Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0660

 

                                 

                                       А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарын нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Д, Ц.М, Э.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” б/225 дугаар бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрт “...Хууль сахиулахын их сургуулийн багш ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 2.1-д “энэхүү дүрмийг Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа багш, ажилтан, сонсогч дагаж мөрдөх”-өөр заасан, уг дүрмийн 6.6.12-т Сонсогч нь “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх”, “...зүй бус шаардлага тавих ...харилцааны соёлыг үл баримтлах, сургууль хамт олны дунд болон орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх”-ийг хориглосон хэм хэмжээг нэхэмжлэгч нар зөрчсөн нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Албаны шалгалт явуулах журмын 5.7.2-т зааснаар “сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл, хэрэв хэд хэдэн ...оюутан хамтран сахилга, ёс зүйн зөрчил гаргасан бол оролцсон албан хаагч нарын үйлдэл тус бүрийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тогтоох” ёстой атал нэхэмжлэгч нарын үйлдэл тус бүрийг ялгаж салгаж тогтоогоогүй нь үндэслэлгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Албаны шалгалтын явцад сонсогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бусадтай зүй бус харьцаж, биед нь гэмтэл учруулсан гэсэн 2 төрлийн зөрчил гаргасныг албаны шалгалтаар тогтоосон, шүүхээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг хангалттай нотолсныг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгч нарын үйлдэл тус бүрийг тогтоогоогүй гэж дүгнэсэнд харамсаж байна. Бусадтай зүй бус харьцаж, биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас хохирогчид гомдлоо цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй гэдгийг тайлбарласан.

Шүүхээс “...маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нараас хэн нь Ц.Басхүүг хэл амаар доромжилсон, хэн нь түүний биед гэмтэл учруулсан нь тодорхойгүй байхын дээр албаны шалгалт явуулсан этгээдээс зөрчил гаргасан сонсогч нарт ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг ялгавартайгаар дүгнэж саналаа ирүүлсэн байхад хариуцагч нь А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарт ижил арга хэмжээ буюу бүгдийг нь “сургуулиас хасах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь тохироогүй байна” гэснийг эсэргүүцэж байна.

Албаны шалгалтаар Ш.Д бусдын гарыг хазсан үйлдэл нь тогтоогдон, гараа хазуулсан гэх сонсогчийг цагдаагийн байгууллагад хандах эрхтэй болохыг тайлбарлан, зөвхөн архидан согтуурсан үйлдлээр нь их сургуулиас хассан байхад хэн нь хүний биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэнд харамсаж байна.

Шийдвэрт “...Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургууль, коллежийн дүрмээр тогтооно”, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12.1.18-д “суралцагчийг анги дэвшүүлэх, сургуулиас хасах, сургалт хойшлуулах, сургалтаас чөлөөлөх, чөлөө олгох, суралцагчид цол олгох, бууруулах, хураах” гэж тус тус зааснаар Сургуулийн захирал нь суралцагчийг тушаал гаргаж сургуулиас хасах эрхтэй боловч дээр дурдсан ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т “...сонсогчид холбогдох албаны шалгалтыг Ёс журам, бэлэн байдлын газар, Захиргааны удирдлагын газрын эрх бүхий ажилтны хяналт дор явуулж саналаа Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж заасан байхад Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр Захирал дангаараа шийдвэрлэсэн нь дээрх дүрмийн заалттай нийцэхгүй байна...” гэж дүгнэсэн нь Дээд боловсролын тухай хуульд дурдагдсан дүрэм нь Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан Хууль сахиулахын их сургуулийн дүрэм бөгөөд Их сургуулийн захирлын баталсан ёс зүйн дүрмээс илүү зохицуулалттай гол бичиг баримтын дагуу Их сургуулиас хассаныг багш ажилтан сонсогчийн ёс зүйн дүрмийн заалтыг баримтлах ёстой гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Тус их сургууль нь Цагдаагийн байгууллагын мэргэшсэн хүний нөөцөөр хангах чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага бөгөөд ард иргэдийн амар тайван амьдралын төлөө чин шударгаар ажиллах мэргэжилтэн болох гэж суралцаж байгаа сонсогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусадтай зүй бус харьцсан үйлдэл гаргаж байгааг шүүхээс дээрх байдлаар буруу тайлбарлан хамгаалж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар Их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.1.8, 34 дүгээр зүйлийн 34.6, 35 дугаар зүйлийн 35.1.9-д заасныг тус тус үндэслэн “2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн сонсогч Ц.Басхүүтэй харилцааны зөрчил гарган биед нь халдаж сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэж Цагдаагийн сургуулийн “Цагдаа хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрийн 317 дугаар дамжааны түрүүч А.О, дэд түрүүч Э.Э, сонсогч Ш.Д, 318 дугаар дамжааны сонсогч Ц.М нарыг мөн өдрөөр тасалбар болгон их сургуулиас хассан байна.

А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нараас дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...албаны шалгалт явуулсан үйл ажиллагаа нь Их сургуулийн албаны шалгалт явуулах журмыг зөрчсөн, сахилга ёс зүйн ноцтой зөрчилд ямар зөрчлийг оруулан тооцох талаар дурдаагүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, болсон үйл явдлыг нэг бүрчлэн тогтоогоогүй...” гэсэн үндэслэлээр маргаж, нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нарын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Хууль сахиулахын их сургуулийн шалган нэвтрүүлэх байрны замын баруун талд байрлах “Бөхөд найман” дэлгүүрийн үүдэнд сонсогч Ц.Басхүүтэй маргалдсан үйлдэлд Хууль сахиулахын их сургуулийн Ёс журмын ахлах офицер, ахлах дэслэгч Э.Хосбаяр албаны шалгалт явуулж, “нэхэмжлэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Басхүүгээс тамхи нэхэж, үг хэлээр доромжлон биед нь халдаж гэмтэл учруулсан” гэж үзсэн байна.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт явуулах журам”-ын 5.7,  5.7.2-т зааснаар албаны шалгалт явуулах үед сахилга, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл, хэрэв хэд хэдэн алба хаагч, ажилтан, сонсогч, оюутан хамтран сахилга, ёс зүйн зөрчил гаргасан бол оролцсон албан хаагч нарын үйлдэл тус бүрийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг заавал шалгаж тогтоосны эцэст захиргааны байгууллага хариуцлага тооцох үүрэгтэй байна.

2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Хууль сахиулахын их сургуулийн шалган нэвтрүүлэх байрны замын баруун талд байрлах “Бөхөд найман” дэлгүүрийн үүдэнд болсон үйл явдалд нэхэмжлэгч А.О, Ш.Д, Ц.М, Э.Э болон цагдаагийн сургуулийн сонсогч Ц.Басхүү нар оролцсон байхад албаны шалгалтаар тэдний үйлдэл тус бүрийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг шалгаж тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч нарт нэгэн адил сургуулиас хасах шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзах, гэм бурууд тохирсон байх, гаргасан зөрчил нь тогтоогдсон байх дээрх дүрмийн заалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нараас тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн боловч маргаан бүхий акт нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн сонсогч Ц.Басхүүтэй харилцааны зөрчил гарган биед нь халдаж сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр гарсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн архидан согтуурсан үйлдлээр нь их сургуулиас хассан байхад хэн нь хүний биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1-д “Энэхүү дүрмийг Хууль сахиулахын их сургуулийн захирлын үйл ажиллагаанд оролцож байгаа багш, ажилтан, сонсогч дагаж мөрдөнө”, 8.4-д “...сонсогчид холбогдох албаны шалгалтыг Ёс журам бэлэн байдлын газар Захиргааны удирдлагын газрын эрх бүхий ажилтны хяналт дор явуулж саналаа Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нарын асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байна.

Гэтэл нэхэмжлэгч нарт холбогдох албаны шалгалтын саналыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр шууд сургуулиас хасах шийтгэл ногдуулсан нь буруу, энэ талаар гаргасан “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмээс илүү зохицуулалттай их сургуулийн дүрмийн дагуу их сургуулиас хассан...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Үүнээс гадна маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН