Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

М.Ган-Очирт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                                 Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                                     М.Ган-Очир

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          М.Энхтуяа        

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Ган-Очирт холбогдох эрүүгийн 2021000000438 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Янзган овогт Маналжавын Ган-Очир, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 4-03 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖД77121075/ Урьд:

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Янзган овогт Маналжавын Ган-Очир нь  2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын  11 дүгээр баг, Хивсний 4-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бямбадоржтой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Бямбадоржийн цээжин тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ган-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Янзган овогт Маналжавын Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маналжавын Ган-Очирыг 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Очирт оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Очирын цагдан хоригдсон 89 /наян ес/  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн фудболка, улаан өнгийн ханцуйтай цамц, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М.Ган-Очирын иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ган-Очирт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “М.Ган-Очир нь анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн, хөнгөрүүлж өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргахыг хүссэний дагуу гомдол гаргаж байна.

М.Ган-Очир нь насны хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч олон жилийн ял эдлэхэд хүнд байна гэж байгаа. Тархиндаа, нүүрэндээ гэмтэл авч, хамрын нуруу ясны хугарал, муруйлтаас бүтэн амьсгалж чадахгүй хүчилтөрөгчийн дутагдалд орж тархи толгой нь өвддөг, даралт нь ихэсдэг.

Өндөр настай ээжтэйгээ хоёулаа байдаг. Ээжийгээ энэ хүнд байдалд оруулсандаа харамсаж байгаа. Хохирогчийн ээжид учруулсан зовлонгоо ээжтэйгээ зүйрлэн бодож маш их гэмшиж байгаа, тусалж дэмжиж явахыг садан төрөлдөө захиж байгаа. Иймээс эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Ган-Очир манай дүүгийн амь насыг хохироосон. Бид гомдол гаргаагүй байхад өнөөдөр хүний амь нас хохироочихоод давж заалдах гомдол гаргаад зогсож байгаад харамсаж байна. Шүүхээс шүүгдэгч М.Ган-Очирт оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Янзган овогт Маналжавын Ган-Очир нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын  11 дүгээр баг, Хивсний 4-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бямбадоржтой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Бямбадоржийн цээжин тус газарт нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гал тогооны шүүгээний хутга байдаг шургуулгаас Бямбадоржийг айлгах санаатай дотроос нь хутга аваад  Бямбадоржийн зүүн суга хэсэгт нэг удаа хутгалсан. Энэ үед Бямбадорж “ёо” гэж хэлээд газарт унахаар нь сандраад гадуур хувцсаа ч авалгүй гараад гүйсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 142/ мөн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Би гэм буруугаа ойлгож байна. Тэр үед би ойрын хэдэн сар архи уухгүй байж байгаад 2 хоног архи уусан. Тэр өдөр найзынхаа гэрт хэвтэж байхад талийгаач залгасан. Ойрхон байна гэхээр нь очоод гэртээ дагуулаад очсон. Архи уугаад согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Хоорондоо барьцалдаж, ноцолдож байгаад унахдаа хатгасан байсан. Миний буруу уучлаарай. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 23/ гэрч Э.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би салгах гээд Бямбадоржийн  цамцнаас татах үед Ган-Очир ах шургуулга онгойлгоод хутга аваад цээж хэсэг рүү нь нэг удаа хутгалахад талийгаач шууд газарт унаад хөдлөхгүй нүд нь хараатай байгаад байсан. ... Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 32/ гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө тэрээр манай гэрт орж ирээд түүнтэй ярилцахад тэрээр “би хүн хутгалчихсан, бараг шоронд явж магадгүй юм шиг байна, би хэзээ нэгэн цагт баригдана.” гэж хэлж байсан. Мөн түүний биеийн байдлыг харахад  хүнтэй маргалдсан бололтой миний санаж байгаагаар баруун нүд нь хөхөрсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 38/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 6-10/ гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 11-13/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 16-18/ гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 18-20/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 21-22/ Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 тоот дүгнэлт, /1хх 69-73/ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 202 тоот дүгнэлт, /1хх 74/ цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд /1хх 75-77/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ган-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч М.Ган-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.Ган-Очирын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ган-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү. гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Очирын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Ган-Очирын өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ган-Очирын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                      ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ