| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2016/00516/И |
| Дугаар | 181/ШШ2024/01765 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/01765
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2024/01765 | Улаанбаатар хот | ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .....тоотод байрлах,ИМ ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .тоотод оршин суух, Б.Б /РД:....4/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.549.904.110 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2.089.696.091 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., Ж.Б.л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б.н, Ж.Б.т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь Б.Б д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.549.904.110 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
ИМ ХХК нь иргэн Б.Б тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэн Б.Б гаас гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэхБИЭК ХХК-д шилжүүлсэн бөгөөд ИМ ХХК ньБИЭК ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. ИМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан баБИЭК ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.
Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачлагчаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна. Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Энэ талаар гүйцэтгэгч тухай бүр албан бичгээр болон албан уулзалтаар нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвшилцөлд хүрэхээр чармайлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй.
Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүй.
Захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978.302.183 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний нийт алданги 1.076.655.604 төгрөг болж тус компанид их хэмжээний хохирол учирсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байдалд хүргээд байна.
Иймд иргэн Б.Б гаас гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978.302.183 төгрөг, гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489.151.092 төгрөг, нийт 1.467.453.275 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1-д Магадлашгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2 хувь, үйлдвэрийн зориулалттай объектод 3 хувиар тус тус тооцно." гэж заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадлашгүй ажлын зардлыг 2 хувь байхаар төсөвлөн тохиролцсон. Барилга угсралтын ажлын явцад дараах магадлашгүй ажлын зардал гарсан.
Үүнд: Барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47.699.445 төгрөг,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11.984.115 төгрөг,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38.542.275 төгрөг,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2.000.000 төгрөг, нийт 100.225.836 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулбал: гэрээт ажлын хөлс 3.600.000.000 төгрөг, үүнээс 2.463.327.810 төгрөгийг төлсөн. Дутуу үлдээсэн өрлөгийн ажлын хөлс 300.327.544 төгрөг, барьцаа 180.000.000 төгрөгийг суутгаад үлдэгдэл ажлын хөлс 656.344.646 төгрөгийг төлөөгүй.
Захиалагчийн зааврын дагуу 10 давхарын зургийг өөрчилж, 10 давхарын цутгалтын ажил хийсэн. Сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэлт ажлын хөлс 96.000.000 төгрөг болсон. Мөн дотор гэрэлтүүлгийн ажлын хөлс 13.757.537 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 сараас 2016 оны 7 сар хүртэл хугацааны зардал 20.350.000 төгрөг болж нийт 786.452.183 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Үүнээс алданги тооцвол 393.226.091 төгрөг, барьцааны 180.000.000 төгрөгнөөс алданги 90.000.000 төгрөг тус тус тооцон нэмж нийт 1.449.678.274 төгрөг болсон. Магадлашгүй ажлын зардал 100.225.836 төгрөгийг нэмж нийт 1.549.904.110 төгрөг болсон.
Иймд Б.Б гаас 1.549.904.110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
ИМ ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын хоорондох гэрээнд хийгдэх нийт ажлын үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байна. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан байдаг. Гэрээний 9.1.1-т 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилга угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулахаар заасан.
Гэрээний 2.1-д гүйцэтгэгч ИМ ХХК энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 мкв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгээр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл ИМ ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 7 сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн.
Гэрээний 2.3-т ...0-10 давхрын өрлөгийн ажил, 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх ... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй.
Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй.
Иймд гэрээний 9.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг ИМ ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав.Хариуцагч ньИМ ХХК-д холбогдуулан 2.089.696.091 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:
Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан 2.089.696.091 төгрөгийн хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд:
3.1.Гэрээний 11.1 болон 2017.03.22-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах буюу ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасуулах, Үүнд:
a. Гадна дулааны ажлын зардалд 152.615.194 төгрөг
b. Цахилгааны ажлын зардалд 134.911.700 төгрөг
c. Гадны бохирын ажилд 47.469.750 төгрөг
d. Гадна цэвэр усны ажилд 47.469.750 төгрөг, нийт 382.466.444 төгрөг
3.2.Гэрээний 6 зүйл Хяналт, 7 зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406.800.000 төгрөг, /Үүнийг 1-6 давхрын арматурын үнийн дүнгээр тооцов/
3.3.Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192.000.000 төгрөг,
3.4.Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468.000.000 төгрөг,
3.5.ИМ ХХК нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.5-д Дуусах: 2015.9.10, 2.4-д Барилгын техникийн давхрыг 2015.9.10-нд дуусгана. Ийнхүү барилга угсралтын нийт ажлуудыг 2015.09.10-ны өдрийн дотор дараах үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байхаар талууд тохиролцов гэж заасныг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул уг гэрээний 10.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу үлдэгдэл төлбөрт ногдох үүргийн гүйцэтгэлийн алдангид 610.000.000 төгрөгийг гаргуулах,
3.6.Уг барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Капитал банктай 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119,000 ам долларын зээл авсан. Иргэн Б.Б гийн зүгээс тухайн зээлийг ИМ ХХК-иар захиалан бариулж буй барилгын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх зорилгоор авсан бөгөөд уг барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсны орлогоос зээлээ эргэн төлөхөөр төлөвлөсөн болно. Гэвч ИМ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, барилгын ажлыг дуусгалгүй саатуулсны улмаас авсан зээлээ төлж барагдуулах боломжгүй болсон. Иймд ИМ ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас иргэн Б.Б д учирсан хохирол болох 12,726 ам.доллар (512 ам доллар төлөгдсөн, 12,214 ам доллар хугацаа хэтэрсэн төлбөр) буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож 30.429.647 төгрөгний хохирлыг гаргуулах,
Дээрх үндэслэлийн дагуу нийт 2.089.696.091 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ИМ ХХК-иас иргэн Б.Б гийн оффис үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг анх 3.934.110.473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал гаргасан. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг хасч, барилга угсралтын ажлын төсөвт өртгийг 3.600.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлд 3.307.819.085 төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар боловсруулсан төсөв гаргаж өгсөн гэдэг нь зориудын төөрөгдүүлсэн мушгин гуйвуулсан тайлбар байна.
Манай компани ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрд гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан. Үүнд 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн.
1.2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхар, гараашийн суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941.387.765 төгрөгийн 1-р гүйцэтгэл,
2.2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1, 2, 3-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794.658.680 төгрөгийн 2-р гүйцэтгэл,
3.2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4, 5, 6-р давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744 949 317 төгрөгийн 3-р гүйцэтгэл,
4.2015 оны 7 дугаар сарын 31-ний 7, 8, 9, 10 давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826.823.323 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гаргасан.
Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3.307.819.085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үнэнд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзэж байна.
Иргэн Болормаа, ИМ ХХК нарын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлгэн өгчихсөн. Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги нэхэж байгаа нь үндэсгүй.
Капитал банк болон Б.Б нарын хоорондох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээний 3.5-д Зээлийн зориулалт: орон сууцны зээлд зориулагдана гэж, мөн гэрээний 4.2.3-т "...зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдэхгүй байх гэж зээлдүүлэгчийн үүргийг тусгасан. Б.Б гаас ИМ ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна.
Хариуцагч Б Болормаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр уг барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэй, 8539.2 мкв талбайтай, Үйлчилгээ, оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205062966 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг Монгол таг ХХК-д, Монгол таг ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Капитал банк ХХК-д тус тус өмчлөлийг шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас иргэн Б.Б гийн өмчлөх эрх нь эдийн засгийн эргэлтэд орж гуравдагч этгээдүүдэд шилжсэнээр үл хөдлөх өмчлөх Б.Б гийн эрх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна.
Иймд хариуцагч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.
Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Барилга угсралтын гэрээ, Б.Б иргэний үнэмлэхний хуулбар,ИМ ХХК-ийн 2015 оны 281/15 тоот, 304/15 тоот, 307/15 тоот, 313/15 тоот, 331/15 тоот, 333/15 тоот, 374/15 тоот, 392/15 тоот, 2016 оны 050/16, 059/16 тоот, 141/16 тоот, 189/16 тоот албан бичгүүд,БИЭК ХХК-ийн 2016 оны 45 тоот, 48 тоот, 2016/043 тоот албан бичгүүд, 10 давхарын цутгалтын ажлын 12/2015 дугаартай төсөвт өртөг, 025-2014 тоот 3.934.110.473 төгрөгний барилга угсралтын ажлын төсөв, 026-2015 тоот дотор гэрэлтүүлгийн ажлын төсөв, тооцоолол, Хуулийн этгээдийн улсын бүртэлийн гэрчилгээ, 2015 оны ил, далд ажлын актууд /арматурчилсан актууд/, төлбөрийн Нэхэмжлэхүүд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Капитал банкны депозит дансны хуулга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын тодорхойлолт, БИЭАЖЭ ХХК-ийн шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А16/262 тоот тодорхойлолт, Б.Б , БИЭАЖЭ ХХК-ийн нарын хоорондох 2014 оны BSC-01/14 тоот эскиз, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, зураг төсөл, 038-2015 тоот барилгын гүйцэтгэлийн нэгдсэн төсөв, 4 удаагийн гүйцэтгэлийн төсөв, иргэн Н.Адьяахүүгийн бичсэн тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх, Гадаадын иргэн харьяатын газрын тодорхойлолт, Барилгын замын 2-р ангийн хашаанд хийгдсэн төсөвт өртөг, гэрэл зураг, 2015 оны УБТЗ-ын дохиолол холбооны 2 дугаар ангитай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, №3-0/2015 дугаартай холбооны кабель шугам сүлжээний төсөв, 13-2017 тоот холбооны шилэн кабель шугам шилжүүлэх ажлын төсөв, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Иргэн Б.Бүдтэй хийсэн гүйцэтгэсэн ажлын тооцоо, бетон зуурмагийн төлбөрийн тооцоо, Монгол эм импекс ХХК-тай хийсэн 2016 оны 10 дугаар сарын тооцооны үлдэгдлийн баталгаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/01006 тоот захирамж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /улаан дэвтэр/, захиалагчаас өгсөн үүрэг, тавьсан шаардлага зөвлөмж,ИМ ХХК, ҮҮр тээл ХХК нарын хоорондох 2015 оны өглөг, авлагын тооцоо, арматур төмрийн чанарын сертификатууд хятад хэлээр, монгол орчуулгын хамт, 2015 оны бетон сорьцийн лабораторийн шинжилгээний дүн, Арматурын тохирлын гэрчилгээ, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4839 прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 49 тоот прокурорын тогтоол зэргийг ирүүлжээ.
/1хх 4-133, 144, 161-164, 172, 173-187, 2хх 21-52, 54-56, 58-59, 202-213, 243-250, 3хх 1-126, 157-193, 5хх 243-246/
Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Магадлалын Ерөнхий дүгнэлт, Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, 038/2015 гүйцэтгэлийн нэгдсэн төсөв, Барилгын ажил гүйцэтгэсэн тухай 01, 02, 03 тоот актууд,БИЭК ХХК-ийн 2015 оны 15/42 тоот, 2016 оны 2016/043 тоот, 15/09 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Гүйцэтгэсэн ажлын тооцооны хүснэгт,ИМ ХХК, Б.Бүд нарын хоорондох 2014 оны Бетон зуурмаг худалдан авах, тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ, 80.000.000 төгрөгний кассын орлогын ордер,ИМ ХХК-ийн гаргасан хүсэлт,ИМ ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 256/15 тоот хариу, 103-14 тоот, 4229/2014 тоот, 257/2014 тоот ус, цахилгаан, дулааны техникийн нөхцлүүд, Капитал банкны 2018 оны 4/945 тоот албан бичиг, 2015 оны Капитал банктай байгуулсан зээлийн гэрээ, зураг, Барилгын гадна дулаан, узелийн ажлын 305.230.000 төгрөгний төсөв, Суут инженеринг ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үнийн санал, Хариуцагчийн татгалзлын дэлгэрэнгүй задаргаа, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорт гаргасан гомдол, баримт бичиг хүлээлцсэн акт, Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын Захиалагчийн хяналтын дүгнэлт, Г.Пээлээсүрэнгийн 2020 онд хийсэн Барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв, Эд хөрөнгийн доголдол арилгуулах гэрээ, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 5/189 тоот мэдэгдэх хуудас зэргийг ирүүлжээ.
/1хх 135, 196-201, 2хх 2-14, 73, 98-101, 150-151, 165-168, 3хх 235-236, 4хх 4-6, 9-11, 63-73, 161-180, 6хх 22-27, 45-65, 69-78, 79-82, 100-104/
Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр 2016 оны 181/ШЗ2016/08824 тоот захирамжийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэлийн төсөв,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг,
хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2017/07694 шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрч Н.Адьяахүү, Б.Бүд нарын өгсөн мэдүүлэг, 181/ШЗ2017/010135 тоот захирамжийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны тайлбар хүсэлтүүд, шинжээч Ж.Гомбын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,
хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 181/ШТ2018/00287 дугаар шүүхийн тогтоолын дагуу Монголын барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аас ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/106 тоот хариу, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-иас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-2/1489 тоот хариу, Улаанбаатар менежмент ХХК-иас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 294/03 тоот хариу, түүний хавсралтууд, Үүр тээл ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/235 тоот хариу, түүний хавсралтууд,
нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 181/ШЗ2019/13413 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1591 тоот хариу, түүний хавсралтууд,
хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/16093 дугаар захирамжийн дагуу Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/59 тоот хариу, Барилгын төсөвчдийн холбоо-ны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 49/2 тоот хариу, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/218 тоот хариу, тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/16435 дугаар захирамжийн дагуу шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /2хх 119-139, 160-162, 217-222, 3хх 140-141, 149-150, 153-193, 4хх 195-199, 205-226, 5хх 156-207, 7хх 56-57, 109-116/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Их модун ХХК нь Б.Б д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.549.904.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 2.089.696.091 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч үндэслэлээ: гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ч хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан, хийсэн ажлын хөлс 656.344.646 төгрөг, нэмэлт ажлын хөлсөд 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96.000.000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13.757.537 төгрөг, харуул хамгаалалтын зардал 20.350.000 төгрөг, мөн барьцаа 180.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 393.226.091 төгрөг, барьцаа хөрөнгийн алданги 90.000.000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100.225.836 төгрөг, нийт 1.549.904.110 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч татгалзлаа: гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан, ажлын үр дүн доголдолтой, 10 дугаар давхрын цутгалтын ажлыг зураг төсөл зөрчиж хийсэн, мөн гэрээгээр тохиролцоогүй ажлын хөлс нэхэмжилсэн гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: гүйцэтгээгүй дутуу орхисон гадна талбайн тохижилтын ажлын зардал 382.466.444 төгрөг, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал 406.800.000 төгрөг, зураг зөрчиж хийсэн 10 дугаар давхрын ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардал 192.000.000 төгрөг, 3-10 дугаар давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 610.000.000 төгрөг, үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 30.429.647 төгрөг, нийт 2.089.696.091 төгрөг гаргуулна гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.Нэг талаасИМ ХХК, нөгөө талаас Б.Б нар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр харилцан тохирч, Гүйцэтгэгч нь Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн эзэмшлийн газарт оффис, үйлчилгээний зориулалттай төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг шаардагдах бараа материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг өөрөөс гаргаж батлагдсан зураг төсөл, Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэхээр, Захиалагч ажлын хөлс 3.600.000.000 төгрөгийг бэлэн, бэлэн бус хэлбэрээр тохиролцсон хугацаанд төлөхөөр тохирч Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. /1хх 4-10/
Уг гэрээгээр: а/Гүйцэтгэгч суурийн газар шорооны ажил, суурийн бетон цутгалтын ажил, зоорийн давхрын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор гүйцэтгэх, энэ үед захиалагч хөлс 800.000.000 төгрөгийг ажлын акт, нэхэмжлэхийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор төлөхөөр, б/барилгын 1,2,3 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор гүйцэтгэхээр, энэ үед захиалагч хөлс 700.000.000 төгрөг төлөхөөр, в/барилгын 4,5,6 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор гүйцэтгэхээр, энэ үед захиалагч хөлс 700.000.000 төгрөг төлөхөөр, г/ 7,8,9,10 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор гүйцэтгэхээр, энэ үед захиалагч хөлс 700.000.000 төгрөг төлөхөөр, д/барилгын 0-10 давхрын өрлөгийн ажлыг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, энэ үед захиалагч 520.000.000 төгрөг төлөхөөр, е/барилгын техникийн давхрыг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор дуусгаснаар бүхэлдээ барилга угсралтын ажил 2015 оны 9 дүгээр сарын 10-ны дотор дуусгавар болохоор ажил гүйцэтгэх хугацаа, үе шат, төлбөр төлөх нөхцлөө тохиролцсон байна.
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
3.2.Гэрээний зүйл болсон барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар анх 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Б гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205062966 дугаарт бүртгүүлж, түүнд 000487638 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, улмаар Б.Б гаас бэлэглэлийн гэрээгээр Монгол таг ХХК-д, Монгол таг ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр Капитал банкны өмчлөлд шилжиж бүртгэгдсэн болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдсон. /5хх 157-206/
3.3.Ажлын гүйцэтгэлийн явцад санхүүжилт өгөөгүй шалтгаанаар 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гүйцэтгэгч ажлыг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан барилга усралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл буюу улаан дэвтэр дэх тэмдэглэлийн сүүлийн огноогоор тогтоогдсон. /3хх 81/
4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Зохигчид гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх, нэмэлт ажлын хөлс төлөх эсэх, түүнчлэн төлсөн ажлын хөлсний дүнд тус тус маргасан.
4.1.Ажлын хөлсний тухайд:
Нэхэмжлэгчээс ажлын хөлсөд бэлэн, бэлэн бус хэлбэрээр нийт 2.463.327.810 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарласан. Харин хариуцагч дээрх үнийн дүн дээр нэмж 333.860.000 төгрөг, нийтдээ 2.797.187.810 төгрөгийг төлсөн гэж маргасан. Хариуцагч дээрх 333.860.000 төгрөгт иргэн Б.Бүдтэй байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 95.860.000 төгрөг, үерийн усны далангийн ажилд авсан 80.000.000 төгрөг, ажлын тооцоогоор баталгаажуулсан 158.000.000 төгрөг багтсан гэжээ. /6хх 148-151/
а/Их модун ХХК болон иргэн Б.Бүд нарын хоорондох 2014 оны бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний 3.2.3-т зөрүү төлбөр болох 95.860.000 төгрөгийг Баянгол дүүрэг Барс захын зүүн талд баригдаж байгаа иргэн Б.Б гийн барилгын ажлын гүйцэтгэлээс хасч тооцно гэж заажээ. /2хх 99-101/
б/Хэрэгт баримтаар 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Кассын орлогын ордер,ИМ ХХК-ийн Б.Б гийн оффис барилгын байршил дээр байгаа үерийн усны шугамыг холдуулах ажлын хөлсний урьдчилгаа болох 80 сая төгрөг олгож өгөх тухай хүсэлт авагдсан. /2хх 165-167/
в/Мөн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Бүд,ИМ ХХК нарын хоорондох тооцоо нийлсэн баримтад иргэн Б.Б гийн үерийн усны далангийн ажилд нийт 158.000.000 төгрөг олгосон гэж тусгагджээ. /2хх 98-101/
Маргаанд хамаарахИМ ХХК, Б.Б нарын хоорондох 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажилд үерийн усны шугам холдуулах, үерийн усны далангийн ажил анхнаасаа багтаагүй тул энэ маргаанд хамааралгүй, тусдаа ажлын хөлс гэж үзнэ. Түүнчлэн дээрх гурван баримтаас 80.000.000 төгрөг нь сүүлд тооцоо нийлж баталгаажуулсан 158.000.000 дотроо багтсан баримт гэж үзэхээр байна. Харин бетон зуурмаг нийлүүлэх гэрээндээ тухайлан тохирсон тул 95.860.000 төгрөгийг энэ ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцох үндэстэй.
Гэвч хэргийн баримтаар Капитал банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нийт 1.964.325.000 төгрөг хүлээн авсан /1хх 161-164/ байх тул үлдэх хэсгийг бэлэн бусаар авсан төлбөр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 2.463.327.810 төгрөг дотор дээрх 95.860.000 төгрөг багтаагүй болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс гадна гэрч Б.Бүдийн мэдүүлэг, төлбөр тооцоо баталгаажуулсан баримт, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээс үзвэл дээрхи гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байсан болох нь тогтоогдсныг дурдав. /2хх 98, 221-222/ Иймд төлсөн ажлын хөлс 2.463.327.810 төгрөг гэж үзнэ.
5.Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн урьд шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар зэргээс үзвэл: гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний тухайд тухайн барилгын 0-10 давхарын угсралтын ажлыг бүрэн хийж /багана, дам нуруу, хучилт, шал цутгагдсан/ гүйцэтгэсэн, харин өрлөгийн ажлаас 1, 2 дугаар давхрын өрлөгийг гүйцэтгэсэн, түүнээс дээш давхрын өрлөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдэгт талууд маргаагүй.
5.1.Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2015 онд төсөвчин Э.Э ын хийсэн 3.307.819.085 төгрөгийн төсвөөр тооцож шаардсан, харин хариуцагч татгалзлаа шүүхийн журмаар томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-иас томилогдсон Бэсгэ ХХК-ийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт болон 2020 онд төсөвчин Г.Пээлээсүрэнгийн хийсэн 2.665.332.146 төгрөгийн төсвийг баримталж тайлбарласан. /1хх 200-201, 2хх 21-52, 124-136, 6хх 69-77/
Нэхэмжлэгч талаас анх барилгын ажлыг Э.Э , А.Э л нарын гаргасан 3.934.110.473 төгрөгийн төсвөөр гүйцэтгэх саналаа өгсөн ч захиалагчтай тохиролцож гэрээт ажлыг 3.600.00.000 төгрөгт гүйцэтгэхээр багасгасан гэж тайлбарласан, дээрх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Иймд гэрээ байгуулагдахаас өмнөх энэ төсөв маргаанд хамааралгүй. /1хх 36-45х/
5.2.Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний тухайд: гэрээгээр 8736,64 мкв талбайтай барилга гэж заасан, угсралтын ажлын тухайд бүрэн гүйцэтгэсэн тул энэ хэмжээгээр тооцно. Шинжээч өрлөгийн ажлын обьемийг 1100 мкуб гэж дурдсан, дээрхийг эсэргүүцсэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх 0-10 давхар буюу 11 давхарт тооцож 1100:11 = 100 мкуб * 2 = 200 мкуб хэмжээний өрлөгийн ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэстэй. Гэвч гэрээнд угсралтын ажлын нэгж өртөг, өрлөгийн ажлын нэгж өртөг тусгагдаагүй, хэрэгт баримтаар нэгж үнийг тодорхойлсон ямар ч баримт авагдаагүй тул шүүх ажлын хөлсийг энэ аргаар тооцоолох боломжгүй.
Иймд шүүх дараах нөхцлийг харгалзан төсөвчин Э.Э ын хийсэн нийт 4 удаагийн ажлын гүйцэтгэлийн төсөв 3.307.819.085 төгрөг /941.387.765+ 794.658.680+744.949.317+826.823.323/ гэж тооцсон дүнг үндэслэл болгож маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /2хх 21-52/
а/Шүүхийн журмаар Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо-оос томилогдсон Бэсгэ ХХК-ийн шинжээч Д.Ч , Б.Д Д.С нарын 2017 оны 3 дугаар сарын 22-нд хийсэн дүгнэлтээр тогтоож байсан ажлын өртөг /гүйцэтгэлийн төсөв/ 3.328.024.224 төгрөг нь нэхэмжлэгчийн тооцоолсон /4 удаагийн гүйцэтгэлээр тооцсон төсөв/ 3.307.819.085 төгрөг гэсэн тооцооллоос илтэд зөрүүтэй, хэт өндөр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүхээс шинжээчээр томилсон Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 07/1 тоот тушаалаар Бэсгэ ХХК-ийг цааш томилж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ийнхүү томилогдсон этгээдээс өөр этгээд дүгнэлт гаргаснаар Шүүх шинжилгээний тухай хуульд нийцээгүй боловч агуулгын хувьд тухайн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул шүүх харьцуулах замаар тухайн дүгнэлтийг хэрэглэх боломжтой.
б/Үүнээс гадна хариуцагч татгалзлын гол үндэслэл болгож маргахдаа /хүснэгтэлсэн/ дээрх Бэсгэ ХХК-ийн шинжээч нарын дүгнэлтийг баримталж гүйцэтгэсэн ажлын хөлс, тоо хэмжээ болоод ажлын гүйцэтгэл доголдолтой эсэхэд маргаж /10 давхрын хучилтыг зураг зөрчсөн, 1, 2 дугаар давхрын өрлөг 101 мкуб түүнээс хойш өрлөг хийгээгүй гэх мэт/ байгаагаар тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг илтгэж байна.
в/Хариуцагчаас баримтаар ирүүлсэн 2020 онд хийсэн төсөвчин Г.Пээлээсүрэнгийн 2.665.332.146 төгрөг гэсэн тооцоо дээрх хоёр удаагийн төсвөөс эрс зөрүүтэй, түүнчлэн талууд анхнаасаа магадлашгүй ажлын зардал 2 хувь байхаар тохиролцсон байхад энэ төсөвт тооцоогүй зэргээр зөрүүтэй байх тул хэрэглэх боломжгүй. /6хх 70-78/
Иймд шүүх гүйцэтгэсэн ажлын хөлс 3.307.819.085 төгрөг, түүнээс олгосон 2.463.327.810 төгрөгийг хасч үлдэх 844.491.275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хариуцагч ажлын үр дүн доголдолтой, 10 давхарын хучилтын ажлыг зураг зөрчиж хийсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
6.1.Хариуцагч тал ажлын үр дүн доголдолтой гэдгийг 1-6 давхарт ямар арматур төмөр ашигласан нь тодорхойгүй, тохирлын гэрчилгээ тохироогүй, шаардлага хангасан арматур ашигласан гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан.
Талуудын хоорондох гэрээнд барилгад ашиглагдах арматур төмөрт тавигдах шаардлагыг тухайлан заагаагүй тул зураг төсөл болон Монгол Улсын холбогдох барилгын норм дүрэм, стандартад нийцсэн байхыг шаардана.
6.2.Шүүхээс томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны МУ-ын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин Ж.Гомбын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:ИМ ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн давхраас 6 давхар хүртэлх төмөр бетон каркаст хэрэглэсэн бетон лабораторийн шинжилгээний хариу нь зураг төсөл болон барилгын норм дүрэмтэй, арматурын чанарын сертификатууд нь барилгын норм дүрэм шаардлагад нийцсэн, зохиогч, захиалагч, гүйцэтгэгч талын төлөөллүүд ил далд ажлын актаар баталгаажуулсан. Хэрэгт хавсаргасан Өвөр монголын бугатын төмөрлөгийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ОХУ-ын арматурын чанарын сертификатууд зураг төсөл болон барилгын дүрмийн шаардлагатай тохирч байна. харин Хятад улсаас авсан арматурын сертификатууд гүйцэтгэсэн ажлынхаа хугацаатай тохирохгүй байсан. Гүйцэтгэгч тал Барилгын тухай хуулийн 40.1.12, захиалагч тал мөн хуулийн 37.1.5-д заалтуудыг биелүүлж арматуртаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй гэж дүгнэжээ. /3хх 133-134, 153-156/
6.3.БИЭК ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15/09 тоот албан бичгээр гэрээний дагуу захиалагч талаас ажлын явцад тодорхой давтамжтайгаар хяналт хийж байна. 6 дугаар сарын 12-ны өдрийн хяналтаар барилгын дам нурууны арматур /Q10АIII/ хувийн үйлдвэрийнх болох нь бодитоор тогтоогдож байна. Уг арматур төмөр хийцийг БАК дүгнэлтээр барилгад ашиглах шаардлага хангасан гэж тогтоогдсон тухай дүгнэлтийг манайд ирүүлсэн боловч газар дээрх хяналтаар арматурын үзэгдэх байдал гаднах иржгэргүй, хувиралт өгсөн байсан, уг төмөр хийцийг цаашид ашиглахыг хориглож байна гэж дурдсан, нэхэмжлэгчээс Ф13 маркийн арматурыг хэрэглэхгүй байхаар захиалагчийн инженерийн тавьсан хүсэлтийг хүлээн авсан талаарИМ ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 256/15 тоот албан бичиг хүргүүлжээ. /2хх 13-14, 3хх 235-236/
Дээрхээс үзвэл шинжээчийн дурдснаар гүйцэтгэгч барилгын үе шат бүрт лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж баталгаажуулах үүргээ, захиалагч ажлын үе шат бүрд хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулах хуулиар хүлээсэн үүргээ хэн алин нь биелүүлээгүй. Гүйцэтгэгчийн ашигласан арматур төмрүүдийн нэг нь /ф13 маркийн/ шаардлага хангасан эсэх баримтгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Гэхдээ энэ нь тухайн арматур төмөр Монгол Улсын холбогдох стандарт шаардлагыг хангаагүй гэж шууд дүгнэх боломжгүй, зөвхөн баримт бичгийн бүрдлийг хангуулаагүй болохыг шинжээч дүгнэсэн байна.
6.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч лабораторийн хүмүүсийг багаж хэрэгсэлтэй нь уг обьектод 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авч очиход иргэн Г.Ганзориг арматур шаардлага хангахгүй учир 1-6 давхар хүртэлх багана, дам нуруу, хучилтын хийцүүдийг эвдэж арматурыг тасдаж аваад лабораторийн шинжилгээ хийлгэнэ гээд лабораторийн туршилт хийх замаар арматурын чанарт шинжилгээ хийлгэхээс татгалзсан, Нэгэнт цутгагдаад бэхжилт болон ачааллаа авсан даацын хийцүүдэд механик эвдэлт хийх боломжгүй, мөн хийгдэж бэхжигдсэн төмөр бетон арматурчлалыг тасдаж болохгүй тухай тайлбарыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87/2 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн. /3хх149-150/ Өөрөөр хэлбэл үл эвдэх аргаар барилгад хэрэглэсэн арматур төмрийн чанарт туршилт хийхийг хариуцагч тал өөрөө татгалзаж буцааж байсан.
Дахин 2023 онд шүүхийн журмаар томилсон шинжээчээс барилгын норм дүрэм баримталсан эсэх арматур төмөр нь зураг төсөлд заасан арматур мөн эсэхэд шинжилгээ хийх нь барилгыг эвдэх үндсэн бүтээцээс арматур төмрийг тасалж шинжилгээ хийх тул энэ нь эзэмшигчийн зөвшөөрлөөс гадна барилгын үндсэн даац хийцэд ноцтой аюул учруулж болзошгүй эрсдэлтэй гэж үзэж байна. Нотлох баримтаар ирүүлсэн арматур төмөр шинжилгээ хийхэд уртын хэмжээ таарахгүй, мөн тухайн барилгад ашигласан эсэх тодорхойгүй, шинжилгээ хийх боломжгүй, Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн заалтуудыг зөрчих тул шинжээч хийхээс татгалзаж байгаа талаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн. /7хх 108-110/
6.5.Шүүх Барилгын хөгжлийн төв, төсөвчин А.У, Ш.Ж нарыг томилсон ч шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шинжээчээр ажиллах боломжтой иргэн хуулийн этгээдүүдийг судалж Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Барилгын төсөвчдийн холбоо ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ-д шүүхээс хандсан ч өөр дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээд олдоогүй, татгалзсан хариуг шүүхэд мэдэгдсэн.
Дээрх байдлаар барилгад хэрэглэсэн арматур төмрийн чанарыг тодорхойлох боломжгүй, тухайн барилгын үндсэн хийц бүтээц 2015 онд баригдсанаас хойш 10 гаруй жил өнгөрсөн тул шүүх хэргийн баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэнэ.
6.6.Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д барилгын захиалагч гэж хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр төлөөлж зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат, гүйцэтгэлд хяналт тавих, тухайн барилгыг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн мэргэжлийн хүн, хуулийн этгээдийг ойлгоно гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд үүнд: барилгын зураг төслийг захиалах, барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах, барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх үүрэг хүлээхээр заасан.
Хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь БИЭАЖЭ ХХК-иар тухайн барилгын эскиз, ажлын зураг төсөл /1хх 173-187/-ийг хийлгэсэн.
Барилгын тухай хууль /2008 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг болон Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 6-д заасны дагуу бие төлөөлөгчөөрБИЭК ХХК /бишрэлт группын барилга хариуцсан захирал Г.Ганзориг гэж актад тусгагдсан/-ийг томилж, барилгын ажлын явц, чанарт хяналт тавих үүргийг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Бишрэлт инженеринг ХХК-д хаягласан 2015 оны удаа дараагийн албан бичгүүд,БИЭК ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 тоот албан бичиг /Б.Б тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт болон гэрээний эрх үүрэг, түүнтэй холбоотой төлбөр тооцоо холбоотой бүхий л асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр ажиллаж байгаа талаараа дурдсан/ зэргээр тогтоогдож байна. /1хх 12-30/
Түүнчлэн барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд зохиогчийн хяналтыг барилгын эскиз, ажлын зураг төслийг боловсруулсан БИЭАЖЭ ХХК-ийн инженер Ц.На, захиалагчийн хяналтыг БГ ийн инженер Б.Бн нар биечлэн тавьж ажилласан болох нь гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 68 удаагийн ил далд ажлын актад гарын үсэг зурсан байдал болоод 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн, 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгтгэсэн ажлын актуудаар тогтоогдсон. /1хх 54-121, 2хх 2-9, 161-162/
6.7.Хэрэгт авагдсан гурван удаагийн /2015.05.11, 2015.06.03, 2015.06.18/ актуудад барилгад ашигласан материалд арматур-Бугат, тяншинь, Улаанбаатар менежмент гэж тусгагдсан, уг актуудаар газар шороо, суурь, зоорийн давхар болоод 1,2,3,4,5,6 давхрын цутгалтын ажлыг бүрэн хүлээн авч баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл захиалагч 0-6 давхрын тухайд гэрээний 9.1-д зааснаар акт үйлдэж, ажлын үр дүнг хүлээн авчээ. /2хх 2-9/
6.8.Мөн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 68 удаагийн далд ажлын актаар суурь, зоорь, 1-10 дугаар давхар, техникийн давхрын багана, хана лифт, шат хучилт, цутгалтын ажил тус бүрийг захиалагч тал хүлээн авч баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулахдаа зураг төслийн дагуу, чанартай сайн хийгдсэн талаар дурдаж, тухай бүрт дараагийн үе шатын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон, гэрэл зургаар баталгаажуулсан талаар актуудад дурдсан байна. /1хх 54-121/
Үүнээс гадна захиалагч тухайн арматур төмрүүдийг барилгын ажлын талбайд оруулсан цаг хугацаанаас актаар хүлээлгэж өгөх хүртэл мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэхээс гадна тэрээр ажлын чанар-ыг сайн гэж дүгнэж 1-6 давхрын цутгалтын ажлыг хүлээж авсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасан Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар арматур төмөртэй холбоотой шаардах эрхээ алдсан.
Мөн хэрэгт авагдсан барилгын улаан дэвтэр-т арматур төмрийн сертификат бичээгүй, эсхүл сертификатын дугаар хэрэгт авагдсан сертификатын дугаартай тохироогүй асуудал захиалагч өөрийн зүгээс барилгын ажлын явцад тавих хяналтаа зохих ёсоор хэрэгжүүлээгүйг илтгэнэ.
Харин барилгад ашигласан ф20, ф22, ф25, ф28, ф18, ф8 зэрэг бусад арматур төмрийн чанарын талаар хариуцагч маргаагүй, зөвхөн татгалзлын үндэслэлдээ ф13 маркийн төмрийг дурдсан болох нь хэрэгт ирүүлсэн хүснэгт, удаа дараагийн хүсэлтүүдээр тогтоогдож байна. /6хх 113-126/
6.9.Нөгөөтэйгүүр хариуцагч барилгын 1-6 давхарт ашигласан арматур төмрийн /ф13/ чанарт маргаж татгалзлын гол үндэслэлээ тайлбарлаж, харин 7-10 давхарт ашигласан арматур төмрийн чанар байдалд анхнаасаа маргаан үүсгээгүй. Гэвч хэргийн баримтаар ажлын ил далд актуудад хариуцагчийн маргаагүй 7-10 давхарт мөн адил ф13 маркийн арматур төмөр ашигласан талаар дурдагдсан тул ийнхүү сонгож татгалзах болсон хариуцагчийн татгалзал өөр хоорондоо зөрчилтэй, үндэслэлгүйг илтгэж байна.
Иймд барилгад хэрэглэсэн арматур төмрийн чанартай холбоотой хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
7.Хариуцагчаас шинжээч 10 дугаар давхрын хучилтын ажлыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах гэж дүгнэснийг үндэслэж гүйцэтгэгч Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж тайлбарласан.
Талууд барилгын 10 дугаар давхар металл дам нуруутай сэндвич хучилттай байхаар төлөвлөснийг цутгамал төмөр бетон хучилттай гүйцэтгэсэн талаар маргаагүй.
Хэргийн баримтаар захиалагч талаас барилгын 10 дугаар давхарын зургийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу 2015 оны 6 дугаар сард тухайн барилгын эскиз, ажлын зураг төслийг боловсруулсан БИЭАЖЭ ХХК-ийн барилга бүтээцийн инженер Ц.Насанхутуг зургийг өөрчилсөн болох нь тус шүүхэд гаргасан БИЭАЖЭ ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а16/262 тоот албан бичиг, анхны 2014 оны 7 дугаар сард баталсан эксиз зургийн холбогдох хэсэг, нэмж 2015 оны 5 дугаар сард хийсэн 10 дугаар давхрын нэмэлт зураг, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх 173, 174, 177-187, 2хх 161-162/
Мөн хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 19, 22, 23-ны өдрийн цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан актуудад 10 дугаар давхрын хувьд зураг төслөөс өөрчлөгдөөгүй гэж тусгасан, тухайн актад зохиогчийн хяналт, захиалагчийн хяналт талаас холбогдох этгээдүүд гарын үсэг зурж хүлээж авсан байна. /1хх 112-116/
Иймд захиалагчийн зааврын дагуу 10 дугаар давхрын цутгалтын ажлыг гүйцэтгэсэн байх тул гүйцэтгэгчийн хувьд зургийн дагуу ажлыг хийсэн, доголдолгүй гэж үзнэ. Харин өөрчлөлт оруулсан зургаа холбогдох хууль журмын дагуу баталгаажуулаагүй, магадлал хийлгээгүй явдал захиалагч талын хариуцлагад хамаарна.
8.Нэхэмжлэгчээс нэмэлт ажлын хөлсөд 10 дугаар давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96.000.000төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13.757.537 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100.225.836 төгрөг, нийт 209.963.373 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно. Гэж, 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэж, мөн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж тус тус заасан.
8.1.Талууд барилгын 10 дугаар давхрын металл дам нуруутай сэндвич хучилттай байсныг цутгамал төмөр бетон хучилттай гүйцэтгэсэнд маргаагүй, дээр дурдснаар захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн гэж үзсэн тул нэмэлт ажлын зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Гэвч хэргийн баримтаар 4 удаагийн гүйцэтгэл тооцсон 3.307.819.085 төгрөг дотор нэмэгдэл зардалд 214.985.142 төгрөгийг /68.608.866+ 44.539.009+ 47.121.537+ 54.715.730/ тооцож оруулсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 10 дугаар давхрын цутгалтын зөрүү 96.000.000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13.757.537 төгрөг дээрх нэмэгдэл зардалд багтаагүй гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч үүнийг баримтаар нотлоогүй. Иймд шүүх дээр дурдснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг 3.307.819.085 төгрөгөөр тооцсон тул энэ үнийн дүнд дээрх нэмэлт ажлын зардлууд багтсан гэж үзнэ.
8.2.Харин магадлашгүй ажлын зардлаар шаардсан 100.225.836 төгрөгийн тухайд: Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд Барилгын тухай хууль, дүрэм журмаар төв зам талаас гүйцэтгэх боломжгүй тул орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор хажуугийн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн хашаа талаас ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон, гуравдагч этгээдийн хашаанд нэмэлт ажлыг хийсэн гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ энэ зардлыг захиалагчтай тохиролцож шийдвэрлээгүй, мэдэгдээгүй, зардал төлсөн эсэх тодорхойгүй гэж тайлбарласан.
а/хэрэгт баримтаар Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2 дугаар ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг 47.699.445 төгрөг, Дохиолол холбооны 2 дугаар ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг 11.984.115 төгрөг, Замын 2 дугаар ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг 38.542.275 төгрөг, Замын 2 дугаар ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2.000.000 төгрөг гэсэн баримтуудыг ажил гүйцэтгэснийг илтгэсэн фото зураг, Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээ зэргийг ирүүлсэн. /2хх 202-213, 243-250, 3хх 1-11/
Их модун ХХК, Замын 2 дугаар анги нарын хоорондох хамтран ажиллах гэрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/894 тоот захирамж, дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн зүүн талд барилгын үндсэн ажил гүйцэтгэх явцад УБТЗ-ын Замын 2 дугаар ангийн бетонон хашааг буулгаж түр хашаа барих, талбайг бетондох, ногоон байгууламж, зам талбайг нөхөн сэргээх ажлуудыг хийхээр тусгасан байх тул зохигчдын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх үүднээс зайлшгүй шаардлагаар гүйцэтгэгч нэмэлт ажил хийсэн гэж үзнэ.
б/Шүүх дээр дүгнэсэн 3.307.819.085 төгрөгийн төсөвт магадлашгүй ажлын зардал 61.291.978 төгрөгөөр тусгагдсан байх тул энэ нэмэлт ажил багтсан гэж үзэх боломжгүй. Мөн Бэсгэ ХХК-ийн дүгнэлтэд төсвийг зохиохдоо барилгын суурь, 10 давхар барилгын карказ, хучилтын ажил, хана битүүлэх ажил хийгдэхээр төсөвт тусгасан гэж дүгнэснээс үзвэл талууд анхнаасаа гэрээ байгуулахдаа энэ зардлыг тооцоонд оруулаагүй байжээ.
в/тухайн ажлын талаар гүйцэтгэгч талаас захиалагчид 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 281/15 тоот албан бичигтээ тусгаж хүргүүлсэн, захиалагч энэ нэмэлт ажлыг эсэргүүцсэн, татгалзаж байсан баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар нэмэлт ажлын хөлс төлөх үүрэгтэй. /1хх 12/
Хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т хөлсийг жишиг үнэлгээ, байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож олгохоор заасан ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Мөн хариуцагч энэ үндэслэлээр эсэргүүцэж мэтгэлцээгүй тул шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтын хүрээнд нэмэлт ажлын 100.225.836 төгрөгийг тооцож олгоно. Харин үлдэх нэмэлт ажлын хөлсийг хангахгүй орхив.
9.харуул хамгаалалтын зардал 20.350.000 төгрөгийн тухайд: Нэхэмжлэгч 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 07 сар хүртэл хугацаанд барилгын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж 20.350.000 төгрөгийн зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс гадна талуудын хоорондох гэрээний 3.1, 5.2-т гүйцэтгэгч тал хүн хүчний зардал, харуул хамгаалалтын алба зэргийг бүхэлд нь өөрөө хариуцахаар тохирсон тул энэ зардлыг захиалагчаас гаргуулах үндэслэлгүй.
10.Барьцаа 180.000.000 төгрөгийн тухайд:
Талуудын хоорондох гэрээний 12.5-д Захиалагч Барилгын тухай хуулийн дагуу нийт үнийн дүнгийн 5 хувийг /180,0 сая төгрөг/ 1 жилээс 6 сар хүртэл хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгчид саадгүй шилжүүлж өгнө гэж тохиролцож, ажлын хөлснөөс барьцааны 180.000.000 төгрөгийг суутган авч, гэрээний 3.2-д ажлын хөлс 3.420.000.000 төгрөгийг төлөхөөр тогтоосон байна.
Захиалагч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч бусдад шилжүүлсэн тул гүйцэтгэгчийн хийсэн ажлын хэмжээгээр ажлыг хүлээн авсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын хоорондох гэрээнд тусгасан барьцааны хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болно.
Гэвч хэргийн баримтаар захиалагч талаас төлсөн төлбөрт барьцаа суутгагдсан байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлыг 3.307.819.085 төгрөгөөр тооцоолохдоо барьцаа суутгасан, хасч тооцсон байдал мөн тогтоогдоогүй тул уг үнийн дүнд багтсан гэж үзэж энэ шаардлагыг хангахгүй орхив.
11.Алданги 483 226 091 /393.226.091+90.000.000/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-д зааснаар гэрээний нэг тал нөгөө талаас анз шаардахад хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх, хууль эсхүл гэрээгээр тохиролцож бичгээр байгуулсан байхаар заасан. Талуудын хоорондох гэрээний 10.1, 10.2-д ... хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож нөгөө талдаа төлөхөөр тохирсон нь анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцнэ.
Гэвч хэргийн баримтаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зохигч талууд биелүүлээгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь ажлыг хугацаанд нь бүрэн барьж дуусгах үүргээ, мөн гэрээний 7.2, 7.5, 7.8-д заасан үүргээ, хариуцагч нь хөлс төлөх үүргээ, гэрээний 6.2.1, 6.2.3, 6.2.4-т заасан үүргээ тус тус зохих ёсоор хэрэгжүүлээгүй хэн алин нь буруутай, улмаар гэрээ цуцлагдсан тул хэн алин нь нөгөө талаасаа алданги шаардах үндэслэлгүй.
Дээрхийг бүгдийг нэгтгэвэл шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 944.717.111 /844.491.275-100.225.836/ төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр: гүйцэтгээгүй орхисон гадна талбайн ажлын зардал 382.466.444 төгрөг, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал 406.800.000 төгрөг, 10 давхрын зураг зөрчиж хийсэн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардал 192.000.000 төгрөг, 3-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 610.000.000 төгрөг, үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 30.429.647 төгрөг, нийт 2.089.696.091 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу зардал шаардах тохиолдолд нэг талд учирсан хохирол, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Мөн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5-т зааснаар хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор, үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.
12.1.Гэрээний 11.1-д цэвэр, бохир, ус дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал гэрээний үнэд орсон тул гүйцэтгэгч өөрийн зардлаар хариуцаж хийнэ гэж заасан.
Талууд гэрээг цуцалсан, шүүх үндсэн нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэсэн тул гүйцэтгээгүй ажлын зардлыг захиалагч шаардах эрхгүй.
Мөн гэрээний 11.1-д заасан цэвэр бохир ус дулаан цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг 100 метр дотор хийх ажил-ын төсвийг анхнаасаа 3.600.000.000 төгрөгний төсөвтөө суулгаагүй болохыг шинжээч дүгнэлтдээ дүгнэж байсан тул нэмэлтээр өөрийн зардлаар үнэ төлбөргүй гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Үүнээс гадна хариуцагч Б.Б гэрээний 11.1-д заасан ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлээгүй тул дээрхи зардлыг бодитойгоор гаргаагүй байна.
12.2.Энэ шийдвэрийн 6.4, 6.8-д дүгнэсэн, нэгэнт бэхжилт авчихсан барилгын арматур төмрийг солих, өөрчлөх боломжгүй тул 1-6 давхарт хэрэглэсэн арматур төмрийг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал шаардсан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
12.3.Барилгын 10 дугаар давхрын цутгалтын ажлыг энэ шийдвэрийн 7-д дурдснаар гүйцэтгэгч зураг төсөл зөрчөөгүй, захиалагчийн хүсэлтээр өөрчилж ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн тул дахин гүйцэтгүүлэхэд гарах зардал 192.000.000 төгрөг шаардах эрхгүй.
12.4.Түүнчлэн дутуу орхисон 3-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарах зардал 468.000.000 төгрөг болохыг хариуцагч баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч дутуу өрлөгийн ажилд 300.000.000 төгрөг хасч тооцож шаардсан.
12.5.Алданги 610.000.000 төгрөгийн тухайд энэ шийдвэрийн 11-т дурдсанаар хэн алин нь үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул нөгөө талаасаа гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд алданги шаардах эрхгүй. Гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд алданги шаардах хууль зүйн боломжгүй.
12.6.Б.Б нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Капитал банктай 555 тоот Зээлийн гэрээ байгуулан 119.000 ам долларын зээл авч барилгын ажлыг санхүүжүүлж, барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсан орлогоос зээлээ төлөхөөр төлөвлөсөн боловч барилгын ажил дуусаагүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон үндэслэлээр гүйцэтгэгчээс 12.726 ам доллар буюу 30.429.647 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Захиалагч Б.Б хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул хохирол шаардах эрх үүсээгүй. Түүнчлэн нэхэмжлэлээр шаардсан банкны зээл, түүний хүү нь талуудын хоорондох гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоогүй.
Дээрхийг нэгтгээд шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Шүүх хуралдааны явцад хүсэлт хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хүсэлт гэж үзээгүйг дурдав. Түүнчлэн тайлбар гаргах-аас татгалзаж хуралдааны танхимыг орхисон явдал шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэн хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 101/ШЗ2016/88124, 181/ШЗ2017/10135, 181/ШЗ2017/14272 тоот шүүгчийн захирамжаар шинжээч томилсон, уг зардал зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс
Бэсгэ ХХК-д 2.350.000 төгрөгийг, тус шүүхийн тамгын газарт 3.080.000 төгрөгийг зохигчдоос 1/3 хэсгийг нэхэмжлэгчээр, 2/3 хэсгийг хариуцагчаас гаргуулж, шинжээчид болон шинжээчийн ажлын хөлсийг төлсөн шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй. /2хх 102-107, 139-142, 224-230, 3хх 131, 140, 142-145/
15.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Б.Б гаас 944.717.111 /есөн зуун дөчин дөрвөн сая долоон зуун арван долоон мянга нэг зуун арван нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчИМ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 605.186.999 төгрөгийг, мөнИМ ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 2.089.696.091 төгрөг гаргуулах тухай Б.Б гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.154.316 /7.495.216+659.100/ төгрөг, хариуцагчаас төлсөн 13.099.383 /6.291.883+2.074.150+310.100+4.423.250/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.881.535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 5.430.000 /2.350.000+ 3.080.000/ төгрөгийг нэхэмжлэгчИМ ХХК-иас 1.810.000 төгрөг, хариуцагч Б.Б гаас 3.620.000 төгрөгийг тус тус гаргуулж, Барилгын төсөвчдийн холбооны Б ХХК /РД:_, хуучнаар Улаанбаатар хотын банкны ... тоот данс, шинэ: Худалдаа хөгжлийн банк, 2611037182 тоот данс/-д 2.350.000 төгрөг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт /РД:_, .. тоот данс/ 3.080.000 төгрөг тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ