Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/02029

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 16

181/ШШ2024/02029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....р давхар 712, 713 тоотод байрлах, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: О.Б, М.М нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.О ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б, М.М нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.Б /РД:У../, М.М  /РД:.../ нар нь "О ББСБ" ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-03-202207-211 тоот Зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/03877 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн журмаар эрэн сурвалжлаж өгнө үү.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/03877 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, судалгааны тэмдэглэл, О.Б, М.М нарын иргэний үнэмлэхний хуулбар, Зээлийн мэдээллийн сан, Оршин суугаа газрын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, барааны тооллого, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-03-202207-211 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 2-24/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь О.Б, М.М нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас О ББСБ ХХК, нөгөө талаас О.Б, М.М нар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбарт оршин суух хаягийг М.М ..... гэж, О.Б ..тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/03877 дугаар шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, хайлааст 9 гудамж 110 тоот хаягт О.Б, М.М нар оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс дахин 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд .тоот уг хаягт М.М. бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, Б. тоот дээрх хаяг тус хороонд байдаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Б, М.М нар оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.М  /Регистрийн дугаар:./, О.Б  /Регистрийн дугаар:./-г эрэн сурвалжилсугай.

2.М.Мт /сүүлийн хаяг: .тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.О.Б /сүүлийн хаяг: . тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

4.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оч., холбоо барих утас: 8.9/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ