Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2020/00001

 

К.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2019/00171 дугаар шийдвэртэй, К.Х нэхэмжлэлтэй Д.А холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 5 555 875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Х /онлайнаар/, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

            Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын эхээр С Э Ц ХХК-ийн захирал Д.А, эхнэр П хамт нэхэмжлэгч К.Х миний биед хандан нүүрсний шороо зөөх ажил байна, сард 10 000 тонн шороо зөөнө, нэг тонныг 10 000 төгрөгөөр зөөлгөе гэхээр нь би зөвшөөрсөн. Д.А захирал надад хандан та бол манай компанийн жолооч боллоо шүү гэхээр нь би энэ компанид байнгын ажилд орж байгаа юм байна гэж бодсон. Миний бие Д.А захиралд хандан 3 рейс тутамд хөлсөө авна шүү гэхэд Д.А, эхнэр П нар нь болно гээд зөвшөөрч, тохиролцсон. Тэр өдөртөө Д.А захирал Р гэдэг хүнийг дуудаж миний машинд түлш хийлгээд эхний рейсээ 60 км газарт, 80 тонн нүүрс тээвэрлэсэн, үлдсэн 9 рэйсийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг Өехий Цагаан гэх газарт байх /Э с ХХК-ийн нүүрсний уурхайгаас/ 15 км газарт байрлах төмөр замын баруун талд байрлах Б Г ХХК-ийн хашаанд нийт 741 тонн нүүрс тээвэрлүүлсэн. Миний бие 3-4 рэйс явсаны дараа Д.А хандан цалингаа авъя гэхэд эхнэр П хотод яваа ирэхээр нь өгнө гэсэн. Тэгэхээр би “Таны талаар хүмүүс муу юм яриад байна, жолооч нарын цалин хөлс өгдөггүй гээд байх юмаа, энэ ямар учиртай бэ” гэхэд Д.А тийм юм байхгүй, та зүгээр яв, санаа зовох юм байхгүй, тохирсоноороо хөлс мөнгийг чинь өгнө гэсэн, тэгээд би тайвшраад нийт 10 рэйс хийсэн болно.

Миний бие 10 рэйс явсаны дараа 2 хоног хашаанд нь зогсож байж цалингаа авсан хэдий ч эхний нэг рейс болох 80 тонн нүүрсний нэг тонныг 10 000 төгрөгөөр бодож 800 000 төгрөг, үлдэх 9 рейсийг 741 тонн нүүрсийг, нэг тонныг 2500 төгрөгөөр бодож, 1 854 125 төгрөг, нийт 2 654 125 төгрөгийн цалин өгсөн. Миний бие нь Д.А захирлыг тохиролцсоноос өөр бага цалин өгсөн байхаар нь яагаад тохиролцсоноосоо бага цалин өгөөд байгаа юм бэ гэхэд Д.А захирал нэгд, газар нь ойрхон байна, хоёрт, хятадууд мөнгө өгөхгүй байна, би хятадуудад хэлээд таны цалинг нэмэгдүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол цалинг тохирсон ёсоороо нэмэгдүүлж өгөхгүй, утсаа авахгүй, намайг чирэгдүүлж хохироож байна.Сүүлийн 9 рейсний 741 тонн нүүрсний 1 тонныг 2500 төгрөгөөр бодсон цалин хөлс олгосныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Надад Д.А нь нэг тонн нүүрсийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Өехий Цагаанаас /Э с ХХК-ийн нүүрсний уурхайгаас төмөр замын баруун тал Б Г ХХК-ийн хашаанд хүртэл/ 2500 төгрөгөөр тээвэрлүүлнэ гэж хэлээгүй, ингэж тохироогүй, хэрэв надад нэг тонн нүүрсийг 2500 төгрөгөөр тээвэрлүүлнэ гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би ийм бага хөлстэй, хүнд ажил хийхгүй байсан. Энэ бол хүний ёс. дээд тэнгэрт ч гэсэн нийцэхгүй. Намайг болно гэж тээвэрт явуулчихаад, сүүлд нь 2500 төгрөгөөр тооцож цалин өгөхөд нь би тань дээр гүйгээд очсон. Танай эхнэр ийм тарифаар ингээд бодчихлоо, та яриад өгөөч гэсэн чинь та яриад зохицуулъя, нэмүүлэхийг бодъё гэж хэлээд алга болсон. Ингээд би гомдол гаргасан. Таниас энэ талаар мэдсэн бол би ийм балай юм хийхгүй байсан. Би өдий наслахдаа дан тээвэр хийж байгаа. Хүргэнэ гэсэн газраа хүргэнэ. Эвдэрч хэмхэрсэн бол би төлнө. Тийм учраас миний ариун цагаан хөдөлмөрөөр ажилласан хөлсийг та өгөх хэрэгтэй. Би таны ажлыг гүйцэтгэж өгсөн, эргээд өгөх болохоор ийм юм ярьж болохгүй. Танайх том компани. Аймаг, орон нутгийн нэр хүнд байна. Цаашдаа ч ажиллах хүмүүс байгаа. Өөртөө тохиолдсон асуудлыг би цаашаа яриад явахгүй. Та хүн шиг сайн хүн бол миний 5 555 875 төгрөгийг гаргаж өгөөч гэж хэлмээр байна гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Манай С Э Ц ХХК нь иргэн К.Х 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ярилцаж, тохиролцож, Т аймгийн Б суманд байрлах Х уурхайгаас 75 км нүүрсний тээвэрт, тээврийн хөлс 1 тонн 10 000 төгрөгөөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Өехий Цагаан нүүрсний уурхайгаас 13 км-т нүүрсний тээврийг 1 тонныг-2500 төгрөгөөр тээвэр хийлгэхээр болсон. Манай компани нь иргэн К.Х өгөх ёстой мөнгийг нь 100 хувь өгсөн. Мөн гэрээнд Ө Ц нүүрсний уурхайгаас 1 тонныг 2000 төгрөг байсныг манай компани 2500 төгрөгөөр бодож өгсөн. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1 тонн /жин ачаа тээвэр 180-200 төгрөг/-тэй байна. Нэг рэйсийг 2500 төгрөгөөр бодож өгсөн чинь бага байна, энэ үнэ хөлсөн дээрээ нэмэх боломж байна уу гэхээр нь би тээвэр хийдэг манайхтай гэрээтэй компани байгаа. Тэр компанитай тээврийн хөлсийг нэмүүлэх талаар яриад үзье гэж хэлсэн. Би тэр хятадын хөрөнгө оруулалттай компанитай ярьж үзсэн. Манайх тээвэр хийдэг компани биш. Үүнийг би К.Х гуайд ч хэлж байсан гэжээ. Бид нэхэмжлэгч талын нэхэмжилсэн төлбөрийг төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй болно. Тээврийн хөлсийг 100 хувь төлж барагдуулсан болно.  

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд тогтоосон жишиг тариф байдаг. Манайх Хятад компанид нүүрсээ нийлүүлдэг. Манайд тээвэр хийж байгаа компани нь Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг. Энэ компанийн машин эвдэрчихээд надад хандсан. Манайх нүүрс нийлүүлэгч компани. Та Чойр дээр машин байвал явуулж байгаач. Үнэ ханшийг нь өөрийнхөө үнээр тооцож өгнө гэсэн. Тэр үед К.Х таараад ийм тээвэр байна, хийх үү гэсэн, хийнэ гэсэн. Тэр ханшаар нь бодож мөнгийг нь өгсөн. Жишиг тариф авчирсан байгаа. Нийт зөөсөн нүүрс нь 700 гаран тонн нүүрс зөөсөн нь үнэн. Зөөсөн нүүрсний тонн дээр маргахгүй. Нэг рейс нь манай Ховилын уурхайгаас зөөсөн, Чойроос 71 км-н зайтай байдаг. 9 рэйс нь Ц Ө гэх уурхайгаас зөөсөн. Энэ уурхай нь Чойроос 11-12 км зайтай. Гэтэл К.Х гуай 10 рэйсээ 10 000 төгрөгөөр тооцож надаас мөнгө нэхээд байгаа. 13 км газраас зөөсөн ачаа нь нэг тонн нь 2500 төгрөгөөр тооцдог. 70 км газраас зөөсөн ачаа нь 1 тонн нь 10 000 төгрөгөөр тооцогддог. Энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь 13 км газраас зөөсөн нүүрсээ 70 км газраас зөөсөн ачаатайгаа адилхан үнээр тооцож нэхээд байгаа. Х уурхайгаас 20 000 тонн нүүрс намраас хойш тээвэрлээд одоо дуусч байгаа. К.Х гуайг явж байхад 10 000 тонн нүүрс тээвэрлэхээр үлдсэн байсан. 1 яваад манай ачдаг ковш эвдрээд ажил зогссон. Нөгөө уурхайгаас 9 рейс явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хөлсийг хангалттай 100 хувь өгсөн гэжээ. 

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А 5 555 875 /таван сая таван зуун тавин таван мянга найман зуун далан таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Х олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 844 /нэг зуун гурван мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103 844 /нэг зуун гурван мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.А давж заалдах гомдолдоо: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр К.Х нэхэмжлэлтэй хариуцагч Д.А миний бие оролцсон 5 555 875 /таван сая таван зуун тавин мянга найман зуун далан таван/ төгрөг нэхэмжилсэн шүүх хуралдаан болсон. Тээврийн хөлс дутуу төлсөн гэх шалтгаанаар маргаан болсон. Манай компани тээврийн хөлсийг нь 100 хувь төлсөн боловч гэрээ хийгээгүй бид тэгж тохироогүй гээд 70 км-ээс зөөсөн тээвэртэйгээ 12 км-с зөөсөн тээврийн хөлсөө адил үнээр тээвэрлэхээр ярьж тохирсон гэж шүүхэд нэхэмжлэгч К.Х дээрх мөнгийг нэхэмжлэхэд шүүх нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч Д.А холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 5,555,875 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Д.А эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч К.Х нь хариуцагч Д.А холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 5,555,875 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 1,500,000 төгрөг болгон багасгаж, үлдэх 4,055,875 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийг хэсэгчлэн 2020-01-21-нд 500,000 төг, 2020-02-01-ний дотор 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар “эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцэлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “ давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсаныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2019/00171 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Х нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 5,555,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөг болгон багасгаж, 4,055,875 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийг хэсэгчлэн 2020-01-21-ний өдөр 500,000 төг, 2020-02-01-ний дотор 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч Д.А нь сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТЭГШСУУРЬ

          ШҮҮГЧИД                                                   О.ОДНЯМАА

                                                                                   Х.БАЙГАЛМАА