Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 54

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                      Хэргийн индекс: 114/2016/0030/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэг 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 702 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******д  холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “*******” ХХК-нд  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг   хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал                   

                                                                                                  Ч.Бат-Эрдэнэ

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн  Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч

                                                                                                   Г.Энхсайхан

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                  Б.Саранчимэг  нар оролцов.  

                                                

ТОДОРХОЙЛОХ  нь :

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ний  гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “******* ХХК” нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/184 дүгээр захирамжийн дагуу газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад холбогдох хуулийн дагуу оролцон ялагчаар шалгарч улмаар Дархан-Уул аймгийн  Засаг  даргын  2015 оны  09 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаартай         

захирамжаар  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг,17 дугаар хороололд “Нийтийн орон сууц”-ны  зориулалтаар  500 мкв  талбайтай  газрыг  2  жилийн  хугацаагаар  эзэмшихээр

 

                                                                                                                                                                                                                  С.Documents and Settings\ Захиргаа\Desktop\ШИЙДВЭР.doc

холбогдох гэрээгээ байгуулан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 000317722 тоот газар эзэмших гэрчилгээ, кадастрын зурагаа авсан. Гэтэл ******* А.Энхболд нь  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаартай захирамж нь гарган Дархан-Уул аймгийн Засаг даргын  2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

            Энэ нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Газрын тухайн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль бус гаргасан захиргааны акт гэж үзэж байгаа тул  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн  “*******” ХХК-нд  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ”*******” ХХК–ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

            Аймгийн Засаг даргын 2015 оны А/300  дугаар захирамжаар тус компанид Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороололд 500 мкв талбайтай газрыг эзэмшихээр шийдвэрлэсэн ба 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

            Дээрх газрыг олгохдоо “Нийтийн орон сууцын зориулалтаар газрын төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршилд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах хуудаст Мэргэжлийн хяналтын газрын Барилга, хот байгуулалтын хяналтын улсын байцаагч зөвшөөрөөгүй байхад /үерийн ус зайлуулах сувгийн байршилд хэт ойр/ сонгон шалгаруулалт зарласан  Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7дугаар хавсралтын 22 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 187, 188 дугаар захирамжийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно гэжээ.  

      

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:   Монгол улсын ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг *******ар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300 дугаар захирамжийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга С.Насанбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад мөн “Нийтийн орон сууцын зориулалтаар газрын төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршилд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах хуудаст Мэргэжлийн хяналтын газрын Барилга, хот байгуулалтын хяналтын улсын байцаагч зөвшөөрөөгүй байхад /үерийн ус зайлуулах сувгийн байршилд хэт ойр/ сонгон шалгаруулалт зарласан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7дугаар хавсралтын 22 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд “*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд  шүүх хуралдаанд  хэлэлцэгдсэн  нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд  нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 байршилд газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж улмаар нэхэмжлэгч “*******”  ХХК нь 1 дүгээр нэгж талбарт буюу Дархан сумын  8 дугаар баг 17 дугааар хороололд “ Нийтийн орон сууцны”  зориулалттай 500 м.кв газрыг эзэмшихээр шалгарсан нь хэрэгт авагдсан нэгж талбар тус бүрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, байршлын зураг, төсөл, сонгон шалгаруулалтын дүн, төслийн нэгдсэн үнэлгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулах комиссын  2015 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл  зэргээр нотлогдож байна.

            ******* /асан/ С.Насанбат 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр А/300 дугаар “Төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гарган түүний  хавсралтаар “*******” ХХК-д  Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороололд  “Нийтийн орон сууцны”  зориулалттай 500 м.кв газрыг эзэмшихээр шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2015 оны А/184 дүгээр захирамжийг үндэслэсэн байх бөгөөд захирамжийг үндэслэн “*******” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317722 дугаартай гэрчилгээ олгосоноор нэхэмжлэгч “*******” ХХК-ний газар эзэмших эрх нь баталгаажээ.

            Хариуцагч ******* А.Энхболд нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А/330 дугаар “Захирамжуудыг хүчингүй болгох тухай” захирамж гарган захирамжийн 1 дэх заалтаар “Төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлийн 32.7, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 187, 188 дугаар захирамжуудыг үндэслэл болгосон байх бөгөөд С.Насанбат аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрх дуусгавар болсон 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  А/300 дугаар захирамжийг батлан гаргасан тул уг захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  

 Учир нь:  

            Монгол улсын Ерөнхий сайдын С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар, А.Энхболдыг *******ар томилсон 188 дугаар захирамжууд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ирсэн бичгийн бүртгэлийн карт”-нд 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр ирсэнээр бүртгэгдсэн, ******* /асан/ С.Насанбат 2015 оны 09 дугаар сарын 24-ны өдөр А.Энхболдод Дархан-Уул аймгийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 09 дугаар сарын 21-ны өдрийн А/10 “Комисс томилох тухай” захирамж, аймгийн Засаг даргын ажил хүлээлцүүлэх комиссын хурлын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажил хүлээлцүүлэх тухай” ХЭГ/1823 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын ажил хүлээлцүүлэх комиссын хурлын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, 24-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож  байна.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж тодорхойлсноос үзэхэд Монгол улсын Ерөнхий сайдын С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжинд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг  ажлаас халах тухай шийдвэрт заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасанаар ******* /асан/ С.Насанбатын А.Энхболдод Дархан-Уул аймгийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн 2015 оны 09 дугаар сарын 24-ны өдрийг С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан өдөр гэж үзнэ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн******* ” ХХК-ийг газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөлд шалгаруулсан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын  22 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх  үндэслэл нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулах комиссын  2015 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл зэргээр няцаагдаж байгаа болно.

            Иймд Хариуцагч ******* А.Энхболдын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгуууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх хуулийн заалттай нийцээгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийн  газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “*******”  ХХК-д  холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

        

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ