Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бо***********овогт Ю*********** Ня*********** /РД:АЗ***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар,

Харицагч: Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албад тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Улсын бүртгэгч Д.У********“Тэнүүн тулга” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэхдээ Хуулийн этгээдийн хууль зөрчсөн болохыг тогтоолгож, төлбөр төлөгч “Тэ******** ” ХХК-ийг хууль бусаар татан буулгаж улсын бүртгэлээс хассан 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 100********  дугаартай улсын бүртгэгч Д.У******** бүртгэлийг, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********, хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц********, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т********, нарийн бичгийн дарга Б.Ба******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Ня********нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Ю.Н******** миний бие нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 287 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 64.025.482 төгрөгийг төлбөр төлөгч “Тэ********” ХХК-иас гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 28.787.040 төгрөгийн үлдэгдэлтэй болж байсан.

Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалтай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр очиж танилцахад төлбөр төлөгч “Тэн********” ХХК-ийг татан буулгасан тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж тайлбарласан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт байгаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Зо******** нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд миний хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байсан.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсанаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/******** дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар олж мэдлээ. Гэхдээ хэн гэдэг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар би одоо хүртэл мэдээлэл авч чадаагүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үндэслэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.У********н төлбөр төлөгч “Тэ********” ХХК-ийг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр татан буулгаж, улсын бүртгэлээс хассан бүртгэл байгаа юм.

Төлбөр төлөгч “Тэ********” ХХК-ийг ямар үндэслэлээр татан буулгаж, улсын бүртгэлээс хассан талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7/*******”дугаар албан бичгээр, хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8/*******” дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн.

Дээрх албан бичгүүдтэй танилцахад улсын бүртгэлийн байгууллага нь төлбөр төлөгч “Тэ*******” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасахдаа зөвхөн тухайн компанийн хүсэлтийн дагуу татварын байгууллагын маягтыг үндэслээд өртэй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан шийдвэр гаргажээ.

2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргана” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-т заасан баримт бичгийг үндэслэж бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24.1-т заасан хугацаанд холбогдох бүртгэх байгууллагад ирүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэхдээ заавал шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоно.

Өөрөөр хэлбэл “Хуулийн этгээдийг татан буулгах тухай” шүүхийн шийдвэрийг бүртгэх -байгууллагад шүүхээс ажлын гурван хоногийн дотор хүргүүлснээр бүртгэлийн байгууллага тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ гэж тодорхой ойлгогдохоор хуульд заажээ.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллагын ажилтан нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр зөвхөн төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-ийн хүсэлтийн дагуу хуулийг зөрчин өртэй крмпанийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэсэн нь үндэслэлгүй бөгөөд улсын бүртгэгчийн хууль бус бүртгэлийн улмаас иргэн миний тухайн компаниас төлбөрөө гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа юм.

Мөн улсын бүртгэлийн байгууллага нь шинэчлэгдэн батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-ийг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэсэн.

Улсын бүртгэгч нэгэнт шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш улсын бүртгэлд бичилт хийж байгаа бол шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөнө тухайн хуулийн заалтыг үндэслэл болгож баримтлах ёстой байсан.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт “татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дэх хэсэгт “өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа”-г татан буулгах комиссоос шаардана гэж заажээ.

Хэрвээ улсын бүртгэгч ажлаа хуульд заасан журмын дагуу хийсэн бол миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.У*******” нь хууль зөрчиж бүртгэл хийсний улмаас өр төлбөртэй компани татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан. Уг компаниас би шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр гаргуулж хохирлоо барагдуулж байсан юм. Үнэн зөв бүртгэл хийгээгүй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн хууль бус актын улмаас надад 28.787.040 төгрөгийн хохирол учирч хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Мөн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж зааснаас үзэхэд татан буулгах комиссыг шүүхээс томилож, татан буулгах комисс шүүх болон гуравдагч этгээдтэй харилцаж татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр хуульчилжээ,

Улсын бүртгэгч нь татан буулгах комиссоос “Тэ*******”ХХК-ийн өртэй эсэх талаар лавлагаа болон хуулийн этгээдийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шаардаж аваагүй учраас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаартай шүүхийн шийдвэрийг ямар ч хэрэггүй цаас болгон хувиргаж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулж байна.

Ийнхүү улсын бүртгэгчийн хууль бус бүртгэлийн улмаас төлбөр төлөгч “Тэ*******” ” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хассан шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон учраас би тухайн компаниас ямар ч төлбөр гаргуулах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөн хохирч үлдэж байгаа юм.

Иймд Улсын бүртгэгч Д.У********“Тэ*******”” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгож, төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-ийг хууль бусаар татан буулгаж улсын бүртгэлээс хассан 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10*******”1 дугаартай улсын бүртгэгч Д.У*******” бүртгэлийг, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Эн*******”түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэ*******” нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-нд холбогдох Ю.Ня*******”йн гаргасан нэхэмжлэлд доорх тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн-шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар захирамжаар “Тэн*******”” ХХК-иас 64.025.482 төгрөг гаргууулж Ю.Н*******” олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111 дүгээр ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажилагааг явуулах явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/4720 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-ийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр татан буугдсан бүртгэлд бүртгэсэн ба, эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй тухай хариу ирүүлсэн.

Компаний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох”-оор заасан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу төлбөр төлөгч “Тэ*******”” ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн ахлах гүйцэтгэгчийн 2015.оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаар тогтоолоор дуусгавар болгосон нь хуулийн дагуу явагдсан.

Иймд иргэн Ю.Ня*******”гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тү*******” нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Тэ*******”” ХХК-ийг татан буулгаж улсын бүртгэлээс хасахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Үүнд:

•       Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

•       Татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

•       Дуусгалтын тайлан;

•      Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34*******” тоот акт болон холбогдох баримтуудыг үндэслэсэн байна. “Тэ*******”” ХХК-ийн эрх бүхий этгээд нь татан буулгах баримтаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манайд хүлээлгэн өгсөн болно.

          Иймд уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Ю.Н*******”ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ю.Нямдаваагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар захирамжаар “Тэ*******”” ХХК-иас 64.025.482 төгрөгийг нэхэмжлэгч Ю.Ня*******”д гаргуулан олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13/3*******” тоот гэрээ байгуулан, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 06 дугаар сарын 19-ний и-и-111 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгч Тэ*******” т*******ХХК нь нэхэмжлэгч Ю.Ня*******” төлбөрийг хэсэгчлэн барагдуулснаар 28.787.040 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 3/476 тоот нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Тэнүүн т*******ХХК-ийн үүсгэн байгуулагчид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдан компанийг татан буулгахаар шийдвэрлэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийгдэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр татвар төлөгчийн бүртгэлээс хасч, улсын бүртгэлээс хасуулах холбогдох баримтыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр хуулийн этгээдийг татан буулгах харилцааг зохицуулсан байх бөгөөд 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана: 32.1.1. өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан; 32.1.4. хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;”, 32.2-т “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.”, 32.3-т “Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.”, 32.4-т “Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.” гэж тус тус заасны дагуу Тэ*******” т*******ХХК нь Өнөөдөр сонины 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн С5 нүүрэнд татан буугдахаар нийтэд мэдээлсэн байна.

Тэнүүн т*******ХХК-ийг татан буулгах хүсэлт, холбогдох баримтыг бүртгэлийн байгууллагад өгөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “25.1.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараахь баримт бичиг бүрдүүлнэ: 25.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 25.1.2.дуусгалтын тайлан; 25.1.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.” гэж заасны дагуу тус компаний үүсгэн байгуулагч нар дээрх материалыг бүрдүүлэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хандсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

Гэвч маргаан бүхий захиргааны акт гарах үед 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэн найруулга үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д “25.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараах баримт бичгийг бүрдүүлнэ: ... 25.1.6.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.” гэж заасны дагуу хариуцагч бүртгэлийн байгууллага уг лавлагааг болон хуулийн дээрх заалтаар бүрдүүлэхээр тогтоосон бусад баримтыг шаардан аваагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.” гэж заасан байх ба Тэ*******” т*******ХХК-ийн хувьд татан буулгах бүртгэл хийгдээгүй, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан хугацаа тоологдох шатанд шинэ хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн тул хариуцагч бүртгэлийн байгууллага 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхдээ өмнөх хуулиар тогтоосон бүрдүүлэх материалын хүрээнд татан буулгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг хохироох үндэслэл болсон байна гэж үзлээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах явцдаа 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/7709 тоот албан бичгээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан бүртгэлийн талаар болон эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх талаар лавлагаа хүсэхэд хариуцагч бүртгэлийн байгууллагаас 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/4*******” тоот албан бичгээр татан буугдсан болон эрх залгамжлагчид эрх үүрэг шилжээгүй тухай хариу хүргүүлсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д “16.1. Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана: төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан буюу төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;” гэж заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хэдий ч уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг хүргүүлнэ.” гэж заасан үүргээ хэрэгжүүлсэн баримт хувийн хэрэгт байхгүй, утсаар мэдэгдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас тус тус үзэхэд нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Н*******”гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын “Тэ*******”” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хассан 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10*******” дугаартай улсын бүртгэгч Д.Уя*******”  бүртгэлийг, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/*******” дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА