Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0027

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0027

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя******м, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ба****д, хариуцагч Г.Э*****р нарыг оролцуулан Ш.Га*****гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Э*****р, Х.То*****р нарт холбогдох ...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай Багануур дүүргийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах, тэтгэвэрт орох нас нь болсон байхад тэтгэвэр олгохгүй байгаа Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хууль бус үйлдлийг тогтоолгож, тэтгэвэр олгохыг тус хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас Мөрөгдөг овогт Ш****вын Га*****г /CГ6*****04/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя******м, нөгөө талаас Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүнийг төлөөлж Үйлчилгээний тасгийн дарга Г.Ба****д, Улсын байцаагч Г.Э*****р, Х.То*****р нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 128/2021/0909/3 дугаар хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан дараах байдлаар эвлэрэв. Үүнд:

          1. Нэхэмжлэгчийн зүгээс Багануур дүүргийн Нийгмийн хэлтсийн улсын байцаагч нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай актаар тогтоосон 6,030,000 /зургаан сая гучин мянга/ төгрөгийг 2022 онд багтаан төлж барагдуулах,

          2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Га*****гийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө гаргах өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хүсэлт холбогдох баримт материалыг үндэслэн өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоон олгох тус тус үүрэг хүлээв.

          3. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө өргөдөл гаргах, өргөдлийн дагуу тогтоогдсон тэтгэврээс суутгал хийлгэхэд татгалзах зүйлгүйг тодорхойлов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүхэд Ш.Га*****гээс Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Э*****р, Х.То*****р нарт холбогдуулан ...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай Багануур дүүргийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах, тэтгэвэрт орох нас нь болсон байхад тэтгэвэр олгохгүй байгаа Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хууль бус үйлдлийг тогтоолгож, тэтгэвэр олгохыг тус хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

          Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ш.Га*****гийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя******м, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүнийг төлөөлж Үйлчилгээний тасгийн дарга Г.Ба****д, Улсын байцаагч Г.Э*****р, Х.То*****р нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлжээ.

          Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй байна.

          Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.Га*****гийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя******м, нөгөө талаас Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүнийг төлөөлж Үйлчилгээний тасгийн дарга Г.Ба****д, Улсын байцаагч Г.Э*****р, Х.То*****р нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Ш.Га*****гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Э*****р, Х.То*****р нарт холбогдох ...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай Багануур дүүргийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах, тэтгэвэрт орох нас нь болсон байхад тэтгэвэр олгохгүй байгаа Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хууль бус үйлдлийг тогтоолгож, тэтгэвэр олгохыг тус хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мичидэд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА