Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 133

 

МАГАДЛАЛ

 

2020.01.17                                                 Дугаар 133                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Д.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “СЭХҮТ ” ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт   6 500 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: СЭХҮТ  ТӨҮГ-ын захирлын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаал нь надад хавсралтгүйгээр ирсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хавсралттай нь танилцаж байна. Намайг ажлаас халах болсон үндэслэлдээ 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учраас ажлаас чөлөөлөв гэсэн байсан. Тухайн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бол сургалтад хамрагдсан. 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа оройтож ирсэн учраас бүртгүүлэхгүй явсан. Үйлдвэрийн газрын захирлын тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.13 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан буюу шалтгаангүйгээр хоёр өдөр ажилдаа ирээгүй гэжээ. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэх 2019 оны 4 дүгээр сарын 18-нд Техник хяналтын ерөнхий инженер И.И-тэй хамт мэргэжлийн чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан сургалтад оролцсон. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдож байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа 2019 оны 4 дүгээр сарын     01-ний өдрийг хүртэл ирцээ цахим байдлаар бүртгүүлж байгаагүй. Захиргаа удирдлагын хэлтсээс байгууллагын дүрэм журмыг хангуулах үндсэн дээр шаардлага тавьж, 4 дүгээр сараас эхлэн бүртгүүлж эхэлсэн. Түүнээс өмнө зөвхөн гараар бүртгүүлдэг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 18 болон 19-ний хоёр өдөр дараалан ажилдаа ирээгүй. 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр буюу цагаан сарын битүүний өдөр ажилдаа ирээгүй. Өмнө нь өглөө ирчихээд үдээс хойш гараад явдаг эсвэл үдээс хойш ирээд гараад явдаг. Гадуур ажлын гар тэмдэглэлд тухай бүр тэмдэглэл хийдэггүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа сургалтын талаар бол манай байгууллага дээр ахлах инженерээр ажиллаж байсан И.И-ийн мэйл хаягт 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Э  гэдэг хүнээс мэйл ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны газрын дарга болон Мэргэжлийн хяналтын дарга нарын хамтран баталсан сургалт болох гэж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг явуулж байна. Сургалт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болно, танайхаас сургалтад суух хоёр хүний нэрийг ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ сургалтын талаар И.И Ерөнхий инженерт танилцуулсан байдаг. Төрийн байгууллага хооронд сургалтын хөтөлбөрийн талаар зайлшгүй албан бичиг явуулсны үндсэн дээр цахим хаягаар хөтөлбөр, материалаа ирүүлэх ёстой. Ерөнхий инженер, И.И хоёулаа хамрагдана гэж ярьж байсан хэдий боловч байгууллагын дарга, захиргаа хяналтын хэлтэст танилцуулаагүй. Эрчим хүчний чиглэлээр хамтран ажилладаг 7 байгууллага руу ирсэн мэйл хаягийг явуулж, сургалтад суух хүмүүсийн нэрсийг ирүүлэхийг хүссэн. Байгууллагын даргын шийдвэр чиглэлийг авахгүйгээр ерөнхий инженер, И.И хоёр хамрагдахаар нэрээ өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургалтад хамрагдсан байдаг. Сургалт нь хаана болсон нь тодорхой биш, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед И.И залгаад сургалттай тул ажилдаа очиж чадахгүй талаар захирлын туслахад утсаар мэдэгдсэн. Маргааш өглөө нь ажил эхэлж шуурхай хурал зарлахад ерөнхий инженер, ахлах инженер хоёр ажилдаа ирээгүй. Ингэж сургалттай байгаа гэдгийг нь мэдсэн. Манай байгууллагын хувьд өөрсдийн дотоодод мөрдөх дүрэм журмуудыг мөрдөж, сахилга хариуцлагатай ажиллахыг зорилгоо болгож ажилладаг. Манай байгууллагын дарга Улсын Их Хурлын Тамгын Газарт 20 гаруй жил ажилласан туршлагатай хүний хувьд ажилчдын ар гэрт нь ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд чөлөө өгөх зэргээр харилцан эргэх холбоотой, дор бүрнээ сахилга хариуцлагатай ажилладаг. Төрийн Өмчийн Хорооноос баталсан СЭХҮТ  ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдан зохион байгуулж ажиллана. Захирал нь доод шатны албан тушаалтан чиг үүрэг өгөх зэрэг эрхийг дүрэмд дэлгэрэнгүй дурдсан. Сургалтын талаар ерөнхий инженер байгууллагын удирдлагад танилцуулж чиглэл аваагүй учраас 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдөр, 2 дугаар сарын 04-ний өдрүүдэд Д.П нь ажлаа тасалсан. Өмнө нь ч бас ажилтныг бүртгэх цахим системд өөрийн нүүр болон давтагдашгүй өгөгдлийг хийж ажилд ирсэн болон явсан цагаа бүртгүүлдэггүй байсан. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүйгээр Швейцарийн Хөгжлийн агентлагын хамтарсан төсөлд орж ажиллаж сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ хугацаандаа зөрчил дахин гаргасан учраас байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм журмын дагуу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.П-г “СЭХҮТ ” ТӨҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 500 000 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “СЭХҮТ ” ТӨҮГ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 35 750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.П нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ерөнхий инженерээр томилогдон ажилласан бөгөөд тус газрын захирлын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар ажлаас халагдах хүртэл 2 жил 1 сарын хугацаанд ажилласан байна. “СЭХҮТ ” ТӨААТҮГ-ын захирлаар Ц.Ц миний бие томилогдон ирсэн даруйдаа ажилтан албан хаагчдын мэргэшсэн, чадварлаг баг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж, эрчим хүчний тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт олон жил ажилласан ажлын туршлага, мэдлэгтэй, инженер техникийн ажилчдыг удирдан зохион байгуулж, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах чадвартай, нэг баг болон амжилттай хамтран ажиллах боломжтой гэж үзсэний үндсэн дээр Д.П-г ерөнхий инженерээр томилж ажиллуулсан. Гэсэн хэдий боловч Д.П нь байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дотоод журмууд, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ажил таслах, ажилд ирсэн явсан цагаа бүртгүүлэхгүй байх, албан томилолтоор хөдөө орон нутагт ажиллахдаа согтууруулах ундаа хэрэглэж, доод албан тушаалтантайгаа маргалдах, зарим инженер техникийн ажилчдыг өрөөндөө дуудаж уулзан хамт олны эв нэгдлийг алдагдуулах зүйл хэлж ярих, дотоод журмын дагуу байгууллагын удирдлагад мэдэгдэж, зохих чиглэл, зөвшөөрөл  авалгүй аливаа хурал, сургалтад оролцож баина гэх нэрийдлээр ажил таслах үйлдлүүдийг гаргаж байсан. Мөн Д.П нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр Монгол, Швейцарийн хамтарсан “Монгол Улсад геотермаль судалгаа хийх газрын гүний дулааныг ашиглах геосудалгааны ажлыг гүйцэтгэх” 2018-2021 он хүртэл үргэлжлэх олон улсын төслийн багт байгууллагын нэрийг ашиглан орж ажилласан зөрчил гаргасан үндэслэлээр газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан болно. Байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан бүр дотоод журам, ажлын цаг ашиглалтын журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилд ирсэн, явсан цагаа бүртгүүлж, цалин хөлсөө тооцуулан авах журамтай байдаг боловч Д.П нь томилогдсоноосоо хойш 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлж байгаагүй болно. Захиргаа, удирдлагын хэлтсээс удаа дараа шаардаж, сануулсны үндсэн дээр Д.П нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс цаг бүртгэх төхөөрөмжид ажилд ирсэн, ажил тарсан цагаа бүртгүүлж эхэлсэн боловч зарим өдрүүдэд ажил таслах, ажил цуглах цагаас хоцорч ирэх, ажил тарах цагаас өмнө тарах, гадуур ажилласан тухайгаа гадуур ажлын дэвтэрт тэмдэглэж бичихгүй байх зэрэг үйлдлийг давтан гаргасаар ирсэн. Ерөнхий инженер нь байгууллагын хариуцлагатай албан тушаалтны хувьд хувь хүний төлөвшил, ёс суртахуун, мэдлэг боловсрол, идэвх санаачилга, ажлын бүтзэмж, зэрэг бүхий л зүйлээрээ бусад ажилчдаа үлгэрлэн, манлайлж ажиллах учиртай хэдий ч энэхүү зарчмыг Д.П нь хангаж ажиллаж чадаагүй. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан захирлын зөвлөлийн хурал дээр ажлын бүтээмж хангалтгүй байгаа, шалтгаангүйгээр ажил тасалж байгаа, зарим инженер техникийн ажилчдыг өрөөндөө дуудаж хамт олны эв нэгдлийг алдагдуулах зүйл ярьсан тухай зөрчлүүдээ тайлбарлах талаар хүсэлт тавихад авдаг арга хэмжээгээ ав, би ч бас зүгээр байхгүй гэх зэргээр өөрийн алдаа дутагдал, зөрчлийг үл ухамсарласан үйлдлийг Д.П нь гаргасан. Иймд тус байгууллагын удирдлагын хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр Д.П-г бүрэн эрхийнхээ дагуу, холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд ажлаас халсан болно. Д.П нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр удирдлагад мэдэгдэлгүй, холбогдох чиглэл, зөвшөөрөл авалгүйгээр сургалтад суух нэрийдлээр ажил тасалсан, мөн 4 дүгээр сарын 19-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр ажил тасалсан нь Д.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл Тэрээг дуусгавар болгох, цуцлах" гэсэн хэсгийн 6.2.3.11 "Хоёр болон түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, цалинтай болон цалингүй чөлөөний хугацаа, ээлжийн амралтын хугацааг дур мэдэн хэтрүүлсэн" гэх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох тул ажлаас халах тушаалыг гаргасан. Д.П нь 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдөр ажил тасалснаа өөрөө хүлээн зөвшөөрч, 4 дүгээр сарын 2 хоног ажил тасалснаар тооцсон цалингийн баримтад гарын үсгээ зуран цалин хөлсөө тооцуулан авсан. Мөн ажил тасалсан 2 өдрийн цалинг хассантай холбогдуулан аливаа гомдол, санал гаргаагүй болно. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, хэргийг нухацтай судлан шинжилж, шийдвэрлэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч “СЭХҮТ ” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 500 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.П хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.2.3.11 дэх заалт, байгууллагын дүрмийн 6.7.5, заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээний 6.2.3.11-т заасан ноцтой зөрчил гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 2 хоног ажил тасалсан...” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.П нь ажил тасалсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 18,   19-ний өдөр сургалтанд суусан болохоо баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн хариуцагч байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын “Ажлын цагийн тооцоо” гэсэн баримтанд Д.П-г 2 өдөр ажил тасалснаар бүртгэсэн байх ба энэ баримтын буруу эсэхэд нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3.11-д “Хоёр болон түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан..., бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч нь нэхэмжлэгч Д.П-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “СЭХҮТ ” /ТӨҮГ/-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ