Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сумъяагийн Пүрэвдаваад холбогдох 1792000170006 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Гоёотын 14-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сумъяагийн Пүрэвдаваа /РД: КЮ96032117/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Пүрэвдаваа нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Гоёотын 1-5 тоотод иргэн П.Баярсайхантай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Хохирогч П.Баярсайханы өгсөн:”...тэгтэл цуг ажиллаж байсан Пүрэвдаваа ажлаа гүйцээгээгүй байж мөнгө нэхээд байсан. Би өгөөгүй. Тэгтэл манай гэрт хүрч ирээд мөнгө нэхэхээр нь би өгч чадахгүй гэж хэлээд маргалдаж, Пүрэвдаваа миний нүүр лүү цохихоор нь хашаа руу шахаж байтал хүзүүнээс доошоо дараад хоёр тийшээ салсан. Тэгээд Пүрэвдавааг эхнэр нь, найз Мөнхжаргал хоёр нь аваад явсан. ...би гомдолгүй. Одоо Пүрэвдаваа бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Пүрэвдаваа машинаа өгч байгаач ажил хөөцөлдөж байгаад ирье гэхээр нь өгч явуулчаад байж байтал ажилд орох гээд анкет өгсөн байсан газраас утсаар залгаад ирээд уулзах боломж байна уу? гэхээр нь би за би яваад очъё гэж хэлээд Пүрэвдавааг хүрээд ир гэж дуудаад цугтаа миний ажилд орох гэж байгаа газрын утсаар дуудсан хүнтэй уулзаад буцах замд Пүрэвдаваа Баярсайхан гэдэг хүнээс мөнгөө аваадхая гэж хэлээд гэрийнх нь гадаа очоод зогссон чинь Баярсайхан гэрээсээ гарч байсан. Пүрэвдаваа машинаас буугаад хашаа руу нь ороод уулзсан. Тэгсэн чинь Пүрэвдавааг Баярсайхан баруун шанаа руу нь цохиод боогоод хашаа руу шахаад хэд хэдэн удаа хашаа мөргүүлсэн. Тэгэхээр нь би салгаад Пүрэвдавааг аваад эхнэртэй нь цуг гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 148 дугаартай :”...П.Баярсайханы биед дээд уруулын дотор салстад шарх, баруун чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч С.П яллагдагчаар өгсөн:”...С.П би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сумын төвд Баярсайхантай муудалцаж хоорондоо цохилцох явцад Баярсайханы уруул язарсан. Түүний дараа Баярсайхан цагдаад миний талаар гомдол гаргасан байсан. Баярсайхан бид хоёрын муудалцсан шалтгаан болохоор өмнө нь бид нар амаар тохирч блокон хашаа барих ажил хийсэн юм. Би ажлын хөлснөөс 180,000 мянган төгрөгийг дутуу авсан. Түүнийгээ Баярсайханаас авах гэхэд надад өгөхгүй байхаар нь гэрээр нь очиж уулзаад “мөнгөө авъя” гэснээс болж бидний дунд тийм явдал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Шүүгдэгч С.П иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 29,30,33 дугаар хуудас/

Шүүгдэгч С.П ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Пүрэвдаваа нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Гоёотын 1-5 тоотод иргэн П.Баярсайхантай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд С.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сумъяагийн Пүрэвдавааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сумъяагийн Пүрэвдавааг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Баярсайхан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.П иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.П урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН