Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/488

 

 

 

 

 

 

  2022             05            05                                      2022/ДШМ/488

                                                       

 

С.Т-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч С.Т-,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006036602477 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т-,

 

Шүүгдэгч С.Т- нь 2020 оны 8 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Park side” хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа байсан Б.Т-гийн эзэмшлийн *****улсын дугаартай “Shine Ray XY-400” гэх нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 568.700 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгч С.Т-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Т- давж заалдах гомдолдоо: “...би хохирогчид учирсан хохирлын 768.700 төгрөгөөс 200.000 төгрөгийг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хохирогчид өгсөн. Мөн үлдэгдэл 568.700 төгрөгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорих байгууллагад ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшиж, хорих байгууллагын хаалттай дэглэмээс нээлттэй дэглэмд ял эдлэх хугацаанд цалин мөнгөтэй ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийнхөө хөлсөөр хохирогчид учруулсан үлдэгдэл хохирлыг нөхөн төлж барагдуулах чинь хүсэлтэй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 2-3 хэрэг байгаа. Тэр хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Т- бүх хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж байна. Анхан шатны шүүх дээр шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа хэргийн материалтай танилцаж өөр дүүрэгт шалгагдаж байгаа хэргүүдийн лавлагааг авч ирэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан ч тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг дүүргүүдэд байгаагүй учраас энэ хэрэгт нь ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Т-од 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдсон. Хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тэнсэнгийн хугацаа дуусаад 10 гаруй хоногийн дараа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул түүнийг засарч хүмүүжээгүй гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Т- нь 2020 оны 8 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Park side” хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа байсан Б.Т-гийн эзэмшлийн *****улсын дугаартай “Shine Ray XY-400” гэх нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Т-гийн эд зүйлээ хулгайд алдсан талаарх мэдүүлэг /хх 18-19/, шүүгдэгч С.Т-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 70-72/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, “Shine Ray XY-400” гэх нэртэй мотоциклийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23/, алдагдсан эд зүйлийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-36/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх шинжлэн судалж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл бүрдсэн, С.Т- гэм буруутай болох нь тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.Т-ын байрны гадна зориулалтын жижиг гинжин цоожоор түгжиж орхисон бусдын эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Т-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгч С.Т-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ял хөнгөрүүлж, нээлттэй дэглэмд ял эдлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

 

Нөгөөтээгүүр, шүүгдэгч С.Т- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хоёр дүүрэгт хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа, эдгээр үйлдлүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх талаар тайлбар гаргаж байгаа боловч энэ талаарх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Т-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН