Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0350

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: То******* овогт Өлз********* Ал************* /РД:ХГ73********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг,

Хариуцагч: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв,

Хариуцагч: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын хэсгийн байцаагч Жа*************ы Мэн*********** нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын **-ний өдрийн 0002************* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А*************, хариуцагч Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*************, хариуцагч Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*************р, хариуцагч Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын хэсгийн байцаагч Ж. *************нарийн бичгийн дарга Б.Ба*************нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ал************* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ө.Ал*************с миний бие өөрийн өмчлөлийн 00*************НЛ улсын дугаартай “************* s320” маркийн автомашинтайгаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12.00 цагийн орчим Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *************худалдааны төвийн өмнөх буюу ертөнцийн зүгээр хойд хэсгийн талбай дээр байхад цагдаагийн алба хаагчийн хувцастай этгээд хүрч ирээд зорчих хөдөлгөөнийг маань хязгаарлаж, улмаар автомашины урд хэсгээс гэрэл зураг авчихаад хаана ажилладаг, ямар ажил, албан тушаал эрхэлдэг, хэн гэдгээ танилцуулахгүй, гэрэл зураг авах болсон шалтгаанаа тайлбарлахгүйгээр шууд цаашаа буюу ертенцийн зүгээр баруун тийш явчихсан.

Тухайн цагдаагийн алба хаагчийн үйлдлийн зорилго тодорхойгүй, ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд холбогдуулсан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй болохоор автомашиныхаа хөдөлгөөнийг үргэлжүүлсэн болно.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын дундуур оршин суух хаягаар маань ирүүлсэн Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудастай танилцсанаар Жаргалсайханы Мэндсайхан гэдэг нэртэй цагдаагийн алба хаагч нь Ө.Алтангадас намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасан болон Түр буюу удаан зогсох хориотой газар зогссон, Түр буюу удаан зогсох журам зөрчсөн үйлдэлд холбогдуулан 19.200 төгрөгөөр торгох шийтгэврийг гаргасан болохыг мэдсэн билээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр түр буюу удаан зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11-ийн 11.5-д /Түр зогсохыг хориглох тохиолдол/-ын а/-д “уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойрд зайд /тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд/, б; д “явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд, в/-д чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зай; /тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд”, г/-д “төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд”, д/-д “гүүрэн дээр болон доор”, е/-д “хонгил дотор”, Ж-д “гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, з/-д “тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам /зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад/ буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт”, и/-д “үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдсан нөхцөлд зорчих хэсэг дээр”, 11.6 /Удаан зогсохыг хориглох тохиолдол/-ын а/-д “түр зогсохыг хориглосон газарт”, б/-д “төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд” гэж заасан байдаг.

Ө.Ал************* миний бие цагдаагийн алба хаагчийн дохиогоор автомашиныхаа хөдөлгөөнийг хязгаарлаж, түүнийг гэрэл зураг авч дуусахыг өөрийнхөө автомашин дотроосоо ажиглаж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд бусад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй хориглосон газарт автомашин маань түр болон удаан зогсоогүй юм.

Энэ талаархи гомдлоо Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын гэрээт цагдаагийн алба хаагчдыг хариуцсан дээд шатны цагдаагийн байгууллага болох Улаанбаатар хотын цагдаагийн газарт 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан.

Гэтэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд доод шатныхаа байгууллага болох Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагч Н.Бя*************, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын гэрээт цагдаагийн алба хаагч Ж.М************* нарын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хууль зүйн үндэслэлгүй зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ ойлгомжгүй шалтгаанаар биелүүлээгүй болно.

Дээр дурдагдсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас Ө.А************* би Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэм буруутай этгээдэд тооцогдон, мэдээллийн санд бүртгэгдэж, улмаар 19.200 төгрөгийн торгуулийг төлөх ёстой болсондоо туйлын ихээр харамсаж байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00*************  бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Ө.Ал************* миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бя************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“.. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн тайлбар ном:

1.      “ЯВГАН ХҮНИЙ ЗАМ” /хуудас 30/

Зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал, зүлэг хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг:

Явган хүний замыг тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хедөлгөөнийг тусгаарлах, тэдгээрийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулдаг.

Явган хүний зам нь зорчих хэсэгтэй хиллэсэн тохиолдолд зорчих хэсгээс өндөр түвшинд өргөгдсөн хашилт буюу шороон зурвасаар тусгаарлагдсан байна.

Явган хүний замаар тээврийн хэрэсглийн хөдөлгөөнийг хориглодог.

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн тайлбар:

2.   Жолоочийн үүрэг /хуудас 41/ 2.7 Е

Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах,

3.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн тайлбар ном:

11 дүгээр бүлэг /хуудас 92/

11.5 түр зогсохыг хориглох тохиолдол.

11.5А -уулзвар, гарц дээр буюу түүнээс 20 метрээс ойр зайд.

11.5Б -Явган хүний гарц буюу түүнээс 5 метрээс ойр зайд.

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагаас 13 цагийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Дүүхээ худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын явган хүний зам талбай дээр гарч зогсож байсан бенз Е3************* маркийн 0*************2 У**** улсын дугаартай автомашины зөрчлийг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтуудыг үндэслэн фото зургаар баримтжуулан Улаанбаатар Хотын Мэдээлэл шуурхай Удирдлагын Төв рүү шилжүүлсэн болно” гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ху************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Ө.Ал*************сын нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002************* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл Замын цагдаагийн байгууллагын эрх, үүрэгт 8.2.4 Замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах, 25 дугаар зүйлийн 25.2. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох стандартыг зөрчсөн этгээдэд тухайн улсын хяналтын байцаагч холбогдох хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна. 25.3. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх мөнгөн торгуулийн шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулна.

Манай Замын хөдөлгөөний удирдлагын төв нь замын хөдөлгөөнийг хянах техник хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг баримтжуулдаг юм.

Харин илрүүлсэн зөрчлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хяналтын байцаагч баталгаажуулснаар торуулийн мэдэгдэх хуудас хүргэгддэг.

Нэхэмжлэлд дурдсан асуудлаар буюу торгуулийн хуудсыг хүчингүй болгох эрх манай байгууллагад байхгүй бөгөөд зөрчлийг баталгаажуулж, торгуулийн мэдэгдэх хуудас оногдуулах эрх бухий субъект нь хяналтын байцаагч байна.

Иймд нэхэмжлэлээс манай байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хамтран хариуцагч Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын хэсгийн байцаагч Ж.Мэндсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын хэлтсийн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Ж.М************* би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Д************* төвийн хойно явган хүний зам дээр Мерс************* бенз маркийн 00************* улсын дугаартай авто машин нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7е заалтыг зөрчин /Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн зөрчлийг зөрчил гэж үзэн, Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн ахмад Н.Бя************* нь зургийг авч баримтжуулан замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлсэн. Уг зөрчлийг хяналтын хэлтсийн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Ж.М************* миний бие нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-г баримтлан /Явган хүний гарц дээр буюу замын тэмдэгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан/ гэж заасныг баримлан уг зөрчлийг хянаад марк, улсын дугаарыг тулгаж шалгаад зөрчилгүй байсан учир баталгаажуулан уг торгуулийг эзэмшигчийн гэрийн хаягаар оногдуулсан.

Дүүргээс ирж байгаа зурган зөрчлийг тухайн үед дүрэм зөрчсөн гэж үзэн зураг авч баримтжуулсан зохицуулагч хариуцдаг.

Манай хэлтэс нь зөрчил гэж авсан зургийг Замын хөдөлгөөн техник технологи, мэдээллийн баазыг ашиглан зөрчил гаргагчийн эзэмшлийн хаягаар торгуулийн хуудсыг баталгаажуулан хүргүүлдэг болно.

Ме*************маркийн 00************* улсын дугаартай Ө.Ал************* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-г зөрчсөн гэж үзэж байна“ гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ө.Ал*************ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Ө.Ал************* нь Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00************* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгуулахаар Улаанбаатар хотын Цагдаагийн газарт 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “...Цагдаагийн ахмад Н.Бя************* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ...таны гаргасан зөрчилд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу бэлэн бусаар торгох мэдэгдэх хуудсанд дурдагдсан 19.200 төгрөгөөр торгох шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байна” гэх хариуг авсны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, 6.4-т “Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

2.      Маргаан бүхий акт, түүний үндэслэлийн талаар:

Цагдаагийн ахлах дэслэгч Жа*************ы Мэ************* нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 000*************4 бүртгэлийн дугаартай Зөрчилд ногдуулсан шийтгэврийн хуудсаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хорооллын эцсийн Дү*************төвийн замд “Түр буюу удаан зогсох журам зөрчих” /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг/ зөрчил гаргасан В************* маркийн 0*************НЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Өл************* овогтой Ал************* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд бэлэн бус торгууль ногдуулах журам”-д тус тус заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх 19.200 төгрөгөөр торгож, 15 хоногийн дотор Төрийн сангийн 1 дүгээр эгнээ хүү, торгуулийн орлого 20************* тоот дансанд 19200 төгрөгийг тушаахыг мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс уг зөрчилд ногдуулсан шийтгэврийг эс зөвшөөрч “...миний бие өөрийн өмчлөлийн 00************* улсын дугаартай машинтайгаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д*************-1 худалдааны төвийн өмнөх буюу ертөнцийн зүгээр хойд хэсгийн талбай дээр байхад цагдаагийн албан хаагчийн хувцастай этгээд хүрч ирээд зорчих хөдөлгөөний хязгаарлаж, улмаар автомашины урд хэсгээс гэрэл зураг авчхаад хаана ажилладаг, ямар ажил, албан тушаал эрхэлдэг, хэн гэдгээ танилцуулахгүй, гэрэл зураг авах болсон шалтгаанаа тайлбарлахгүйгээр шууд цааш явсан” гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагаас 13 цагийн хооронд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Дү************* худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын явган хүний зам талбай дээр гарч зогсож байсан бенз Е32О маркын 0002 УНЛ улсын дугаартай автомашины зөрчлийг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтуудыг үндэслэн фото зургаар баримтжуулсан” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Ал************* ыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед 00************* улсын дугаартай В************* Е320 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүүхээ худалдааны төвийн хойно явган хүний зам талбай дээр зогсож байхад нь Баянгол дүүргийн Замын цагдаагийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Б************* нь зөрчлийг илрүүлж фото зургаар баримтжуулан холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ө.Ал************* нь явган хүний зорчих хэсэгт  автомашинаа тавьсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “....Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан ...” гэж заасан зөрчлийг гаргасныг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн машинаас болж явган зорчигчид хөдөлгөөнд оролцож чадахааргүй нөхцөл үүссэн эсэхийг хариуцагч бүрэн тогтоогоогүй байна.

Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зөрчилд холбогдсон этгээд нь “...зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах, шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар дээрх эрхүүдээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцож, ямар зөрчилд холбогдуулан баримт бүрдүүлж байгаа талаар танилцуулж, зөрчлийн талаар тайлбар гаргах эрхээр нь хангаагүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн уг зөрчил нь хяналтын камераар илрүүлсэн зөрчил бус эрх бүхий албан тушаалтан өөрийн биеэр илрүүлж, баримтжуулан авсан байх тул Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан дээрх ажиллагаануудыг явуулах бүрэн боломжтой байхад хуульд заасан ажиллагааг хариуцагч нь явуулж, нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдсон этгээдийн хуульд заасан эрхийг хангаагүй байхын зэрэгцээ мөн хуулийн 17 дугаар зүйлд “Зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан дараахь нөхцөл байдлыг тогтооно”, 1/ зөрчил нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх; 2/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх;  3/ зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх; 4/ нэмэгдэл баримт сэлт зайлшгүй шаардлагатай эсэх; 5/ захиргааны хариуцлагад татагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ямар нэг хүсэлт гаргасан эсэх; 6/ холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх” гэж заасан ажиллагааг явуулаагүй болох нь нотлогдож байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн ахмад Н.Б************* нь нэхэмжлэгчийг 0*************У*************улсын дугаартай автомашинаа явган хүний зорчих хэсэг рүү оруулан байрлуулсныг илрүүлсэн даруйдаа хуульд заасан ажиллагааг нэхэмжлэгчийн оролцоог хангасны үндсэн дээр явуулах бүрэн боломжтой байхад энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар нь хуульд заасан журмыг зөрчиж, нэхэмжлэгчид захиргааны акт гарган торгууль ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Ал************* ын тус шүүхэд гаргасан “Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002************* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 3, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ал*************ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002************* бүртгэлийн дугаартай зөрчилд ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгч Ө.Алтангадаст олгосугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА