Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалгууд овогт Далхаагийн М холбогдох 1729000270009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Баруун Баян-Уулын 11-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сахалгууд овогт Далхаагийн Мягмардорж /РД: ЧГ83070579/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Цагаан хад гэх газрын шалган нэвтрүүлэх 3 дугаар постны хажууд байсан “Грийнлэнд Ричис” ХХК-наас эзэмшлийн 55-86 УНХ улсын дугаартай нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домократ, 140 л түлш зэрэг эд зүйлсийг хулгайлж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 2 872 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: ”Үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 2 872 000 төгрөг өгч, хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Буянцэцэгийн өгсөн: ”...би тухайн газарт очиход манай компанийн 55-86 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй, 2 аккумлятор, 1 ширхэг данхраад алга болон 350 литр түлш нь алга болсон байсан. Тэгээд би шууд энэ талаар цагдаад мэдэдсэн. ...тухайн алдсан зүйлсийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг Д.М өөрийн авсан зүйлсийн хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан. Компанид учирсан хохирол бүрэн төлөгдсөн тул Д.М нэхэмжлэх зүйл, гаргах гомдол, санал надад болон компанид байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цэрэнбаатарын өгсөн:”...өглөө бүдүүн ах тухайн машинаас салгаж авсан дугуйнуудаа нэг нэгээр нь машины цаагуур түрээд яваад байсан. Тэгээд ажлаа дуусгачихаад эргээд нөгөө машинаа гагнаж байтал нөгөө бүдүүн ах дугуй тайлуулсан тээврийн хэрэгслээ унаад яваад өгсөн байсан. ...ямар нэгэн хууль бус үйлдэл хийж байна гэж бодоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Алтантуяагийн өгсөн “...Нөхөр маань бусдад учруулсан хохирлоо төлсөн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Манайх 15 сая төгрөгийн зээлтэй, сард сая орчим төгрөгний зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлдөг. Манай амьдрал тийм ч их боломжтой биш, нөхөр маань хэрэгт төвөгт холбогдоод бидний амьдрал хэцүү байна.“ гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 15-18 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.М яллагдагчаар өгсөн: ”Д.М би Баянмөнх гэх хүн өөрийнхөө унаж яваа машинаар 2 ширхэг дугуй тайлж авахад нь тусласан юм. Баянмөнх ах “энэ миний дугуй, би авах ёстой” гэж хэлээд тэр хоёр дугуйг авсан. Мөн 100 гаран литр түлшийг бусдад зарахыг нь би мэдсэн. Тэр хүнийг өөрийнхөө юмыг авч байна гэж би ойлгосон. Баянмөнх ахыг тэр машинаа 3-р постын хажууд эзэнгүй үлдээгээд явахыг нь би мэдсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн алдад би нөгөө машин дээр нь очоод асааж унааад Цагаан хадны дугуй засвар дээр очоод чиргүүлээс нь 4 дугуй тайлж авсан. Мөн хоёр ширхэг аккумлятор, нэг ширхэг дамкрат, 140 литр түлшийг нь аваад нөгөө машиныг нь буцаагаад байсан газарт нь аваачиж орхисон. Тэгээд дугуй болон түлшийг бусдад зарж үрэгдүүлсэн. Хоёр аккумлятор нэг ширхэг домакратыг өөртөө байлгаж байгаад сая “Грийланд Ричис” ХХК-ний төлөөлөгч Б.Буянцэцэгт буцаагаад өгчихсөн. Би өөрийн авсан 140 литр түлш болон 4 ширхэг дугуйны үнийг бэлэн мөнгөөр нь төлж хохирлыг барагдуулсан. Намайг машинаас нь дээрх эд зүйлсийг хулгайлсныг Баянмөнх болон компаний хүмүүс нь мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-63-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Баянмөнхийн өгсөн “...тэр үед миний хажууханд машины чиргүүл гагнаж байсан цагаан өнгийн порланд маркийн дуудлагын засвар үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийг миний танил Мягмардорж дуудаж авчирсан. Тэгээд би 55-86 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ толгой хэсгийн арын давхар дугуйнаас 2 ширхэг дугуй тайлуулаад орнд нь чиргүүлд зүүлгээтэй байсан запас дугуйг хийсэн. Тэгээд би дугуй тайлж өгсөн дуудлагын засварын ахад 10 000 төгрөг өгсөн. Түүний дараагаар тайлсан 2 ширхэг дугуйгаа хот руу явах сисчэр маркийн машины ёонксон дээр Мягмардорж Түмэн баяр болон Түмэнбаярын дүүгийн хамтаар өргөж тавьсан. ...Тэгээд би машнаа асаагаад Гашуун-Сухайт автозамын 3-р постны замын зүүн талд нүүрэн хэсгийг нь баруун зүг рүү харуулж байрлуулж тавьсан. Тэр үед миний араас Мягмардорж жижиг машинтай ирсэн. Тэгээд Мягмардорж машины түлхүүрийг нь энэд тавь гээд чиргүүлний араман доогуур хийлгүүлсэн. Тухайн үед би машиныхаа түлхүүрийг 3-р постонд үлдээх гээл Мягмардорж та машиныхаа түлхүүрийг энэд үлдээж болохгүй цагдаа мэдвэл бөөн асуудал болно зүгээр машиныхаа араманд хавчуулчих гэж хэлж байсан. Тэгээд би Мягмардоржийн хамтаар Улаанбаатар хот явах тээврийн хэрэгсэл дээр хүргүүлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,

Шүүгдэгч Д.М хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 25, 27-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 26-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31-р хуудас/, шүүгдэгчийн харилцах банк дахь дансны хуулга, лавлагаа /хх-ийн 33-42-р хуудас/, шүүгдэгчийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 43-44-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Цагаан хад гэх газрын шалган нэвтрүүлэх 3 дугаар постны хажууд байсан “Грийнлэнд Ричис” ХХК-наас эзэмшлийн 55-86 УНХ улсын дугаартай нортбенз маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домократ, 140 л түлш зэрэг эд зүйлсийг хулгайлж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 2 872 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сахалгууд овогт Далхаагийн Мягмардоржийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Д.М нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч 2 872 000 өгсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.М иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА