Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/089

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-гийн Э-т холбогдох 1713000160006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс У, 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Б сумын ***дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эцэг эхийн хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадалгын арга хэмжээ авагдсан, У овогт Б-гийн Э РД:БГ

Шүүгдэгч  Еын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Энь 2017 оны 02 дугаар 24-ний шөнө 23 цагийн орчимд Өлий сумын 05 дугаар багийн нутагт орших “Дастархан” рестораны ар талын 2/8 айлын орон сууцны гадна байсан иргэн Еы “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэтрэн орж урд хайрцагнаас 450000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Энь 2017 оны 02 дугаар 24-ний өдрийн шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутагт орших “Дастархан” рестораны ар талын 2/8 айлын орон сууцны гадна байсан иргэн Еы “Истана” маркийн 97-21 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэтрэн орж урд хайрцагнаас нь 450000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Еын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15, 42-43-р хуудас/

- Гэрч Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

- Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

- Гэрч С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-9-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь машинд нэвтэрч хулгай хийсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. 

Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг боловч хулгайлсан мөнгөн дүнг 450000 төгрөг биш 130000 төгрөг хулгайлсан гэж мэтгэлцэх боловч 450000 төгрөг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болох шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн эхний мэдүүлэгт “...80000 төгрөг авсан...” гэж /хх-18-19х/ мэдүүлсэн боловч дахин мэдүүлэхдээ “...130000 төгрөг...хулгайлсэн...” гэж тогтворгүй, зөрүүтэй мэдүүлж байгаа бөгөөд урьд нь энэ төрлийн гэмт хэргийг дээрх аргаар үйлдэж байсан /хх-60-62х/, хохирогчид хууль сануулан авсан мэдүүлэг нь гэрч Х /хх-16х/, Б /хх-17х/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-6-8х/ зэргээр нотлогдож байна.

Гэмт хэрэг гарахад эцэг эхийн хараа хяналт сул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгуулага, албан тушаалтаны ажлын хариуцлагагүй байдал нөлөөлж, амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунайхайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай хийж машинд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

Шүүгдэгч Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Е 450000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлөөгүй  байх тул хуульд зааснаар Е 450000 төгрөг төлөх төлбөртэй гэж үзлээ. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ет эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэргээс урьдчилан сэргийлж түүнийг нийгэмжүүлэх зорилгоор түүний эд хөрөнгө, ажил эрхлэлт, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, нас зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийг барагдуулагүй зэргийг харгалзан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Энь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжилсэн хөрөнгөгүй болно. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримлан шүүгдэгч Еоос 450000 төгрөг гаргуулан хохирогч Е-д олгох нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.5 заасны дагуу шүүгдэгчийн гэр бүлээ тэжээх орлого, амжиргааны эх үүсвэр болсон түүний  өмчлөлийн Мустанги-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Еын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У овогт Б-гийн Э-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Еыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн өмчлөлийн 800000 төгрөгийн үнэтэй Мустанги-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримлан шүүгдэгч Еоос 450000 төгрөг гаргуулан хохирогч Е-д олгосугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ