Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/01764

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 4 30 181/ШШ2024/01764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Амармэнд, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... байрлах, СБПГ рын төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....оршин суух, С.С /Регистрийн дугаар: .../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14.153.255 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А., хариуцагч С.С., иргэдийн төлөөлөгч Б.Л.н, Г.А. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньС.С т холбогдуулан гэм хорын хохиролд 14.153.255 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/01803 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Ризааны Цолмонг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Цолмонг Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-өөс 14.153.255 төгрөгийг гаргуулж Р.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Р.Цолмонг ажилд нь эгүүлэн тогтоож, Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-өөс 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2.153.255 төгрөг, нийт 14.153.255 төгрөгийг гаргуулж, Р.Цолмонд олгосон байна. Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирал буюу эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг шүүх илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгохыг тус төвд даалгаж шийдвэрлэсэн нь ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн байгууллагаас төлөх үндэслэл болж мөнгөн дүнг төлсөн нь төрд хохирол учирсан гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэмт хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус хуульчилсан.

Дээрх тохиолдолдС.С тухайн төрийн байгууллага буюу Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан, тус байгууллагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж гаргуулаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-өөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн хүсэлттэй танилцаад захирлаар ажиллаж байсанС.С аас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Р.Цолмонгийн ажилгүй байсан хугацааны цалин болох 14.153.255 төгрөгийг улсын төсвөөс олгосныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу төвийн захирлаар ажиллаж байсанС.С аас гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлаар томилогдон 5 жил 8 сар ажиллаж 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн билээ. Ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын удирдлагын болон хүний нөөцийн, санхүү аж ахуйн менежментийг өөрт олгогдсон эрх хэмжээ, эрх зүй хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж Боловсролын яам болон бусад удирдах байгууллагаас гарч буй бодлогын хүрээнд нийцэн ажилласан гэж боддог. Хэл бичиг, Уран зохиолын багш Р.Цолмонг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийн үндэслэл буруу гэсэн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд түүнийг хэрэгжүүлсэн. Энэ бол миний төрийн өмнөөс хүлээсэн үүрэг. Харин байгууллагын дотоод эв нэгдэл, бусадтай нийцэн ажиллах чадвар дутмаг байдал, хувь хүний харилцаа ёс зүйн хувьд Р.Цолмон багш маш хүнд, багш ажилчид бид олон талаас ойлголцох гэж үзсэн боловч дийлээгүй. Өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйл гэмээр /Р.Цолмон багш 65, 58 зэрэг хэд хэдэн сургуульд ороод халагдсан шалтгаан нь бас л ёс зүйтэй холбоотой. Манайхаас халагдсаны дараа 2 дугаар сургуульд ороод мөн л ёс зүйн шалтгаанаар чөлөөлөгдсөн/. Тухайн үед шийдвэр гаргахдаа нэг бол Р.Цолмон багшийг чөлөөлөх, нэг бол хамт олны нэгдмэл байдлыг эвдэж багш ажилчдын шааардлага саналыг умартаж хувиа хичээх гэсэн хоёр л арга зам байсан. Ямар ч байгууллага түүний удирдлага хамт олны өмнөөс шийдвэр гаргахдаа ажиллах таатай нөхцөлөө нэн тэргүүнд тавьж шудрага ёсыг дээдлэх ёстой. Түүнээс өөр миний хувьд Р.Цолмон багштай ямар нэгэн хувийн өс хонзон гэх мэт өөр зүйл байгаагүй. Энэ нь хамт олны шийдвэр гэж үзэх үндэслэл бүрэн байгаа. Миний бие төрийн албан хаагчийн тангарагт зааснаар сайныг дээдлэж, саарыг тэвчихийг баримтлан ирсэн. Төр биет боловч түүний эд эс нь төрийн алба хаагч байдаг. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарсан тул нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс тавин хувийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч Г.А дүгнэлтдээ:С.С ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажилтны ёс зүйгүй үйлдлээс шалтгаалан ажлаас чөлөөлж байсан.С.С нь өрөт олгогдсон эрх үүргийн хүрээнд ажилтнаа халсан байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн дүгнэлтдээ:С.С ажиллаж байх хугацаандаа ажлаас халж, тэр хүн нь хохирол, мөнгөө нэхэмжилсэн байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх нь зөв.С.С нь хуулийн дагуу материал бүрдүүлээгүй гэм буруутай. Гэхдээ мөнгийг бүхэлд нь гаргах учир дутагдалтай гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/174 дүгээр захирамж хуулбараар, мөн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамж хуулбараар, Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 тоот тушаал, мөн төвийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/01 тоот тушаал, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 132/А0270177НТАГ-2023/335/НА-СТН-ТШЗ тоот Төлбөр барагдуулах тухай акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/01803 дугаар шийдвэр зэргийг ирүүлжээ. /хх 3-18, 53-63/

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч СБПГ ар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төвийн захирлаар ажиллаж байсанС.С аас төрд учруулсан гэм хорын хохиролд 14.153.255 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас тавин хувь буюу 7.076.627 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Тэрээр татгалзлын үндэслэлээ: тухайн үед албан үүргээ хэрэгжүүлсэн, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан тул төлөх боломжгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Ажилтан Р.Цолмонг Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн, тухайн тушаалыг гаргах үедС.С тус төвийн захирлаар ажиллаж байсан. Мөн хариуцагчС.С 2022 оны 12 дугар сарын 15-ны өдрөөс өндөр насны тогтоолгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй. /хх 5-7, 61-63/

3.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/01803 дугаар шийдвэрээр Р.Цолмонг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 14.153.255 төгрөгийг Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төвөөс гаргуулж, Р.Цолмонд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонд талууд маргаагүй. /хх 53-55/

3.3.Шүүхийн шийдвэрийг биелүүлж Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-өөс 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2.153.255 төгрөг, нийт 14.153.255 төгрөгийг иргэн Р.Цолмонд төлсөн үйл баримтад маргаагүй. /хх 57-59/

4.Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-өөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлөөлөн нэхэмжлэл гаргах тухай хүсэлтийг гаргаснаар СБПГ раас тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан, энэ нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д нийцнэ.

5.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д энэ хуулийн ...498.2...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

ХариуцагчС.С Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлаар ажиллах явцдаа ажилтныг чөлөөлөх шийдвэр гаргахдаа ажилтан сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан өөрийн хүсэлтээр хэмээн тушаал гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Энэ нь Төрийн албан хаагч, тэр дундаа ажилтныг томилох чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг удирдах албан тушаалтны хувьд хууль дээдлэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүргээ зөрчсөн үйлдэлд хамаарах бөгөөд Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

Хариуцагчийн гаргасан тушаалын улмаас захиргаа ажилтанд олговрыг олгосноор байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан, улмаар гэм хорыг арилгасан байгууллага буюу төр өөрт учирсан хохирлыг буцаан /регресс/ шаардсан нь дээрх хуульд нийцнэ. Ийнхүү хариуцагчийн гэм буруугийн улмаас төрд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

  6.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, 230 дугаар зүйлийн 230.3-т гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заасан.

Харин шүүх төлбөл зохих хохирлын хэмжээ, хариуцагчийн гэм буруугийн шинж чанар, хэм хэмжээнд тохирсон байх учиртай тул хохирлын хэмжээг дараах үндэслэлээр багасган тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг энэ хуулийн 131 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан тул шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байсныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний /гүйцэтгэх удирдлага, контракт/ ажилтантай дүйцүүлэх замаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй гэсэн зохицуулалтыг энэ маргаанд нөхөн хэрэглэж хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх маргааны онцлог буюу ажилтан ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан шинж байдлыг харгалзаж, Төрийн албан хаагч /улс төрийн, үйлчилгээний, тусгай, жинхэнэ албан хаагч/ болоод Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж байгаа Хөдөлмөрийн гэрээний ажилтан /хувийн хэвшлийн байгууллага/ бүгд адилхан ажилтнаас учруулсан хохирлыг буцаан шаардах нөхцөлд адил тэгш байх зарчим үйлчлэх учиртай гэж дүгнэв.

ХариуцагчС.С Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-ийн захирлаар ажиллах үедээ албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд ТҮБД-7-5 шатлалаар цалин хөлс тооцогддог байсанд маргаагүй.

Хэрэгт баримтаар хариуцагчийн цалин хөлсийг тогтоосон баримт авагдаагүй хэдий ч шүүх одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128[1] дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ-д ТҮБД-1 ангилалын үндсэн цалин болох 1.210.000 төгрөгийг 6 сараар тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчС.С аар гэм хорын хохиролд 7.260.000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.893.255 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Иргэдийн төлөөлөгч Г.АмартүвшинС.С нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажилтны ёс зүйгүй үйлдлээс шалтгаалан ажлаас чөлөөлж байсан. Энэ үйлдэл нь удирдах албан тушаалтны шийдвэр байсан.С.С нь ажлаас чөлөөлөгдөх буюу тэтгэвэртээ гарсан хүний хувьд нэхэмжилсэн мөнгөн дүнг одоогийн цалингийн 6 сартай тэнцэх хэмжээгээр нөхөн төлөх нь зүйтэй. Тэрээр гэм хорын хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гаргасан гэж, иргэдийн төлөөлөгч Б.ЛхагвасүрэнС.С ажиллаж байх хугацаандаа ажлаас халж, тэр хүн нь хохирол, мөнгөө нэхэмжилсэн байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх нь зөв.С.С нь хуулийн дагуу материал бүрдүүлээгүй гэм буруутай тул нэхэмжилж буй мөнгөн дүнгийн 50 хувийг төлөх нь зүйтэй гэж тус тус дүгнэсэн. Гэм буруугийн хувьд дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирсон, харин хохирлын хэмжээг шүүх баримтын хүрээнд шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаарС.С аас 7.260.000 /долоон сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв-д оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.893.255 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчС.С аас улсын тэмдэгтийн хураамжид 131.110 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн 100200600941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

А.ЦЭЛМЭГ

 

 

 


[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089709915431&showType=1 цахим сайтад байршсан тул нотлох шаардлагагүй. ИХШХШТХ 40.4-т зааснаар үнэлэв.