Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 85

 

МАГАДЛАЛ

2020.01.13                                                 Дугаар 85                                      Улаанбаатар хот

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/03184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХААХҮЯ-нд холбогдох,

Улаан буудайнд ногдох урамшууллын мөнгө 351 770 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Засгийн газраас жил бүр гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор улаанбуудайн 1 тонн тутмын үнийг тогтоож, уг үнээр дотоодын гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 тонн тутамд засгийн газраас тогтоосон үнээр ХХААХҮЯТЭДС-аар  /ТЭДС/ дамжуулан мөнгөн урамшуулал олгодог. Уг урамшууллын хэмжээг засгийн газар жил бүр харилцан адилгүй тогтоодог. “Г” ХХК нь ард иргэдээ хямд гурил, төмс, хүнсний ногоогоор хангах зорилго тавин 20 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 2012-2017 оны хооронд “Г” ХХК нь ХХААХҮЯ-ны ТЭДС-аар 123 172 тонн улаанбуудайн урамшуулалд            10 161 662 756.73 төгрөг авч 10 513 440 256.73 төгрөгийн урамшуулалд ногдох             134 104.14 тн улаанбуудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Манай компани 2012-2017 оны хооронд гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай нийлүүлсэн материалуудаа ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС-нд өгсөн. ХХААХҮЯ-ны ТЭДС нь урамшууллын материалыг үндэслэн нэг тонн тутамд Засгийн Газраас     тогтоосон үнээр бодож урамшууллыг улаанбуудай нийлүүлсэн материалаа ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох үүрэгтэй. Манай компани 2012-2017 оны хооронд нийлүүлэх үүрэгтэй байсан 123,172 тонн улаанбуудай нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлж илүү 10 932.14 тонн улаанбуудай нийлүүлж уг илүү нийлүүлсэн урамшуулалд ХХААХҮЯ-ны ТЭДС-аас 351,770,500 төгрөгийн урамшууллын мөнгөний авлага үүссэн. ХХААХҮЯ-ны ТЭДС-нд 10,932.14 тонн улаанбуудайнд ногдох 351 770 500 төгрөгийн урамшууллын материалаа бүрдүүлж өгчихөөд байхад өнөөдрийг хүртэл манай компанид дээрх мөнгийг шилжүүлэхгүй байгаа учир арга буюу шүүхэд хандахад хүрч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн Сайдын 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 24/34 хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Хүнс буудайнд урамшуулал олгох журамаар MNS-97-2004 стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт нийлүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдэд улсын төсвөөс буудайн тонн тутамд урамшуулал олгодог. Урамшууллын хэмжээг тухайн жилийн ургацын байдал, чанарт тулгуурлан засгийн газраас жил бүр шинэчлэн тогтоодог. Тариаланчид нь тухайн жилд тариалсан улаанбуудайнаас стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг нийлүүлсэн тухай холбогдох материалыг бүрдүүлэн орон нутгийн хөдөө аж ахуйн газраар дамжуулан тариалан эрхлэлтийг дэмжих санд өгч, сан нь нэгтгэснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар урамшууллыг олгодог. “Г” ХХК нь дангаараа болон хамаарал бүхий компаниудын нэрээр зохих журмын дагуу урамшуулалд хамрагдаж ирсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар сангаас ямар ч урамшууллын авлагагүй, сантай үүссэн өглөг авлагын тооцоогүй болно. Урамшууллын хувьд зөвхөн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд олгодог учир “Г” ХХК-ийн нийлүүлсэн хүнсний улаанбуудайн хэмжээ болон урамшуулалд хамрагдах хүнсний улаанбуудайн хэмжээ зөрүүтэй гарна “Г” ХХК нь жил бүрийн урамшуулалтай холбоотой тооцоололтой танилцаж мөнгөн хэлбэрээр урамшууллаа авч тооцоо нийлж ирсэн байна. Сүүлд тооцоо нийлсэн баримтаас авч үзвэл 2019 оны 05 дугаар сарын байдлаар үүссэн авлагыг бүрэн барагдуулж дууссан байна. Сан нь “Г” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/288 дугаар хүсэлтийн дагуу 539 592 700 төгрөгийг түүний хамаарал бүхий 12 компани тус бүрийн татварын төлбөрт нь шилжүүлж тооцоог бүрэн дуусгасан. Тодруулбал, “Г” ХХК-ийн хүсэлтийн дагуу сан нь “Г”       ХХК-ийн 107 604 300, “СХ ” ХХК-ийн 25 075 100, “ШТ ” ХХК-ийн             78 390 900, “СТ ” ХХК-ийн 21 421 400, “БУ ” ХХК-ийн 126 970 000, “СА ” ХХК-ийн 18 063 500, “С ” ХХК-ийн 64 218 700, “ХУ ”  ХХК-ийн 30 904 600, “СТ ” ХХК-ийн 22 240 400, “ГА ” ХХК-ийн   22 422 400, “ТҮ ” ХХК-ийн 22 281 400 төгрөгийг тус тус татварын төлбөрт нь тооцуулан шилжүүлж тооцоо дуусгасан байна. Иймд “Г” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХААХҮЯ-аас 351 770 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн              1 916 863 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт маргааныг хянан шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзвэл шүүх нэмэлт баримт гаргуулах бүрэн эрх зүйн боломжтой байсан. Гэвч зөвхөн хэргийн оролцогч нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах захирамж гаргана” гэж заасныг зөрчиж байна. Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ” гэжээ. Нэхэмжлэгч компани 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байхад хэргийг хэлэлцсэн нь талууд нотлох баримт цуглуулах бүрдүүлэх хугацаа олгоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцоо нийлсэн акт хийснийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч тухайн тооцоо нийлсэн акт нь тооцоололын алдаатай гарсан талаар маргаж байхад тухайн тооцоо нийлсэн актыг үнэн зөв талаар маргаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох бололцоогоор хангаагүй. Нэхэмжлэгч “Г” ХХК болон түүний хамаарал компаниуд нь 2012-2017 онд ТЭДС-аар 123,172 тонн улаанбуудайн урамшуулалд 10 161 662 756,73 төгрөг авч 10 513 440 256,73 төгрөгийн урамшуулалд ногдох 134 104,14 тонн улаанбуудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Нэхэмжлэгч компани 2012-2017 оны хооронд нийлүүлэх үүрэгтэй байсан 123,172 тонн улаанбуудай нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлж илүү 10 932,14 тонн улаанбуудай нийлүүлж уг илүү нийлүүлсэн урамшуулалд 351 770 500 төгрөг авах авлага үүссэн байхад шүүх дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй     болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч ХХААХҮЯ-нд холбогдуулан улаан буудайнд ногдох урамшууллын мөнгө 351 770 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2012-2017 оны хооронд нийлүүлэх үүрэгтэй байсан 123,172 тонн улаанбуудай нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлж илүү 10 932.14 тонн илүү нийлүүлсэн урамшуулалд ХХААХҮЯ-ны ТЭДС-аас 351 770 500 төгрөгийн урамшууллын мөнгөний авлага үүссэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г” ХХК-ийн хүсэлтийн дагуу сан нь “Г” ХХК-ийн 107 604 300, “СХ ” ХХК-ийн 25 075 100, “ШТ ” ХХК-ийн 78 390 900, “СТ ” ХХК-ийн 21 421 400, “БУ ” ХХК-ийн 126 970 000, “СА ” ХХК-ийн 18 063 500, “С ” ХХК-ийн 64 218 700, “ХУ ” ХХК-ийн 30 904 600, “СТ ” ХХК-ийн 22 240 400, “ГА ” ХХК-ийн 22 422 400, “ТҮ ” ХХК-ийн 22 281 400 төгрөгийг тус тус татварын төлбөрт нь тооцуулан шилжүүлж тооцоо дуусгасан гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд үүссэн маргаанд нэхэмжлэгч тал нотлох баримтаа хангалттай цуглуулан өгөөгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь шинжээчийн дүгнэлтээр 351 770 500 төгрөгийн улаанбуудайг илүү олгосон гэх дүгнэлт гарсан гэж байгаа боловч, талуудын хоорондох урамшууллын 539 592 700,09 төгрөгийг татварт тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсний дагуу хариуцагч нь татварыг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэт зааснаар шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах гомдолдоо “өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох бололцоогоор хангаагүй” гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж тэмдэглэгдсэн байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/03184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 916 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                         ШҮҮГЧИД                                                          Ч.ЦЭНД

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ