Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/087

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Х.Ө

шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-гийн С-д холбогдох 17000000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1974 оны  08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-гийн С РД:Б

Шүүгдэгч Х.С холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Снь 2017 оны 09 дүгээр 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” захын урд “Ш” нэртэй дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирил учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С нь 2017 оны 09 дүгээр 07-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” захын урд “Ш” нэртэй дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Сын аман тус газар нь савтай ундаагаар 1 удаа цохиж, цээжин тус газарт нь 1 удаа өшиглөж, зүүн нүдэнд нь 1 удаа гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирил учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Х.Сийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,

- Гэрч З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

- Гэрч М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Сын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Сийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Сийн эзэмшлийн “Моgul” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй өнгөт зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Сийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овогт Х-гийн Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Снь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүний хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгосугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ