн  дансны хуулга (хх-120-121х), ......-ийн 000282139 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-123х) зохигчдын тайлбар, фото зураг (хх-28-31х) зэргээр тогтоогдож байна.

4.2. Ослын улмаас нэхэмжлэгч ......гийн өмчлөлийн ...... дэлгүүр болон эд хөрөнгөд нийт 253,678,620 төгрөгийн, үнэлгээ хийлгүүлэхэд төлсөн 4000,000 төгрөгийн нийт 257,678,620 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь Линзийн-Өгөөж ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ...... барааны дэлгүүрт учирсан хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт (хх-15-27х), Линзийн-Өгөөж ХХК-д 4,000,000 төгрөг төлсөн баримт (хх-120-121х), зохигчийн тайлбар, фото зургууд (хх-28-31х) Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол (хх-39-45х), Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас №0069102 (хх-38х) зэргээр тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч ...... нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. 

 

6. Нэхэмжлэгч ...... нь хариуцагчаар ...... болон ...... нарыг татсан. ......-нь 2 гишүүнтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар ...... ажилладаг ба тус компанийн гишүүн ......  нь 2024 оны 03 сарын 11-ний өдөр нас барсан болох нь 112299671073 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

7. Тус ...... дэлгүүрт ...... үйл ажиллагаа явуулдаг байсан ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй тул хариуцагч ......-аас хохирлыг бүрэн гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгэж зааснаар хариуцагч ...... нь уг гал гарсны улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар “...санаатай гэмт хэргийн улмаас учруулсанаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчийн эд хөрөнгийн байдал, болгоомжгүй үйлдлийн улмаас тус компанийн эд хөрөнгө мөн галд өртсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 257,678,620 төгрөгийн үнийн дүнгийн 70 хувиар тооцож, 180,375,034 төгрөгийг хариуцагч ......гаргуулж, нэхэмжлэгч ......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,303,586 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

10. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй. Харин гал түймрийн осол гарч, миний эд хөрөнгөд ч бас хохирол учирсан. Үнэлгээний үнийн дүн өндөр тогтоогдсон гэж маргах боловч үнэлгээний тайланд гомдол гаргаагүй. Мөн өөрсдийн зүгээс үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул түүний татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

11. Шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч ......“нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэлээ.

 

12.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,446,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......-аас 1,059,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......д олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514.2-т заасныг баримтлан хариуцагч ......-аас 180,375,034 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,303,586 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,446,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,059,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БОЛОРМАА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.МАРИНА

 

                                                                                     Т. БАЙГАЛМАА