Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Ж.Рэ***********

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/3***тоот захирамжийн хавсралтын 977-д Доржсүрэнгийн Төгсбаяр /РД:ХД7********/ Баянзүрх дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/3***тоот захирамжийн хавсралтын 976-д Тү************* Н*************/РД:УП********/ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Ж.Рэ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.С*********хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, О.Ба*******, гуравдагч этгээд Д.Тө******, нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Рэ*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .....Энэхүү газар нь анх 2003 онд эхнэр Д.Ганчимэг болон хадам эгч Д. Жавзандулам, Д.Түмэн-Өлзий нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны "Б*******" гэдэг газар хашааны шав тавиад газар авч 2004 оноос хашаа барин гэр барьж эхнэр Д.Ганчимэг хүү Р.Өлзийсайханы хамт амьдарч байсан. Тэр үед хүү Р.Өлзийсайхан 9, 10 дугаар ангиа тус тосгоны 85 дугаар дунд сургуульд суралцаж төгсөөд 2006 онд зун хашаагаа ойр орчныхоо айлуудад захиж орхиод түр хугацаагаар хот руу орж хүү Р.Өлзийсайхан "Э************" дээд сургуульд суралцаж бид гэр бүлээрээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 3-ын 212 тоотод амьдарч байсан боловч Г******* бариад орхисон хашааныхаа банз шонгуудыг алдаад тал хашаатай болсон тул 2012 оны 8 дугаар сард дахин ирж хашааныхаа дутууг гүйцээж барин одоог хүртэл амьдарч байна. Манай өмнөх онуудад болон 2012 оноос дахин ирж амьдарч байгааг ойр орчны айлууд бүгд мэднэ. Анх манай кадастрын зураг тэр хавийн бүх айлуудын кадастрыг нэгдсэн журмаар анх авахад "Буйртай хашаа" гэсэн нэртэй орсон байсан. Энэ тухай би 2012 онд ирээд хороогоор ороход тэр үед хорооны ажил хариуцаж байсан н.Отгонцэцэгийн гар зурган дээр бичигдсэн байсан. Мөн тэр хавийн хашааны фото зураг самбар дээр байсан. Тэр зурган дээр манай хашаа урд хэсэг нь алдагдсан тал болсон их тод гарсан байсан. Энэ кадастрын зургийг 2007 оны 6 дугаар сард н.Дамдинсүрэн гэдэг хүн авсан болов уу гэж бодож байна. Тухайн үед манай хашааны хаяг "Б********ийн 6 дугаар гудамжны 14 тоот гэж байсан. Би хашааныхаа бичиг баримтыг гаргуулахаар хөөцөлдөж эхлээд 2005, 2008 онуудад тухайн үеийн хорооны засаг даргын цохолт хийлгүүлээд явсан боловч ажлын зав зай гарахгүй болохоор нь:

1. Кадастрын зурагтай

2. Хорооны засаг даргын цохолттой

3. Хашаатай байсан. болохоор нь түр орхичхоод 2012 оны 8 дугаар сард ирж гэрээ бариад гэрэл тавиулах гэсэн боловч манай кадастр байхгүй байна гэсэн тэгээд газрын алба Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргын захирамжаар ажиллахгүй байсан. Тэгээд 2013 он гаргаад ир гэсэн. Түүнээс хойш манай ямарч мэдээлэл олдохгүй болохоор нь дахиж өөрийн нэрээр кадастрын зураг авахуулж газрын албанд өгч энэ газар гэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Батзоригийн А/3***дугаар захирамжаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 976-рт Д************** Т**********РД:Х*********, 977-рт Тү************* Н*************РД:УП******** нарт газрыг дээш нь сунгаж 2 айлын болгон хувааж оруулан зөвшөөрөл олгосон байсан. Дээш нь сунгасан газар нь манай дээд талын 2 айлын газартай мөн давхцаж байгаа болно. Начинбаярын газар дээд айлын хашааны хаалгыг битүүлж хашааны нь тал газартай давхацсан байсан. Би энэ тухай Баянзүрх дүүргийн газрын алба, нийслэлийн өмч газрын харилцааны газарт өргөдөл гаргасан боловч тодорхой шалгаж үзэлгүйгээр зөвхөн компьютерийн мэдээллийг үзэж өөр хүнд олгосон газартай давхцаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Мөн намайг энэ Д.Тө******, Г.Н******** нарын одоо амьдарч байгаа хаягийг нь олж ир гэсэн боловч хувь хүнд өөр хүний мэдээлэл өгдөггүй гэсэн. Манайх энэ газрыг авах болсон шалтгаан нь манай гэр бүл 1989-1999 оны сүүлч хүртэл Гачууртад амьдарч Ж.Рэ*********** миний бие өөрөө 1989-1991 он хүртэл "Арцат" ферм-д цахилгаанчнаар 1991-1993 онд "Баяндөхөм" ферм-д механикаар, эхнэр Д.Ганчимэг 1989-1991 онд "Арцат" ферм-д саальчин, 1991-1999 оны сүүлч хүртэл захиргаанд ус түгээгчээр ажиллаж хүү Р.Өл******** нь 1996-1999 оны 10 дугаар сарын 17-ыг хүртэл, хүү Р.Ө********т нь 1997-1999 оны 10 дугаар сарын 17-ыг хүртэл Гачууртын 85 дугаар дунд сургуулийн бага ангид суралцаж байгаад гэр бүлээрээ амьдралын шаардлагаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд шилжин ирж амьдарсан болно. Тэгээд буцаж Гачууртад суурьших зорилготой байсан болохоор уг газрыг авч төвхнөж эхэлсэн байсан. Манайх тухайн газар дээрээ 2004 оноос одоог хүртэл байнга амьдарч байгаа. Гэтэл манай хашаан дээр захирамж гаргуулсан Д.Тө******, Т.На******** нар нь бид нартай ганц ч уулзаагүй мөртлөө манай хашаан дээр 2014 оны 5 дугаар сард "зарна 96061353" гэсэн дугаар нэг шөнө бичсэн байсан. Тэгээд хүнээр яриулахаар 2 айлын газар байгаа 5 саяас яриад 4.800.000 төгрөгт өгнө манайх нэг жил амьдарсан газар гэсэн. Би өөрөө яриад энэ газар чинь манай газар бид одоо ч амьдарч байна. Та нар яаж гэрчилгээ гаргуулсан юм. Та нартай уулзмаар байна гэхээр бид худалдаж авсан газар уулзъя гэсэн мөртлөө ямар нэгэн шалтаг хэлээд би бололцоотой үедээ өөрөө залгана тэгээд уулзъя гэсэн боловч залгаагүй өдийг хүрлээ. Энэ гэрчилгээ гаргуулсан улсууд нь ашиг хонжоо харж зарахын тулд манай кадастрыг устгуулж гэрчилгээ гаргуулсан. 2013 оны намар манай хашааг зарна гэсэн хашаа гээд гэр бариатай байхад хүмүүс ирж үзээд явлаа гэж хөршүүд хэлэхээр нь "үнэгүй " сайт руу орж үзэхэд 96061353 гэсэн дугаар дээр Гачууртад газар зарна гэсэн хэд хэдэн зар байсан. Тухайн үед залгахад аль газрыг нь сонирхож байна гэхээр нь монгол шилтгээний арынх гэхээр зарчихсан гэсэн. Тэгэхээр нь манай газар биш байна гэж бодсон. Тэгсэн 2014 оны 5 дугаар сард манай хашаан дээр зарна гээд 96******* гэсэн номер бичсэн байсан. Хотын газрын зураглалд орж үзэхэд манайх гэртэйгээ хагас хашаатай зураг хадгалагдсан байдаг. Энэ газрыг манайх анх авч хашаа барин буйраа өөрснөө ухаж суурьшсаныг манай ойр орчны айлууд бүгд мэднэ. Энэ тухай хөршүүдийн тодорхойлолтыг авч хавсаргалаа. Мөн хүү Р.Өлз********** 10 жилийн ангийнхан нь бас бүгд мэднэ. 2015 оны 8 дугаар сарын 20-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хогийн захирагч Э.Ба********* өргөдөл гаргасан боловч дахин Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны газар луу шилжүүлж дахин шийдвэрлэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Ийм учраас өргөдөлд хавсаргасан энэ бүх бичиг баримтыг болон газар дээр нь шалгаж дээрх Баянзүрх дүүргийн Засаг даргын А/395-р захирамжийн 976-рт байгаа Дор******** Т********, 977-рт байгаа Тү******** На******** нарт хууль бусаар газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжийг хүчингүй болгож албан ёсоор миний газрыг олгуулж өгч туслалцаа үзүүлнэ үү. Энэ А/3***-р захирамж нь Нийслэлийн засаг дарга Э.Б**-**** газрын аливаа асуудлыг шинээр шийдвэрлэхийг хориглосон. Газрын албан дээр аливаа материал авахгүй байсан үед гарсан захирамж болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .......Нэхэмжлэгч Ж.Рэ*********** Захиргааны хэргийн шүүхэд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүгийн Засаг даргын А/390 тоот захирамжийн иргэн Д.Тө******, Т.Н******** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2020 оноос тус хороонд амьдарч байсан Гачуурт тосгонд Ж.Рэ***********, О.Ганичмэг 2002 оноос эхлэх амьдарч байсан. Маргаан бүхий газрыг 2004 оноос хойш тухайн газрыг эзэмших хүсэлт сонирхолтой байсан гэдэг нь Ж.Рэ***********, О.Г***** нарын тодорхойлолтоор тодорхойлогдож байна. Мөн 2005 он болон 2008 онд Ж.Рэ***********ийн эхнэр О.Г***** Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргасан байгаа. Нэхэмжлэгч Ж.Рэ***********, гэрч нарын ярьж байгаагаар газрын асуудлыг хөөцөлдөж өөрийн эзэмшилд оруулахад хүндрэлтэй байсан гэж байна. Энэ нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөм-ийн 8/А, 8/Б гэдэг хаягууд дээр маргаж байдаг. Гэтэл дүүргийн газрын албанаас оролцож байгаа хариуцагч нарын тайлбараас үзэхэд Баянзүрх дүүргийн хаягийн бүртгэлд Баяндөхөм-ийн 8/А, 8/Б гэсэн хаяг байхгүй байгаа. Гэтэл Баядөхөм-ийн 6-14 тоот гэсэн хаяг байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Нотлох баримтыг шүүх тал бүрээс нь хянан үзнэ гэж заасан дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харахад багын Засаг даргад хүсэлтээ гаргаж тодорхойлолт авсан хүн нь Ж.Рэ***********, О.Г***** нар байгаа. Гуравдагч этгээд Д.Тө******, Т.На********* нарын хувьд Баянзүрх дүүргийн газрын албанд ямар нэгэн он сар байхгүй гарын үсэг зурж хүсэлт өгсөн байдаг.

Тэгэхээр энэ гуравдагч этгээд нарын өгсөн хүсэлт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломгүй. Маргаан бүхий газрын гэрчилгээг Д.Тө******, Т.На********* нар нь авсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад тухайн маргаан бүхий газрын гэрчилгээ нотлох баримтын дагуу шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн гэрчилгээг эх хувиар нь буюу нотриатор гэрчлүүлж өгөөгүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Т.На*********ын газрын гэрчилгээг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамж нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байгаа. Тэгэхээр энэ асуудал нь бодит үнэнд нийцэхгүй байна. Мөн маргаан бүхий газрын гэрчилгээ эх хувиараа байхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Т.На*********, Д.Тө****** нар хүний маргаан бүхий газрын гэрчилгээг 1 нь хуулбар хувь гаргаж өгсөн боловч 1 гуравдагч этгээд нь би газрын гэрчилгээгээ олохгүй байна гэдэг тайлбар өгсөн. Тэгэхээр Баянзүрх дүүргийн газрын алба хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/3***тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хүчингүй болгох шаардлагатай байгаа. Яагаад гэвэл 2012 оны намар нэхэмжлэгч Ж.Рэ*********** өөрийн газраа эзэмшихээр хүсэлтээ өгөхөөр газар эзэмших, ашиглуулах талаар өргөдөл гомдол авахгүй та он гараад ирж болно гэсэн асуудал яригдаж байсан. Үүний дагуу 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглуулах, эзэмшүүлэх талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгасан шийдвэр гаргасан байна. Үүний дагуу 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 3, 10 гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нарт даалгасугай гэсэн тогтоол гарсан. Тэгэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд ямар нэгэн байдлаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байх нотлох баримтууд харагдаж байгаа учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд газрын зураг нотлох баримтаар байгаа. Энэ зурагт тухайн газар дээрх байшин нь байхгүй байгаа. Тэгэхээр гуравдагч этгээд Д.Тө******, Т.На********* нар маргаан бүхий газарт амьдарч байгаагүй. Мөн ямарч зөвшөөрөлгүйгээр хүний хашаан дээр зарна гэж бичсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Но***********шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "......Тэр үед хүү Р.Өлзийсайхан нь 9, 10 дугаар ангиа тус тосгоны 85 дугаар дунд сургуульд сурч төгсөөд 2006 онд зун хашаагаа ойр орчныхоо айлуудад захиж орхиод түр хугацаагаар хот руу орж бид гэр бүлээрээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 3-ын 212 тоотод шилжин амьдарч байсан боловч Гачууртад бариад орхисон хашааныхаа банз шонгуудыг алдаад тал хашаатай болсон тул 2012 оны 8 дугаар сард дахин ирж хашааныхаа дутууг гүйцээж барин одоог хүртэл амьдарч байна гэжээ. Үүнээс харахад нэхэмжлэгч нь 6 жилийн хугацаанд "хашаалсан гэх" газартаа амьдраагүй байх бөгөөд тухайн газраа эзэмших хүсэл зориггүй байжээ. Үүний нотолгоо нь нэхэмжлэгч нэгдүгээрт өөр газар шилжин суурьшсан, хоёрдугаарт нэгэнт хашаалсан гэх газраа эзэмших хүсэлт гаргаж байгаагүйгээр батлагдаж байна. 2012, 2013 оны бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд Ж.Рэ*********** гэж хүний нэрээр 20 дугаар хороонд газар эзэмшихээр гаргаж байсан өргөдөл байхгүй байна.

2. Иргэн Д.Тө******, Т.На********* нар нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тусын газарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 3 жил хашаа барин амьдарч байгаагаа дурдаж газрын гэрчилгээ хүссэн өргөдөл гаргасан бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2012 оны А/3***дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана." гэж заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны Засаг даргад гомдлоо гаргах байжээ. Учир нь нэхэмжлэлдээ "...2014 оны 05 дугаар сард манай хашаан дээр зарна гээд 96****** гэсэн номер бичсэн байсан" гэж дурдсанаас үзэхэд тэр үед нэхэмжлэгч өөрийн эрхээ зөзөрчигдсөнийг мэдэх боломжтой байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Но***********шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ......Миний газар гэж ярьж байна. Энэ бол Төрийн өмчийн газар байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зааж өгсөн байгаа. Тэгэхээр хүсэлт гаргаж байгаа газар нь тухайн хурлаас баталсан газар эзэмшүүлэхээр заасан төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой байгаа. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эзэмшиж, өмчилж байгаа газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй болохыг зааж өгсөн ийм 3 шаардлага байгаа. Нэхэмжлэгч тал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбар болон маргаан бүхий газар амьдарч байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ болгож ярьж байдаг. Тэгэхээр газрын тухай хуульд заасны дагуу амьдарсан байхыг шаардахгүй байна. Мөн нэхэмжлэгч 2005 оноос хойш тухайн газрыг эзэмшихээр хөөцөлдсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар газрын албанд хүсэлт гаргаж байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу тухайн газарт давхцуулж дахин газар эзэмшүүлэхгүй гэж заасан.

Мөн 2013 онд би мэдсэн гэж байна. С.О*********гэдэг хүн материалаа өгсөн. Би шүүх гэж үзсэн гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн үед хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан. Тэгэхээр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдож байна. Мөн гуравдагч этгээд нар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3д заасан шаардлагыг хангаж байсан учраас дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлсэн байгаа. Нийслэлийн Иргэдийн Хурлын тогтоолд заасан дүүргийн хороонууд дунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хамааралгүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Тө****** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ........Миний бие Д.Тө****** нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд өөрийн эзэмшлийн нэртэй болох зорилгоор тухайн үеийн газрын албанд хандаж асуудлаа удаа дараа тавьсны дүнд дүүргийн засаг даргын 2012 оны А/3***дугаар захирамжаар Баяндөхөмийн 8а дугаар гудамжны 8 тоот хашааны 700 м.кв газрыг хууль ёсны дагуу бичиг баримтыг гаргуулан авсан билээ. Тухайн үед би Гачуурт тосгонд сул эзэнгүй хэд хэдэн газар явж судалсны дагуу газар зохион байгуулагч нь гадуур явдаг өдрөөр хамт очиж үзүүлэхэд энэ газар дээр авж болно ямар нэгэн эзэмшигч, өмчлөлд байхгүй байна гэж хэлсний дагуу би кадастрын зураг хөндлөн уртаар хийлгэн өргөдөл, хорооны тодорхойлолт, фото зураг зэргийг 2011 оны зун бүрдүүлэн өгсөн. Тэгээд завсар зай гарахгүй явсаар байгаад 2012 оны эхээр очиход бичиг баримт маань ирээгүйгээс гадна Т.На********* гэх хүн давхар материал бүрдүүлэн өгсөн гэж газар зохион байгуулагч хэлсэн. Тэгээд газар зохион байгуулагч нь та 2 энэ газрыг хоорондоо зохицож авах боломжтой эсвэл 1 нь өөр газар ол гэсэн. Тэгээд бид 2 ярилцаад газар зохион байгуулагчаас босоо газрын зураг хийлгэн авч болох уу гэж асууж байгаад 2012 оны 10 сар орчимд зургаа шинээр хийлгэн дахин материалаа хамтдаа бүрдүүлэн өгсөн юм. Бид 2 ээлжлэн газрын албанаас асууж сураглаж хөөцөлдсөөр байгаад захирамж гарсныг 2013 оны эхээр мэдэж гэрчилгээний мөнгө тушааж гэрчилгээгээ бичүүлж авсан.

Хавар газар дээрээ хамт хашаа хороогоо барих талаар ярилцсан. Тэгээд зуныхаа амралтаар газраа тэгшлүүлэхээр хүнтэй тохиролцоод газрынхаа налууг үзүүлж үнэ хөлсөө тохирох гээд очиход төмрөн материалаар нүүрэн талыг нь хагас барьсан байсан ба хаалгагүй байсан. Тэгээд би тэр хавийн хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. Тэхээр нь би хамт газар авсан хүмүүсийг хашаагаа буруу барьж эхэлж байна гэж бодоод дуусгахаас өмнө холбоо барих гэтэл утас нь болохгүй байсан. Тэгээд би тааралдах болов уу гэж бодоод тэр жилдээ 2-3 удаа очсон санагдаж байна тааралдаагүй. 2014 оны хавар ахиад очиход нөгөө хашаа нэмж баригдаагүй хэвээрээ байсан харин 1 хоосон гэр байсан. Хаяагаар нь шагайж харахад дотроо хоосон ямар ч тавилга байхгүй хүн амьдар шинж байгаагүй. Тэгээд би нөгөө хүмүүстэйгээ холбоо барихын тулд зарна гэж хашаан дээр нь бичээд утасны дугаараа үлдээсэн боловч Т.На********* яриагүй. Нэхэмжлэгчийн хэлснээр би тэгж олон газар зараад яваад байгаагүй Т.На*********ыг л залгах болов уу гэж хүлээж байснаас өөр хүнтэй бол уулзах шаардлага надад байгаагүй. Би зарсан гэж хүнд ярьж байгаагүй. Мөн тэр хавийн хөршүүдээс асууж байхад хүн амьдрахгүй удсан гэснээс захиж хэлсэн гэж надад хүн хэлж байгаагүй би хороо, дүүргийн газрын албанаас шалгуулахад хэнийч эзэмшил, өмчлөл үүсээгүй газар байна гэсэн. Мөн мэдээллийн сангаас би ямар нэгэн зураг устгуулаагүй угаасаа л хоосон газар байсан.

Иймд газрын алба л газраа мэдээд шийдэж шалгаад эзэмших эрх үүсгэж надад өгсөн болохоос би хүн амьдарч байгаа газар дээр хууль бусаар материал бүрдүүлж өгөөд хууран мэхэлж аваагүй. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө би холбогдох материалаа бүрдүүлээд хөөцөлдөөд өчнөөн жил явсан байсан надад тэнд таньж мэдэх хүн байхгүй. Би одоо өмнөх өгсөн өргөдөл бичиг баримтаа архиваас шүүлгэх гэхэд олдоогүй.

Ийм учраас уг газрыг чөлөөлж өгөх, захирамжаа хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин хууль бусаар миний эзэмшил газар дээр ирж зөвшөөрөлгүй буусан айлаас газраа чөлөөлүүлж авмаар байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.На********* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: .......Миний бие Түмэндэмбэрэл овогтой Начинбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 2 р хороонд эцэг эхийн хамт амьдарч байгаад 2009-2010 онуудад эцэг, эх маань нас барсан. Бид өөрийн гэсэн газар, орон сууцгүй тул хамаатны айлуудынхаа хашаанд түр амьдардаг байсан ба аав минь намайг өөрийн гэсэн газартай болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газрын албаар олон жил явж байж надад энд 1 эзэнгүй газар оллоо гэж дагуулж очин үзүүлж байсан. Тэр үед би 10 дугаар ангиа төгсөөгүй байсан тул яг хаагуур явж юу хөөцөлдөж явсныг нь сайн мэддэггүй өмнө нь бүрдүүлж байсан бичиг баримтын хуулбар зэргийг нь олохгүй байна. Эцэг эх маань өнгөрсний дараа надад амьдрах газар олдохгүй гэрээ барих хашаа юу билээ гэж бодож байгаад аавын надад үзүүлсэн газрыг санасан. Тэгээд 2011 Газрын албаар аавынхаа нэр дээр авсан газар байна уу гэж шалгуулахад байхгүй байна гээд сураг нь гарж өгөхгүй олон удаа явсны эцэст дарга нар дээр нь орж учир байдлаа хэлж гуйхад мэргэжилтнээ дуудаад захирамж гарсан байна шалгаад энэ хүүхдэд тусал гэсэн. Тэгээд Гачуурт явах өдөр нь ирж цуг явахаар болоод нэг өдөр хамт явж үзүүлсэн чинь энд 1 хүн хөөцөлдөөд яваад байгаа санагдаж байна. Ажил дээрээ очиж шалгаад хэлнэ гэж байсан ингээд Д.Тө****** эмэгтэйдээ танилцсан.

Би угаасаа өөрийн гэсэн хашааны булан ч хамаагүй олох хүсэлттэй байсан болохоор цуг яваад зургаа хийлгээд материалаа өгчхөөд хөдөө явсан. Би замын и-д ажилладаг ажил маань улирлын чанартай болохоор хавар 4, 5 сараас яваад өвөл 10, 11 сард хотод ирдэг юм. Ирээд бас л байх газар хэрэгтэй тул би хот руу тэр зун ажлаасаа чөлөө аваад 3 удаа ирж бичиг баримт гарсан бол хашаа барих санаатай ирж байсан. Гэтэл Газрын алба шийдэж өгөхгүй удаад би аргагүйн эрхэнд чөлөөний хугацаа дуусаж буцдаг байсан. Тэр намар хотод ирээд бас л бичиг баримт гараагүй гээд олон удаа ирж очиж явсаар Д.Тө****** гэх хүнтэй танилцаж материал шинээр бүрдүүлэн авсан. Кадастрын зураг хийлгүүлэн, хорооноос хаяг дугаар авч байсан. Аваад хашаагаа барьж амжилгүй дахиад л хөдөө яваад өгсөн. Намар ажлаа дуусаад иртэл нүүрэн талыг нь битүүлээд гэр барьсан байсан тэгээд тэр гэрт ямар хүн амьдарч байгааг мэдэх зорилгоор хэд хэдэн удаа очоод дайралдаагүй. Д.Тө****** надад хэлэх гэсэн боловч утсаа гээснээс болоод дугаарыг нь олж ярьж чадаагүй. Тэгээд намайг Газрын албанд очихоор хуучин байсан дарга, газар зохион байгуулагч 2 байхгүй миний яаж хөөцөлдөж байсныг мэдэх хүнгүй болсон байсан.

Шинээр орсон хүмүүст нь хэлэхээр эх зах нь олдохгүй хэн нь ч хариуцах нь мэдэгдэхгүй хуучин байсан хүмүүс рүүгээ чихээд өвөл айл нүүлгэх хууль байхгүй хавар шаардах өгнө гэх мэт юм ярьдаг байсан. Бас миний газрын гэрчилгээг үзсэний дараа 395-р захирамж юм уу угаасаа нотой ч гэнэ үү сонин юм ярьдаг байсан. Би тэр захирамж гарах хугацааг хориглосон үед бичиг баримтаа өгөөд гаргасан биш өмнө нь олон жил хөөцөлдөж явсан, тухайн үед над шиг олон хүн тэр захирамжаар газраа авсан байх тэгэхээр энэ захирамж хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ер нь хэн дуртай нь нэг газар олж харсныгаа авдаг биш газрын эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсны дараа газрыг авах ёстой энэ хүмүүс урд нь амьдарч байгаагүй урд хашааны айл нь хажуудах хоосон зайгаа авна гэж харсан байсныгаа авах гээд байгаа Яагаад гэвэл урд нь хашаа барьсан байна ямар хүн барчхав гэж ойр орчмын айлуудаас асуухад урд айлын хашааны эгч гарч ирээд намайг загнаж байсан би таны газар биш байхад та яагаад ингэж уурлаад байгаа юм бэ гэж асууж байсан.

Иймд уг асуудлыг үнэн зөвийг нь олж асуудлыг шийдвэрлэх болно гэдэгт итгэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Рэ*********** нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/3***тоот захирамжийн хавсралтын 977-д Доржсүрэнгийн Төгсбаяр /РД:ХД7********/, 976-д Тү************* Н*************/РД:УП********/ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлавал:

Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Рэ*********** нь дүүргийн засаг даргад хандан газар эзэмших тухай хүсэлтээ бичгээр гаргаж байсан нь хангалттай нотлогдохгүй, газар эзэмших хүсэлт нь дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивд байхгүй байх боловч маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж, бодитоор эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн Ж.Рэ*********** нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдээс цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшихээр хүсэл зоригоо илэрхийлж буюу хүсэлтээ бичгээр гарган өгсөн боловч газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн хэмжээнд зогсоосон байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд хариуцагчийн зүгээс буцаасан гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын харилцаа хот төлөвлөлт барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 дугаар тогтоолын хоёр дахь заалтад Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлуулах хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй байхыг Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай тогтоолыг гаргасан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол гарснаас хойш Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох үйл ажиллагаа дээрх хугацаанд зогссон байх тул нэхэмжлэгчийн нийслэлийн хэмжээнд газар олгохыг зогсоосон байсан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд хариуцагчийн зүгээс буцаасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь нотлогдож байна.

Бодит байдалд маргаан бүхий газрыг Ж.Рэ*********** нь гэр бүлийн гишүүдийн хамт /эхнэр Д.Ганчимэг/ 2005 оноос хойш бодитоор хашаа барин эзэмшсэн болох нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 480 тодорхойлолт[1], Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын бусад тодорхойлолтуудаар[2] нотлогдож байна.

Мөн 2005 онд газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргаж байсан болох нь Ж.Рэ***********ийн эхнэр Д.Га***********хүсэлтээр[3] нотлогдож байх ба уг хүсэлт дээр Гачуурт тосгоны захирагч н.Төмөрбаатар 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тамга дарж гарын үсэг зурсан байна.

Маргаан бүхий газрыг Ж.Рэ*********** нь бодит байдалд, цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдээс түрүүлж эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №31 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд зэрэг баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Түүнчлэн Д.Тө******ын газар эзэмшихийг хүссэн хүсэлтэд[4] ...3 жил хашаа барин амьдарсан гэсэн нотлох баримтгүй зүйл дурдагдсан байх бөгөөд тус хүсэлтдээ маргаан бүхий газарт байхгүй байшингийн зургийг хавсаргасан байгааг дурьдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/3***тоот захирамжаар маргаан бүхийг газрыг Д.Тө******, Т.На********* нарт эзэмшүүлэхдээ Ж.Рэ***********ийн бодитоор эзэмшиж байгаа газартай давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай А/3***дугаар захирамжийн хавсралтын Доржсүрэнгийн Төгсбаяр, Тү************* Н*************нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: М.БАТЗОРИГ