Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

Н.Тэгшжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                                 Б.Сарантуяа

Хохирогч                                                                 А.Мөнхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч                                          Д.Галтогтох

Шүүгдэгч                                                                  Н.Тэгшжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          М.Энхтуяа        

Нарийн бичгийн дарга                                              Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн 2121000100211 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баатарын Энхжаргал, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Талын таван өндөр трейд” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 52-05 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: СК90032115/ Урьд:

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 52-05 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖЬ87082863/ Урьд:

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Батзаяагийн өмчлөлийн “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан 84-56 ДОА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр “манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больсон, танд машин зарахаас өмнө Приус-20, Акуа хоёр машин зарсан” зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар иргэн А.Мөнхтуяагаас 5.000.000 төгрөг, 90-33 ДОА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан нийт 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Энхжаргал, Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарыг 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарыг 6 /зургаа/ сар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нараас нийт 6500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 3250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16-26 тоотод оршин суух хохирогч А.Мөнхтуяа /ЖБ79012861/-д олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 3000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нар нь жирийн л нэг бизнес эрхэлж амьжиргаагаа хэнээс ч хараат бусаар авч явах гэж зээл авч үйлдвэрлэл үйлчилгээ хийж алдаж онож яваа л хүүхдүүд юм.

Банк санхүүгийн өндөр хүүтэй зээл хүнд суртлаас болж хувь хүний өндөр хүүтэй зээл ч төлдөг. Гурил зуурч хэрчиж, бууз банш хийж зарж өглөө оройгүй, цөхрөлтгүй ажиллаж амьжиргаагаа авч явдаг хүмүүс. Хохирогч гэх Мөнхтуяа эхэндээ машинаа худалдагдсан даруйд яаж мөнгөө олж авах талаар шүүх цагдаад хандахад залиласан гэдэг санаатай хуульчдаас зөвлөгөө авч гаргаж ирсэн байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхэд. Мөнхтуяад ах маань гаальд ажилладаг, ченж хийдэг, гааль дээр машин буусан гэж огт яриагүй гэж холбогдогч нар тууштай мэдүүлж тайлбарласан. Өөрсдийнхөө машинаа зарж сайжруулж машин авсан талаар ярьсныг ийнхүү төсөөлөн худлаа хэлж байна гэдэг.

Энэ хэргийг шалгахад мөрдөгч бас хэт нэг талыг барьж Мөнхтуяагийн мэдүүлгийг нотлох баримтыг зүйл бүрээр оролдсон. Тэгшжаргал би Мөнхтуяа эгчтэй нотариат дээр очиход банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа машинд худалдах, худалдан авах гэрээг баталдаггүй гээд гэрээ хийгээгүй гэдэг.Иргэд хоорондоо хувь лизингээр хийсэн гэрээг батална гээд гэрээ хийсэн асуудлыг шалгаагүй. Мөнхтуяа ч нотариат дээр очсоноо үгүйсгэдэггүй. Очсон тухайгаа хэлсэн атлаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг мэдээгүй гэж ярьж зүтгэдэг. Огт худлаа хэлдэг.

Цагдаа дээр нилээн удсаны дараа хэний мэдээллээр гэдэг нь ойлгомжтой Мөнхтуяагаас эх сурвалж авсан Уранцэцэг гэж хүн гарч ирсэн. Мөнхтуяагийн мэдүүлэг батлагдахгүй байсан юм. Гэтэл Уранцэцэг гэх хүн яг Мөнхтуяатай адил ченж, хилээр машин оруулж ирдэг гэх мэт огт яриагүй зүйлийн талаар мэдүүлсэн байдаг. Энхжаргал, Тэгшжаргал хоёр огт тийм зүйл хэлээгүй байхад Мөнхтуяатай адил зүйл зохиож хэлж байна гэдэг бол үгсэн хуйвалдсан нь ойлгомжтой асуудал юм.

Тэгшжаргал, Энхжаргал нар нь Батзаяагийн тавьсан зарын дагуу уг машиныг авсан. Тэгэхэд Батзаяа бидэнд машинаа хувь хүмүүсийн хооронд гэрээ хийн худалдахад хориг тавиагүй, банк бус санхүүгийн байгууллагад байгаа машиныхаа зээлийг чадахаа байлаа. Миний зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай, түүнийг үргэлжлүүлээд төлөөд явахад болно гэхэд Батзаяагаас машиныг авч урьдчилгааг төлөөд сар сардаа төлөх мөнгөө Батзаяад өдөр бүр 30.000 төгрөг төлөөд явахаар тохирч үүргээ гүйцэтгэж байсан. Батзаяа Тэгшжаргалаас авсан мөнгөө банк бус санхүүгийн байгууллагад төлөхгүй байснаас анх банк бус санхүүгийн байгууллага дээр очиж Батзаяагийн машиныг авсан тул зээлийг нь Тэгшжаргал банк бус санхүүгийн байгууллагад төлж байхаар болж төлж байсан.

Гэтэл борлуулалт муу, сард их мөнгө төлж чадахгүй учир зар тавин машинаа зарах гэхэд Мөнхтуяа, Уранцэцэг нар холбогдсон. Уранцэцэг нөхөртэйгээ хөдөөнөөс ирсэн учир авна гээд шууд урьдчилгаа хийсэн. Энэ үед ажил явдал гарч Хэнтий, Улаанбаатар явсан. Энэ үед Уранцэцэг шууд өөрсдийнх нь нэр дээр шилжих боломжгүйг мэдээд наймаа хийхээ болих гэхэд Мөнхтуяа авья гэсэн болохоор Мөнхтуяагийн өгсөн мөнгийг Уранцэцэгт өгсөн. Мөнхтуяа бол банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг мэдэж байсан. 5 сая төгрөг, приус-11 машин үнэ тохирч өгөөд зөрүү мөнгийг нь төлөх гэрээ хийгээд авсан. Машиныг тэр цагаас хойш Мөнхтуяа бүрэн өөрийн эзэмшилд байлгаж унаж, хэрэглэсэн. Мөн даатгалд өөрөө даатгуулсан. Энэ хооронд Тэгшжаргал банк бус санхүүгийн байгууллагын зээлийг графикийн дагуу төлж явсан.

2020 оны 7 дугаар сард 625.000 төлөхөөс 400.000 төлөөд 225.000 төгрөг арай төлж амжаагүй байхад банк бус санхүүгийн байгууллага Мөнхтуяагийн машиныг 2020 оны 8 дугаар сарын 09-нд хураасан. Мөнхтуяа учраа хэлж Тэгшжаргал ч банк бус санхүүгийн байгууллагад очиж байдлыг хэлсэн. Тэгээд Мөнхтуяад машиныг буцааж өгч Мөнхтуяа машинаа унаж байсан. Энэ үед Батзаяа гэрээний хугацаа дуусах болоогүй байхад машиныг хураан авч би зээлгүй болох хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг банк бус санхүүгийн байгууллагад гаргаж банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг найз Дөлгөөн гэх ажилтан Мөнхтуяагаас 2020 оны 9 дүгээр сарын 18-нд машиныг хурааж аваад Батзаяад өгч заруулсан байсан.

Батзаяагийн төлөө банк бус санхүүгийн байгууллага үйлчилж хуйвалдсан нь тодорхой ба Батзаяагийн нэр дээрх зээлийг төлөөд явж байсан Тэгшжаргал, машиныг авсан Мөнхтуяа нарыг хохироосон асуудал эндээс үүссэн. Ийм асуудал Батзаяа гаргаагүй бол Мөнхтуяа хохирохгүй, Энхжаргал, Тэгшжаргал нар ч ийм асуудалд холбогдохгүй байсан.

Үүнээс болж үүссэн эрсдэл, асуудлыг прокурор хэт нэг талыг барьж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан байцаасан. Тэгшжаргал өр зээлээ төлөхийн тулд дэлгүүрт ажиллаж бараа материалыг бөөнөөр Улаанбаатар хотоос татаж өгдөг ажилтай. Энэ ажлаа сайн хийж байгаа илүү цалинтай ажилд орсон учир зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгохыг хүсч байна.

Эцэст нь бид залилсан гэсэн гомдолтой үнэн зөвийг олж өгөхийг хүссэн. Энэ асуудлыг хууль зүйн үүднээс анхаарахыг хүсч байна. Энхжаргал би Талын таван өндөр ХХК-д барилгын  даамал хийдэг. Одоо Халхголд ажил эрхэлж байгаа болохоор байнга нааш, цааш явдаг учир зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Ажлаас халагдвал төлбөр төлөхөд хүнд болно. Ажлаа хийж байвал төлбөр торгуулиа төлөх боломжтой.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Тэгшжаргал гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа Мөнхтуяа эгчийг залилах санаа байгаагүй. Зүгээр л гэрээ байгуулж эд хөрөнгө худалдсан. Би одоо онлайнаар бараа захиалж авч ирдэг учраас байнга Улаанбаатар хот руу зорчих шаардлага гардаг. Тиймээс торгох ялаар шийтгэж өгөхийг хүсч байна. Манай нөхөр Энхжаргал ажлын онцлогоор хөдөө явж тээвэр хийдэг. Бид ажил хийж байж л хохирлоо төлөх болно. Тиймээс торгуулийн ялаар шийтгэж өгөхийг хүсч байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч нар өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд торгох ялаар шийтгэх саналыг гаргаж байгаа. ...Маш хурдан хугацаанд өр төлбөрөө төлж барагдуулах чин хүсэлтэй байгаа. Хэрлэн суманд байгаад байх юм бол төлбөрийг илүү удаан төлөх гээд байна гэдэг саналаа л хэлж байгаа юм. Зөвхөн өр төлбөртэй биш хүнээс авах авлага ч гэсэн байгаа. Гол асуудал нь нөхөр нь барилгын чиглэлээр тээвэрт явж мөнгө олох боломжтой байгаа юм. Тиймээс давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Мөнхтуяа гаргасан тайлбартаа: “Би Энхжаргал, Тэгшжаргал нарт муурхаж өширхсөн зүйл алга. Зөвхөн надаас авсан мөнгөө л өгчих гэдэг саналыг удаа дараа тавьж байгаа. 24-ний өдөр шүүх хуралдаан болох үед 500 000 төгрөг авсан. Тэрнээс хойш дахиж мөнгө өгөөгүй. Би одоо өөрийн өгсөн мөнгөө гуйгаад л сууж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол болон тайлбараас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тэгшжаргал, Энхжаргал нар нь Мөнхтуяагаас 5 000 000 төгрөг, приус 10 маркийн машин авсан. Ингэхдээ зохиомол байдлыг бий болгож худал хэлж авсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг солих эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сарантуяа гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. ...Маш олон газарт их хэмжээний өртэй болох нь харагддаг. Өнөөдрийг хүртэл хохирлоо төлөөгүй байж нэмж торгох ялаар шийтгэх боломжгүй. Шүүх тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Батзаяагийн өмчлөлийн “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан 84-56 ДОА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр “манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больсон, танд машин зарахаас өмнө Приус-20, Акуа хоёр машин зарсан” зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар иргэн А.Мөнхтуяагаас 5.000.000 төгрөг, 90-33 ДОА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан нийт 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Мөнхтуяагийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: “...Машинаа авчихаад 2 хоногийн дараа машинаа цэвэрлэж байхад Р.Батзаяа гэсэн даатгалын хуудас гарч ирэхэд нь “энэ яагаад та нарын нэр биш өөр хүний нэр бичигдсэн байгаа вэ” гэж асуухад гааль дээрээс машин оруулж ирэхэд нэг хүний нэр дээр олон машин гаргадаггүй юмаа. Тийм болохоор дүүгийнхээ нэр дээр энэ машиныг оруулж ирсэн гэж хэлсэн. Мөн манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр машины ченж хийдэг, гааль дээрээс машинаа авах гэтэл татварын мөнгө дутаад энэ машинаа ББСБ-аар дамжуулж зарж байгаа гэсэн. Өөрсдөө ингэж хэлээгүй гэж байгаа боловч би үнэн нөхцөл байдлыг нь хэлж байна. ... Хэрвээ энэ машин Р.Батзаяагийн машин байсан бол би авахааргүй байсан. Би энэ хоёроос машиныг шилжүүлж өг, энэ асуудлаа шийдэж өг гэж удаа дараа шаардаж байсан. ...Би энэ хоёрт 9.500.000 төгрөг өгснөөс 3.000.000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 6.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн,

гэрч Р.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тэгшжаргал машин авна гэж фэйсбүүк дээр зар тавьсан болохоор холбогдож өөрийнхөө машиныг зарахаар болсон. ... миний машиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. ... өдөр бүр 30.000 төгрөгийг надад өгч, би уг мөнгийг банк бусад төлж явж байсан. ...Улмаар Мөнхтуяа гэдэг хүнийг олж уулзаад наад машин чинь миний нэр дээр банк бусын барьцаанд байдаг. Банк бус дээр нь очиж хураалгая гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй. Энэ миний машин. Бэлнээр 5000.000 төгрөг, урьдчилгаанд Приус-11 маркийн машинаа өгчихсөн гэж хэлээд уурлаад байсан болохоор банк бус дээр очоод машинаа хураалгахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлтээ өгсөн. ...” /1 хх 113-116, 2 хх 23/ гэсэн,

гэрч Г.Мөнхбаярын: “...Би Тоёота Приус-11 маркийн 90-33 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Энхжаргал гэдэг залуугаас 5200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед фэйсбүүкээрээ уг машиныг зарна гэсэн байсан болохоор зарын дагуу худалдаж авсан бөгөөд эхлээд 2500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь сар болгон 500.000 төгрөгөөр өгөхөөр болсон. Тухайн үед надад зарахдаа манай эгчийн машин байгаа юмаа ямар нэг асуудал байхгүй. Мөнгө шилжүүлж дуусах юм бол гэрчилгээг нь шилжүүлээд өгчихнө. Би өөрөө унадаг, хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулж, гурилаа тараахад ашигладаг машин, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлж байсан. ...” /1 хх 117-119/ гэсэн,

гэрч Г.Дөлгөөний: “...Ингээд зээлдэгч Батзаяа сарын төлөлтийн хугацааг 2019 оны 11 дүгээр сард хоцроосон болохоор очиж уулзахад Тэгшжаргал гэдэг хүнд зарчихсан байсан. ...2020 оны 07 дугаар сарын төлөлтөөс хойш сарын төлөлтийн хугацаа хоцорсон тул тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзсан чинь Тэгшжаргал гэдэг хүнээс Мөнхтуяа гэдэг эмэгтэй худалдаад авчихсан байсан. Мөнхтуяа гэдэг хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарсан болохыг огт мэдээгүй байсан бөгөөд машин хурааж авах үед мэдсэн байсан. ...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Батзаяа зээлээ хаах зорилгоор барьцаанд байсан тээврийн хэрэгслийг худалдаж зээлийн үлдэгдэл болох 10.853,700 төгрөгөөр хаасан юм. ...” /1 хх 120-122/ гэсэн,

гэрч Б.Нямбаярын: “...2020 оны 08 дугаар сард үндсэн зээлдэгч Батзаяа миний машиныг зарчихсан байна. Би зарсан хүнийг нь хайж ольё гэж хэлсэн юм. Энэ өдрөө Батзаяа надтай яриад Мөнхтуяа гэдэг хүнтэй Бумбат хорооллын урд байна, хүрээд ирэх үү гэж хэлсэн болохоор менежер Дөлгөөний хамтаар очиж Мөнхтуяа гэдэг хүнтэй уулзахад “би энэ машиныг мөнгөө төлж авсан шүү дээ. Юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхээр нь хэн гэдэг хүнээс авсан талаар асуухад Тэгшжаргал гэдэг хүнээс худалдаж авсан гэсэн. ...Энхжаргал, Тэгшжаргал хоёр Хэнтий аймаг явж шүүхээс мөнгө аваад зээлээ төлнө. Тэр болтол Мөнхтуяа эгчид өгч байж болохгүй юу гэж хэлж байсан. Энэ үеэс хойш Энхжаргал, Тэгшжаргал хоёр мөнгө төлөөгүй юм. ...Батзаяа нь барьцааны гэрээний дагуу уг тээврийн хэрэгслийг манай өмчлөлд шилжүүлсэн байсан бөгөөд зээл төлөхгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг борлуулж хохирлоо барагдуулж авахаар уг гэрээнд заасан байдаг...” /1 хх 125-127/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ /1 хх 36-39/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 хх 234/ Н.Тэгшжаргалын ХААН банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1 хх 60-62, 247-250, 2 хх 1-20/, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /1 хх 68-70/, автомашин худалдах, худалдан авах гэрээ, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /1 хх 75-78/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 85/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тус бүрийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч  Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа нар “...Тэгшжаргал өр зээлээ төлөхийн тулд дэлгүүрт ажиллаж бараа материалыг бөөнөөр Улаанбаатар хотоос татаж өгдөг ажилтай. ... Энхжаргал “Талын таван өндөр” ХХК-д барилгын  даамал хийдэг. Одоо Халхголд ажил эрхэлж байгаа болохоор байнга нааш, цааш явдаг учир зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин шүүх, шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн  шинжийг бичилгүй  орхигдуулсан мөн шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6,500,000 төгрөгийг хувь тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 буюу “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” тухай хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийтгэх  тогтоолын 1, 7 дугаар заалтуудад өөрчлөлт оруулах замаар зөвтгөх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 2022/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэсний дараа “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулж,

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “... 505 дугаар зүйлийн 505.1” гэснийг “... 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ЭНХЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                                        О.БААТАРСҮХ

                                                                                                                  Ж.ДОЛГОРМАА