| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03057/И |
| Дугаар | 182/ШШ2024/02711 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/02711
2024 06 11 182/ШШ2024/02711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, ДК95 дугаар байр, ...-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт З....-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Сагийн зүгээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ... хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/08796 дугаар захирамж гарсан. Тиймээс хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Х.Са би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр З.Лутай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 3.Лувсаншаравт 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. З.Лу урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөх ёстой байсан ч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний 3.1-д үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг, 3.2-т төлбөр төлөх хуваарийг тусгаж өгсөн. Тухайлбал 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 54,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаар үл барам мөнгө өгнө гэж удаа дараа худлаа ярьж төлөөгүй өдий хүрсэн. З.Луыг хаана амьдардаг болох буюу гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. 3.Лувсаншарав гэрээ хийх үедээ утасны 80097210 дугаартай байсан. Одоо яг ямар утасны дугаартайг нь ч мэдэхгүй, олдохгүй байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Луыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/
2.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/08796 дугаар захирамж /хх-5/
2.3 Худалдах худалдан авах гэрээ /хх-6-7/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/08740 дугаар захирамжаар З.Луын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Луыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
З.Лу нь Х.Сатай 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х.Сагийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Х.Са нь З.Луын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт З.... нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 91/4-4в тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/08796 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Х.Сагийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Луыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Х.Сагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Х.Сагийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт З....-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Луыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Х.Сагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Луыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..../-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ