Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/02713

 

 

 

 

 

 

 

 

2024 06 11 182/ШШ2024/02713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Сүхбаатарын гудамж, 14 дүгээр 182/ШШ2024/02713/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Магниуд овогт ...-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Но ка ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Уийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Иргэн Г.У нь Но ка ББСБ ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 180,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 9,600 төгрөгөөр зээл сунгалтын төлбөр шилжүүлж, үлдэгдэл зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна.

Зээлдэгч Г.Уээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 603 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 103/ШЗ2024/00777 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/

2.2 Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-4-7/

2.3 Зээлийн дэлгэрэнгүй хуулга /хх-8/

2.4 Зээлдэгчийн явцын тэмдэглэл, зээлдэгчийн мэдээлэл /хх-9-11/

2.5 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 103/ШЗ2024/00777 дугаар захирамж /хх-12-13/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/09876 дугаар захирамжаар Г.Уийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Но ка ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Уийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Г.У нь Но ка ББСБ ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Но ка ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

Но ка ББСБ ХХК нь Г.Уийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Магниуд овогт ... нь Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Залуус 32 дугаар гудамж, 02 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 103/ШЗ2024/00777 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Но ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Уийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Багануур дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Но ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Но ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Магниуд овогт ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Уийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Багануур дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Но ка ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Уийг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .д мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ