Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02721

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 182/ШШ2024/02721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: .....-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчу овогт ..... эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Хэ л ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.На нь манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ӨР- БЗГ/2022-50692 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,800,000 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Г.На нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple iPhone 13 Pro Max Gold 256GB загварын гар утсыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Г.На нь ӨР-БЗГ/2022-50692 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,321,489.01 төгрөг төлөх байснаас нийт 3,600,000 төгрөг төлж, 2,721,489.01 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 388 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 байр 90 тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32023/17456 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Г.Наг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, Г.На нь зээл авч байх үедээ бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.Наг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/

2.2. Барьцаат зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь /хх-7-12/

2.3 Пи Си Молл ХХК-ийн нэхэмжлэх, мэдэгдэл /хх-13-14/

2.4 Зээлдэгчийн мэдээлэл /хх-15-19/

2.5 Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-20/

2.6 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2023/17456 дугаар захирамж /хх-21/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2024/09250 дугаар захирамжаар Г.Нагийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Хэ л ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Наг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Г.На нь Хэ л ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Хэ л ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

Хэ л ХХК нь Г.Нагийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчу овогт Ганболдын Нарангаравуу /РД:НТ91032807/ нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байр, 90 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2023/17456 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Хэ л ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Наг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Хэ л ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хэ л ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчу овогт ..... эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Наг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хэ л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Наг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ерөөлт, .... мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ