Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/02716

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 11

182/ШШ2024/02716

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, ....хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...... эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Мнь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... банктай R18008383 тоот зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийн зээлийг 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/Ш32024/03648 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Т.Мягмарсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/

2.2 Кредит картын гэрээ /хх-6-7/

2.3 Хүү тооцооллын хүснэгт /хх-8-12/

2.4 Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/

2.5 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/Ш32024/03648 дугаар захирамж /хх-14/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/07565 дугаар захирамжаар Т.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ... банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мягмарсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

... банк ХХК нь Т.Мягмарсүрэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Кредит картын гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Т.Мнь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

... банк ХК нь Т.Мягмарсүрэнгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг бүрдүүлэх эрхтэй.

 

Шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 182/ШЗ2024/07565 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамж гарган, Улсын бүртгэлийн ерөнхий газраас оршин суугаа газрын хаягийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэхэд Т.Мягмарсүрэнгийн оршин суугаа газрыг Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2, Архивчдын гудамж, 1007 байр, 38 тоот гэж ирүүлсэн байна.

 

Тус хаягт шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлснийг Т.Мнь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардан авч, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, Буянт Ухаа 2 хороолол, 1007 байр, 38 тоот хаягт оршин суудаг нь үнэн гэх тайлбарыг хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч ... банк ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ... банк ХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ... банк ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт ...... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ... банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ