| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01545/И |
| Дугаар | 181/ШШ2024/01958 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/01958
| 2024 05 14 | 181/ШШ2024/01958 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Ш.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... байрлах,ТД ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 3.386.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ньТД ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3.386.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Даатгуулагч би 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед Сонгино хайрхан дүүргийн 39 дүгээр хороо, 34-ийн гүүрний усан сангийн гурван замын уулзварын уруу 7663 УЕС улсын дугаартай Lexus RX450 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хальтарч замын хажуу талын жалга руу орсон. Тухайн үед 20-30 км цагийн хурдтай явж байсан. Уг осолтой холбоотойгоор миний бие 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тэнцвэр эстимэйт ХХК-иар Авто машин техникийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд 7.015.000 төгрөгөөр үнэлгээний дүн тогтоогдсон.
ТД ХХК-д үнэлгээгээр тогтоогдсон 7.015.000 төгрөгийн нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан ч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 3.629.000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг олгоогүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. ГэтэлТД ХХК нөхөн төлбөрийн үлдэгдэл 3.386.000 төгрөгийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсаар байсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.
Санхүүийн зохицуулах хорооноос Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 12.3 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзсэн бөгөөд Даатгагч нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож олгосон нь үндэслэлтэй гэсэн хариуг ирүүлсэн.
Даатгалын тохиолдол болсон 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний бие Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл хийгээгүй, 20-30 км цагийн хурдтай явж байсан бөгөөд нөхөн төлбөрийн 50 хувийг олгохгүй байх үндэслэлд хамаарахгүй болно.
ИймдТД ХХК-иас даатгуулагч ШБ миний даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 3.386.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:ТД ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ШБ ньТД ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3.386.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ТД ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 3.386.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч ШБ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.000 төгрөгийн тавин хувь болох 35.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ