Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И********ХХК /РД: 5*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох

Гуравдагч этгээд: Хү******ХХК /РД: 5*********/,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-**************дугаартай сонгон шалгаруулалтын Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд түрээслэн ажиллуулах Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ-г 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж, И********ХХК-тай байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ал********, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И********ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц********* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус компани нь 2014 онд нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын урилга хүлээн авч сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Үдийн цай хөтөлбөр-ийг хэрэгжүүлж ирсэн, 2015 оны хичээлийн жил эхлэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас үйл ажиллагаа хэвийн явуулах сунгалт хийсэн тул цайны газрын байранд шинээр засвар хийж, зарим тоног төхөөрөмжөө шинээр сольж хөрөнгө оруулалт нэмж хийсэн болно.

Түүнчлэн И********ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Үдийн цай хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх тухай 301 дүгээр тушаалыг үндэслэн 2009 оноос Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг уг хөтөлбөрийн хүрээнд түрээслэн ажиллуулсан ба 2009 онд анх ажиллуулж эхлэхдээ 100 хувь өөрийн хөрөнгөөр засаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүд авсан ба ажилласан хугацаандаа /2009-2015/ түрээсийн байранд болон тоног төхөөрөмжид урсгал засвар, шинэчлэлийн байнга хийж ирсэн бөгөөд нийт 35000000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно.

Мөн анх тус сургууль нь цайны газаргүй, агуулахын зориулалтаар ашиглаж байсан өрөөг гаргаж өгсөн ба зориулалтын дагуу хана, шал, таазыг засаж, цахилгааны бүх холболт, агаажуулалтын систем, ус халаах бойлуур, цайны газрын үйл ажиллагаа эрхлэх техникийн үзүүлэлт сайтай 1, 2 дугаар хоолны тогоо, талх, нарийн боовны тоног төхөөрөмж, шарах шүүгээ, 4 ширэмтэй цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, хүүхдийн хоол зөөх сав, бичил долгионы зуух, гурил зуурагч, хөлдөөгч машинаар бүрэн тоноглогдсон бөгөөд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийлгэж батлагаажуулан, аюулгүй байдалд байнга анхаарч ажиллаж ирсэн.

Хүнсний аюулгүй байдал, хүүхдийн хоолны шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээндээ байнга шинэ, шинэлэг технологи нэвтрүүлж, эрүүл хоолоор үйлчилж, 6 хүнийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн боловсролын газар, Эрүүл мэндийн яамнаас явуулсан шалгалтуудаар зөрчил дутагдал илэрч байгаагүй болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1.5-д Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдвэл түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилга, эсвэл гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасан байхад манай дээрх гэрээг цуцлах талаар огт мэдэгдээгүй хэрнээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын вэб сайтад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг дахин шалгаруулах сургуулиудын жагсаалтад 79 дүгээр сургуулийн цайны газрыг оруулсан байснаас олж мэдсэн.

Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад Авлигатай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрын түрээслэгчийн гэрээг цуцлах тухай албан бичиг ирсэн, танай компани Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчийн дахин сонгон шалгаруулалтад орох эрхтэй гэсэн.

Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол мэдээллийг шалгаад, Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулах талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Боловсролын газарт албан бичиг хүргүүлсэн тухай мэдээлэл тавьсан байх бөгөөд түүнд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газар нь түүнд ороогүй байсан.

Манай гэрээг цуцласан бол цуцласан гэсэн мэдэгдлээ өгөхийг шаардсан боловч манайд ямар ч хариу өгөөгүй бөгөөд бид удаа дараа /5 удаа/ Нийслэлийн өмчийн харилцааны газарт энэ талаар хүсэлт гаргасан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид 4*************** дугаартай түрээсийн гэрээг цуцлах талаар албан даалгавар ирсэн нь манай гэрээ хүчин төгөлдөр хэвээр байхад сонгон шалгаруулалт зарласан гэж үзэхээр байна.

Гэвч нэгэнт сонгон шалгаруулалт зарлагдсан байсан тул манай компани нь материалаа бүрдүүлэн өгч оролцсон боловч шалгараагүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газар ташаа мэдээлэл өгч, ямар ч асуудалгүй манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан 79 дүгээр сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөөр хийсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-**************дугаартай сонгон шалгаруулалтын Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч Э.Энхзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

... Тус шүүхэд И********ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-**************дугаартай сонгон шалгаруулалтын Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Дээрх сонгон шалгаруулалтыг анхнаасаа зарлагдах ёсгүй, хууль бусаар зарлагдсан гэсэн үндэслэлээр тэрхүү сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тус компани нь 2014 онд нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын урилга хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Үдийн цай хөтөлбөр-ийг хэрэгжүүлж ирсэн тул үргэлжлүүлэн тус компанитай түрээсийн гэрээг сунган ажиллуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд ...20************* оны хичээлийн жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд түрээслэн ажиллуулах Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ-г сунгаж, И********ХХК-тай байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу гэв.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ал******** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/6*** дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хооронд байгуулсан сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг цуцалж, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш ажилчдыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх, Монгол Улсын Засгийн газрын Үдийн цай хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан сургуулийн захирал, иргэн аж ахуй нэгж, нийслэлийн Өмчийн харилцааны газартай цайны газрын түрээсийн гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллах үүрэг өгсөн.

Дээрх захирамжийн дагуу нийслэлийн Өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийг сонгон шалгаруулж, И************* ХХК-ийг Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн :цайны газрын түрээслэгчээр ажиллуулсан.

Нийт түрээслэгчидтэй 2015 оны 2015-2016 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг байгуулах үед Баянзүрх дүүргийн 79 дүгзэр сургуулиас И************* ХХК-ийг ашиглалтын зардлаа төлдөггүй тухай албан бичиг ирсний дагуу холбогдох шалгалтыг явуулсан бөгөөд уг компанитай түрээсийн гэрээг сунгахгүй талаар биечлэн уулзаж мэдэгдсэн бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй болохыг хэлсэн болно.

Нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцүүлээгүй шалтгаан нь цайны газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 21 зөвшөөрлөө авсан, шалгарсан Хү******ХХК-аас санхүүгийн үзүүлэлтээр доогуур, нэгж үнийн саналаар Хү******ХХК 8000 (найман мянга) төгрөгийн, И************* ХХК 6600 төгрөгийн үнийн санал ирүүлсэн зэрэг бодит нөхцөл байдлууд болно.

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр очиж шалгалт явуулахад нэхэмжлэгч компани нь цайны газрыг ажиллуулж эхэлсэн хугацаандаа ашиглалтын зардлаа ганц ч удаа төлж байгаагүй, энэхүү зардлаа улсын төсвөөс буюу 79 дүгээр сургуулиар төлүүлж байсан байна.

Иймд Ин************* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Хү******ХХК-ийн захирал М.Мөнхнасан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... Манай компани нь Баянзүрх дүүргийн төрийн өмчийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэх Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан болно. Сонгон шалгаруулалтын журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар, 79 дүгээр сургуулийн захиралтай гурвалсан гэрээг хийж ажлаа хүлээж авах гэтэл өмнө нь ажиллаж байсан Ин************* ХХК нь сургуулын цайны газрын байр болон өмч хүлээлгэн өгдөггүй гэсэн шалтгаанаар одоог болтол ажлаа аваагүй тогооны тоног төхөөрөмж болон ширээ сандал, ажлын бүхий л багажийг 79 дүгээр сургуулийн узелийн өрөөнд хураагаад байж байна.

Өмнө гал тогоог ажиллуулж байсан Ин*************ХХК-ны захирал нь 79 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан хүнийх нь дүү гэдэг юм билээ. Бидний бодлоор ашиг сонирхлын зөрчилтэй компани гэж үзэж байгаа. Бүтэн 7 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Одоо захирлаар ажиллаж Болор-Эрдэнэ ажил хүлээлцэх журмыг зөрчиж манай компанийг долоо хоноод ир гэсээг өдий болсон. Компани болон, Нийслэлийн өмчийн харилцааны газрын сонгон шалгаруулалтыг шалган үзэж хуулийн дагуу шийдэж бидний ажлыг хэвийн явуулж өгнө үү. Жич: Шүүх хуралд манай компаниас төлөөлөгч оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч И********ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-**************дугаартай сонгон шалгаруулалтыг зарлаж, Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг шалгаруулах сургуулиудын жагсаалтад Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийг оруулж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулахаар товложээ.

Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч И********ХХК болон гуравдагч этгээд Хү******ХХК нар нь оролцож, үнийн санал болон бусад шалгуур үзүүлэлтээрээ хамгийн сайн гэж үнэлэгдсэн Хү******ХХК шалгарсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүн болон шалгаруулалттай холбоотой маргаагүй, харин анхнаасаа хууль бусаар зарлагдсан гэх үндэслэлээр уг сонгон шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгч И********ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...журамд заасны дагуу анх сонгон шалгаруулалтад оролцоход өгсөн үний санал болох 5500 төгрөг дээр 10 хувиар тооцон ашиглалтын зардлыг нэмж гэрээнд тусган түрээсийн төлбөрт ашиглалтын зардлыг шингээж төлсөн тул ашиглалтын зардлыг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхийн сонгон шалгаруулалт болохоос өмнө ашиглалтын зардлыг дахиж нөхөн төлсөн, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...ашиглалтын зардал огт төлөөгүй... гэж тайлбарлан маргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/698 дугаар захирамжаар ...Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд байгуулсан сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг цуцлаж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш, ажилчдыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх, Монгол Улсын Засгийн газрын Үдийн цай хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан, сургуулийн захирал, иргэн, аж ахуйн нэгж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай цайны газрын түрээсийн гурвалсан гэрээ байгуулан ажиллах-аар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч И********ХХК нь 2014-2015 оны хичээлийн жилд 79 дүгээр сургууль дээр Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэж, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40790 дугаартай Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ-г Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулиудтай байгуулжээ.

Уг гэрээгээр нэхэмжлэгч И********ХХК нь Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 2 дугаар байрны 70 м.кв талбайтай цайны газрыг, 1 м.кв талбайг 6600 төгрөг, нийт 462.000 төгрөгийг сард, жилд 3.696.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний 1 дүгээр хавсралт, 2014 оны түрээсийн төлбөрийн тооцооны хүснэгтэд ашиглалтын зардал төлөх талаар огт бичилт хийгдээгүй байна.

Мөн гэрээний 1.12-т Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ эд хөрөнгийн байршил, зориулалт, төрөл, хэмжээг харгалзан түрээслэгчийг Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу шалгаруулж, сонгон шалгаруулалтад ялсан этгээдтэй 5 хүртэл жилийн хугацаагаар түрээсийн гэрээг байгуулж болно гэж зааснаас үзэхэд ...гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэл болон цайны газрын үйл ажиллагаа, түрээслэгчтэй холбоотой гомдол, санал ирээгүй тохиолдолд жил бүр сонгон шалгаруулалт зарлах ёсгүй, урьд оны гэрээг сунгаж ажиллах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх гэрээний хугацаа дууссаны дараа холбогдох хяналт шалгалтыг хийсний үндсэн дээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын вэб сайтад 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байршуулсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай гэх мэдээлэлд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэгч И********ХХК-тай гэрээг сунгах талаар олон нийтэд мэдээлсэн байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг баталсан байх бөгөөд бага сургууль, цэцэрлэг, цайны газрын үнийг 3000-5000 төгрөг байхаар тогтоож, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-ыг тус тус баталж, уг журмын 2 дахь заалтын 2.6-д Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн гэрээний хугацаа болон түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 1.11-д заасан жишиг үнэ болон түрээслэгчийг энэ журмын 1.12-т заасан сонгон шалгаруулалтаар тогтоох, мөн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтийг харгалзан нэмж тогтоон гэрээнд тусгана гэж заажээ.

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 323 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж, тус сургуулийн 2 дугаар байрны цайны газрыг түрээслэгч И********ХХК нь 2014-2015 оны хичээлийн жилд байр ашиглалтын зардал төлөөгүй талаар мэдэгдсэний дагуу гэрээг цуцлаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн сургуулиудтай хамтатган сонгон шалгаруулалт зарласан болох нь дээрх албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч Д.Нэ*************, Б.Га************* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч И********ХХК-иас ашиглалтын зардал төлөхийг урьд нь огт шаардаж байгаагүй болон гэрээнд ашиглалтын зардал хэдэн төгрөгийг төлөх ёстой талаар заагаагүй байхын зэрэгцээ маргаан бүхий сонгон шалгаруулалт болохоос өмнө нэхэмжлэгч нь ашиглалтын зардлыг нөхөн төлсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын талаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуультай өр, авлагагүй, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өргүй, 12.814.200 төгрөгийн авлагатай, түүнчлэн И********ХХК нь сар бүрийн түрээсийн төлбөрийг тогтмол төлж ирсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 79 дүгээр сургуулийн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт, гэрч Г.М*************ийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

И********ХХК нь 2014-2015 оны хичээлийн жилд тус сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгаран гэрээ байгуулж ажилласан байх бөгөөд ийнхүү оролцохдоо м.кв талбайн үнэ 5500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр үнийн саналаа өгсөн гэх боловч уг сонгон шалгаруулалтад оролцохдоо бүрдүүлж өгч байсан баримтууд устгалд орсон болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын тэмдэглэл болон үзлэг хийсэн баримтаар нотлогдож байх бөгөөд гэрээнд ашиглалтын зардлыг 10 хувиар тооцож, гэрээнд дээрх үнийн санал дээр нэмж тусгасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Гэвч хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус сургуулийн цайны газрын түрээслэгч, нэхэмжлэгч И********ХХК-тай 2014-2015 оны хичээлийн жилд байгуулсан гэрээг цуцлаж, дахин сонгон шалгаруулалт явуулах болсон шалтгаанаа ...түрээсийн төлбөрийг жигд, хуваарийн дагуу төлдөггүй, сургуулийн захирлаас И********ХХК нь ашиглалтын зардал огт төлдөггүй талаар албан бичиг ирсэн гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан журамж болон нэхэмжлэгчтэй байгуулсан гурвалсан гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй байхын зэрэгцээ мөн уг гэрээ болон журамд зааснаар гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй зөрчил илэрвэл түүнийг арилгуулах арга хэмжээ авах боломжтой байхад гэрээг сунгах талаар нийтэд мэдээлснийхээ дараа тус компанид мэдэгдэлгүйгээр шууд сонгон шалгаруулалт зарласан нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 407901 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02*************дүгээр албан бичгээр ирүүлсэн шалгалтын тайланг үндэслэн хүргүүлсэн гэх албан даалгаварт Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгч И********ХХК нь тус шалгалтаар нийт 8 төрлийн зөрчилтэй гарсан гэх боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-0*************дүгээр албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж, ...ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын ажлын байр зориулалтын дагуу баригдаагүй, талбайн хэмжээ хүрэлцээгүй зэргээс шалтгаалан хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаанууд нэг дор явагдаж хоол хүнсэнд гадны бохирдол орох нөхцлийг бүрдүүлсэн, нөгөө талаар бага насны хүүхдийн бие физлогийн онцлогт тохирсон хоол хүнс боловсруулах талаар бэлтгэгдээгүй, энэ чиглэлээр урьд нь үйл ажиллагаа эрхэлж байгаагүй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажиллуулсан зэрэг эрсдэлт хүчин зүйлүүдийг бүрдүүлсэн. Энэ нь гэрээнд сургуулийн захиргааны үүргийг тодорхой тусгаагүй, зориулалтын байртай болгох, эсвэл нэгдсэн байдлаар бэлтгэж тарааж байх нь зүйтэй талаар дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчид бус Төрийн захиргааны байгууллагад хандсан агуулгатай байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд түрээслэгч И********ХХК-тай байгуулсан гэрээг сунгах талаар нийтэд мэдээлснийхээ дараа ашиглалтын зардал төлөөгүй гэх гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцлаж, сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2, 3заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч И********ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2, 3 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И********ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах НӨХГ-**************дугаартай сонгон шалгаруулалтын Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, И********ХХК-тай байгуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд түрээслэн ажиллуулах гэрээ-г 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгаж байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан 2015-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цай газрыг Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд түрээслэн ажиллуулах гэрээг нэхэмжлэгч И********ХХК-тай нөхөн байгуулж, энэхүү гэрээний биелэлтийг дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И********ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ОДМАА