Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 83

 

МАГАДЛАЛ

2020.01.13                                                 Дугаар 83                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02959 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ” ТӨҮГ-т холбогдох,

“М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М ” ХХК-ийн охин компани болох “ША ” ХХК-д нууцын ажилтнаар ажилд орсон. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “М ” ХХК нь ТӨҮГ болж өөрчлөгдөж “ША ” ХХК нь “М ” ТӨҮГ-ын үйлдвэр болж өөрчлөгдсөн. Ингээд Б.Г нь “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар нууцын ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байсан болно. Б.Г ажлаа ямар нэгэн дүрэм журам зөрчилгүй хэвийн явуулж байхад “М ” ТӨҮГ-ын ША  үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч ажлын хариуцлага алдаж, хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алт угаагч нар болон хамгаалагчийг ажлын байрнаас хөндийрүүлж, хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэн нууцын ажилтан Б.Г надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаал гарч Б.Г намайг ажлаас чөлөөлсөн болно. ША алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын     10-ны өдрийн Б/22 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Б.Г би “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар нууцын ажилтан албан тушаалд томилогдсон тул ША  алтны үйлдвэрийн захирлын тушаалаар ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн М  ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай тушаал гарч Б.Г намайг ажлаас халсан нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилох тухай, нэхэмжлэгч Б.Г-ын цалин хөлс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 6 545 466 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ША  алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 тоот тушаалын нууцын ажилтан Б.Г , нууцын ахлах ажилтан С.Ж нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгосон байна. ША  алтны үйлдвэрийн нууцын ажилтан Б.Г нь үйлдвэрийн эд хөрөнгө болон алт олборлох үйл ажиллагааг хянадаг хяналтын камерын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангуулаагүй, хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй гэрээт харуул хамгаалагчийн ажил үүрэг, илтгэмжийн дэвтэртэй танилцаж тухай бүр бичгээр үүрэг чиглэл өгдөггүй, илтгэмжийн дэвтрийг баталгаажуулаагүй, дууссан дэвтрийг хүлээн авч хадгалаагүй хяналтыг эрс сулруулж сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул “М ” ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 тоот тушаал гарсан болно. “М ” ТӨҮГ-ын Дотоод Хяналт Мониторингийн хэлтсийн ША  алтны үйлдвэрийн нууцын ажилтан Б.Г-ын үйл ажиллагааны талаарх 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн санал дүгнэлт, мөн “МЗ ” ХХК-ийн ША  алтны үйлдвэрийн хамгаалалтын тухай “М ” ТӨҮГ-ын ША  алтны үйлдвэрийн захиралд хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 61 тоот албан бичиг, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн МРМ9-05-150 тоот гэрээний 10.2.1-к заалт, нууцын ажилтны ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүрэг, Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3 дахь заалт буюу 8.1 дахь заалтад хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, үйлдвэрийн газрын бусад дүрэм, журам, зааврыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн байвал ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар ногдуулна гэсний дагуу шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас халсан “М ” ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Г-ыг “М ” ТӨҮГ-ын ША  алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “М ” ТӨҮГ-аас 6 153 480 төгрөгийг гаргуулж, Б.Г д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “М ” ТӨҮГ-аас 113 405 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралд “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалын аль заалтаар халсан эсэх талаар хурлын явцад тодруулсан бөгөөд хариуцагчийн зүгээс “40 дүгээр зүйлийн 40.1.4-т дэх заалтыг баримталж ША  алтны үйлдвэрийн нууцын ажилтан Б.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж мэтгэлцсэн мөн ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан зэргийг үнэлж, дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Г тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь өөрөө ойлгомжгүй бөгөөд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-д хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж зохицуулсны дагуу хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглээгүй байна гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “М ” ТӨҮГ-т холбогдуулан “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар нууцын ажилтан албан тушаалд томилогдсон тул ША  алтны үйлдвэрийн захирлын тушаалаар ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...үйлдвэрийн эд хөрөнгө болон алт олборлох үйл ажиллагааг хянадаг хяналтын камерын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангуулаагүй, хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй гэрээт харуул хамгаалагчийн ажил үүрэг, илтгэмжийн дэвтэртэй танилцаж тухай бүр бичгээр үүрэг чиглэл өгдөггүй, илтгэмжийн дэвтрийг баталгаажуулаагүй, дууссан дэвтрийг хүлээн авч хадгалаагүй хяналтыг эрс сулруулж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөөлсөн...” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд “М ” ТӨҮГ Б.Г тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг ША  алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд томилж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захирлын Б/90 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 10.2.1-к, дотоод хяналт, мониторингийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн санал, дүгнэлтийг үндэслэн Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан дээрх тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, зохигчдын тайлбар тэдгээрт холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Учир нь хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-к-ийн аль зөрчлийг гаргасан нь тодорхойгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн заалтыг зөрчиж, хугацаатай байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 153 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02959 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 113 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                         ШҮҮГЧИД                                                          Ч.ЦЭНД

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ