Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 61

 

МАГАДЛАЛ

 

2020.01.08                                                 Дугаар 61                                   Улаанбаатар хот

 

 

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дүгээр шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Т, Д.О  нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 403 975 төгрөг гаргуулан “ХБУ ” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009481 дугаарт бүртгэлтэй, 50 м.кв талбайтай З өрөө орон сууцыг талууд үний талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр НШШГГ-ын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор “СЭ ” ХХК-ийг шинжээчээр томилжээ. “СЭ ” ХХК нь дээр дурдсан хөрөнгийг 96 728 940 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, бодитой үнэлээгүй байх тул 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжаар С.Т, Д.О  нараас 130 403 975 төгрөг гаргуулан “ХБУ ” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй, харилцах, хадгаламжийн зарлагын гүйлгээг зогсооход мөнгөн хөрөнгө илрээгүй тул төлбөр төлөгчдийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009481 дугаарт бүртгэлтэй, 50 мкв талбайтай З өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Битүүмжилсэн хөрөнгийг төлбөр төлөгч нар 190 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч “ХБУ ” ББСБ ХХК нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгө үнэлгээний “СЭ ” ХХК нь 96 728 940 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хуульд зааснаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 3 байр, 19 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “СЭ ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2019/07180 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Түмээд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу төлбөр авагч “ХБУ ” ББСБ” ХХК-д 130 403 975 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул “СЭ ” ХХК-ийг шинжээчээр томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа нөхцөл байдлыг тодруулан 96 728 940 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Харин “СЭ ” ХХК нь хөрөнгө үнэлэхэд ашигласан мэдээлэлдээ утасны дугаар, зарын дугаар, огноог дурдаагүй хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “шүүгч шийдвэр гаргахдаа тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх танхимаас гарахыг шаардаж гаргасан” гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                         ШҮҮГЧИД                                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ