Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 62

 

МАГАДЛАЛ

 

2020.01.08                                               Дугаар 62                                   Улаанбаатар хот

 

 

 

Д.Т, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Т, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Г, Г.С  нарт холбогдох,

 

Түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Т-д 38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7 000 000 төгрөг гаргуулах, Ц.Ц нь 30 000 000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Т-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж,              1 110 237 төгрөг гаргуулах иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Т ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 6 сард нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон. Маргаан бүхий байрыг манай гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсан. Манай аав Д.Д , ээж Ц.Ц нар 9 хүүхэдтэй. Би 7 дахь хүүхэд. 1993 онд аав, ээж минь хүүхдүүдийн хамт гэр бүлийн Ө у  хувиараа эрхлэх аж ахуйг байгуулсан. Бага оврын гурилын цех, барааны савангийн үйлдвэрлэл зэргээс “Ө у ” ХХК-ийн хөрөнгө болгосон. 2001 онд жолооны курс ажиллуулах зөвшөөрөл авч, Архангай аймгийн Жаргалант суманд курс нээж ажиллуулсан. 2002 онд Дундговь аймгийн Адаацаг суманд жолооны курсын 2 төгсөлт хийсэн. Маргааны бүхий байрны ихэнх төлбөрийг жолооны курсээс олж, үлдсэн төлбөрийг “НЮ ” ББСБ ХХК-иас зээлж, төлсөн. 2004, 2005 он хүртэл жолооны курс ажиллаж, сүүлдээ зардал нь ихсэж, ашиг нь багассан. Би 2005 онд маргаан бүхий байранд өргөтгөл барьсан. Энэ байдлыг хариуцагч Л.Г, Г.С  нар зөвшөөрсөн. Тухайн үеийн сарын дундаж цалин 80 000-100 000 төгрөг байсан. Би аавтай тохирч, жолооны курсэд дүрэм, жолоо заадаг байсан. Нэлээн өндөр ачаалалтай ажилладаг байсан. Мөн курсэд ашиглах машинуудыг өөрийн хөдөлмөрөөр бий болгож, нэмсэн. Тухайн үед талийгаач эгч Хадгаламж зээлийн хоршоонд байр барьцаалж 5 000 000 төгрөг авч, н.Д Э гэх хүмүүст алдсан. Эгчийг нас барах үед байрны гэрчилгээ Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан. н.Д Э нарт холбогдох 20 гаруй хохирогчтой Эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа байр чөлөөлүүлж авна гэж ойлгож байсан. Сүүлд Л.Г надтай, ээжтэй тохирч, байрыг баараар ажиллуулъя. н.Б-д  газар авч, нэг өрөө байр авахаар болсон. Байраа чамд өгье. Ээжид 30 000 000 төгрөг өгье, өмчлөх эрхээсээ татгалзаач гэсэн. Л.Г дээрх тохиролцоог биелүүлнэ гэж явсаар 2014 он хүргэсэн. Хамтран өвчлөгч намайг эсэргүүцсээр байтал одоо хүртэл байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Миний өмчлөх эрх өнөөдрийг хүртэл хөндөгдөж байна. Эгч 2005 оны 12 сарын 14-ны өдөр нас барсан. 2006 оноос 2011 он хүртэл “Ө у ” ХХК-ийн жолооны курсыг дунд эгч Д.Т ажиллуулсан. Манай гэр бүлийнхэн ээлжилж байр хардаг байсан. Анх байр, өргөтгөлийг жолооны курсын сургалтын танхимаар тохижуулсан. 2006 оны 5, 6 сараас баарны зориулалтаар өөрчилж засварласан. Аавын УАЗ-469 машиныг 4 500 000 төгрөгөөр зарж, эгч Д.Т-аас 2 500 000 төгрөг авч нийт 7 000 000 төгрөгөөр тохижилт, засварын ажил хийсэн. Миний 4, 5 сар зарцуулж, 7 000 000 төгрөгөөр хийсэн тохижилт, засварыг Л.Г, Ж.М нар зөвшөөрөлгүй өөрчилж, цэцэрлэг болгосон. 2007 онд Л.Г надад маргаан бүхий байрыг баар, рестораны чиглэлээр ажиллуулъя. Би н.Б гэх хүнд газар өгсөн. 25 дугаар эмийн сангийн ойролцоо 5 давхар байр баригдаж байгаа. Тэндээс чамд нэг өрөө байр өгье гэж хэлсэн. Л.Г намайг цалингүй ажиллаж байсан, өргөтгөл барьсныг мэдэж байгаа. Тухайн үед н.Б  байраа өгөхгүй байна. Хэсэг хугацаанд хүлээгээч гэсээр 2009 оны 2 сар хүрсэн. 2009 онд өв нээлгэж, Л.Г-ийн хамт нотариат орж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг бөглөж, 4 хүний нэр дээр гэрчилгээ гарсан. Надад тухайн үед хуулийн мэдлэг байгаагүй, нотариатчийн хэлсэн бичиг баримтыг бүрдүүлж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар очсон. Улсын бүртгэлээс бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангаж байна гэсэн. Тухайн үед нотариат, улсын бүртгэлийн газарт Л.Г-ийн хамт очиж, гэрчилгээнд нэрээ оруулсан. 2007 оны 11 сард Л.Г ээжид 30 000 000 төгрөг өгнө гэж амалсан ч өгөхгүй болохоор нь 2008 онд хэлцлийг нотариатаар баталгаажуулсан. Манай аав, ээж 2 талийгаач эгчийн хууль ёсны 1 дүгээр үеийн өв залгамжлагч нар. Би 2 дугаар үеийн өв залгамжлагч. Байр өгнө гэсэн тохиролцоо бүтэхгүй болохоор хэн хэн нь зөвшөөрч би гэрчилгээнд нэрээ оруулсан. Л.Г миний оролцоог мэдэх учраас надад нэг өрөө байр өгнө гэсэн. 2009 оны 02 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд байрнаас өөрт ногдох үр шим, олох байсан түрээсийн орлого 18 187 000 төгрөгийн 1/5 хувь 3 637 400 төгрөг, 2013 оны 08 сараас цэцэрлэг ажилласан. Цэцэрлэгийн сарын түрээсийн дундаж орлого 2 392 520 төгрөгийг 73 сард үргэлжлүүлж 174 653 960 төгрөг болно. Уг мөнгийн 1/5 хувь 34 930 792 төгрөг, нийт 38 568 192 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 60 дугаар байрны 111 тоотод 2 өрөө орон сууц, өргөтгөлийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Ц , Д.Т  нарыг тогтоох, Хууль ёсны өмчлөгч Д.Т  миний зөвшөөрөлгүй маргаан бүхий орон сууц, өргөтгөлд хариуцагч Л.Г өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан тул хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх, 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Ц өвлөгчөөс татгалзсаны хариу төлбөрт Л.Г-өөс 30 000 000 төгрөгөөр авахаар тохирч, хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Г хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Ц.Ц гийн өмчлөх эрхийг сэргээлгэх, 2009 оны 2 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Ц д маргаан бүхий байр, өргөтгөлөөс өөрт ногдох үр шим, бусдад түрээслүүлсэн орлого болох 18 187 000 төгрөгийн 1/5 хувь болох 3 637 400 төгрөг, 2014 оны 08 сараас өнөөдрийг хүртэл 73 сар, сарын 2 392 520 төгрөг, нийт хугацаагаар үржүүлж 174 653 960 төгрөгийн 1/5 хувь болох 34 930 792 төгрөг, нийт 38 568 192 төгрөгийг хариуцагч Л.Г-өөс гаргуулж өгнө үү. 6 дахь шаардлага нэхэмжлэгч Д.Т  миний зөвшөөрөлгүй, гуравдагч этгээд Ж.М цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан. Би 2007 онд 7 000 000 төгрөг гаргаж кафе, баарны зориулалтаар тохижуулсныг надад хэлэхгүйгээр өөрчилсөн тул 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талийгаач эхнэр Д.Т бид хоёр 1996 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 2005 онд эхнэр нас барсан. Д.Т ийн гэр бүлийн бизнес гэж нэрлэн өөртөө тохож байгаа бизнесийн анхны хөрөнгө оруулагч би, эхнэрийн талынхан олуулаа, эрхэлсэн ажилгүй байсан учраас жолооны курс нээж ажиллуулахаар болсон. Тухайн үед би жолооны курсэд 4 машин авч өгсөн. Би хөрөнгө оруулалт хийсэн учраас жолооны курсээс ашгаа авахаар тохирч, курсыг талийгаач хадам аавын нэр дээр нээж, ерөнхий менежерээр манай талийгаач эхнэр ажилласан. Жолооны курсын ашгаар маргаан бүхий байрыг авсан. Нэхэмжлэгч нарын бизнес байсан бол тэд өөрсдийнхөө нэр дээр байрны гэрчилгээ гаргуулах байсан. Тухайн үед нэхэмжлэгч нар манай гэр бүлийн бизнест цалинтай ажиллаж байсан. Маргаан бүхий орон сууц манай гэр бүлийн өмч учраас талийгаач эхнэрийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан. Нэхэмжлэгч нар эхнэрийг нас барснаас хойш 49 хоногийн дараа маргаанаа эхэлж, намайг гүтгэж шоронд оруулсан. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж, намайг буруугүй гэдгийг тогтоосон. Талийгаач эхнэрийн аавыг нас барах хүртэл эд нар юу ч хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл талийгаач хадам аав курсын ажлыг гардан явуулдаг, хэн хэн жолооны курсэд ямар хөрөнгө оруулалт хийсэн, ямар оролцоотой ажиллаж байгааг мэддэг байсан. Тухайн үед манайд хадам ээж, Д.Т , хадам ах нар орж ирж мөнгө өг эсвэл байраа өг гэж удаа дараа намайг дарамталдаг байсан. Дарамталсаар байгаад хүчээр 30 000 000 төгрөг өгнө гэсэн хэлцэл хийлгэж, нотариатаар батлуулсан. Д.Т  манай ажил дээр ирээд заамдаж, хүчээр өөрийнхөө нэрийг байрны гэрчилгээнд хууль бусаар оруулсан. Эхнэрийг өнгөрснөөс хойш жилийн дараа би хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар хууль бусаар нэг сар, өдөртэй нэг нь 3 хүнтэй, нэг нь 4 хүнтэй үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Д.Т  шууд өв залгамжлах эрхтэй этгээд биш. Би 2 хүүхдийнхээ хамт шууд өв залгамжлагч нар юм. Талийгаач эхнэрийн эцэг, эх хоёр жилийн дотор өв нээлгэх хүсэлт гаргах байсан ч гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан байна. Талийгаач эхнэр амьд байхдаа байрыг баарны зориулалтаар тохижуулж ажиллуулж байсан. Тухайн үед Д.Т  цалин авч, ажил хийснийг үгүйсгэхгүй. Цалингийн асуудлыг би мэдэхгүй, жолооны курсын захирал мэднэ. Д.Т ийн нэхэмжилсэн засварын 7 000 000 төгрөг үндэслэлгүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2007 оны 12 сарын 11-ний өдөр Л.Г 2 хүүхдийн хамт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл 2007 оны 12 сарын 11-ний өдөр олгосон гэрчилгээг өөрчлөхгүйгээр 2009 онд 4 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотариатчийг гэрчээр оролцуулсан ч тодорхой тайлбар хэлж чадаагүй. Иймд сүүлд гарсан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2006 оноос 2008 оны 03 сар хүртэл Д.Т  маргаан бүхий байранд үйл ажиллагааг явуулж байхдаа ашиглалтын зардал 1 110 237 төгрөг төлөөгүй. Уг мөнгийг Д.Т аас нэхэмжилсэн гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2007 оны 11 сард би Л.Г-т байр хүлээлгэж өгсөн. 2007 оны 11 сарын сүүлээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас манайх руу талийгаачийн аав, ээж хоёр маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгч нар юм байна. Байрны өвлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулахгүй татгалзсан юм уу гэж утсаар асуухад бид нар өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж хэлсэн. Биднийг Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас ирж уулз гэсэн. 2007 оны 12 сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар албан бичиг өгсөн нь шүүхэд нотлох баримтаар авагдсан. Л.Г бид нарт мэдэгдэхгүйгээр Эрүүгийн хэргийн асуудал дуусаагүй байхад Хадгаламж зээлийн хоршоонд 3 000 000 төгрөг өгч, үл хөдлөхийн гэрчилгээ авсан байсан. Л.Г гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ зэргээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад Үл хөдлөхөөс талийгаачийн аав, ээж нар байдаг юм байна гээд манай руу утсаар холбогдсон байсан. Аав, ээж өвлөгч нар гэснээр Л.Г-т тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй. 3 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг би мэдээгүй. Харилцан тохиролцож, 2009 оны 02 сард нотариат дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээ батлуулсан. Нотариатаас Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж, 4 хүний нэр дээр гарах гэрчилгээний материал өгсөн. Тухайн үед Үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан бүрдүүлсэн материал хуулийн шаардлага хангасан байна гээд авсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Т ийн байр ашигласан хугацааны ашиглалтын зардлыг бид нар төлж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Эцэг, эхийнх нь өмч хөрөнгө 2 хүүхдэд нь үлдэх ёстой гэж бодож байна. Байрнаас олсон орлого 2 хүүхдийн сургалт, хүмүүжилд зарцуулагддаг. Иймд байр 2 хүүхдийн өмч хэвээр үлдэж, хүүхдүүдийн ирээдүйд зарцуулагдаасай гэж хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.5, 106 дугаар зүйлийн 106.2, 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Г, Г.С  нараас 4 546 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-д олгож, Д.Т ийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн орлогод 34 021 442 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, гарсан зардал 7 000 000 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх хэсгийг, Ц.Ц гийн 30 000 000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос 38 568 192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Л.Г-ийн Д.Т-д холбогдох, өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1 110 237 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819 900 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 358 565 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 87 698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсгийн үр шимийг хуваах нь бодитоор байхыг шаардах бөгөөд олох байсан орлогыг үр шимд тооцохгүй... хэмээн тайлбарласнаараа нэхэмжлэгч Д.Т ийн хувьд дундын өмчлөл дэх зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, зөрчлийг арилгуулах, эсвэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс 108 дугаар зүйлийн 108.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээрээ нэг талыг барьсан, Д.Т ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн байна. Нэхэмжлэгч Д.Т  нь хариуцагч Л.Г-ийн цэцэрлэгийн үйл ажиллагаанаас хэмнэсэн зардлыг тооцуулах, мөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/Ш32018/12784 дугаартай "Шинжээч томилох тухай" захирамжийн дагуу маргаан бүхий байранд түрээсийн нэг сарын дундаж үнийг тодорхойлох үнэлгээний ажлыг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар хийлгэсэн. Энэхүү шинжээчийн үнэлгээнээс харахад өргөтгөл бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 111 тоот хаягт байрлах, 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2013 оны 08 сараас хойш нийт 73 сарын хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар ашиглахдаа дундаж сарын түрээсийн орлого 2 392 520 төгрөг, нийт 174 653 960 төгрөг хэмнэсэн байдаг. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргагч Д.Т  нь өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хариуцагч Л.Г нараас 2013 оноос хойш цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахдаа хэмнэсэн зардлыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу үр ашиг олж авсантай адилтган үзэж, өөрт ногдох 34 021 422 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч болох Д.Т нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эмнэлэгийн байгууллагад бусдад зодуулсан цус хуралтын шинжтэй, дотуур цус алдалттай гэсэн оноштойгоор нас барсан. Үүнийг шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Уг эмгэнэлт явдалтай холбоотойгоор Д.Д  нь талийгаачийн үхэлд Л.Г-ийг буруутган эрүүгийн журмаар хуулийн байгууллагад хандсан байдаг. Шүүхээс нэхэмжлэгч Ц.Ц , Д.Т  нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан болохыг зохигчдын тайлбар, эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл зэргээр тогтоохдоо талийгаач Д.Т-ийн төрсөн эцэг болох Д.Д ыг дурдаагүй байдаг. Угтаа үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргахдаа манай гэр бүл /хх №1-203/ өвлөх эрхээсээ татгалзаагүй болохоо бичгээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Т  болон түүний гэр бүл 2006 оны 6 дугаар сараас баар, рестораны чиглэлээр тохижилт засвар хийж 2007 оны 11 сар хүртэл ажиллуулж гэр бүлдээ орлого оруулж байсныг зохигчид анхан шатны шүүх хурлын үеэр тайлбартаа илэрхийлж байсан бөгөөд энэ асуудлаар маргаагүй болно. Ц.Ц болон түүний гэр бүлийн гишүүн, нөхөр Д.Д  нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Д.Т-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг анхан шатны шүүхээс тогтоосон. Дээр дурдсанчлан хууль ёсны өвлөгч Д.Д  өвлөх эрхээсээ татгалзсны хариуд өөрийн хүү Д.Т ыг өвлөх эрхийн гэрчилгээнд бүртгүүлж, улмаар маргаан бүхий байрыг дундаа хамтран өмчлөгч 4 хүний нэр дээр гарахад Ц.Ц нь татгалзах, эс хүлээн зөвшөөрөх, маргаан үүсгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2008 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр өвлөх эрхээсээ татгалзах, улмаар хариуцагч Л.Г 30 000 000 төгрөгийн хариу төлбөр төлөх нөхцөл бүхий нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл байсан нь тухайн цаг мөчид эрхээ сэргээлгэх шаардлага үүсээгүйтэй холбоотой юм. Шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэгч Ц.Ц гийн өвлөх эрх зөрчигдсөн хэвээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүйд тооцуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан дээрх нэхэмжлэлийн дүнгээр шаардлагуудыг    бүхэлд нь хангаж хариуцагч Л.Г нараас нийт 72 589 614 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Т, Ц.Ц нар нь хариуцагч Л.Г, Г.С нарт холбогдуулан түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Т-д          38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7 000 000 төгрөг гаргуулах, Ц.Ц нь        30 000 000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, Д.Т-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1 110 237 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Ц гийн охин Д.Т нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан, хариуцагч     Л.Г нь Д.Т-тай 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, Д.Т-ийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60-111 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Өв залгамжлах эрхийн № 25 гэрчилгээгээр Л.Г 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өвлөн авахад Г.С, Г.Э нарыг хамтран өвлөгчөөр 62 дугаартай нотариатч Х.Б бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Дээрх гэрчилгээ олгосон нотариатч Д.Т ийн нэрийг өвлөх эрхийн гэрчилгээнд нэмж оруулснаар 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь өвлөгдсөн 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгджээ.

Одоо тус өрөө орон сууц болон түүний өргөтгөлд “Б Э ” цэцэрлэг ажиллаж байгаа болон дээр дурдсан үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь, нэхэмжлэгч Д.Т  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өв залгамжлагч биш бөгөөд түүний нэрийг өвлөх эрхийн гэрчилгээнд нэмж оруулсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон нотариатч Х.Б тодорхой тайлбарлаагүй байна.

Түүнчлэн 2 өрөө орон сууцанд өргөтгөл хийгдсэн үйл баримт тогтоогдсон боловч өргөтгөл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч Д.Т  нь өргөтгөлийн засварын зардалд 7 000 000 төгрөг зарцуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, 2008 оны 3 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Г-т хүлээлгэн өгсөнөөс хойш болон өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш тухайн хөрөнгөтэй холбоотой аливаа шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Т  нь нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор хариуцагч Л.Г, Г.С  нараас тухайн байрны өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, өргөтгөл хийхэд гаргасан засварын зардал, түрээсийн төлбөрийн ашгаас ногдох хувийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөх эрхээсээ татгалзсаныг хэргийн оролцогчид болон өөрөө тайлбарласан байх тул өргөтгөлийн өмчлөх эрхийг сэргээлгэх, өвлөгдсөн эд хөрөнгөтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийн орлогоос хариуцагч нараас шаардах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 108, 106 дугаар зүйлд зааснаар үндэслэсэн ба хууль болон гэрээгээр нэхэмжлэлд заасан эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Б Э ” цэцэрлэгийг хариуцагч Л.Г үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгааг хууль бус эзэмшил гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нар нь тухайн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол,       60-111 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч нар болон Г.С Э  нар 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 62 дугаартай нотариатч Х.Б-ийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан байх ба өвлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгч Д.Т ийн нэрийг нэмж оруулах эрх үндэслэлийг нотариатч тайлбарлаагүй, хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч нарын шахалт шаардлагаар өвлөх эрхийн гэрчилгээнд Д.Т ийн нэр нэмэгдэж бичигдсэн гэснийг нэхэмжлэгч нар няцааж нотлоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр сөрөг нэхэмжлэлээс “Д.Т-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин Д.Т  нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2006-2008 он хүртэл эзэмшиж байхад гарсан ашиглалтын зардал гэх 1 110 237 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02502 дугаар шийдвэрийи тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хууийн 108 дугаар зүйлийн 108.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.С , Л.Г нарт холбогдох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Т-д 38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7 000 000 төгрөг гаргуулах, Ц.Ц нь 30 000 000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38 568 192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх Д.Т, Ц.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Т-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1 110 237 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч нараас 87 698 төгрөгийг гаргуулан Д.Т-д олгосугай.” нэснийг хасч, “Д.Т, Ц.Ц нараас      358 565 төгрөгийг гаргуулан Л.Г, Г.С  нарт олгосугай.” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 520 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ