Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

 

 

2022 оны 05 сарын 03-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/27                                   Өвөрхангай аймаг

Б.Уртнасанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                               Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ

                                               Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

Шүүгдэгч Б.Уртнасан                                                

                                               нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Уртнасанд холбогдох эрүүгийн 2126001210176 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,  

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

Батсуурийн Уртнасан нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 23 дугаар гудамжны 20 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг архи уусангүй гэдгээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний төрсөн охин У.Ганцэцэгийн дэргэд халуун тогооны цахилгаан эх үүсвэрт залгадаг цахилгааны утсаар хоолойг нь боосны улмаас бие махбодид нь хүзүүн дэх цус хуралт, зулгаралтууд, хүзүүний арьсан дахь цус харвалт, зүүн ховч ясны мултрал, хугарал, баруун бамбай булчирхайн цус хуралт, эд дэх цус хуралт, голтын эрхтний гадна гялтанд үүссэн цус хуралт бүхий гэмтэл учруулж амьсгал бүтэлтэнд оруулан онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос: Батсуурийн Уртнасаны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Сор овгийн Батсуурийн Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, Шүүгдэгч Сор овгийн Батсуурийн Уртнасанг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар арван хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уртнасангийн цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Б.Уртнасан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нь гомдолтой, хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уртнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ч.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Сор овгийн Батсуурийн Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгож, Б.Уртнасанг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай... гэж, дараагийн хэсэгт ... хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч У.Ганцэцэг нарын мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж дүгнэвэл шүүгдэгч Б.Уртнасан нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй... гэж тус тус дүгнэн Б.Уртнасанд холбогдох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн шинж нь мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бие даасан гэмт хэргээс бүрэлдэхүүн, шинжээрээ ялгаатайн дээр мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тухайн зүйл, хэсэгт тоочих байдлаар зааж өгсөн байхад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх шинж болсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5-д заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглах хууль ёсны зарчмыг баримталж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тайлбарлах тул тэдгээр нь хоорондоо ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж биш. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй. Учир нь гэр бүлийн хүчирхийллийг нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болно. /Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай тогтоол/

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ, мөн хэсгийн 6.1.1 дэх заалтад “бие махбодын хүчирхийлэл” гэж, мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт ... хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ гэж тодорхойлсноос үзэхэд, хэрэгт цугларсан, анхан шатны шүүхээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Уртнасан, амь хохирогч Д.Адъяахүү нарын төрсөн охин У.Ганцэцэгийн ... Өмнө нь манай ээж аавын гаранд хутга дүрж байсан ... мөн манай аавыг өөр хүнд хэлж зодуулж байсан... гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн ...Уртнасанг мэдэхнээ талийгаачийг дандаа хутгалцан, зодсон дандаа шөвгөлчихсөн байдаг байсан. Тэгээд энийгээ яасан бэ гээд асуухаар ах нь хүнтэй зодолдоод гээд дандаа Уртнасанг өмөөрдөг байсан. Уртнасан нь байнга архи уудаг. Уртнасан нь манай талийгаачийг байнга дээрэлхэж зоддог байсан. Сүүлд охин болох Ганцэцэгийг талийгаач л бантан, зутан хийж хүн болгосон. Талийгаач архи уусан үедээ Уртнасан та битгий очоорой Уртаа зоригтой шүү шууд л хутгалчихдаг хүн шүү гэж сүүлд нэг хэлж байсан. Би хавар нэг очсон тэгэхэд гэр орны байдал нь авах юм байхгүй гэр орондоо шалдан нүцгэн янз янзын хүн ирчихсэн байдаг... гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Уртнасангийн зүгээс гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа маргаан, үл ойлголцлыг хүч хэрэглэн шийдвэрлэхийг эрмэлздэг зан төлөв нь даамжирч, улмаар хамтран амьдрагч Д.Адъяахүүгийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэрийг үйлджээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шинжлэн судлуулсан 10-н нотлох баримтуудын дундаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй хохирогч У.Ганцэцэг нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг хэрхэн яаж үгүйсгэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Мөн шийтгэх тогтоолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй гэх хэргийн бодит байдалтай илтэд нийцээгүй дүгнэлтийг хийсэн ба тухайн дүгнэлт нь улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал гэсэн заалтад хамаарч байгаагийн дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн шүүгдэгч Б.Уртнасанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь өөрөө ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх, мөн 39.6 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн зүгээс Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна гэсэн саналыг гаргасан. Яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга дээр монгол гэрт архи уусангүй гэдгээр шалтаглан гэж заасан бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж яллах дүгнэлтдээ бичсэн. Мөн яллах дүгнэлтийн нотолгооны хэсэг дээр мөн гэр бүлийн хүчирхийлэлд байнгын шинжтэй байсан байна гэж дүгнэсэн. Гэтэл байнгын шинжтэй гэдгийг гэрч Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Ганцэцэг нарын мэдүүлгээр тогтоосон хэдий ч байнгын шинжтэй гэдэг агуулгыг хангаж чадаагүй.

Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх 11.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжээр энэ гэмт хэргийн шинжийг тайлбарлаад байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зүйл заалтыг дурдсан зүйл нэг ч байхгүй. Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр энэ хэргийг шийдсэн. Анхан шатны шүүх дүгнэхдээ гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүмүүс гэдгийг тогтоосон. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уусангүй гэдгээр шалтаглан тухайн үед үүссэн субъектив хандлага гарч ирж байна. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болгоныг энэ зүйлчлэлээр буюу тухайн Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх шинжтэй хэрэг болгон дээр хэрэглэх ёстой юм шиг харагдаад байна. Субъектив хандлагыг харах хэрэгтэй. Прокурор дүгнэлтдээ архи уусангүй гэж шалтаглан гэж субъектив хандлагыг өөрөө бичсэн байсан. Шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнд шийтгэх тогтоолдоо архи уусангүй гэж шалтаглан түүний ойр дотны хүний дэргэд онц харгис хэрцгийгээр алсан гэсэн дүгнэлтийг хийсэн. Б.Уртнасанд архи уусангүй гэдэг шалтгаанаар талийгаачийг алсан үйлдэл байдаг. Гэтэл өмнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, сэтгэл санааны дарамтад оруулаад байсан зүйл тухайн өдөр буюу 07 дугаар сарын 02-ны өдөр болсон гэх нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаагүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг хүч хэрэглээд сурчихсан тэр нь даамжраад хүний амь насыг хохироосон гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан субъектив шинжийг шүүгдэгчийн үйлдэл агуулахгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад тийм байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Би хутга хэрэглэж халдсан зүйлгүй. Барилга дээр ажиллаж байгаад төмөрт дүрэгдсэн орж ирсэн байсныг дүү нь харчихаад намайг хутгалсан гэж худлаа хэлсэн байна. Би бичиг үсэг мэдэхгүй учраас үүнийг далимдуулж намайг гүтгэж байна. Хэрэв үнэхээр байнга хутга барьж дайрдаг байсан бол өмнө нь би энд зогсож байх байсан. Харин эсрэгээрээ би байнгын дарамтад байдаг байсан. Надад үнэхээр хэцүү байна. Би өөрөө яаснаа ч мэдэхгүй явж байна. Би  насанд хүрээгүй хүүхдээ асрамжийн газарт өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна.  Дүү нар нь дандаа худлаа хэлдэг. Би дүү нарыг нь ирж золгож байхыг хараагүй. Би нөхөртэйгөө 10 жил хамт амьдрахад ганц ч удаа ирж байгаагүй. Архины эмчилгээнд явуулна гэж хэлж байхад дэмжээд хөөцөлдөөд явж л байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос шүүгдэгч Батсуурийн Уртнасангийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Уртнасанг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгохоор, мөн нэг удаагийн шинжтэй үйлдэл нь ч хүчирхийллийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж байхаар хуульд тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Уртнасан болон хохирогч Д.Адъяахүү нар нь хамтран амьдрагч, мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байгаа ба ...шүүгдэгч Б.Уртнасан, амь хохирогч Д.Адъяахүү нарын охин У.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өмнө нь манай ээж аавын гаранд хутга дүрж байсан ... мөн манай аавыг өөр хүнд хэлж зодуулж байсан... гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн ...Уртнасанг мэдэхнээ талийгаачийг дандаа хутгалчихсан, зодсон дандаа шөвгөлчихсөн байдаг байсан. Тэгээд энийгээ яасан бэ гээд асуухаар ах нь хүнтэй зодолдоод гээд дандаа Уртнасанг өмөөрдөг байсан. Уртнасан нь байнга архи уудаг. Уртнасан нь манай талийгаачийг байнга дээрэлхэж зоддог байсан. Охин болох Ганцэцэгийг талийгаач л бантан, зутан хийж хүн болгосон. Талийгаач, Уртнасанг архи уусан үед та битгий очоорой Уртаа зоригтой шүү шууд л хутгалчихдаг хүн шүү гэж сүүлд нэг хэлж байсан. Би хавар нэг очсон тэгэхэд гэр орны байдал нь авах юм байхгүй гэр орондоо шалдан нүцгэн янз янзын хүн ирчихсэн байдаг... гэх мэдүүлэг, гэрч А.Цэндбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Д.Адъяахүү би одоо хэцүү байна хамаг бие салганаад байна гэтэл Уртаа чи одоо маяглаад бай гээд, гэтэл Адъяахүү чи одоо намайг нүдчихэл дээ гэтэл Уртаа цохиод, ...хоолойноос нь дарсан чинь оо, оо, оо гэх авиа гаргасан... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг алсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учир энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Уртнасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Уртнасанд холбогдох эрүүгийн 2126001210176 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Уртнасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.